Өнгөрөгч 10-ны өдөр “Ган зам” паласт “УБТЗ-ын Төв эмнэлгийн хөгжлийн чиг хандлага 2023” сэдэвт Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал боллоо. Төв эмнэлэг жил бүр эрдмийн чуулганаа хийдэг бөгөөд энэ жил “Азийн эмч нарын холбоо”-той /AMDA/ хамтран зохион байгуулав.
Бага хурлын үеэр Төв эмнэлгийн дарга С.Еркегүл болон Азийн эмч нарын холбооны Гүйцэтгэх захирал Тае Намбо нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа.
Санамж бичигт хоол боловсруулах замын оношилгоо эмчилгээ, яаралтай тусламж, гэмтэл зэрэг өргөн хүрээнд эмч эмнэлгийн ажилчдыг хөгжүүлэх, дэмжих, сургах харилцан туслах, туршлага солилцох чиглэлээр харилцан гарын үсэг зуржээ.
Мөн Анагаах ухааны “Ач” болон “Этүгэн” сургуулиудын эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр Төв эмнэлэгт үр бүтээл, тогтвор суурьшилтай ажилласан Дурангийн кабинетийн их эмч Ц.Баяржаргал, Хүүхдийн тасгийн их эмч Г.Наранчимэг, дотрын их эмч Н.Алимаа, ЭЭМТ-ийн эрхлэгч Х.Оюушүр, мэдрэлийн их эмч Б.Шүрэнцэцэг, эм зүйн тасгийн эрхлэгч Ж.Энхтунгалаг нарын зургаан их эмчид Клиникийн профессор цол олгосныг Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Төв эмнэлгийн дарга С.Еркегүл нар гардууллаа.
УБТЗ-ын Төв эмнэлгийн дарга С.Еркегүл: “Манай эмнэлэг жил бүр эрдэм шинжилгээ онол практикийн бага хурлыг тогтмол зохион байгуулдаг. Үйл ажиллагааныхаа талаар судалгаа хийж, дүгнэлт гаргаад цаашдынхаа хөгжлийг тодорхойлдог. Хийсэн судалгааныхаа үр дүнд үндэслээд УБТЗ-ын хэмжээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд “Эрүүл төмөр замчин” хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Мөн төмөр зам дагуух суурин газруудын ундны усны чанар болон, төмөр замчдын эрүүл мэндийг сайжруулах, өвчлөлийг бууруулах талаар гаргасан олон хөтөлбөрийг дурдаж болно” гэлээ.
Азийн эмч нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Сато Такуши: “Манай байгуулллага 2008 оноос Монголд үйл ажиллагаагаа явуулсан. Анх хүүхэд болон ахмад настнуудын нүдний харааг хамгаалах чиглэлээр эмчилгээ үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл Монгол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олон зүйл хийж ирсэн. Цаашид ч бид хамтран хичээн ажиллах болно. Энэ жилийн тухайд Монголд яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах болон дурангийн үзлэг оношилгоог сайжруулах тал дээр сургалт явуулахаар ирсэн. Санамж бичгийн дагуу энэ ажлаа цаашид улам өргөжүүлж, технологи ур чадвараа зааж сургана. Тоног төхөөрөмжийн хувьд сайжруулах зүйл нэлээд байсан. Эмч нарын хувьд мэдлэг чадвартай санагдсан” хэмээсэн юм.
Бага хуралд эмч судлаачдын ирүүлсэн нийт 11 бүтээлээс 10-ийг нь хэлэлцүүлж, шилдэгүүдээ шалгарууллаа. Үүнд:
Тэргүүн байрт, “Эмнэлгийн ажилтнуудын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх нь” сэдвээр Г.Насантогтох (Чанарын албаны мэдээллийн асуудал хариуцсан менежер), М.Жаргалмаа, Б.Адиймаа, Б.Нямцэрэн, Д.Оюунцэцэг нарын судалгаа
Дэд байрт, “Элэгний архаг эмгэгийн үед уураг нөхөх эмчилгээний үр дүн” сэдвээр Б.Дагийсүрэн (АУ-ны магистр, Дотрын II тасгийн их эмч), Г.Нарандэлгэр, Н.Баярмаа нарын судалгаа
Гутгаар байр: “Илүүдэл жин ба таргалалттай эмнэлгийн ажилтанд инсулиний дөжрөл, бодисын солилцооны хам шинж илрүүлсэн үр дүн” сэдвээр М.Ариунаа (АУ-ны магистр, Поликлиникийн их эмч) Г.Нанзаддулам, Н.Алимаа нарын судалгаа тус тус шалгарлаа шалгарлаа.
Азийн эмч нарын холбооны Гүйцэтгэх захирал Тае Намбо, УЗ-ийн гишүүн Сато Такуши болон тус холбооны зочин профессорууд өнгөрсөн 6-11 -ний өдрүүдэд Төв эмнэлэгт ажиллажээ. Тэд Хоол боловсруулах замын дурангийн оношилгоо, гэмтлийн лавшруулсан тусламж зэрэг сэдвүүдээр онол дадлага хосолсон хамтарсан сургалтуудыг 40-өөд эмч нарын дунд зохион байгуулсан байна. Ташрамд дурдахад, Азийн эмч нарын холбоо нь НҮБ-д бүртгэлтэй, Японд төвтэй, дэлхийн 32 орныг эгнээндээ нэгтгэн, тухайн орон бүртээ салбартай эмч нарын нэгдсэн холбоо юм. Азийн эмч нарын холбоо Монголд долоо дахь жилдээ ирж ажиллаж байгаа юм.