1990-ээд оны дунд үеэс Дэлхийн банкны болон Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Төмөр замын тээврийг сэргээн сайжруулах төсөл” хэрэгжиж, Австри улсад үйлдвэрлэсэн 8464 ширхэг гадаргуун гүн хатаалгатай Р50 маягийн зам төмөр худалдан авч, богино радиустай замд тавин, ХБНГУ-ын Аммендорф хотод үйлдвэрлэсэн суудлын 30 вагон, 200 хос дугуй, 46 нэр төрлийн засварын төхөөрөмж, АНУ-ын “Женерал Электрик” компанийн ДАШ-7 серийн хоёр зүтгүүр худалдан авч, мөн хөрөнгөнөөс Украин улсад хийгддэг илчит тэрэгний засварын тодорхой хэсгийг санхүүжүүлсэн байна. Энэ нь УБТЗ-ын түүхэнд Европын орны болон АНУ-ын санхүүгийн дэмжлэгийг авсан анхны тохиолдол байлаа. Мөн жилүүдэд Улаанбаатар, Чойр, Сайншанд, Дархан, Зүүнхараа зангилаадад тоон системийн АТС суурилуулж, ГТХАБ-ыг найдвартай хангахад ахиц дэвшил гаргажээ.
***
1996 оноос Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулийг УИХ батлан, мөрдөж эхэлснээр УБТЗ түүхэндээ анх удаа тусгайлсан хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах болов. Энэхүү хуулийг боловсруулан батлуулахад тухайн үеийн Замын удирдлага болон УИХ-ын гишүүн Ж.Бямбадорж, Б.Содхүү, М.Далайхүү, Гавьяат хуульч С.Жалан-Аажав, УБТЗ-ын ерөнхий байцаагчийн орлогч Г.Бавуудорж ахлагчтай төмөр замын инженерүүдийн баг ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
***
1996 оны эхээр төмөр замын тээвэр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг амжилттай биелүүлж, галт тэрэгний хөдөлгөөниий аюулгүй байдлыг ханган ажилласан Улаанбаатар Зүтгүүрийн депогийн машинч Б.Шараа, 1998 оны эхээр мөн депогийн машинч Ц.Бумцэнд нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн бол УБТЗ-ын дарга Р.Раш Монгол Улсын Гавьяат тээвэрчин, Суудлын вагон депогийн галт тэрэгний үйлчлэгч Д.Энхтуяа Үйлчилгээний Гавьяат ажилтан цолоор тус тус шагнуулжээ.
***
1998 онд төмөр замын гол шугамын дагуу 1400 км оптик шилэн кабель тавих ажил эхэлж, 1999 оны эхээр бүрэн ашиглалтад орсноор зургаан аймгийн 18 томоохон хот суурин газар шилэн кабель, тоон системээр холбогдсон нь “Төмөр замын тээврийг сэргээн хөгжүүлэх төсөл”-ийн хэмнэлт болох 20 сая доллараар хийсэн бүтээн байгуулалтын үр дүн байлаа.
***
1997 оны гуравдугаар сараас Улаанбаатар-Москвагийн суудлын “Нарлаг Монгол” галт тэрэг ХБНГУ-аас худалдан авсан шинэ вагонуудаас бүрдэн, аялж эхлэв.
***
Төмөр замчид 1999 онд 8214.0 мянган тонн ачаа, 4109.0 мянган зорчигч тээвэрлэж, 4528.5 сая тонн шилжүүлсэн тн/км-ийн ажил гүйцэтгэсэн нь 1995 оныхоос 888.7 мянган тонн ачаа, 1701 мянган зорчигч илүү тээвэрлэсэн дүн бөгөөд төмөр замчид шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнгээр зах зээлийн хүндрэлийг амжилттай даван туулж буйг илтгэн харуулсан хэрэг байлаа.
Л.Сэнгээ МУСГЗ