УБТЗ-ын I орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн нарын ахалсан үзлэгийн нэгдүгээр комисс аравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар зангилааны хөдөлгөөнтэй холбоотой аж ахуйн нэгжийн өвлийн тээврийн бэлэн байдлыг шалгаж дууслаа.

 

Зүтгүүрчдийн хөгжүүлсэн амжилт ололт

 

Улаанбаатар Татах хэсгийн хамт олон энэ оны эхний есөн сарын байдлаар 9944.76 сая тонн/км-ийн ажил гүйцэтгэж, төлөвлөгөөгөө 104.1 хувиар биелүүлсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 103.9 хувийн биелэлт ажээ.

Түүнчлэн, тус депогийнхон аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд улирал бүр өдөрлөг зохион байгуулахын зэрэгцээ үе шаттай сургалт хөгжүүлэлтийг хийж, үр дүнгийн судалгаагаа танилцууллаа. Тухайлбал, нэгдүгээр сард зохион байгуулсан “Аюулгүй байдлын соёлын өдөр“-т зүтгүүрийн 258 бригад хамрагджээ. Тухайн үед  зүтгүүрийн бригадын аюулгүй байдлын соёлын тухай ойлголт 35 хувьтай буюу анхан шатны түвшинд гэсэн үнэлгээ гарч байж. Харин дөрөвдүгээр сард зохион байгуулсан “Аюулгүй байдлын соёлын өдөр”-өөр хийсэн үнэлгээгээр зүтгүүрийн бригадын соёлын тухай ойлголт өмнөхөөс 10 хувиар дээшилж, 45 хувьд хүрчээ. Харин долдугаар сарын өдөрлөгөөр дээрх үзүүлэлт 68 хувьд хүрч, ажилчдын ажилдаа хандах хандлагад эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн хэдий ч мэдээллийн урсгал хангалтгүй, мэдээлэл дамжуулах байдлыг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийжээ.

Улмаар, аравдугаар сард хийсэн аюулгүй байдлын өдөрлөгөөр нийт ажилчдын аюулгүй байдлын соёлын түвшний үнэлгээ 80 хувьд хүрч, ажилчдын ажилдаа хандах хандлага мэдэгдэхүйцээр өөрчлөгдсөн байна. Ер нь, Замын даргын А-02 тоот тушаалын хүрээнд бүх байгууллага төлөвлөгөө гаргаж, аюулгүйн соёлын өдөрлөгийг зохион байгуулснаа үзлэгийн үеэр тайлагнасан ч Улаанбаатар Татах хэсгийнхэн энэ чиглэлээр судалгаа хийж, амжилт ололт, алдаа дутагдалдаа дүгнэлт хийн, үр дүнгээ тооцож ажилласнаараа онцлог байсан юм.

Мөн хаврын үзлэгээр тус депогийнхон маслын шүүрийг угаах ШБАЗ танилцуулж байсан бол энэ удаад 2ТЭ116УМ серийн илчит тэрэгний дулаан солилцуурын эд ангийн бохирдлыг угаах технологийг нэвтрүүлж, гарсан үр дүнг танилцууллаа. Уг ажлыг 2023 оноос хойш туршиж, угаах технологийг шинэчлэн сайжруулсаар өдгөө үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлжээ. Илчит тэрэгний дулаан солилцуурын эд анги бохирдсоноор түлшний шүүр давхар бохирдож, маслын даралт унах, илчит тэрэг хоорондын замд зогсох, ачаа хаях зэрэг асуудал гарч байжээ. Нэг илчит тэрэгний түлшний шүүрийг нэг өдөрт 17 удаа  сольж тавьсан ч доголдол арилахгүй тохиолдол гарч байжээ. Иймд засварчид учир шалтгааныг хайсаар дулаан солилцуурын эд ангийн бохирдол гэж оношилж, уг эд ангийг угаах ШБАЗ-ыг сэдэж, үйлдвэрлэлд нэвтрүүлээд байгаа нь энэ аж. Нэг илчит тэргэнд түлшний нэг шүүр солих ажлын зардал 45000 төгрөг гэж тооцвол асар их үргүй зардлыг тэд энэ шийдлээр хааж чаджээ.

