С.Мөнх-Алдар:”Эдийн засгийн коридор”-т тусгагдсан УБТЗ ХНН-тэй харилцан хамаарал бүхий таван төсөл бий
УБТЗ ХНН-ийн Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдартай саяхан болж өндөрлөсөн “Transport Mongolia-2023” олон улсын форум болон гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд БНХАУ-д ажиллаад ирсэн уулзалтынх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Монгол Улсын тээврийн долоо хоног-2023” олон улсын арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний зорилго, хамрах хүрээ болон УБТЗ ХНН-ийн оролцоо ямар байсан талаар яриагаа эхлүүлэх үү?
-Юун түрүүнд “Ган зам” сониныхоо уншигчид болон нийт төмөр замчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форум “ДАЯАРШИН БУЙ ДЭЛХИЙН ЛУГШИХ СУДАС ТЭЭВЭР ЛОГИСТИК ХОЛБОЛТОО БЭХЖҮҮЛЖ, ХАМТДАА ХОЖИЦГООЁ” уриан дор энэ сарын 06-10-ны хооронд зохион байгуулагдсан. Долоо хоногийн турш өдөр бүр өөр өөр онцлог агуулгатай өргөн цар хүрээг хамарсан илтгэл, хэлэлцүүлэг бүхий арга хэмжээ болж өндөрлөсөн. Форумыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, “Тээврийн холболтыг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох боломжууд” сэдвээр эхний хэсгийн хэлэлцүүлэг өрнөсөн. Энэ хэлэлцүүлэгт Монгол Улсын Засгийн газрын гишүүд, холбогдох сайд нар болон Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехан Ли, Европын сэргээн босголт хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ханнес Такач гэсэн гадны зочид эрхмүүд оролцсон. Харин тухайн өдрийн хоёр дахь хэсэгт Авто замын салбар оролцсон “Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба мэдээллийн нэгдсэн систем” хэлэлцүүлэг болсон. Энд манай УБТЗ ХНН-ээс Замын удирдлагын төлөөлөл болон авто тээвэр үйлчилгээний төвийн даргаар ахлуулсан 15 хүн оролцсон. Харин 7-ны өдөр Төмөр замын тээврийн салбарынханд зориулсан үйл ажиллагаа болсон. Тус үйл ажиллагааг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын илтгэлээр үргэлжилсэн ба үүнд УБТЗ ХНН-ээс 150 орчим хүн оролцсон. Хөтөлбөрийн дагуу УБТЗ ХНН хамтран зохион байгуулагчийн хувьд маш идэвхтэй оролцсоныг энэ дашрамд онцлох нь зүйтэй болов уу. Энэ өдрийн арга хэмжээний гол зорилго нь Дэлхийн төмөр замын салбарын хөгжил, чиг хандлага, Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж, төмөр замын салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам гэсэн өргөн хүрээтэй асуудлыг тал бүрээс хэлэлцэж зөвлөлдөхөд чиглэсэн. Нийт дөрвөн хэлэлцүүлгийн хүрээнд дээрх зорилгоо тодорхойлж зөвлөлдсөн. Гурав дахь өдөр нь буюу 8-нд “Тээврийн долоо хоног арга хэмжээ”-ний үндсэн зорилго болсон “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдвээр зөвлөлдсөн. Энэ агуулгын хүрээнд гадны зочид төлөөлөгч, нэр хүнтэй эрхмүүд олноор оролцож, албан ёсны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. Улмаар “Боомтын хөгжилд бүс нутгийн холболт, логистикийн бодлого” сэдвээр хэлэлцүүлгүүд өрнөсөн. Дөрөвдэх өдөр нь буюу 9-нд “Олон улсын тээврийн форумын Азийн бүсийн өндөр түвшний хоёр дахь удаагийн яриа хэлэлцээр” зохион байгуулсан. Үүнд УБТЗ-ын удирдлага болон төмөр замчдын төлөөлөл оролцсон. Мөн өөр танхимд “Чөлөөт агаарын орон зай” олон улсын форум агаарын тээврийн салбарынхны дунд өрнөж тус салбарын өмнө тулгамдаж буй асуудал чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. “Тээврийн долоо хоногийн сүүлчийн өдөр буюу 10-нд Монгол Улсын “Тээврийн холболт, логистикийн сайжруулах төсөл танилцуулах хурал”-ыг зохион байгуулагдсан. Тус хуралд Дэлхийн банкны төлөөлөл голлох үүрэгтэй оролцсон бөгөөд тус банкнаас хэрэгжүүлдэг төслийн талаар танилцуулга хийж, ач холбогдлыг танилцуулсан. Эцэст нь “Тээврийн долоо хоног” олон улсын форумыг дүгнэж хэлэхэд, Монгол Улсын Төрийн гурван өндөрлөг болон Засгийн газрын гишүүд, салбарын сайд нар, УИХ-ын гишүүд оролцож, илтгэл хэлэлцүүлэг хийсэн нь хэр хэмжээний ач холбогдолтойг илтгэж байлаа. Мөн олон улсын хөрөнгө оруулагчид, тээврийн удирдах байгууллагын төлөөлөл болсон 50 гаруй зочин, Монгол Улсын тээврийн болон эдийн засгийн салбарын 1700 орчим төлөөлөгч оролцон тав хоногийн турш Монгол Улсын тээврийн салбарын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэг урьд хожид байгаагүй өргөн цар хүрээний асуудал юм.
