Төвийн хэсэгт Замын даргын үзлэгийн комисс энэ сарын 7-8 болон 10-ны өдөр ажиллаж, Улаанбаатар зангилааны аж ахуйн нэгжийн зуны тээврийн бэлэн байдлыг шалгаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж явлаа.
Зүтгүүрийн бригадын илүү цагийн цаана эрсдэл үүсэх вий
Улаанбаатар татах хэсгийнхэн үзлэгийн комисст эдийн засгийн үр ашигтай шинэлэг ажил гарсан үр дүнгүүдээ танилцууллаа.
Жишээ нь, Түлш шүүрийн цехээр ороход засварчин Б.Тайванжаргалын санаачилан хийсэн маслын шүүрийг цэвэрлэдэг шинэ бүтээл нүднээ туслаа. Өмнө нь, тус депод илчит тэрэгний маслын шүүрийг дизелийн түлшээр угаадаг байж. Гэвч энэ аргаар маслын шүүрийг бүрэн цэвэрлэж чаддаггүйн улмаас маслын систем амархан бохирддог, үүнээс шалтгаалан хоорондын замд галт тэрэг зогсож тусламж дуудсан тохиолдол зөвхөн 2023 онд гэхэд найман удаа гарч байсныг Түлш шүүрийн цехийн мастер Т.Алтанхуяг ярьж байлаа.
Харин засварчин Б.Тайванжаргал маслын шүүрийн бүрэн цэвэрлэх төхөөрөмжийг өнгөрсөн оны сүүлчээс эхлэн санаачлан хийсээр энэ оноос бүрэн дүүрэн ашиглаж эхэлжээ. Маслын шүүрийг зориулалтын бодисоор угааж, цэвэрлэн тусгай шилэн хорго бүхий төхөөрөмжөөр хатаах болсноор үр дүнд нь илчит тэргэнд шүүрийн бохирдлоос шалтгаалсан эвдрэл гэмтэл гарахаа больжээ.
Мөн 2020 оноос илчит тэргэнд Шведийн трубиныг ашиглаж эхэлжээ. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус депогийн инженер Б.Бавуу (одоогийн Зүтгүүрийн аж ахуйн албаны засварын хэлтсийн дарга), Туслах тоноглолын цехийн мастер Г.Ганхуяг, Трубины тасгийн засварчин Г.Баянмөнх, Сайншанд татах хэсгийн засварчин Ө.Энхбаяр нарыг Швед улсын “Хэдэмора” хотын трубины үйлдвэрт 14 хоногийн сургалтад хамруулжээ. Тэд энэхүү сургалтад хамрагдсанаар трубины ашиглалт, засвар, урсгалтын чиглэлээр суралцан сертификат авчээ. Ийнхүү Швед трубиныг ашиглаж эхэлснээс хойш хийх төлөвлөгөөт засварын хугацаанаас өмнө хүний нөөцөө албаны хэмжээнд бодлогоор бэлтгэж авсан байна.
Харин тус депогийн хувьд сэлбэг материалын хангалт, хүний нөөцийн хомсдол зэрэг хүндрэлтэй асуудлууд ч байгаа аж. Сэлбэг материалын хангалт сүүлийн жилүүдэд дутмаг байсаар байгаа юм. Үүнд дэлхий нийтийг хамарсан цар тахал, залгуулаад хойд хөрш, Украины дайны нөхцөл байдал гээд биднээс шалтгаалахгүй хүчин зүйлс бий. Өнгөрсөн оны захиалгат сэлбэг материалын хангалт оны эцэс гэхэд 80 орчим хувьтай байсан бол энэ оны хувьд одоогийн байдлаар сэлбэг материалын хангалт ердөө таван хувьтай байгаа юм билээ.
Мөн шийдвэрлэхэд төвөгтэй нэг асуудал бол хүний нөөцийн хомсдол. Одоогийн байдлаар тус депогийн зүтгүүрийн бригад 438 хүнтэй байна. Гэтэл шаардлагатай хүн хүч 502 байх ёстой аж. Энэ жил л гэхэд 32 машинчийг бэлтгэсэн ч зөрөөд 20 гаруй хүн ажлаас гарчээ. Үүнээс улбаалан зүтгүүрийн бригадууд илүү цагаар ажиллахаас аргагүйд хүрсэн байна. Зүтгүүрийн бригадад илүү цагийн хөлсийг нь тухай бүрд нь өгч байгаа ч үүний цаана ГТХАБ болон ХАБЭА-н эрсдэл үүсэж байгааг тэд ярьж байлаа. Туслах цехүүдэд токарьчин, тоног төхөөрөмжийн засварчин зэрэг нарийн мэргэжлийн ажилтнууд дутагдалтай байгаа нь илчит тэрэгний паркийн бэлэн байдлыг хангахад ч нөлөөлж байгаа аж.
