УБТЗ-ын Маркетингийн албаны орлогч дарга Ч.Мөнх-Эрдэнэ, “Ган зам пресс” төвийн дарга Ө.Батзориг, тус төвийн маркетингийн менежер Ц.Батцэцэг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт, Хөтөл, Дархан хотуудад томилолтоор ажиллаад ирлээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудтай хамтран ажиллах,  хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах, “Ган зам пресс” төвийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой тус томилолтын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” ТӨХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааныхаа талаар харилцан санал солилцлоо.

            Томилолтын эхний өдөр тэд Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Музейн үйл ажиллагаатай танилцаж, маркетингийн чиглэлээр хэрхэн ажилладаг талаар нь туршлага судалсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Музейн тухайд “Монгол орны уул уурхай”, “Цахим мэдээлэл”, “Түүхэн замнал”, “Үйлдвэрлэл, технологи, инновац”, “Нийгмийн хариуцлагатай Эрдэнэт үйлдвэр”, “Бидний бахархал” гэсэн зургаан танхимтай. Эндээс Эрдэнэт үйлдвэрийн 40 гаруй жилийн түүх, судлал, хөгжил дэвшилтэй бүх талаас нь олон орны хэлээр танилцах боломжтой юм байна. Музейд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 200 гаруй видео контент, 1000 гаруй үзмэр, 160 гаруй ном бүтээл, 30 гаруй самбар үзүүлэн, үзмэр байршуулжээ. Түүнчлэн  цех нэгж бүрийн  цахим танилцуулга, баримтат кино болон бүс нутгийн иргэд, анхдагчдын гар дээр байсан ховор, түүхэн үзмэр, баримтаар уг музейг баяжуулжээ. Эдгээр үзмэрүүдээс 1952 онд Эрдэнэт уулын орчмоос олдсон  олборлолтод ашигласан байж болох хүрэл тогоо, хүрз, зээтүүний үзүүр зэргийг Булган аймгийн музейд хадгалж байсныг хуулбарлуулан авч байрлуулсан нь ихээхэн сонирхолтой юм. Мөн Эрдэнэт үйлдвэрийн нээлтийн концертын хөтөлбөр, анхны ачаа ачих үеийн төмөр замын гадас, тэсэлгээний буу зэрэг сонирхол татахуйц, түүхэн ач холбогдолтой үзмэр, баримт бичгийг байршуулжээ. Эдгээр үзмэрийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй үзэж танилцвал дөрвөн цагийг зарцуулдаг бөгөөд цаг хэмнэх үүднээс нэг цагийн хугацаанд товч танилцуулга хүргэж буйгаа музейн тайлбарлагч дурдаж байв. Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын дэргэд байгуулсан джитал музей нь гадна дотны зочид гийчдийн сонирхлыг хамгийн ихээр татдаг байна. Тус музей нь орчин үеийн техникийн  шийдэл бүхий Монголын анхны дижитал музей гэдгээрээ онцлогтой бөгөөд УБТЗ-ын музейг ийм хэлбэрээр тохижуулбал  илүү сонирхолтой болоод зогсохгүй, маркетингийн хувьд ч өндөр ач холбогдолтой ажил болох талаар ярилцсан юм. Мөн түүнчлэн, музейн маркетинг үйл ажиллагааг үзэж сонирхохын зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлага, ажилтнууддаа үзүүлдэг дэмжлэг, урамшууллын хэлбэрийг ч сонирхоод амжив. Тус үйлдвэр  2022 онд 33.5 сая тонн хүдэр боловсруулж, 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийн, улс, орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Түүнчлэн Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын сөрөг нөлөө бүрэн арилаагүй, улс орны нийгэм, эдийн засгийн байдал сэргээгүй цаг үед айл өрхөд учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлж, 2022 оны эхний хагас жилд нийт айл өрхийн цахилгааны төлбөрт төлөх 97.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын тогтоолын дагуу шийдвэрлэсэн. Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий дөрөв дүгээр шугам барих, Нунтаглан баяжуулах хэсэгт жилд 12 сая тонн хүдэр боловсруулах хам баяжуулалтын шинэ секц барих, Сэлэнгэ-Эрдэнэтийн цэвэр ус дамжуулах гурав дугаар шугам хоолойн бүтээн байгуулалт зэрэг олон ажлыг 2022 онд амжилттай дуусгаж, ашиглалтад оруулсан гээд олон бүтээн байгуулалтыг хийсэн байна.  Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд ажилтан, ажилчдынхаа цалин хөлсийг нэмэх талаар системтэй арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, 2022 оны зургадугаар сарын 01-нээс үндсэн ба тарифт цалинг 10 хувиар нэмсний үр дүнд өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтны сарын дундаж цалин 3.8 сая төгрөг болжээ. Уурхайчин залуусыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс газар, дэд бүтцийг нь шийдвэрлэн, 1300 айлын орон сууц барих цогц төслийг хэрэгжүүлж байгаагаас “Уурхайчин-1” хорооллыг ашиглалтад хүлээн авчээ. Мөн орон сууцны асуудлаа шийдвэрлэхэд нь туслах үүднээс 2011 оноос олгож буй санхүүгийн дэмжлэгийг 2022 оны 01 дүгээр сараас 13.0 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Тус үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр хамгийн түрүүнд нэгдэж, 100 сая мод тарих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ ажлын гол түшиц болсон “Ойн генетик нөөцийн төв”-ийн үйл ажиллагаатай мөн танилцав. Тус төвийн хувьд өнгөрсөн оны зургадугаар сард ашиглалтад орсон бөгөөд өнгөрсөн хугацаанд 1300 хүн тус төвөөр үйлчлүүлж, ой үржүүлгийн талаар мэдлэг мэдээлэл авсан байна. Тус төв нь ойн нөхөн сэргээлт хийгээд зогсохгүй иргэдэд мод үржүүлгийн талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, газар дээр нь арга зүйн туслалцаа үзүүлэх гээд олон төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг байна. Хамгийн гол нь, Монгол Улсын нийт газар нутгийн 70 хувь нь цөлжилтөд өртөөд буй энэ үед устаж үгүй болж, мөн нэн ховордож байгаа ургамлын үрийг хадгалж, генетикийн аргаар үржүүлж байгаа нь тус төвийн онцлог юм гэдгийг “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга, доктор Я.Ариунзул дурдана билээ.