-Өдөр бүр өөр өөр агуулга хэлбэрээр өрнөсөн тус форумаас таны хувьд аль хэлэлцүүлэг нь илүү онцлог санагдав?
-Мэдээж “Railway Mongolia 2023” төмөр замын салбарын арга хэмжээг онцлох хүн олон байсан. Монгол Улсын төмөр замын голлох үзүүлэлт болох төмөр замын сүлжээний нийт урт 2019 онд 1115 км, тээврийн хүчин чадал 28.2 сая тонн, хөдлөх бүрэлдэхүүн 8050, ажилтны тоо 15208 байсан. Тэгвэл ердөө таван жилийн дараа буюу 2023 онд төмөр замын сүлжээний урт 2020 км болж даруй 905 км-ээр, тээврийн хүчин чадал 36.8 сая тонн болж 8.6 сая тонноор, ажилтны тоо 17298 болж, 2090 ажилтнаар, хөдлөх бүрэлдэхүүн 12439 болж, 4389-өөр тус тус нэмэгдсэн байна. Энэ нь салбарын хэмжээнд цөөнгүй асуудлыг бодлогын хүрээнд шийдвэрлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгааг харуулж байна. Ийм ч учраас тус салбарын өмнө тулгамдаж буй олон асуудлыг өргөн интеграциар шийдвэрлэхэд дээрх хэлэлцүүлэг чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна. ЗТХЯ-аас баримталж буй бодлогын хүрээнд 2030 он гэхэд төмөр замын тээвэр нийт гурван коридортой болж, далайн 17 боомттой төмөр замаар холбогдох юм билээ. Улмаар, төмөр замын сүлжээний уртыг 4680 км болгон өргөтгөх, төмөр замын долоон боомттой болж, логистикийн төвийг хөгжүүлэх. Транзит тээврийг жилд 40 сая тоннд, экспортын тээврийг жилд 80 сая тоннд хүргэх. Нийт төмөр замын тээврийг жилд 180 сая тоннд хүргэх гэхчлэнгээр маш том амбицтай төлөвлөлтийг хийж буйгаа танилцууллаа. Товчхондоо, төмөр замын салбарт томоохон хөрөнгө оруулалтыг үе шаттай төлөвлөж байгаа нь ажиглагдсан. Төмөр замын тээврийн салбарын арга хэмжээнд Олон улсын төмөр замын хамтын ажиллагааны байгууллага /ОСЖД/-ын дарга Мирослав Антонович тэргүүтэй ОХУ, АНУ, Солонгос, БНХАУ, Энэтхэг зэрэг улсын төмөр замын удирдлагууд оролцсон нь олон улсын төмөр замын байгууллагуудаас Монгол Улсын төмөр замын салбарт хамтын ажиллагааг өрнүүлэх өргөн сонирхолтой байгааг харуулсан.