АБТЭМА-д чингэлэг тээврийн 32 хувь буудаг
АБТЭМА-ийн хоёр кранд засвар хийх шаардлагатай байгаа аж. Чингэлэг тээвэр нэмэгдэж байгаа энэ үед тус анги хоёр краны найдвартай ажиллагааг сайжруулж,, нэг кранаа сунгаж хүчин чадлыг нь нэмэгдүүлэн чингэлэг боловсруулах талбайгаа нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байна. Мөн ачаа буулгах өндөрлөсөн тавцанг засварлах, дээгүүр нь саравч барих шаардлагатай байгаа аж. Хүнсний бараа бүтээгдэхүүн буулгадаг хэсэг саравчгүйгээс бороо, цастайд буулгалт хийх боломжгүй болдог байна.
Түүнчлэн, Улаанбаатарт ирдэг нийт чингэлэг тээврийн 32 хувь тус ангид буусан судалгаа байна. Гэхдээ цаашид тус анги нь бусад терминалуудтай үнэ тарифын хувьд өрсөлдөхөд хүндрэл үүсэж байгаа аж. АБТЭМА-ийн хувьд ачаа хадгалалтын бусад терминалуудаас өндөр байдаг байна. Харин хувийн терминалууд уян хатан тарифаар үйлчлүүлэгчдийг татдаг бололтой.
Тус ангийн Амгалан хэсэгт одоогийн байдлаар цемент, барилгын материал, арматур голлон буудаг байна. 6 га газартай талбай бий. Ангийн удирдлагаас энэ талбайг чингэлгийн терминал болгох төлөвлөгөөг үзлэгийн комисст танилцууллаа. Амгалан хэсэгт 21.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 1500 ширхэг 20 тоннын чингэлгийн багтаамжтай талбай байгуулах боломжтой аж. Энэ төсөл нь 13.9 жилд өртгөө нөхөх урьдчилсан тооцоог хийжээ. Нөгөө талаар, энэ төсөл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг задлахад зохих хувь нэмрийг оруулна гэж үзэж буй аж.
Сонсголон өртөөг байгуулах уу?
Толгойт өртөөний хувьд ажлын хэмжээ нэмэгдсээр байгаа тул түр хугацаанд дөрөв дэх сэлгээний тэргийг нэмэлтээр авч ажиллуулж байна. Цаашид сэлгээний тэргийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага байгааг өртөөний дарга А.Борбанди танилцууллаа. Тус өртөө 2017 онд гурав дахь сэлгээг нэмсэн байна. Түүнээс хойш ачилт 31.8, буулгалт 79 хувиар өссөн байна. Мөн хүлээн авч явуулах нэг зам нэмж барих, Сонсголон өртөөг байгуулах зэрэг ачаа тээврийн өсөлттэй уялдуулсан өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийх шаардлага үүссэн байна. Ажлын ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан өртөөнд диспетчерийн орон тоо ч нэмж өгөхийг хүслээ.
Толгойт өртөөний хувьд одоогоор дөрвөн орон тоо дутуу ажиллаж байна. Хүний нөөцийн хөдөлгөөн их байдаг бололтой. Өнгөрсөн онд 64 ажилтан ажлаас гарч, 63 ажилтан шинээр авчээ. Харин энэ оны нэгдүгээр улиралд 16 ажилтан ажлаас гарч, 11 ажилтан шинээр авчээ. Үүний зэрэгцээ ажлын ачаалал нэмэгдэхийн хэрээр ажилтнуудын өвчлөл өсөж байгаа нь байдлыг улам хүндрүүлж байгаа аж.
