Замын даргын хаврын үзлэгийн комисс төвийн хэсгийн аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн долоо хоногт буюу  тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд  ажиллалаа. Замын I орлогч дарга О.А.Казаковын ахалсан нэгдүгээр комисс эхний өдрийн үзлэгээ Амгалан өртөөнөөс эхэлсэн юм. Энэ удаагийн үзлэгээр Замын I орлогч дарга төмөр замчид хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангасныг шалгахын зэрэгцээ аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж явснаараа онцлог байлаа. Өртөөдийн хувьд ачилт, буулгалтын үйл ажиллагаа хэвийн, ихэвчлэн төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн амжилттай угтлаа. Тухайлбал, Амгалан өртөөний Ачаа тасалбарын кассын эрхлэгч Ш.Баярцэцэгийн танилцуулснаар оны эхний дөрвөн сард 1369 вагон ачиж төлөвлөгөөг 70 хувиар давуулан биелүүлжээ. Мөн 5798 вагон буулгаж төлөвлөгөөг 2.3, статик даацыг 6.5 хувиар тус тус давуулсан байна. Мөн Улаанбаатар өртөө хэсэглэлийн хэмжээнд авч үзвэл 10363 вагонд 314860 тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 182, 41613 вагон буулгаж төлөвлөгөөг 98 хувиар тус тус биелүүлсэн байна. Хэсэглэлийн хэмжээнд нийт ачилтын 63 хувийг чингэлэг эзэлдэг бөгөөд статик даацын төлөвлөгөө 103 хувиар биелжээ. Гэхдээ энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад статик даац 0.6 тонноор буурч, 98 хувиар биелсэн үзүүлэлт аж. Тодруулбал, төмөр, барилгын материал, хүнсний ачаа, төмөр бетон дэр зэрэг цөөнгүй ачилт буурсан нь нөлөөлсөн байна. Он гарсаар тус өртөөнд нэг гологдол, нэг дутагдал бүртгэгджээ. Тиймээс цаашид гологдол, дутагдлыг тэглэхийн тулд үйл ажиллагааныхаа эрсдлийг үнэлж, бууруулах чиглэлээр олон ажил зохион байгуулж буйгаа өртөөний дарга Ц.Төрмөнх үзлэгийн комисст илтгэсэн юм. Толгойт өртөөний хувьд ч ачаа тээврийн үзүүлэлт нэмэгдсэн дүнтэй байна. Тус өртөөний замд “Лекс ойл” ХХК-ийн хий ачсан 159 вагон зогсож байлаа. Тус компани борлуулалтаасаа шалтгаалан вагоноо цөөн тоогоор авдаг учир сүүлийн хоёр сарын хугацаанд энэ хэмжээний  вагон зам эзэлж байгаа аж. Энэ асуудлыг салбар яам, цаашлаад төр засгийн хэмжээнд бичиг хүргээд ч тодорхой арга хэмжээ авахгүй байгаа гэлээ.

