1983-1987 онд Улаанбаатар - Замын-Үүдийн гол шугамыг үер уснаас хамгаалж, найдваржилтыг дээшлүүлэх зорилгоор 113 гүүр, хоолойг шинээр барьжээ. Үүнд шаардагдах хөрөнгийг ЗХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдвэрлэсэн байна.
ХХХ
1984 онд улс орны эдийн засгийн хөгжлийн шаардлага, батлан хамгаалах зорилттой холбогдуулан Сайншанд-Зүүнбаянгийн 48 км зам, Толгойт-Сонгины 20 км зам, 1987 онд Айраг-Бор-Өндөрийн 60 км замуудыг барьж, байнгын ашиглалтад хүлээн авчээ. Ингэснээр УБТЗ-ын гол шугамын урт 1800 км-т хүрсэн байна.
ХХХ
Замын захиргаа, нийт төмөр замчдын идэвхитэй, шаргуу их хөдөлмөрийн үр дүнд 1986 онд тээврийн ашиглалтын ажилчдын хөдөлмөрийн бүтээмж өмнөх оныхоос 4 хувиар нэмэгдэж, тээврийн өөрийн өртөг төлөвлөснөөс 5 хувиар хямдарчээ. Илчит тэрэгний парк шинэчлэгдэж, галт тэрэгний дундаж жин 1980 оныхоос 380 тонноор нэмэгдэн, вагон эргэлт хурдассан нь хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэрэгний аялал тогтмолжсонтой холбоотой байлаа. 1986 онд хүнд жинтэй галт тэргийг удаа дараа жолоодож, мэргэжлийн ур чадвар гаргасан Улаанбаатар Зүтгүүрийн депогийн машинч Б.Лхамыг БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.
ХХХ
1985 оны 7-р сараас Улаанбаатар-Бээжингийн хооронд суудлын шууд харилцааны галт тэрэг аялуулж эхэлсэн бол 1986 оны зургадугаар сараас уг галт тэргийг өөрийн вагоноос бүрдсэн цуваатайгаар аялуулдаг болов.
ХХХ
Төмөр замын тээврийн ажлын хэмжээ нэмэгдэж, өндөр хүчин чадал бүхий шинэ зүтгүүр нэвтрүүлсэнтэй холбогдуулан, Р43 зам төмрийг Р50 маягийн зам төмрөөр солих замын их засварын ажил үе шаттайгаар үргэлжиж, 1986 онд 101.2 км замд их засварын ажил гүйцэтгэсэн нь урд өмнө гарч байгаагүй амжилт болон төмөр замын түүхэнд бичигджээ. Замын их засварын ажилд ВПО-3000 машин, үе угсрах хагас автомат ППЗЛ шугам, 10 тн-ын өргөх кранууд ашиглаж эхлэв.
ХХХ
1988 онд төмөр замчид 17850.4 мянган тонн ачаа, 2618.6 мянган зорчигч тээвэрлэж, 6772.1 сая тонн шилжүүлсэн тонн км-ийн ажил гүйцэтгэсэн нь 1983 онтой харьцуулахад 5847.9 мянган тонн ачаа, 2235.4 мянган зорчигч илүү тээвэрлэсэн дүн байлаа.