Тээвэр зохион байгуулалтын албаны дарга тус өртөөнд дөрөв дэх сэлгээний тэргийг ажиллуулж байгаа ч холбогч найруулагчдын бригад хүрэлцээгүйгээс зөвхөн өдрийн цагаар ажиллуулж буйг дуулгалаа. Энэ мэт хүндрэлтэй асуудал үзлэгийн үеэр яригдлаа. Мөн өртөөний гэрэлтүүлэг, камерын асуудлыг даруй шийдвэрлэж өгөхийг комиссоос хүслээ.
Хөдлөх бүрэлдэхүүний техникийн нөөцийг тодорхойлж эхэлжээ
Тус төв эвдэх сорилтын лабораторийн үйл ажиллагааг эхлүүлж, УБТЗ-ын салбар нэгж болон гадны байгууллагаас ирүүлсэн 22 сорьцод металлын шинжилгээ хийж, дүгнэлт гаргаж өгсөн.
Мөн Уртын хэмжлийн лабораторийн үйл ажиллагааг өргөтгөж, Замын хэмжээнд ашиглагдаж буй уртын хэмжлийн бүх төрлийн багаж хэрэгслийн баталгаажуулалт шалгалт тохируулгыг хийх зорилт тавьж, 2023 онд ЦУП шалгаж баталгаажуулах ажлыг эхлүүлж, нийт 252 ЦУП-ыг шалгаж баталгаажуулсан байна.
Энэ оны эхний улиралд хөдлөх бүрэлдэхүүний техникийн үлдэгдэл нөөцийг тодорхойлох ажлыг туршилтаар хийж, ачааны болон суудлын тус бүр нэг вагоны техникийн үлдэгдэл нөөцийг тодорхойлсон байна. Мөн Замын даргын энэ оны А/01 тушаалын хэрэгжилтийг хангах төлөвлөгөөний дагуу өргөх механизм, даралтад савны шалгалт баталгаажуулалтыг ХАБЭА-н албатай хамтран хийж эхэлжээ. Одоогоор өргөх 17 механизм, даралтад гурван саванд үзлэг, оношилгоо хийж, техникийн дүгнэлтийг гаргасан зэрэг олон шинэлэг ажлуудыг хийж эхэлжээ.
Замын дарга Х.Хэрлэн тус төвийн үйл ажиллагаанд ихэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, тус хамт олонд амжилт хүслээ.
Хүний нөөцийн хомсдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
Энэ удаагийн үзлэгээр байгууллага бүрд л хүний нөөцийн хомсдол байна. Зарим байгууллагад үүнээс үүдэн ажилчдын илүү цаг болоод өвчлөл нэмэгдэж байгаа нь цаашид ноцтой үр дагаварт хүргэж болохуйц нөхцөл байдал гэдэгт үзлэгийн комиссынхон санал нэгтэй байлаа. Энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг ч дор бүрдээ л эрэл хайгуулж хийж байна. Тухайлбал, Дохиолол холбооны II ангид одоогийн байдлаар 14 орон тоо сул байгаа аж. Ялангуяа, зөрлөгт ажиллах холбооны механикч олно гэдэг “усан дээр гал түлэхтэй” адил ярвигтай асуудал болжээ. Гэтэл ГТХАБ-ыг хангахын тулд заавал хүн ажиллуулах шаардлагтай. Тиймээс тус ангийнхан зөрлөгийн холбооны механикчийг 14/14 гэсэн уртын ээлжээр ажиллуулах саналтай байгаа аж. Энэ талаар өөрсдийн боловсруулсан төслийг үзлэгийн үеэр танилцууллаа. Ер нь, МТЗ ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК-ийн ажилчдаа уртын ээлжээр ажиллуулдаг туршлагыг тэд судалж, юутай ч туршаад үзэхийг хүсэж байна. Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн үүнийг илүү сайн тал талаас нь нягтлан судалж дахин танилцуулах үүрэг өглөө.
