2000-аад оны эхээр ашиглалтын хугацаа дууссан 2М62М зүтгүүрийн паркийг сэлбэхийн тулд АНУ-ын “Женерал Электрик” компанийн дизель хөдөлгүүрийг ашиглан модернизаци хийх өргөн цар хүрээтэй зорилт хэрэгжин Монгол инженерүүдийн оюун сэтгэлгээ, ур чадварын үр дүн болсон “2Загал” илчит тэргийг бүтээх хөтөлбөр эхэллээ.

 

ХХХ

 

2001 онд төв суурин газарт амьдарч буй төмөр замчдад орон сууцыг нь үнэ төлбөргүйгээр хувьчлах шийдвэр гарснаар 8000 гаруй төмөр замчин өрх хувийн орон сууцтай боллоо.

 

ХХХ

 

2001 онд 1018 дугаар км-т Цагаан хад, 780 дугаар км-т Алтганы гол, 844 дугаар км-т Агь Сүмбэт, 2002 онд 907 дугаар км-т Түшлэг, 546 дугаар км-т Агуйт, 599 дүгээр км-т Оорцог-Энгэр, 2004 онд 439 дүгээр км-т Бумбат, 487 дугаар км-т Чулуут, 459 дүгээр км-т Хайрхан зөрлөгийг нээж,  ашиглалтад хүлээн авав.

 

ХХХ

 

2001 онд машинчаар ажиллаж эхэлсэнээсээ хойш 1.7 сая гаруй км замд аялж, төмөр замын тээврийн төлөвлөгөөт зорилт, ГТХАБ-ыг ханган биелүүлсэн Улаанбаатар Зүтгүүрийн депогийн машинч Л.Пүрэвдорж, 2004 онд Улаанбаатар төмөр замд  техник технологийн өргөн цар хүрээтэй шинэчлэлт хийхэд идэвх санаачилгаа зориулсан УБТЗ-ын дарга Р.Раш нарт  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв. Мөн онд Р.Раш Монгол УИХ-ын гишүүнээр сонгогдов.

 

ХХХ

 

2003 онд 19 сумын шилжүүлэг бүхий Улаанбаатар-2 өртөөг нээн, Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудалд зорчигчдын хонгилон гарц, өндөрлөсөн тавцан барих ажил эхлэн 2004 оны долдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөв. Мөн Замын-Үүд өртөөнд хоногт 1500-3000 хүнд үйлчлэх хүчин чадалтай зорчигч үйлчилгээний төвийн барилга баригдаж ашиглалтад орсны зэрэгцээ “Төмөр замын байгууламжийг сэргээн сайжруулах төсөл”-ийн хоёрдугаар үеийн ажил дуусаж 71 цэг, 94 объектийн үйл ажиллагааг найдваржуулан, есөн нэр төрлийн 17 машин механизмийг УБТЗ хүлээж авав.

 

ХХХ

 

2004 онд төмөр замчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд 14057.8 мянган тонн ачаа, 4343.7 мянган зорчигч тээвэрлэж, 10085.0 сая шилжүүлсэн тонн/км-ийн ажил гүйцэтгэсэн нь 1999 оныхоос 5843.8 тонн ачаа, 234.7 мянган зорчигчоор илүү тээвэрлэсэн дүн юм.

 

 

Л.Сэнгээ МУСГЗ