Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд сүр хүч, өнгө жавхаа нь үлээвэр найрал хөгжмийн яруу, цоглог аялгуу. Дүрэмт хувцастай эрчүүд гуулин хөгжмөө гялалзуулан гарч ирээд тэрхэн зуурт хийморилог, яруухан хөгжмийн цоглог аялгууг түгээдэг залуус бол ЦХОБА-ны харьяа Улаанбаатар Цэрэгжүүлсэн хамгаалах ангийн дэргэдэх Хөгжмийн салааныхан. Тэд Төмөр замчдын баяр, тэмдэглэлт ой, бусад ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд гуулин хөгжмийнхөө яруу тансгийг мэдрүүлж, хурсан олны сэтгэлд чимээгүйхэн хүч итгэл өгдөг. Энэ салааныхан мэргэжлийн хөгжимчид биш ч гэлээ энэ ажлаасаа няцаж, буцсангүй. Жавар тачигнасан өвлийн хүйтэнд ч, шороо шуурсан хаврын хахирган өдөр ч, нар шарсан баярын талбайд ч хөг аялгуугаа уянгалуулж сүр жавхаа нэмдгээрээ нэмсээр л яваа. Тус албаны энэ хаврын марш тактикийн тэмцээний үеэр хөгжмийнхөө цоглог хэмнэлээр дайчдынхаа хийморийг сэргээж, хүч чадал сэлбэж, өдөржин шороон шуурганд суугаа тэднийг харахад нөхдийнх нь өмнөөс эрхгүй талархах сэтгэл төрсөн билээ.
Саяхны нэг өдөр Улаанбаатар ЦХА-ийг зорьж очвол, ашгүй Хөгжмийн салааныхан нь цуглачихаж. Учир нь, тус албаны 70,71 жилийн ойн нэрэмжит спортын тэмцээний шагнал гардуулах ёслолд очихоор бэлтгэлээ хангаж, хөг нийлж байхтай таарсан нь тэр байв. Тэдэнд ярилцаад суух чөлөө зав байсангүй, нийлж бэлтгэлээ хийж байгаад “Цаг боллоо” гэсээр хөгжмөө тэвэрцгээн ангиас гарцгаалаа. Би ч тэднийг дагалдав. “Замчин” спорт хороо орох замд Хөгжмийн салааны ахлагч Г.Дагдангаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр, “Манай Хөгжмийн салаа одоогоор есөн хүний бүрэлдэхүүнтэй байна. Манайхан дунд хөгжмийн мэргэжлийн хүн байхгүй. Хөгжимд дуртай хүмүүс л сонирхлоороо нэгдээд явж байгаа гэхэд болно доо. 2002 онд тухайн үеийн манай албаны дарга Д.Батхүү гуай цэрэгжсэн байгууллага дэргэдээ үлээвэр хөгжмийн хамтлагтай байх ёстой гээд л санаачилж байгуулсан юм билээ. Тэр үед Хөгжмийн салаанд орсон анхны хүмүүсээс У.Бат-Эрдэнэ гэдэг хүн байна. Одоо байгаа бүрэлдэхүүнээр бол бид үлээвэр хөгжмийн бага составт ч хүрэхгүй. Уг нь, 16 хүнтэй байвал бас ч гэж бусдын өмнө “нүүр улайхгүй”. Хүн харахад бид хэд болоод л байгаа санагдана. Гэтэл мэргэжлийн хөгжимчдийн дэргэд бол “ичмээр дамшиг” гэгч болно. Бидэнд хөгжмийн зэмсгүүд нь байгаа ч хөгжимчид олдохгүй байна.Ковидын жилүүдэд аливаа арга хэмжээ зохион байгуулагдахаа больсноор хөгжмүүд маань хэдэн жил дуугараагүй.Тэр хооронд хөгжимчид маань зарим нь шилжээд, ажлаас гараад цөөрсөн. Харин өнгөрсөн жил албанаас хөгжмийн салаагаа сэргээе гэж мэргэжлийн багш аваад хоёр сар хүмүүсээ сургалтад хамруулсан.Гэхдээ шинэ хүмүүс орж ирээд ганц хоёр сарын дотор хөгжим тоглоод сурчихна гэж бараг байхгүй. Одоогоор есөн хүнтэй болоод байгаа. Залуучууд үлээвэр хөгжим тоглоё гэж сонирхохгүй юм. Дээр нь, үндсэн ажлынхаа хажуугаар хөгжим тоглолоо гээд ямар нэгэн урамшууллын хөшүүрэггүй учраас хүн олддоггүй бололтой.