Мөн Зорчигчийн вагон депогийн хувьд түргэвчилсэн сургалтаар вагоны үйлчлэгч бэлтгэх, тэтгэвэрт гарсан зарим ажилтныг татаж ажиллуулах зэргээр асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх арга замыг хайжээ. Тухайлбал, ЗЗМС-ын их засварын цуваанд тэтгэвэрт гарсан 32 үйлчлэгчийг татан ажиллуулж байна. Мөн томилолтын хоёр вагоны дунд гурван үйлчлэгч ажиллуулах зэрэг илүү цаг бууруулах зохицуулалтыг хийж байгаагаа танилцууллаа. Гэсэн хэдий ч вагоны 40 үйлчлэгчийн орон тоо сул хэвээр байна. Мөн ковидын үед тус депогоос вагоны 125 үйлчлэгчийн орон тоог цомхотгосон. Гэтэл ОУ-ын зарим чиглэлийн галт тэрэг аялж эхэлсэнтэй холбогдуулан цомхотгосон орон тоог сэргээх шаардлага үүсээд байгаа аж. Улаанбаатар өртөөнд он гарснаас хойш ажилчдын илүү цаг нэлээд гарчээ. Ялангуяа, Улаанбаатар-1, 2, Амгалан өртөөнд илүү цагийн нэлээд гарч. Үүнийг Төлөвлөлт, эдийн засгийн албаны дарга З.Энхбаяр орон тоо дутуу байгаагийн дээр 85 ажилтанд ээлжийн амралт олгосонтой холбоотой гэж үзэж буйгаа хэлсэн юм.
Улаанбаатар өртөөний дарга Б.Удамбуян гуравдугаар сарын дундуур ажил хүлээж аваад юун түрүүнд сул орон тоонуудыг эзэнтэй болгохоос ажлаа эхлүүлжээ. Нийт 4-5 удаагийн сонгон шалгаруулалтаар 14 хүн ажилд авсан ч одоогийн байдлаар 4-5 орон тоо сул хэвээр байгаа аж. ТЗДС, Политехникийн коллежийн нийт дөрвөн оюутанд ажлын урилга өгчээ. Ажилчдын илүү цагийг сул орон тоонуудыг эзэнтэй болгосноор бууруулах боломж гарна гэж өртөөний дарга үзэж байна.
Түүнчлэн, ЗЗМС-д замын их засвар дээр бусад Замын ангиудаас 25 замчин татан ажиллуулж буй зэрэг хүний нөөцийн дутагдлыг нөхөхөөр дор бүрдээ арга сүвэгчилсээр байна.
Вагоны тэргэнцрийг лазераар цэвэрлэх болжээ
Энэ удаагийн үзлэгээр Б.Юлхарсүрэн даргатай Зорчигчийн вагон депогийнхон хийсэн ажилтай, хэлэх үгтэй угтлаа. Тухайлбал, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ГТХАБ-ыг найдвартай хангах хүрээнд Тэргэнцэр засварын цехэд багагүй шинэчлэлт хийжээ. Өнгөрсөн сарын 8-нд анх тус депогийн ерөнхий инженер Т.Болд, тоног төхөөрөмжийн инженер З.Баярмагнай, технологич инженер Х.Анхбаяр нар Тэргэнцрийн башмакны дүүжин, ээмэг, төв нумын дүүжингийн пүршний суурь лист төмрийг лазер төхөөрөмжөөр цэвэрлэх туршилт хийжээ. Туршилт тун нааштай үр дүн үзүүлснээр зорчигчийн вагоны тэргэнцрийг дээрх аргаар цэвэрлэж эхэлжээ. Ингэснээр далд ноцтой гэмтэл илрүүлэлт сайжирч, ГТХАБ-ыг хангахад ихээхэн дэвшил гарч байгаа аж. Мөн тэргэнцрийн металлыг бүрэн цэвэрлэснээр будгийн ажил технологийн дагуу хийгдэж, зэврэлт, элэгдэл багасаж, насжилт уртасна гэж тэд дүгнэжээ. Үүний зэрэгцээ тэргэнцэр цэвэрлэх вакум камер байгуулснаар тоосжилт үүсэхгүй ажилчид эрүүл, аюулгүй орчинд ажиллах боломж бүрдсэн байна. Үүнээс өмнө энэ оны эхээр Тэргэнцэр засварын цехэд Итгэмжлэгдсэн лаборатори “Ногоон титэм” ХХК-аар тоосжилтын хэмжилт хийлгэхэд стандарт хэмжээнээс 600 дахин их тоосжилт үүсдэг гэсэн дүгнэлт гарч байжээ. Мөн шинэ технологийг нэвтрүүлснээр жилд дунджаар 768 тонн ус, 55040 квт/цаг эрчим хүч хэмнэх урьдчилсан тооцоог хийсэн байна. Ер нь, үл эвдэх сорилтоор тэргэнцрийн эд ангиудыг шалгуулж үзэхэд 2022 онтой харьцуулахад ан цавтай эд ангийн тоо 33.8 хувиар тус өссөн байна. Гэмтлийн шинж байдлаас үзэхэд тэргэнцрийн арал дээр 119 гэмтэл гарч, сэргээн засварлагдсан байгаа нь эд ангийн насжилт, хуучралт, зэврэлт зэргээс шалтгаалан нэмэгдэж байгаа аж. Ийм нөхцөлд дээрх туршлага ихээхэн үр өгөөжөө өгөхөөр байна.