    Томилолтын дараагийн өдрүүдэд Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” ТӨХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааныхаа талаар харилцан санал солилцлоо. Ингэхдээ УБТЗ-ын “Ган зам пресс” төвийн зүгээс тус байгууллагуудын үйл ажиллагааг “Ган зам” сониноор дамжуулан сурталчилах. Тэдэнд хэрэгцээтэй ном, сэтгүүл, гарын авлага зэрэг цаасан хэвлэлийн чанарын өндөр түвшинд нийлүүлэх бүрэн боломжтойг танилцууллаа. Түүнчлэн, төрийн байгууллагууд энэ төрлөөр хамтран ажиллаж, харилцан бие биедээ туслах нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн шаардлагад ч нийцнэ гэдгийг онцолсон юм. Тус байгууллагуудын удирдлагын зүгээс Маркетингийн хэлтэс, Хэвлэлийн албадаараа дамжуулан дээрх чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрийн 45, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн 40 жил гээд түүхэн хөгжлийн тэгш ойнууд энэ онд тохиож буй учраас дээрх хэвлэл, мэдээллийн салбартай бүх талаар хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа ч  илэрхийлнэ билээ. Ийнхүү УБТЗ-ын Маркетингийн алба, “Ган зам пресс” төв төрийн байгууллагуудтай хамтран ажиллах үүдийг нээлээ.

 

Б.ДЭЛГЭРХИШИГ