Нөгөө талаар, шинэ хүнтэй болсон тохиолдолд байнгын бэлтгэл сургуулилт хийж байж зүгширнэ. Гэтэл бид тус бүрдээ ээлжийн ажилтай учир цуглаад бэлтгэл хийх боломж бараг гардаггүй. Өнөөдөр л гэхэд хоёр хүн маань ажилтай болохоор долоон хүнтэй тоглох боллоо. Бэлтгэл хийх завгүй учраас сая л гэхэд цуглаад хэдхэн минутад нийлж үзээд шууд гарч ирлээ” хэмээн ярилаа.
Хөгжмийн салааны ахлагчийн хэлснээр нэг нарийн бүрээчин, ком бөмбөрчин, саксофонч зайлшгүй хэрэгтэй гэнэ. Хөгжмийн мэргэжилтэй хүн ажилд авъя гэж зар тавьдаг ч хөгжимчид бол зөвхөн хөгжмөө тоглоно гэсэн ойлголттой ирээд давхар харуул хамгаалалтын ажил үүрэг гүйцэтгэнэ гэхээр яваад өгдөг гэнэ. Одоо томхон арга хэмжээнд хөг дутуу бол Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмөөс хөгжимчид авах хэрэг гардаг ч тэр болгон найр тавьж хөгжимчдөө өгдөггүй гэх зэргээр учир байдлаа тайлбарлалаа.
Тус салаанд одоогоорУлаанбаатар ЦХА-ийн паркийн харуул Г.Дагдан 18 дахь жилдээ хөгжмөө тоглож байна. Харин 2002 онд анх байгуулагдахад орсон анхдагчдын нэг Амгалан ЦХА-ийн ээлжийн ахлах У.Бат-Эрдэнэ 21 дэх,Улаанбаатар ЦХА-ийн ачаа хамгаалагч Б.Ган-Очир 20 дахь, суурин харуул Ө.Мөнх-Өлзий 13 дахь, гал унтраах ажлын удирдагч Э.Отгонбат 19 дэх, ачаа хамгаалагч Б.Эрдэнэ-Очир 17 дахь, гал сөнөөгч У.Жамъян 13 дахь, галын авто машины жолооч Э.Батсайхан 12 дахь жилдээ тус тус хөгжмөө тоглоод албаа гүйцэтгээд л яваа. Харин хөгжмийн салаанд ороод нэг жил болж буй гишүүн бол галын авто машины жолооч Г.Ёндонжамц. Төмөр замд найм дахь жилдээ ажиллаж буй ч өнгөрсөн жил сургалтад сууж, хөгжмийн салаандаа хөг нэмжээ.
Энэ салааны анхны гишүүдийн нэг баргил бүрээчин У.Бат-Эрдэнэ “Бүр анх 1970-аад онд ГУА маань үлээвэр хөгжмийн хамтлагтай гэж сонссон. Тэгээд яагаад ч юм хамтлаг тараад, хөгжим нь ч байхгүй болсон байсан юм билээ. 2002 онд Цэрэгжүүлсэн хамгаалах албаны дарга Д.Батхүү гуай, ахлах байцаагч З.Чулуунбат агсан хоёрын санаачилгаар энэ салааг байгуулсан. Тухайн үед хөгжмийн зохиолч Н.Машбат гэдэг хүнийг авчраад ажилтнуудаасаа хөгжимд сонирхолтой 20-иод хүн бүрдүүлсэн. Гаднаас ч ганц нэг хөгжимчин ажилд авсан байх.
Тэгээд хөгжмийн зохиолч Н.Машбат гуайг багшаар авч хүмүүсээ сургаж байсан юм. Тэр үед би шалгуулаад орж байлаа. Албаны 50 жилийн ой тохиож байсан болохоор хөгжмийн салаа байгуулсан байх. Бид анх албаныхаа 50 жилийн ойн концертод 16-уулаа тоглосон. Түүнээс хойш хүмүүс маань шилжээд, гараад, шинээр хүн нөхөж орж ирээд л байна.
Баритончин Б.Ган-Очир “Би Хилийн цэргийн 0184 дүгээр ангид хөгжимчин байсан. 2003 онд Улаанбаатар ЦХА-д “харуул-хөгжимчин” авна гэсэн зарын дагуу ирж ажилд орсон. Түүнээс хойш 20 дахь жилдээ ажлынхаа хажуугаар хөгжмөө тоглоод явж байна” гэв.
Хөгжмийн салааны ахлагч Г.Дагдан “Уг нь манайд бага составын хөгжмийн зэмсгүүд нь байна. Хүн нэмээд бага состав бүрдүүлчихвэл манай урын санд 40-өөд бүтээл бий” хэмээн үг нэмэрлэв.