Мөн вагоны үйлчлэгч нарын ажлын цагийн зохицуулалтыг шилэн болгохоор программ хангамжийн шатанд ажиллаж буйгаа танилцуулав. Энэ программ бүрэн ашиглалтад орсноор вагоны үйлчлэгч нар гар утсан дээрээ апплекейшн суулгаж, хаанаас ч ажлын цагаа хянаж, аялалд гарах чиглэлээ сонгож, хүсэлтээ илгээх боломжтой болох аж.
Мөн тус депо “Майнд Плэй Медиа” ХХК-тай хамтран нь зорчигчдын тав тухыг нэмэгдүүлэх зорилготой хамтран ажиллаж байна. Үүнд олон төрлийн медиа контентыг, зорчигч өөрийн гар утсаар, вагоны дотор байрлуулсан утасгүй сүлжээгээр, үнэ төлбөргүй, дата ашиглахгүй үзэх боломжоор хангагдах юм байна. Үүний зэрэгцээ бүх зорчигчийн вагонд галын дохиолол, зарлан мэдээлэх иж бүрэн систем, камерийн хяналтын систем зэргийг “Майнд Плэй Медиа” ХХК өөрийн хөрөнгөөр суурилуулж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг үзлэгийн комисс газар дээр нь үзлээ. Замын дарга Х.Хэрлэн Зорчигчийн вагон депогийн хамт олны ажлыг урмын үгээр мялааж, улам сайн ажиллахыг хүслээ.
53.1 зургийн гэмтэл өссөн нь анхаарал татаж байна
Үзлэгийн комисс Зам оношилгооны төвд ажиллах үеэр 2014 онд шинээр худалдан авсан Зам хэмжигч вагон, Хэт авиа цахилгаан соронзонт сэв шалгагч вагоны их засварт орох хугацаа хэдийнэ болсон тухай яригдлаа. Уг хоёр вагоныг их засварт явуулахад бараг 14 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдах аж.
Түүнчлэн, Зам оношилгооны төвийн дарга, Гавьяат тээвэрчин Д.Батбаатарын илтгэлд дурдснаар энэ он гарсаар 53.1 зургийн хурц гэмтлийн тоо өссөн дүнтэй гарчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үед 53.1 зургийн гэмтэл 72 удаа гарч байсан бол энэ оны эхний дөрвөн сард 285 гэмтэл гарчээ. Ялангуяа, Энхтал-Дархан-1, 31 дүгээр зөрлөг-Улхын-Овоо хооронд анхаарал татаж байна. Мөн гол замын 787-809 дүгээр км хооронд 53.1 зургийн гэмтэл 130 удаа гарсан байна. Энэ нь бетон дэртэй, Р50 зам төмөртэй хэсэг аж. Тиймээс зам төмрийг Р65 болгон яаралтай солих шаардлагатай байгааг анхааруулж байв.
Замын II ангийн хувьд ажил хэвийн ч мөн л хүн хүчний дутагдал байна. Дагалдан замчид 1-2 сар ажиллаад ажлаас гарах тохиолдол нэлээд ажиглагдаж байгаа нь цалин бага байгаатай холбоотой гэж дүгнэж байгаа юм байна. Харин тус ангийн Засварын газарт байгуулагдсан суман шилжүүлгийн тоонолж сэргээн засварлах цех дөрвөн тэрбум төгрөгийн бодит хэмнэлтийг Замын санхүүд авчирсан тун сайн төсөл болсныг Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга сайшаасан юм. Замын аж ахуйн албанаас энэ оны наймдугаар сар гэхэд ийм цехийг Замын III ангид байгуулахаар зорьж байна.
Б.Гүнжинлхам