Харин нэг дулаан солилцуурыг угаахад бохирдлын хэмжээнээс хамаарч 7-14 хоногийг зарцуулдаг гэв. Гэхдээ ингэж угааж цэвэрлэсэн эд ангийг 10 жил ашиглана гэж тооцож байгаа аж. Өөрөөр хэлбэл, 2ТЭ116УМ серийн илчит тэргийг манайх 2011 оноос тээвэрт ашиглаж эхэлснээс хойш буюу 12 жилийн дараа л дээрх эд ангийг угааж эхэлж байгаа юм. Тиймээс уг ШБАЗ-ын эдийн засгийн үр ашгийг 10 жилээр тооцвол маш их зардал хэмнэж байгаа хэрэг аж.

Энэ онд нийт 22 илчит тэрэгний дулаан солилцуурын эд ангийг угаасан байна. Ингэхдээ Дархан болон Сайншанд депогийн захиалгыг ч гүйцэтгэжээ. Харин бусад депод тэдний энэ туршлагыг нэвтрүүлсэн сурагтай. Энэ мэт зүтгүүрчдийн хувьд олзуурхам ололттой ажиллаж байна.

 

Цаасан дээрх төсөл хөтөлбөрүүд хэзээ хөрсөн дээрээ буух бол...

 

АБТЭМА-ийн хувьд чингэлэг тээвэр нэмэгдэж байгаатай холбогдуулан чингэлэг боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарчээ. Ер нь, төв болон Амгалан, Толгойт дахь хэсэгтээ чингэлэг боловсруулах талбайтай болбол үйлчлүүлэгчдэд ч үйлчилгээ нь ойртох юм. Гэхдээ энэ ангид нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Ангийн удирдлагууд ачаа боловсруулалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэдэн жилийн өмнөөс гаргажээ. Үзлэг бүрээр энэ тухай ярьдаг ч өнөө хэр нь цаасан дээрээ байсаар байна. Тухайлбал, төвийн хэсэгтээ даацыг нь 24 тонноор хязгаарласан байгаа нэг кранаа тэрбум орчим төгрөгөөр засварлах уу, эсвэл дөрвөн тэрбум төгрөгөөр шинэ кран авах уу. Мөн 50 тоннын улаан крандаа чингэлэг өргөх автомат спредер 1.2 тэрбум төгрөгөөр авчихвал ХАБЭА-н эрсдэл буурч, чингэлэг боловсруулалт тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Амгалан, Толгойт хэсэгтээ төлөвлөсөн төслөө хэрэгжүүлчихвэл ч... гээд үзлэгээс үзлэг дамжин яригдсаар л байгаа.  

Гэхдээ эдгээр төсөл нь анх төлөвснөөс хойш 1-2 жил, зарим нь түүнээс ч удаан цаасан дээрээ байгаа юм. Энэ үзлэгээр танилцуулсан төслийн нэг нь бүр 2017 онд, нөгөө нь 2022 онд хийсэн төсөв төлөвлөлт байна билээ. Гэтэл одоо зах зээлийн ханш гэдэг жилээр биш сараар өөрчлөгддөг болсон цаг. Ер нь, Замын хэмжээнд тендер амжилтгүй болж, хугацаа алддагийн гол шалтгаан нь батлагдсан төсөл хөтөлбөрүүд хэдэн жил дамнан яригдаж сая нэг байрнаасаа хөдлөх болоход төсөв хөрөнгө нь шинэчлэгдэлгүй тендерийн шатанд хүрдэгтэй холбоотой гэж холбогдох албаныхан тайлбарладаг. Тиймээс үзлэгийн хөрөнгө оруулалтын төсөв төвлөгөөний шинэчлэлтийг жил бүр хийж танилцуулахыг зарим байгууллагад сануулж байв. “Ирээдүй цаг” дээр яригдсаар байгаа энэ ажлууд хэзээ ажил хэрэг болох бол...

 

Илүү цаг гарч буй учир шалтгааныг тогтоож, асуудлыг судална гэв

 

Улаанбаатар өртөөнд ажилчдын илүү цагийн асуудал нэлээд өндрөө авав. Ажлын хэмжээ нэмэгдсэн, ажилчдын шилжилт хөдөлгөөн ихсэж, дагалдан олонтой, дээр нь өвчлөл өссөн зэрэг нь Хөдөлгөөн цехийн ажилчдын илүү цаг гарах үндсэн шалтгаан гэж өртөөний удирдлага танилцуулсан. Үүний зэрэгцээ үзлэг очсон өглөө ээлжнээс буусан ажилчид комиссынхонд илүү цагийн хөлсөө улиралд бус сар бүр авахыг хүсэж буйгаа илэрхийллээ. Тус өртөөний хувьд улиралд дунджаар 9000 орчим илүү цаг гарч, оны эхний есөн сард 1.4 тэрбум төгрөгийг илүү цагийн хөлсөнд олгосон байна.

