Замын даргын үзлэгийн дүнгийн хурал энэ сарын 24-нд “Ган зам палас”-т боллоо. Хуралд Замын дарга Х.Хэрлэн, нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, ерөнхий инженер С.П.Старцев, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн тэргүүтэй орлогч дарга нар, алба, хэлтэс, төвийн удирдлагууд, Тээврийн хяналтын албаны байцаагч нар, төвийн хэсгийн төмөр замчдын төлөөлөл оролцлоо. Хөдөлгөөнтэй холбоотой салбар нэгжүүдэд үзлэгийн үеэр илэрсэн дутагдал, үл тохирлууд цөөнгүй байгааг байцаагч нар дурдаж, үүрэг даалгавар өгсөн хугацаанд арилгаж, цаашид хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллахыг анхааруулж байв. Тухайлбал, Тээврийн хяналтын албаны зүтгүүрийн ашиглалт хариуцсан байцаагч Ц.Жавхлант “Зүтгүүрийн аж ахуйн албаны харьяа татах хэсэг, эргэлтийн депо, зүтгүүрийн бригад, солилцох тасгуудад ашиглалтын чиглэлээр хяналт шалгалт хийхэд багагүй алдаа, дутагдал илэрлээ. Зүтгүүрийн камерын системээр шалгахад гурван татах хэсгийн зүтгүүрийн нийт 10 бригадын зургаа нь үл тохиролтой байна. Тиймээс 2ТЭ25Км, ТЭМ18Дм серийн кварц системээр тоноглосон илчит тэрэгний камерыг УБТЗ-д одоо ашиглаж байгаа IPC системийн камераар тоноглох ажлыг яаралтай зохион байгуул. Замын даргын А-231 тушаалын нэг, хоёр, гурав дугаар хавсралтад заасан “Өртөө /зөрлөг/-ийн жижүүр, галт тэрэгний машинч хоорондын албан ярианы дэглэм’’ гэсэн заалт зөрчигдөж туслах машинч өртөө, зөрлөгийн жижүүртэй албан яриа хийж байна. Мөн Толгойт өртөөний сэлгээний ТЭМ18ДМ-3104 илчит тэргэнд тавдугаар сарын 7-нд шөнийн ээлжид ажилласан бригад ХЗХ системийг гүйцэт хэрэгжүүлээгүй байна. УБТЗ-ын даргын А/29 тушаалаар батлагдсан хурдыг 1км/цагаар хэтрүүлсэн эрсдэл өмнөх оноос нэмэгджээ. Энэ сарын байдлаар Дархан татах хэсэгт дөрөв, Улаанбаатарт долоо, Сайншандад есөн тохиолдол бүртгэгдсэн. Зүтгүүрийн бригадад сургалт зохион байгуулж мөрдүүлэх шаардлагатай. Түүнчлэн, депогийн удирдлага, цуваа хариуцсан зааварлагч машинч нарын зүгээс хоорондын замын зогсолтыг авч үзэж байгаа байдал хангалтгүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй тохиолдлууд гарсан. Хоорондын замын зогсолт бүрийг зогссон минутаас үл хамааран цуваа хариуцсан зааварлагч машинч үнэлэлт, дүгнэлт өгч галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж ажиллах ёстой. Ер нь, ГТХАБ-тай холбоотой А/231, А/75, А/839, Зүтгүүрийн аж ахуйн албаны даргын 4/20 тушаалын хэрэгжилтийг холбогдох ажилтнууд шалган үл тохирол илрүүлж байгаа ч түүнийг давтан гаргахгүй байх чиглэлээр зохион байгуулж буй ажил чанаргүй байна” хэмээв. Түүний хэлснээр туузын дутагдлыг нэг машинч дахин гаргаж байгаа нь удирдлагын зүгээс сургалт муу хийж буйтай холбоотой аж. Тиймээс туузын ноцтой дутагдал буюу хурд хэтрүүлсэн, бичлэг хийгдээгүй, ЭПК, КОН, БАБС ажиллуулсан, тоормосны найдвартай ажиллагаа шалгаагүй зэрэг тохиолдлыг албан дээр авч үзэн, дахин давтан гаргахгүй байх чиглэлээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авыг үүрэг болголоо.