-Энэ үеэр “Олон улсын тээврийн форумын Азийн бүсийн өндөр түвшний хоёр дахь удаагийн яриа хэлэлцээр” болсныг та цухас дурдлаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Энэ хэлэлцээрийн гол онцлог нь Олон улсын Тээврийн Форум /ITF/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Ким энэхүү хэлэлцээрийн модератороор ажиллаж, тус байгууллагын Ази тив болон Мэдээлэл бодлогын аналитикийн асуудал хариуцсан ахлагч Гүнэн Чен, НҮБ-ийн Ази Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Тээврийн хэлтсийн дарга Рэй Вэймин, Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн тээврийн асуудал хариуцсан захирал Бенедикт Ейжберген тэргүүтэй олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид болон ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар панелистаар оролцсон явдал юм. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт илтгэл тавьсан. 2024 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ний 80 орчим хувийг дэд бүтцийн хөрөнгө оруулалтад хийх бөгөөд үүнээс 50 орчим хувийг нь тээврийн салбарт оруулахаар төлөвлөж байна. Харин Дэлхийн банкнаас 17.6 хувийг дангаар санхүүжүүлхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Мөн тээврийн салбарын, тэр дундаа логистикийн бүсэд чухал салбарын олон улсын төлөөлөл болох ITF-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурия цахимаар оролцсон. Тэрбээр, Монгол Улс 2021 онд ITF-т гишүүнээр элссэнийг онцлоод өнгөрсөн хугацаанд олон улсын тээврийн гаалийн цахим систем нэвтрүүлэхэд тус байгууллагынхан манай талтай хамтран ажиллаж байгаагаа дурдсан. Энэхүү хэлэлцээрт орж байгаа гадны зочдын илтгэл, мэдээллийг сонсож байхад зөвхөн тээврийн гэлтгүй бусад бүх салбарт “Хүлэмжийн хийг бууруулах, хүн төвтэй ногоон технологийг бий болгох, цахимжуулах” арга, техникт тулгуурлан хөгжиж байгаа нь онцлог байлаа. Тэдний хэрэгжүүлсэн төслүүд ч маш үр дүнтэй байгаа нь олон улсын судалгаагаар нотлогдож, хөрөнгө оруулагчид ч энэ асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. НҮБ-ын гишүүн орнуудын “Парисын хэлэлцээр”-ээр хүлэмжийн хийг 22 хувиар бууруулах амлалтыг улс орнууд авсан бөгөөд энэ чиглэлийн төслийг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч байна. Нүүрсхүчлийн хий багатай тээврийг бий болгох ажлын хэсгийг ESCAP дээр 2022 онд байгуулан ажиллаж байгаа ба ирэх онд Ази номхон далайн долоо хоног болох ба энэ үеэр дээрх асуудлыг нухацтай хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлсэн. Төмөр замын төслийн бүтээн байгуулалтыг хийхдээ мөнх цэвдгийн судалгааг маш сайн хийж, түүндээ тулгуурлан төслийн төлөвлөлтийг хийх нь нэн чухал байгааг НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр хариуцсан төлөөлөгч Матильда Димовка онцолж байсан. Хамгийн гол нь мөнх цэвдгийн 95 хувийг эзэлдэг таван орон байдгийн нэг нь Монгол Улс. Иймд тухайн асуудалд анхаарлаа хандуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байхыг зөвлөсөн зэрэг олон онцлог асуудлыг хэлэлцэж зөвшилцсөн.
-“Бүс нутгийн тээвэр логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт энэхүү форумын үеэр мэргэжлийн хүний хувьд цаашид төмөр замын тээврийн салбарт юуг анхаарч, олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах шаардлага байна вэ гэхчлэнгээр олон зүйлийг олж харж, дүгнэлт хийсэн байх?
-“Тээврийн долоо” хоног арга хэмжээгээр дамжуулан бид олон улсад том амбицтай байгаагаа зарласан. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан, төмөр замын салбарын тээвэр логистикийн холболтыг шат дараатай хийхээр төлөвлөж байгаа зэрэг нь макро орчны боломжоо бид олж харах, хүртээмжтэй, тогтвортой, аюулгүй тээврийг хөгжүүлж инновацилаг технологийн бодлогыг баримталж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн төмөр замын тээврийг хөгжүүлэхдээ хүлэмжийн хийг бууруулах бодлогыг баримтлах ба ингэхдээ төмөр замын тээврийг цахилгаанжуулах аль болох алтернатив тээврийн хувилбарыг сонгох хэрэгтэй гэж бодож байна. Ингэснээр бид олон улсын төмөр замын тээврийн салбарт нийтлэг нэг зорилготой болж нэгдсэн тээвэр логистикийн сүлжээг бий болгох боломжтой юм. Дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж байгаа хэдий ч засвар ашиглалтын хөрөнгө оруулалт бага байна. Өөрөөр хэлбэл, зөөлөн дэд бүтцийн хөрөнгө оруулалт бага байна. Энэ нь дэд бүтцийн тэсвэртэй байдлыг муутгаж байна. Мөн техник технолог, дүрэм журмын хувьд ч, микро макро орчинд ч “зааг” байгаа ба үүнийг тээврийн салбарт бодлогын баримт бичгийн чиглэлээр “цогц” байх шаардлага урган гарч байгаа нь харагдлаа.
