Монгол Улсын анхны Үндсэн хууль батлагдаж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн 100 жилийн ой тохиож байна. Хорьдугаар зуунд өрнөсөн Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх түүхэн үйл явцын тухай өгүүлсэн баримт бичгүүдэд төмөр замын тухай ямар нэгэн хэмжээгээр тэмдэглэн үлдээсэн байдаг.

Хорьдугаар зууны эхээр буюу 1906 онд Хиагт-Хаалганы чиглэлд төмөр утасны шугам татсанаар Москва-Өргөө-Бээжинг холбосон цахилгаан холбооны суурь тавигдаж, магадгүй энэ шугам дагуу хожмын өдөр төмөр зам тавих анхны трассын зураглал хийгдсэн ч байж мэдэх юм. Тэр үеэс л Монголын нутгаар дамжуулан төмөр зам барих тухай яриа гарч эхэлсэн байдаг.    

Үүнээс бараг хагас зуун жилийн өмнө буюу 1858 онд Оросын цагаан хааны эмч байсан буриад П.Бадмаев “Монголоор дайруулан төмөр зам барьж чадвал бид Энэтхэг ч хүрч болно” гэж төсөл танилцуулж байсан гэдэг.

Үндэсний эрх чөлөөний хувьсгал 1911 онд ялж, Богд хаант Монгол Улсыг тунхагласан даруй Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн Хаант Орос Улсад айлчилсан нь Монгол Улсын тусгаар тогтнол, цэрэг, эдийн засгийн байдалд ихээхэн ач холбогдолтой болсон юм. Айлчлалын хүрээнд Нийслэл Хүрээ рүү төмөр зам тавих хүсэлт гаргаж байсан баримт бий. Энэ яриа Орос болон Хятадад өрнөсөн олон удаагийн хувьсгал, дайн дажин, зөрчил тэмцлийн улмаас орхигдож, 25 жилийн дараа буюу 1938 онд сая нэг хэрэгжиж эхэлсэн нь Улаанбаатар-Налайхын чиглэлийн нарийн төмөр замын ажил байсан юм. Дэлхийн шинэ дайны салхи дорно зүгээс сэвэлзэж, Монгол Улсын газар нутагт харийн дайсан өнгөлзөж байсан үед цэрэг, улс төрийн зорилгоор Соловьевск-Эрээнцав-Баянтүмэнгийн чиглэлд өргөн төмөр зам, Баянтүмэн-Тамсагийн чиглэлд нарийн төмөр зам тавигдсанаар Монгол Улсад төмөр замын хөгжлийн түүх эхэлсэн гэж үздэг. Энэ төмөр зам 1939 оны Халх голын байлдаан болон 1945 оны Чөлөөлөх дайны үед Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах үйлсэд түүхэн онцгой үүргийг гүйцэтгэсэн билээ.

БНМАУ-ын статус-квог хэвээр хадгалж, дэлхийн их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлж, улмаар БНХУ-ын Гоминданы Засгийн газарт шахалт үзүүлэхийн тулд ЗХУ-ын хамтаар Японы эсрэг дайн зарлаж, Монгол-Зөвлөлтийн арми чөлөөлөх дайнд оролцсон билээ. Энэ дайнд Монголын төмөр замаар цэрэг, зэвсэг тээвэрлэн фронтын шугамд дөхүүлж өгч байсан түүхэн гавьяаг мартах учиргүй. Эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалахад оруулсан түүхэн хувь нэмрийг нь үнэлж Баянтүмэний төмөр замыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан билээ.

Дайны үед цэрэг, зэвсэг тээж явсан төмөр замаар энхийн цагт их бүтээн байгуулалтын тоног төхөөрөмж, бараа, материал, түүхий эдийг богино хугацаанд, их хэмжээгээр тээвэрлэж, орчин цагийн Монгол Улсын хөгжил дэвшлийн шинэ хуудсыг нээхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Эдийн засгийн бие даасан хөгжил бол тусгаар тогнолын нэгэн баталгаа. Тийм ч учраас Улаанбаатар төмөр зам ХНН-ийг үүсэн байгуулагдсаных нь 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж, өргөмжилсөн нь зүй ёсны хэрэг байлаа.

Монголын төмөр зам бол өрнө дорныг холбосон өнө эртний өртөө улааны үргэлжлэл, өнөө цагийн тусгаар тогтносон ижил тэгш эрхт гурван улсыг холбосон худалдаа, эдийн засгийн гол зам төдийгүй, дэлхийн улс орнуудыг холбосон арилжаа наймааны их замын нэгэн хэсэг юм.

“Үндсэн хууль бол одоо цагт үйлчлэх мөртөө ирээдүй рүү чиглэсэн байдаг нь тунгааваас галт тэрэг лугаа бусдыгаа чирдэг толгой юм” хэмээн Үндсэн хуулийн эх баригч нэгэн эрхэм зүйрлэн хэлсэн нь санамсаргүй хэрэг биш юм.

Тусгаар тогтнол-Төмөр зам хоёр салшгүй байхын учир ийм буюу.   

 

Г.Энхбаатар