Замын хэмжээнд өнгөрсөн жил “Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх жил” болгон зарлаж байсан бол энэ онд түүнийгээ баталгаажуулах жил болгон зарласан билээ. Тиймээс үзлэгийн үеэр менежментийн тогтолцоо хэрхэн нэвтэрсэн, баталгаажуулах хүрээнд хэрхэн ажиллаж буйг шалгаж явсан юм. Түүнчлэн, өртөөд, Улаанбаатар зүтгүүрийн депо, ЭХУХ-ийн I анги, Дохиолол холбооны II анги, Замын II анги, Вагон ашиглалтын депо, Төв засварын үйлдвэр зэрэг бүхий л байгууллага үйл ажиллагаандаа эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байлаа. Үүнийхээ мөрөөр ажил зохион байгуулан эрсдлийг тодорхой хэмжээгээр бууруулжээ. Тухайлбал, Вагон ашиглалтын депо оны эхний улиралд ГТХАБ-ын чиглэлээр хоёр гологдол, нэг дутагдалтай. Тиймээс ГТХАБ-д нөлөөлж болохуйц хүчин зүйлийг судлан тогтоохоор дөрвөн үндсэн үзүүлэлтийн 14 чиглэлээр эрсдлийн үнэлгээ хийгээд байна. Тус депогийн дарга Б.Наранбатын хэлснээр ОХУ-аас гэмтэлтэй вагонууд их ирж байгаа аж. Энэ хүрээнд Замын даргын дөрөвдүгээр сарын 14-нд баталсан “ОХУ-аас Сүхбаатар өртөөгөөр техникийн доголдолтой ачааны вагоныг хүлээж авах аргачлал”-ыг нийт вагон үзэгч нартаа танилцуулан сургалт хийжээ. Замын хэмжээнд ачаа тээврийн хэмжээ өсөхийн хэрээр өртөөдөд ажиллагаатай дамжин өнгөрөх галт тэрэгний тоо нэмэгдэж байгаа тул ТҮГ-уудын хүн хүч хүрэлцэхгүйгээс ээлжийн хугацаанд өртөөний ачилтын захиалгат вагоныг бэлтгэх боломжгүй байгаа гэнэ. Зүүнхараа, Чойр ТҮГ-ын ээлжийн ахлах үзэгч технологийн группт орж галт тэрэгний техникийн үзлэг, үйлчилгээний ажил хийдэг тул ээлжийн үйл ажиллагаанд бүхэлд нь хяналт тавьж чаддаггүй, үзлэгт орох галт тэргийг автомат хориглолоор хамгаалалтад авах нөхцөл бүрддэггүйгээс ХАБЭА-н эрсдэл өндөр байгаа аж. Тиймээс дээрх хоёр зангилаан дээр нэмээд Замын-Үүд, Амгалан, Сүхбаатар хэсэглэлд нийт 34 хүний орон тоог нэмэх шаардлагатайг танилцууллаа.

Харин Замын II ангийн хувьд Замын хэсгүүд нь замын баллаа бууруулж ажилласан байлаа. Үзлэгийн комисс энэ ангид ажиллах үеэр  Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн “ГТХАБ-д эрсдэл учруулахуйц зөвшөөрөлгүй гармуудыг бид хааж байгаа. Гэтэл зарим байгууллага “Бид Замын ангийнхантай уулзан зөвлөгөө авч, шаардагдах нөхцөлийнх нь дагуу тодорхой хэмжээний мөнгө зарцуулан гарам гаргасан учир хааж чадахгүй” гэдэг. Тиймээс ИТА-ууд ийм асуудалд бүү оролцоорой” гэсэн юм. ЭХУХ-ийн I ангийн хувьд өртөөдийн паркийн гэрэлтүүлгийн хоёр тэрбум орчим төгрөгийн үндсэн хөрөнгийн зардлыг тухайн өртөөдөд нь шилжүүлэх хүсэлтэйгээ танилцууллаа. Ангийн дарга Д.Наранбаяр “Паркийн гэрэлтүүлэг тээврийн зардалд сууж байх ёстой.Харин засвар үйлчилгээг бид хийж байна” хэмээн тайлбарласан юм.Тус анги цахилгааны өндөр хүчдлийн хайрцаг, дэд станцын савыг хийхдээ төмрийн нугалааг гаднын байгууллагаар, өндөр өртгөөр хийлгэдэг байсан бол төмөр нугалагч төхөөрөмж авсан байна. Ингэснээр зардал буураад зогсохгүй гаднаас захиалга авах боломжтой болжээ. Харин ундны усны худгуудыг ухаалаг болгохгүй бол заавал нэг ус түгээгч цалинжуулах шаардлага  гардаг. Өнөөгийн байдлаар зургаан худгийг ухаалаг болгосон гэнэ. Нэг худгийг ухаалаг буюу хүссэн цагтаа хэрэглэгч картаа барьж очоод ус авах хэмжээнд тоноглоход зургаан сая төгрөг зарцуулдаг аж. Тиймээс ангийн хэмжээнд үлдсэн 15 худгийг ухаалаг болгох хүсэлтэй байгаагаа үзлэгийн комисст илтгэлээ.