Түүнчлэн, зүтгүүрийн засвар хариуцсан байцаагч Г.Мөнгөнхуяг “Улаанбаатар татах хэсэгт өмнөх үзлэгээр 13 заалттай албан шаардлага өгсний дөрөв нь биелсэнгүй. Албан шаардлагад ач холбогдол өгч төлөвлөгөө гаргаж ажиллаагүй байна. Энэ удаагийн үзлэгээр Замын даргын А/02 тушаалын хэрэгжилт хангалтгүй байлаа. Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын 278/Б цахилгааны дагуу аюулгүй байдлын соёлын мэдээлэх ажил цех тасгуудад тодорхойгүй, ажил болгоогүй байна. Мөн зүтгүүрийн паркийг зуны тээвэрт бэлтгэх үзлэг засварын чанарт анхаарах шаардлагатай. Засвараас гарсан тэрэгнүүд гологдол, дутагдалд хамрагдаж байна. Түүнчлэн, илчит тэрэгний гүйлт нэлээд нэмэгджээ. Улаанбаатар татах хэсэг гологдлыг гурван нэгжээр бууруулсан ч дутагдал, зурмагийн тасалдлыг нэмэгдүүлсэн. Нийт дутагдал, тасалдлын 50-аас дээш хувийг техникийн шалтгаанаар тооцсон байна. Мөн сэлбэгийн нөөц хангалтгүй байна. Илчит тэрэг хооронд сэлбэг зөөдөг. Нэг илчит тэрэг засварт ороход дараагийнх нь сэлбэгээ хүлээж зогсдог. Засварын зогсолтууд маш их нэмэгдэж байна. Тиймээс сэлбэгийн нөөцийг бүрдүүлэхэд Зүтгүүрийн аж ахуйн алба, Худалдан авах ажиллагаа, борлуулалтын алба анхаарах шаардлагатай. Үл эвдэх сорилтын доргионт оношилгооны багаж гурван үзлэг дараалан яригдаж буй ч шийдэгдсэнгүй. Доргионт оношилгоог баталгаат хугацаа дууссан багажаар хийж байна” гэв. Тиймээс Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн байцаагч нарын албан шаардлагад татах хэсгүүд анхаарч, чанартай сэлбэг хэрэгсэл нийлүүлж, долдугаар сарын 1 гэхэд илчит тэргийг чанартай камерын шинэ системээр тоноглосон байхыг үүрэг болголоо. Мөн туузын дутагдлыг дахин гарахгүй байхад онцгой анхаарахгүй бол эрсдэл маш ойрхон байгааг анхааруулж, сургалтаа чанаржуулахыг сануулав.
Түүнчлэн, вагоны аж ахуйн чиглэлээр Тээврийн хяналтын албаны вагоны аж ахуй хариуцсан хяналтын байцаагч Ц.Түмэндэлгэр танилцуулав. Улаанбаатар ТҮГ он гарсаар гологдол, дутагдалгүй ажиллаж байгаа аж. Энэ үзлэгээр авто тоормосны нөөц эд ангийн баталгаажилтын хугацаа дууссан, А/02 тоот тушаалын талаар вагон үзэгчид ойлголт муу байгаа зэргийг анхааруулав. Харин Толгойт ТҮГ ажил нь хэвийн байгааг онцоллоо. Вагон үзэгчид онолын мэдлэгтэй ч дадлага, ур чадварын хувьд дутмаг байгааг байцаагч хэлсэн юм. Тиймээс Вагон ашиглалтын депогийн хэмжээнд шинээр томилогдсон дунд тушаалын албан тушаалтнууд болон вагон үзэгчдийг чадавхжуулахыг холбогдох удирдлагуудад үүрэг болголоо. Зорчигчийн вагон депод энэ удаагийн үзлэгээр 10 үүрэг даалгавар өгсөн байна. Хөдөлгөөнтэй шууд холбоотой гурван цехэд нь технологийн баримт бичиг удаашралтай, үүнийг дагаад ажилтнуудын мөрдөх технологийн карт дутуу боловсруулагдаж буйг хэлсэн юм. Үүнд Зорчигч тээврийн албаны зүгээс анхаарч ажиллахыг санууллаа.