Хөгжмийн салаагаа дэмжиж, дэлгэрүүлээсэй
Уг хөгжмийн салааг 2002 онд байгуулсан түүхийг ЦХА-ны дарга асан Д.Батхүүтэй утсаар холбогдож тодруулсан юм. Тэрбээр, “Би 1990-ээд онд төвийн өртөөдийн намын үүрийн даргаар ажиллаж байлаа. Тэр үед Цэрэгжүүлсэн хамгаалах хэлтсийн харьяа Улаанбаатар Гал унтраах ангийн ажилтай танилцахаар очиход тус ангийн үлээвэр хөгжмийн хамтлаг надад тоглож үзүүлж байсан юм. Харин намайг 2000 оны дөрөвдүгээр сард ЦХА-ны даргаар томилогдоход хөгжмийн хамтлаг нь аль эрт тарсан. Хөгжмийн зэмсгүүд нь алга болсон байв. Тэр тухай мэдэх хүн байдаггүй. Тэгтэл нэг ахмад маань надтай уулзахаар ирсэн нь өнөө хөгжмийн хамтлагийн ахлагч Н.Дамдинпүрэв байлаа. Хөгжим тоглох хүмүүс янз бүрийн шалтгаанаар цөөрсөөр бараг хүнгүй болж, хөгжим ч муудсан тул тэр үеийн удирдлагууд нь хөгжмөө Хүүхдийн асрамжийн газарт бэлэглэсэн тухай түүнээс дууллаа. Тэгж байтал албаны 50 жилийн ой болох дөхлөө. Н.Дамдинпүрэв гуайг нэг өдөр дуудаад “Асрах газар руу та очоод ир. Манай хөгжим байж юу магад” гээд явуултал “Хөгжим маань ашиглалтгүй агуулахад нь байж байна. Дарга нь аваад яв гэхээр нь аваад ирлээ” гэсээр өнгө зүс муутай, хонхойж ёнхойсон хэдэн хөгжмөө олоод ирлээ. Энэ хөгжмүүдийг засвал дуугарах болов уу гэхэд тэрээр“Оролдоод үзье” гэлээ. Ингээд хуучин хөгжмүүдээ засаж сэлбэж, дуугардаг болгож аваад цэргийн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаач байсан хөгжмийн зохиолч Н.Машбатыг олж ирээд Улаанбаатар ГУА-ийн харуулуудаасаа хөгжимд сонирхолтой хүмүүсийг шалгуулж шигшиж авсан. Дээр нь, хоёр ч мэргэжлийн хөгжимчин ажилд авч хөгжмийн салаагаа сэргээн байгуулсан юм. Ингээд манайхан албаныхаа 50 жилийн ойгоор тоглолтоо хийсэн. Түүнээс хойш Замын хэмжээнд болж байгаа тэмдэглэлт ой зэрэг янз бүрийн арга хэмжээнд тоглодог боллоо. Замын удирдлагуудад манай хөгжмийн хамтлагийг таниулж мэдүүлэхэд тухайн үеийн Төмөр замын чуулгын дарга байсан Л.Сэнгээ маань их үүрэг гүйцэтгэж, дэмжсэн. Тэгээд УБТЗ ХНН-ийн 55 жилийн ойн концертод манайхныг тоглуулах тухай яригдахад би “Том хэмжээний арга хэмжээнд манай хөгжим гологдоно.Шинэ хөгжим хэрэгтэй” гэхэд тухайн үеийн Замын Ерөнхий инженер Г.Сэрээнэндорж дэмжиж, Хангамжийн албанд манайд яаралтай хөгжим авч өгөх үүрэг өгч байв. Төдөлгүй урд хөршөөс шинэ хөгжмүүд авчирч өгсөн.
Нийгэмлэгийн ойгоор манай хөгжимчид шинэ хөгжим, шинэ хувцастай тоглолтод оролцож байлаа. Ер нь, хөгжмийн хамтлагаа алба, Замын удирдлагаас дэмжиж улам дэлгэрүүлээсэй. Үндсэн ажлынхаа хажуугаар мэргэжлийн хэр нь зүрх сэтгэлээрээ, хоббигоороо нэгдсэн хүмүүс. Тэднийг дэмжихгүй зөнгөөр нь яваад байвал сонирхлоороо бүрдсэн хамтлаг тарж бутрах нь амархан байдаг. Хоёрдугаарт, хамтарч бэлтгэл сургуулилт хийх боломж нөхцөл нь маш бага учраас мэргэжлийн багш, зөвлөхтэй гэрээтэй ажиллахгүй бол болохгүй юм билээ” хэмээн ахмад дарга өөрийн туршлагаас ярилаа.
Юутай ч төмөр замчид гуулин хөгжмийн цоглог аялгуунд жавхаа нэмж, ойн баяр, тэмдэглэлт өдрөөрөө сүрт жагсаал хийж, баяр бахархал дүүрэн алхдаг сайхан уламжлал тасрахгүй биз ээ.
Б.Гүнжинлхам