1974 онд Дархан, Толгойт, Зүүнхараа өртөөдөд МРЦ ашиглалтад орсноор Улаанбаатараас улсын хойд хил хүртэлх замын хойд хэсэг хагас автомат хориглол, суман дохионы цахилгаан төвлөрүүлэлтээр бүрэн тоноглогдов.
ХХХ
1975 оны аравдугаар сарын 04-ний өдөр Салхит-Эрдэнэтийн замын дурсгалын мөнгөн хадаасыг Эрдэнэт өртөөний замд хадсанаар тус замын зам, барилгын ажил өндөрлөж, галт тэрэгний хөдөлгөөнд нээгдсэн байна.
ХХХ
Тээврийн үйл ажиллагаа, галт тэрэгний хөдөлгөөн эрчимжсэнтэй холбогдуулан 1975 онд Хэрэг Эрхлэх Газарт Эрчим хүч, Ус хангамжийн хэлтэс, Сайншанд зангилаанд Дохиолол холбооны гуравдугаар анги, Эрчим хүч, Ус хангамжийн хоёрдугаар ангийг тус тус шинээр байгуулж, Улаанбаатар дахь Суудлын вагон ашиглалтын депог үндсэн депо болгон өргөтгөв. Мөн Багахангай өртөө, Туул зөрлөгийг нээжээ.
ХХХ
1978 оны долдугаар сард Монгол Улсад Төмөр замын тээвэр үүсэн хөгжсөний 40 жилийн ойг тэмдэглэж, уурын тэрэгний машинчаас хөдөлмөрийн гараагаа эхлэн илчит тэрэгний машинчаар олон жил үр бүтээлтэй ажиллан, хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангаж ирсэн Сүхбаатар депогийн машинч Ц.Чойжилд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, уурын тэрэгний засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, депогийн орлогч даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан Улаанбаатар Зүтгүүрийн депогийн дарга Д.Гэсэржавыг БНМАУ-ын Гавьяат тээвэрчин цолоор тус тус шагнав.
ХХХ
Салхит-Эрдэнэтийн төмөр замын шугамыг УБТЗ-ын харьяалалд хүлээн авсантай холбогдуулан Бэлэндалай,Орхонтуул, Хангал зөрлөгийг тус тус байгуулж мөн оны арванхоёрдугаар сарын 01-нээс ачааны хөдөлгөөнд нээлээ.
ХХХ
Төмөр замчид 1978 онд 8623.2 мянган тонн ачаа, 1313.8 мянган зорчигч тээвэрлэж, 2983.0 сая шилжүүлсэн тонн километрийн ажил гүйцэтгэсэн нь 1973 оныхоос 2508.5 мянган тонн ачаа, 347.1 мянган зорчигчоор өссөн дүн ажээ.