Дохиолол холбооны II анги оны эхний дөрвөн сараар хоёр гэмтэл гарсан нь өмнөх оны мөн үеэс гурван нэгжээр бууруулсан үзүүлэлт аж. Тус анги зурмагийн нэг тасалдалтай, дутагдал, гологдол, ХАБЭА-н осолгүй ажиллаж байгааг ангийн дарга Ц.Цэнгэлжаргал үзлэгийн комисст илтгэв. Харин эднийд шугамын монтёр, механикчийн нийт 14 ажилтны орон тоо дутуу, сонгон шалгаруулалт зарлаж, Төмөр замын дээл сургууль болон “Политехник” коллежийн төгсөгчдөөс  ажилд авч буй ч шаардлагатай хэмжээнд нөөц бүрдэхгүй байгаа гэнэ.

Үзлэгийн үеэр Замын I орлогч даргын онцолж сонирхсон байгууллагуудын нэг нь АБТЭМА байлаа. Ангийн дарга Э.Болор-Оргил “Энэ онд хоногт дунджаар 33 вагон буулгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 вагоноор буурсан, 16 вагон ачсан нь 11 вагоноор буурсан үзүүлэлттэй байна. Ачаа боловсруулалт буурсан нь БНХАУ-аас ирэх импортын ачаа буурсантай холбоотой” хэмээн үзлэгийн комисст илтгэв. АБТЭМА 119.6 мянган тонн ачаа боловсруулж оны төлөвлөгөөг 110 хувиар биелүүлжээ. Харин 1166 вагон буулгаж төлөвлөгөөг 78, 1327 вагон ачиж төлөвлөгөөг 105 хувиар биелүүлсэн байна. Тус ангийн 32 тонны кран муудаж 24 тонноор хоногт зургаан цаг ажиллахаар хязгаарлагдсан байгаа аж.

      Төв засварын үйлдвэр ган хайлах зуух ажиллуулахаар барилга засварлаж байгаа аж. Тус үйлдвэрийн лаборатори магадлан итгэмжлэлээр орж баталгаажсан байна. Үйлдвэрийн дарга Д.Ариунбаатар “Бид гаднаас орж ирээд нэмүү өртөг нь нэмэгдсэн металлыг л бид худалдаж аваад байна. Цаашид нэмүү өртөг шингээгүй металл яаж худалдаж авах вэ? Өнгөрсөн жил тендерт ялсан компаниуд нь манайд нийлүүлж чадахгүй байна. Тиймээс 10 сая төгрөгөөр худалдаж авсаар өдийг хүрлээ. Тэгэхээр Худалдан авалт, борлуулалтын алба өөрөө гаднын орноос манайх руу шууд нийлүүлдэг болох боломжтой юу?” гэсэн юм. Түүнчлэн, тус байгууллагын гагнуурчны цалин бага учир туршлагатай, чадварлаг гагнуурчид хөдөлгөөний байгууллагууд руу болон гаднын компани руу явчихдаг гэнэ. Тиймээс Замын хэмжээний гагнуурчид ижил цалинтай байх шаардлагатайг байгааг хэлсэн юм.

            Энэ мэтчилэн, Зорчигчийн вагон депо,Улаанбаатар зүтгүүрийн депо, Зорчигч тээврийн төв, Хэмжил зүйн төв, Цэрэгжүүлсэн хамгаалах ангиуд зэрэг бүхий л байгууллага, салбар нэгжид тулгамдсан асуудал, амжилт ололт аль аль нь зэрэгцэж байлаа. Тиймээс тулгамдсан асуудлуудыг судлах, нааштайгаар шийдвэрлэх үүргийг үзлэгийн комиссын ахлагч холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм.

 

М.Наранболд