Улс орон зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн 1990 оны эцсээр Хувь нийлүүлсэн нийгэмлэг нь 3.58 тэрбум төгрөгийн дүрмийн сан, тус бүр нь нэг сая төгрөгөөр үнэлэгдэх 3058 ширхэг хувьцаатай байсны 1529 нь Монголын талд, нөгөө хэсэг нь Зөвлөлтийн талд тус тус ногдож байв. Тухайн үед нийт төмөр замчдын 70 орчим хувь нь орон сууцтай, ажиллагсдын дундаж цалин улс ардын аж ахуйн бусад салбарынхаас 16 хувь дээгүүр байв.
***
1990 оны дундуур болсон АИХ-ыг сонгох анхны чөлөөт ардчилсан сонгуулиар Замын I орлогч дарга Р.Раш Төмөр замын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Лхагвасүрэн, Баянтүмэн тасгийн дарга Б.Лханаасүрэн, Замын I анийн орлогч дарга А.Рашатхан, Замын IV ангийн дарга Г.Вандандагва, Чойр зангилааны Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Ш.Насанбуян, Зүүн хараа дахь Мод боловсруулах үйлдвэрийн эдийн засагч Б.Тангад нар тухайн орон нутгийнхаа сонгуулийн тойргуудаас депутатааар нэр дэвшиж, өрсөлдөн ялалт байгуулж, шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлахад төмөр замчдаа төлөөлөн оролцсон байна.
***
1991 оны тавдугаар сард УБТЗ-ын анхны Монгол даргаар Замын I орлогч дарга Р.Раш дэвшин, Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны даргаар Замын даргаар ажиллаж асан А.И.Долгий, Замын I орлогч даргаар УБТЗ-ын Ерөнхий байцаагчаар ажиллаж асан А.В.Трошкин нар тус тус томилогдов.
***
1992 оны дундуур, хувь нийлүүлэгч Зөвлөлтийн тал зөвшөөрсний үндсэн дээр төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлхэд Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг зориулах Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч, Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг барих ажил эхэллээ. Мөн 1993 онд төмөр замаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ, экспорт импортийн ачааг нэмэгдүүлэх, УБТЗ-ыг Олон улсын тээврийн сүлжээнд идэвхтэй оролцуулах зорилгоор ОУ-ын Тээвэр зуучийн төвийг байгуулав.
***
1994 оны долдугаар сард Замын-Үүд өртөөнд нарийн царигийн замыг УБТЗ өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан нь Хятадын вагоныг Замын-Үүдэд шилжүүлэн ачих боломж бүрдүүлсний зэрэгцээ, ОХУ-ын паркийн вагоны сул зогсолтын төлбөрийн 70 хувийг УБТЗ хариуцдаг байсныг зогсоожээ.
***
Төмөр замчид 1993 онд 7854.5 мянган тонн ачаа, 2249.0 мянган зорчигч тээвэрлэн, 3109.6 сая шилжүүлсэн тонн км-ийн ажил гүйцэтгэсэн нь 1989 оныхоос 8994.2 мянган тонн ачаа, 467.5 мянган зорчигчоор буурсан дүн байв. Энэхүү бууралт нь зах зээлд шилжсэнтэй холбоотойгоор үүсэн бий болжээ.
Л.Сэнгээ МУСГЗ сэтгүүлч