2005 онд гол замын 702 дугаар км-т Өлзийт, 728 дугаар км-т Цомог, 1006 дугаар км-т Номт, 1033 дугаар км-т Сумангийн зоо, 1091 дүгээр км-т Шаргын-Овоо, 946 дугаар км-т Долоодын хөндий зөрлөгүүдийг шинээр байгуулж, арван найман өртөө зөрлөгийн замыг 1050-1250 метр хүртэл уртасгаснаар замын нэвтрүүлэх хүчин чадал дээшлэв.
ХХХ
2005 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “УБТЗ”-ыг сурталчилах нээлттэй өдөрлөг болж, гадаад дотоодын 180 гаруй төлөөлөгч, 60 гаруй сэтгүүлчид оролцсон байна.
ХХХ
2007 онд УБТЗ-ын ОУ-ын Тээвэр зуучийн төв Төмөр замын Хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төмөр зам, тээвэр зуучийн байгууллагуудтай хамтран БНХАУ-ын Шэньжэнь хотоос Монгол-Орос-Беларусь-Польшийн нутгаар дамжуулан БНЧУ-ын Пордубайс хот хүртэл, 2008 онд мөн маршрутаар ХБНГУ-ын Гамбург хот хүртэл, Гамбург хотоос мөн маршрутаар БНХАУ-ын Шанхай хот хүртэл чингэлэг тээврийн буухиа галт тэрэг амжилттай аялуулав.
2008 онд хүлээн авах, явуулах зам нь 94-103 вагоны багтаамжтай Замын-Үүд-2 өртөөг ашиглалтад хүлээж авсны зэрэгцээ Замын-Үүд зангилаанд нэг зэрэг 80 вагон ачааг автомашинд шилжүүлэн ачих дөрвөн зам тавцан бүхий хоёрдугаар талбайг байгуулан ашиглалтад хүлээлгэж өгөв. Мөн оны зургадугаар сарын 5-нд БНХАУ-аас худалдан авсан орчин үеийн шийдэл, тоноглол бүхий 16 вагоноос бүрдсэн суудлын шинэ цуваа Бээжин хотыг зорилоо.
ХХХ
2009 оны тавдугаар сард Үнэгт-Давааны зөрлөгийн хооронд төмөр бетон дэр, Р65 зам төмөр бүхий 108 км замын их засварын ажил гүйцэтгэсний 54 км-ийг Монголын тал, 54 км-ийг Оросын тал гүйцэтгэв. Мандал-Давааны хоорондын замд хийсэн их засвараар Оросын төмөр замын шинэ технологи болох уулзваргүй замыг анх удаа тавьсан нь онцлог байсан юм.
ХХХ
2009 онд төмөр замчид 14171.5 мянган тонн ачаа, 3118.3 мянган зорчигч тээвэрлэж, 8860.6 сая шилжүүлсэн тонн/км-ийн ажил гүйцэтгэсэн нь 2004 оныхоос 113.7 мянган тонн ачаа илүү ачсан хэрэг байв. Харин энэ харьцуулалтаар зорчигч тээврийн хэмжээ буурсан дүнтэй гарчээ.