Өртөөний ажилчдын хүсэлтийн хариуд Замын I орлогч дарга О.А.Казаков “Замын-Үүд өртөөнд эндэхээс хамаагүй их ачаа боловсруулж, илүү ачаалалтай ажиллаж байгаа. Та бүхэн нийслэлд урд хэсэглэлд ажиллаж байгаа төмөр замчдаас сайн нөхцөлд ажиллаж байгаа. Дутуу орон тоог нөхөхийн тулд өртөөний дарга, удирдлагууд ТЗДС, ПТК-той хамтарч ажиллах хэрэгтэй. Мөн цэргээс халагдаж ирсэн залуусыг сургаж ажилд авах зэргээр ажил зохиож байна уу. Би та бүхний тавьсан энэ хүсэлтийг авч үзнэ. Илүү цаг яагаад гарч байгаагийн учир шалтгааныг олж тогтооно. Түүний дараа хариу хэлнэ. Замын хэмжээнд илүү цагийн хөлсийг улирал тутамд олгож байхад зөвхөн танай байгууллагад сар бүр олгоно гэж шууд шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн юм.

Харин Тээвэр зохион байгуулалтын албаны дарга тус өртөөний удирдлагууд хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой хийвэл илүү цагийг бууруулах боломж бий. Өртөөний дарга, хүний нөөцийн менежер сайн ажиллахгүй байна гэж дүгнэсэн. Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков өртөөний хүний нөөцийн менежерээс ажилчдын илүү цагийн судалгаа, учир шалтгааныг асуусан боловч тодорхой хариулж чадсангүй. Тиймээс хүний нөөцийн менежер, тус өртөөний санхүүгийн ажилтнуудыг энэ талаар тодорхойлолт бичиж өгөх үүрэг өглөө.   

 

Камержуулалт, гэрэлтүүлгийг яаралтай хийх шаардлагатай

 

Толгойт өртөөний хувьд нефтийн бүтээгдэхүүн голлон буудаг. Өнгөрсөн оны мөн үеэс нефтийн ачаа 1615 вагоноор нэмэгдсэн байна. Түүнчлэн, нефтийн вагоны эргэлт өнгөрсөн онд 110 в/цаг байсан бол энэ онд 74.8 в/цаг болгон эргэлтийг сайжруулжээ. Харин хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар тааруухан ажилласнаа өртөөний дарга илтгэж, гарсан хоёр гологдлын мөрөөр шуурхай ажил зохион байгуулж, замчид, холбоочидтой хамтран ажиллаж байна гэлээ.

Мөн энэ онд хөрөнгө оруулалтаар төлөвлөсөн бүх ажил бүрэн биелсэн байна.

Нийт 181 ажилтны орон тоотой ч долоон ажилтан дутуу байгаа аж. Ажилчдын өвчлөл өнгөрсөн оноос нэмэгдсэн судалгаа гарчээ.

А-2 паркийн гэрэлтүүлгийн төсөв 2024 онд хийгдэж батлагдсан ч хөрөнгө байхгүй гээд хойшилсон. Тиймээс Замын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу дахин комисс ажиллаж хоёр төсөв гаргасан байна. Их барилгын төсөв нь 359 сая, их засварын төсөв нь 231 сая гарсан. Тус өртөөний хувьд нийт 17 цэг дээр ТАД-ийн шаардлага хангахгүй байгааг өртөөний дарга А.Борбанди тайлбарлав. Ер нь, Толгойт өртөөний А, Б паркийн аль аль нь  сэлгээний ажил ихтэй, аюултай, тэсэрч дэлбэрэх ачаа их буудаг тул цагдаа, тагнуулын байгууллагаас ч камержуулахыг шаардаж байгаа юм билээ. Өнгөрсөн онд 35 камер суурилуулахаар төлөвлөгөөнд тусгагдсан ч хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар хасагджээ. Үүнийг даруй шийдвэрлүүлэхийг тэд хүссэн юм.