Замын аж ахуйн хувьд Замын II ангийн хэсгүүд, тасаг цехэд өмнөх үзлэгээр 71 дутагдал бичигдсэнийг засаж хэвийн болгожээ. Мөн ЗЗМС-ын зам суманд 12 дутагдал бичигдсэнийг засаж хэвийн болгосон байна. Энэ удаагийн үзлэгээр Замын II ангид 106 дутагдал, ЗЗМС-д 14 дутагдал бичигджээ. Өмнөх үзлэгтэй харьцуулахад дутагдлын тоо өссөнд анги, салбар нэгжүүд дүгнэлт хийж ажиллахыг сануулав. Түүнчлэн, Замын ангийн хувьд Улаанбаатар-1, 2, Толгойт өртөөний зам сумуудын дүнз, дэрүүд муудсан, тодорхой цэгүүдэд шавар сагалтаас үүдэн зам суулт үүсэх нөхцөл бүрдсэн, суман шилжүүлгүүдийн балластыг эрүүлжүүлэх зэргийг онцлов. Мөн Баян цэргийн ангийн салаа зам, Аршаант өртөөний салаа зам үерт угаагдах нөхцөл бүрдсэнийг анхаарууллаа. Үүнээс гадна гармын мэдлэг дээшлүүлэх өдрийг угтан гарамд хийх засвар, шинэчлэлтүүдээ төлөвлөгөөний дагуу хугацаанд нь хийхийг ангийн удирдлагад сануулсан юм.
Дохиолол холбооны чиглэлээр Амгалан өртөөнд долоо, Улаанбаатар өртөөнд 12, Улаанбаатар-2-т тав, Толгойтод есөн үл тохирол бичигдсэнийг байцаагч Д.Жигжид хэлж, албан шаардлагын дагуу ажил гүйцэтгэхийг санууллаа. Мөн Эрчим хүчний чиглэлээр ч тодорхой үл тохирол бичигдсэнийг байцаагч М.Баасан-Очир танилцуулсан юм. Энэ удаагийн үзлэгээр нийслэл дэх Цэрэгжүүлсэн хамгаалах гурван ангид нийт 10 үл тохирол бичигдэж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна. Цаашид арилгах шаардлагатай гурван зүйл байгааг Гал, харуул хамгаалалт хариуцсан хяналтын байцаагч Б.Гансүх хэлэв. Тодруулбал, Аюултай бүсийн дэглэм сахиулах чиглэлээр Замын даргын А/415 тоот тушаалын хэрэгжилт хангалтгүй байгаа аж. Хичээл сургуулийн зуны амралт эхэлж, амралт зугаалгын үед төмөр зам хөндлөн гарах иргэдийн тоо ихэсдэг учир тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, зангилаадтай хамтарсан нэгдсэн ажил зохион байгуулахыг анхаарууллаа. Мөн Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын 355/А цахилгааны хэрэгжилт Замын хэмжээнд ихэнхэд нь хангалтгүй байгааг шүүмжлэв. Тиймээс гүйцэтгэлийн шалгалтыг ангиуд чанаржуулж хийх үүрэг өглөө. Түүнчлэн, гал унтраах бие бүрэлдэхүүний дадлага сургуулилт болон зам гарцын судалгааг шинэчилж, дүрэмд нийцүүлэн хийх шаардлагатайг ангийн удирдлагуудад анхааруулж, албаны зүгээс шугам замын анги салбаруудад тавих хяналт суларсан гэж дүгнэж буйгаа хэлсэн юм.
Ийнхүү төвийн хэсгийн хөдөлгөөнтэй шууд холбоотой өртөө, зөрлөг, салбар нэгжүүдэд салбар хариуцсан байцаагч нар үүрэг даалгавар өглөө. Энэ үеэр Замын дарга “Холбогдох байцаагч, дарга нарын өгсөн чиглэл, шаардлагуудыг биелүүлж, үл тохирлуудаа арилгах хэрэгтэй. Энэ жил бороо ус ихтэй байх төлөвтэй байна. Тиймээс төмөр замчид та бүхэн маань үер уснаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авч ажиллаарай. Мөн зам шинэчлэлийн ажлаа илүү сайн хийгээрэй гэж хүсье” гэсэн юм.
Б.Гүнжинлхам
Сэтгэгдлүүд
Нойр хүрээд байвал хурдаа тогтмол бариад яв