-“Тээврийн долоо хоног”-ийн талаар товч мэдээлэл өгсөнд баярлалаа. Саяхан та БНХАУ-ын Тяньжин хотноо ОХУ-Монгол улс-БНХАУ гурван улсын Эдийн засгийн коридорыг хөгжүүлэх ажлын хэсгийн хуралд оролцоод ирсэн. Энэ талаараа манай уншигчдад мэдээлэл өгнө үү?
-Эхний ээлжид “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн талаар товч ойлголт өгөх нь чухал болов уу. 2015 оны долдугаар сарын 09-нд Уфа хотноо ОХУ, Монгол Улс, БНХАУ гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ дагуу, Евроазийн эдийн засгийн холбоо, “Талын зам” санаачилга болон “Торгоны зам” -ын эдийн засгийн бүтээн байгуулалтыг уялдуулахыг харгалзан үзэж, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмыг баримтлан, Орос-Монгол-Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг боловсруулсан. Энэхүү хөтөлбөр нь талууд гарын үсэг зурснаас хойш таван жилийн хугацаатай байхаар заасан. Улмаар Ташкент хотноо 2016 оны зургадугаар сарын 23-нд тус хөтөлбөрийг Орос, Монгол, Хятад хэл дээр хөрвүүлэн баталж баталгаажуулсан байдаг. Хөтөлбөрийн хүрээнд нийт 32 төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Эдгээр төслөөс зам, тээврийн салбарт хамааралтай тээврийн дэд бүтцийн чиглэлээр 13, хилийн боомтыг шинэчлэх чиглэлээр нэг төсөл тусгагдсан. Үүнээс төмөр замын чиглэлийн ес, боомтын нэг төсөл нь төмөр замтай шууд хамааралтай байсан. Энэ дундаас УБТЗ ХНН-тэй харилцан хамаарал бүхий таван төсөл байгаа юм.
-Тухайн санамж бичгийн хүрээнд өнгөрсөн хугацаанд чухам юу хийгдэв гэдэг нь чухал байгаа шүү дээ?
-Анх 2015 оны долдугаар сард байгуулсан "Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгyулах хөтөлбөр боловсруулах тyхай” Монгол Улс, ОХУ, БНХАУ хоорондын Харилцан ойлголцлын “Санамж бичиг", 2016 оны зургадугаар сард байгyулсан "Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгyулах хөтөлбөр" болон 2018 оны есдүгээр сард байгуулсан "Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорыг хамтран урагшлуулах механизм байгyулах тyхай” Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хороо хоорондын “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үндэслэн Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, солилцоог гүнзгийрүүлэх, гyрван улсын ард иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх, шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн баталгааг бий болгох боломж байгааг харгалзан, гурван тал хамтарсан мэдэгдэл гаргасан. Улмаар харилцан ноот солилцож гарын үсэг зурах үйл ажиллагаа болсон. Энэхүү мэдэгдэлд “Эдийн засгийн коридор” байгуулах ажлыг эрчимжүүлэх, судалгааны ажлыг хийх, Коридорыг хөгжүүлэх ТЭЗҮ боловсруулах, нарийвчилсан төлөвлөгөө гаргах ажлыг тусгасан. Үүний дагуу Эдийн засгийн төв коридорыг хөгжүүлэх гурван талын хурал энэ оны зургадугаар сард ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан. Тус хурлаас тодорхой үүрэг даалгавар өгөгдөж дараагийн хурлыг арваннэгдүгээр сард БНХАУ-д зохион байгуулах шийдвэр гарсан юм. Эл шийдвэрийн хүрээнд БНХАУ-ын Тяньжин хотноо “Эдийн засгийн төв коридорыг” хөгжүүлэх ОХУ, Монгол, БНХАУ гурван улсын хуралд ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар сайдаар ахлуулсан бүрэлдэхүүн оролцоод ирсэн. Үүнд миний бие багтаж ажиллалаа.
-Хурлын үр дүн хэрхэн гарав?
-Энэ хурлаар өмнө өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг дүгнэж, талууд харилцан санал солилцлоо. Мөн дараагийн үүрэг даалгавруудыг өгч ирэх хурлыг 2024 оны нэгдүгээр улиралд Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Эдийн засгийн төв коридор бол Улаан-Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн- Жининь- Бээжин- Тяньжин гэсэн маршруттай байх юм. Ийнхүү гурван улсын газар нутгийг дамнасан 2170 км урттай төмөр замыг нэгэн жигд өргөн интеграциар хөгжүүлэх асуудал бол манай гурван улсын үндсэн зорилт. Одоогоор ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хүрээнд Эдийн засгийн төв коридороор дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалын таамаглалыг гаргаж, талууд саналаа нэгтгээд байна.
-Цаг зав гарган, сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Б.Дэлгэрхишиг