Мөн хуримтлалын зам нэмж барих шаардлагатай байгаа гэнэ. 1.5 тэрбум төгрөгөөр хуримтлалын зам баривал өртгөө есөн сарын хугацаанд бүрэн нөхөх боломжтой гэсэн тооцоо гарчээ. Толгойт өртөө энэ оны эхний 10 сарын байдлаар зам ашиглалтаас 3.9 тэрбум төгрөгийн орлого олсон аж.     

 

Хамгийн олон “бэлэг” задалсан байгууллага

 

Зорчигч үйлчилгээний төвийнхөн намрын үзлэгийг олон “бэлэг”-тэй угтлаа. Тус төвийнхэн Тээшийн цехдээ дулаан тохитой “Нэг цэгийн үйлчилгээ” нээжээ. Өмнө нь хүйтэн агуулахад ажилчид, үйлчлүүлэгчдийн аль аль нь тух алддаг байсан бол энэ өвлөөс аятай тохитой орчинд үйлчилгээ явуулж эхэлжээ. Түүнчлэн, ажилтнууд ч бас амрах өрөөтэй болсондоо баяртай байна. Энэ санааг өмнө нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн тус төвийнхөнд өгчээ. Харин тэд энэ санааг өлгөн авч ийнхүү ажил хэрэг болгосныг харахад тун таатай байна. Хаанаас нь хэн ч харсан мэргэжлийн барилгын компаниар гүйцэтгүүлсэн болов уу гэмээр өөлөх зүйлгүй энэ засвар тохижилтын ажлыг Тээш түгээгч зургаан залуу сарын хугацаанд гүйцэтгэсэн гэнэ шүү. Үүнээс гадна Тээшийн цехийг төвийн дулаанд холбосноор температурын хэлбэлзэл багасаж, галын аюулгүй байдал хангагдсан байна.

Мөн Зорчигч тээврийн төвийнхөн үзлэгийн комисст вокзалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амрах өрөө, эх хүүхдийн өрөө зэргийг шинээр тохижуулснаа үзүүлэв. Мөн вокзалын арын хаалгаар тэргэнцэртэй иргэд ороход зориулсан налуу шатыг хийсэн зэрэг үйлчлүүлэгчдэд таатай шийдлүүд үзлэгийн комиссоос өндөр үнэлэлт авлаа. Энэ мэт олон ажлыг тэд нөөц боломжоо дайчлан хийснээрээ давхар оноо нэмлээ. Харин хонгилон гарцын засвар шинэчлэлтийн ажил дуусаж, ашиглалтад орох хугацаа тун дөхсөн харагдана. Энэ хонгилон гарц ашиглалтад орохыг төмөр замчид, үйлчлүүлэгчдийнхээ хамт хуруу даран тоолж сууна. Гүйцэтгэгч компанийхан үзлэг очсон өдөр Комиссын даргад тав хоногт багтаан ашиглалтад оруулна гэж ам алдана билээ. Хүлээх л үлдлээ.

 

Зорчигчдод зориулсан шинэ үйлчилгээ

 

Зорчигчийн вагон депогийн хамт олон ч шинэ бүтээлтэй угтав. Засварын цехийн А, В блокийн хооронд тоос шорооноос хамгаалах хөшгөн хаалт хийсэн нь ХАБЭА-н хувьд оновчтой шийдэл болжээ. Мөн хос дугуйн дотор цариг солих тасаг шинээр нээжээ. Ийнхүү өөрсдөө хос дугуйн дотор царигийг угсардаг болсноор Зүүнхараа Ачааны вагон засварын депод нэг хос дугуй засварлуулах зардлаас 1.1 сая гаруй  төгрөгийг хэмнэж байгаа аж. Жилд 20-30 орчим царигийн гэмтэлтэй хос дугуйг өөрсдөө засварлахад хөрөнгө оруулалтын өртгийг 2.7 жилд нөхнө гэж тооцжээ. Хамгийн гол нь энэ ажил цаг хугацаа маш их хэмнэхээрээ онцлог гэдгийг депогийн дарга онцлов.

Түүнчлэн, оны эхний гурван улирлаар зорчигч тээвэрлэлт 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Зорчигчийн дундаж алслалтын төлөвлөгөө 360 км байгаа бол гүйцэтгэл нь 392 км-т хүрчээ. Өөрөөр хэлбэл, зорчигчдын аяллын алслалт нэмэгдсэн гэсэн үг. Вагон засварын төлөвлөгөө бүрэн биелсэн бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад завод болон депо, техникийн засварын хэмжээ нэмэгдсэн нь вагоны насжилттай холбоотой гэж депогийн дарга тайлбарлалаа.

Зорчигчийн вагоны цагаан хэрэглэл, аягыг шинэчилсэн. Зэхэлт бэлтгэлийн цехэд шинэ угаалга, хатаалтын машин авснаар ажлын бүтээмж нэмэгдэж, ажилчид шөнө ажиллахгүй болж, үйл ажиллагааны зардал 30 хувиар хэмнэгдэх тооцоо гарчээ.

Мөн Замын-Үүд, Сайншанд, Эрдэнэт, Сүхбаатар чиглэлийн нийт найман составт тус бүр гурван купег тоноглож байгаагаа комиссынхонд үзүүллээ. Нэгдүгээр купег хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, хоёрдугаар купег өндөр настанд, гуравдугаар купег бага насны хүүхэдтэй эхчүүдэд зориулж байгаа юм байна. Энэ мэт зорчигч үйлчилгээнд нэвтрүүлж буй шинэ ажлыг албаны зүгээс цогцоор нь харж, Зорчигчийн вагон депо, Зорчигч тээврийн төвийн үйл ажиллагааг уялдуулан хэрэгжүүлж байгаагаа албаны дарга Д.Пүрэвсүрэн дурдана билээ.     

Зорчигчийн вагоныг суурин байдлаар халааж эхэлжээ. Ингэснээр вагоны үйлчлэгч жижүүрлэхгүй болжээ. Одоогийн байдлаар, 10 вагонд старлинк суурилуулж, 19 вагоныг эко зуухаар тоноглоод байгаа аж.

 

Замчдын багажийг шинэчлэхдээ цаг үетэй нь хөл нийлүүлэхийг хүсэв

 

Замын II ангийн хамт олны хувьд энэ онд Хангай зөрлөгийн өргөтгөлийг ангийн хүчээр хийж ашиглалтад оруулсан нь нийгэмлэгийн ойд барьсан томоохон бэлэг байсан юм. Хангай зөрлөгт ийнхүү өргөтгөл хийснээр зам сумын эрсдэл 38 нэгжээс 16 болон буурч, маш бага эрсдэлтэй болсон байна.

Ер нь, тус ангийнхан энэ онд 21 суман шилжүүлэг хүчжүүлэн солих их засвар хийснээр урсгал засварын хэмжээ 50 хувиар буурч, эрсдэлийн үнэлгээ тус сумууд дээр 34-39 нэгж буюу их эрсдэлтэй байснаа 16-19 болж бага эрсдэл рүү оржээ. Мөн  зам эрүүлжүүлэлтийн их засварыг 44.05 км замд хийснээр ангийн ГТХАБ-н эрсдэлийн үнэлгээ 7.28-аас 7.14 болж буурсан байна. Түүнчлэн, 508 дугаар км-ийн гарамд их засвар хийж, жижүүрийн зохицуулалттай болгосноор зөрчил гараагүй байна. Уг гарам дээр 2023 онд дөрвөн удаа удаа, энэ онд жижүүрийн зохицуулалттай болохоос өмнө гурван зөрчил гараад байжээ. Мөн Толгойт, Амгалан хоорондын замд өндөрлөсөн шонтой сеткин хашааг барьжээ. Энэ хэсэгт өнгөрсөн онд галт тэрэг 12 удаа яаралтай тоормос хийж, зогссон бол энэ онд хашаа барихаас өмнө зургаан удаагийн зогсолт гарчээ. Харин дээрх хашааг барьсанаас хойш зогсолт гараагүй байна. Энэ мэт замчид өөрсдийн хийсэн ажлын үр дүнг ГТХАБ-д ямар үр дүнг үзүүлж байгааг нарийн судалгаатай танилцууллаа.

Мөн замчдын цахилгаан гар багажнуудын ашиглалтын хугацаа дуусаж, эвдрэл гэмтэл их болсноор хөдөлмөрийн бүтээмж муудаж байгааг Замын II ангийн дарга Ж.Алтангэрэл танилцуулж, шинэ багаж тоног төхөөрөмж худалдаж авбал орчин үеийн дэвшилтэд технологийг оруулж ирж, цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй бол галт тэрэгний хөдөлгөөний нягтарч, замчдын зам дээр ажиллах цаг улам хумигдаж байгаа үед бүтээмж багатай багажаар ажиллах боломжгүй байгааг тайлбарлалаа.

 

Б.Гүнжээ