Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо гуравдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа явуулж, зарчмын зөрүүтэй 31 саналын томьёолол бэлтгэн, Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт УИХ-ын гуравдугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хилийн боомт чиглэсэн болон хил дамнасан төмөр замын өмчлөлийн асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд буцаасан. Харин Байнгын хороо дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, Ажлын хэсгийн гишүүдээс хилийн боомтын дэд бүтэц, улсын хил дамнасан байгууламж, хилийн боомт гэсэн ойлголтыг Хилийн тухай хуулийн заалтуудтай уялдуулах, хөрш оронтой төмөр замын хил дамнасан байгууламж барих, ашиглах үйл ажиллагаатай холбогдуулан төслийн 24 дүгээр зүйлд “Улсын хилийн боомт чиглэсэн, хил дамнасан төмөр зам нь нийтийн зориулалттай төмөр замд хамаарах бөгөөд энэ төмөр замын өмчлөгч нь нэг хуулийн этгээд байна” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Түүнчлэн, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Д.Батлут төслийн 47 дугаар зүйлд “...үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлж олгох” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй аж.

УИХ-ын хаврын нэгдсэн чуулганы энэ сарын 7-ны өдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. Ажлын хэсгийн ахлагчаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, гишүүнээр тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулах газрын дарга  М.Энхболд, Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа, Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулах газрын Төмөр замын тээврийн хэлтсийн дарга Х.Итгэлт, тус газрын ахлах шинжээч Л.Булганхүү нар оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын  зарим гишүүдийн гаргасан санал, дүгнэлтийг товчилон нийтэлж байна.

               Зурвас газрыг нь эзэмшүүлэх, өмчлүүлэх харилцааг хориглох нь зүйтэй

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “Хуулийн төслийн 7 дугаар зүйлийн 1.5-д Засгийн газрын бүрэн эрх гэсэн дотор “Монгол Улсын Хилийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу хилийн бүсэд төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой асуудлыг шийдвэрлэх” гээд орхисон нь алдаатай байна. Хилийн бүс, зурвас гэж хоёр ангилсан газар байдаг юм шүү. Тэгэхээр энд хилийн бүс гээд таслал тавиад зурвас гэж оруулбал зөв болно. Учир нь, улсын хилийн шугамаас 15 км-ээс илүүгүй газрыг зурвас гэдэг. Харин 100 км-ээс дотогш газрыг бүс гэнэ. Ийм ялгаатай байтал зурвасаа орхисон байна. Энд ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад Засгийн газар зөвшөөрдөг зохицуулалттай. Мөн 16, 17, 18 дугаар зүйл дээр төмөр замын тусгай бүс, зурвас газар, хамгаалалттай бүс гэсэн байна. Эдгээр нь ерөөсөө өмчилж, эзэмшиж болохгүй газар. Тиймээс аль нэг хэсэгт нь эдгээр газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон заалт оруулах хэрэгтэй. Яах вэ, 17 дугаар зүйлд “...төрийн өмч байна” гэсэн байна л даа. Гэхдээ үүнийг Газрын тухай хуультай уялдуулаад бүр хориглосон заалт оруулахгүй бол нэг л мэдэхэд газар олгочихсон байхыг үгүйсгэхгүй. Ажлын хэсгийнхэн үүнийг анхаарна биз ээ” гэсэн юм. Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Таны энэ хилийн бүс, зурвас газрын талаарх саналыг хүлээж авъя. Төмөр замын тусгай бүс, зурвас газар, хамгаалалттай бүсэд газар олгохгүй гэдэгтэй санал нэг байгаа. Тиймээс 17.2 дээр “Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна” гэж  заасан юм. Тухайн суурь бүтэц эзэмшиж буй компанид ч эзэмшүүлэхгүй. 17.4-д “Төмөр замын зурвас газар төмөр замын тээврийн үйл ажиллагаанаас бусад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хориглоно” гэж тодорхой зааж өгсөн. УБТЗ-ын хамгаалалттай зурвас газарт хэн нь зөвшөөрөл өгсөн нь мэдэгдэхгүй нэг л мэдэхэд барилга барьчихсан байдаг шүү дээ. Тиймээс энд тусгаж өгсөн байгааг эрхэм гишүүн та хараарай” гэсэн юм. Харин Ц.Сэргэлэн гишүүн нэмж “Энэ хэсгийг харсан. Үйл ажиллагаа явуулахыг л хориглосон байна. Энэ нь зөв. Гэхдээ би бол газрыг нь эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай харилцааг хориглох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Хэн нэгэн иргэний өмчлөлд, ямар нэгэн аж ахуйн нэгжийн эзэмшилд өгч болохгүй гэдэг агуулгыг тодорхой тусгая гэсэн саналтай байна. Хэзээ нэгэн цагт нэг нөхөрт газрыг нь эзэмшүүлчихсэн, тэр нь “Миний газар дээр та бүхэн төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхлээд байна” гээд зогсож байхыг үгүйсгэхгүй” гэлээ.

             1949 оны гэрээ нь Монгол Улсын олон улсын гэрээнд тооцогддог

УИХ-ын дарга Г.Занданшатар “Хуулийн төслийн 24.2 дээр “Хилийн боомт чиглэсэн төмөр замын асуудал нийтийн зориулалттай байсан гэсэн хэр нь 24.3 дээр төр хувийн  хэвшлийн түншлэлээр байгуулсан төмөр замын гэрээгээр шилжүүлэх хугацааг заана гэсэн байна. Газрын харилцаа нарийн учир тодорхой хугацаа заах хэрэгтэй. Тэгэхгүй бол эрх зүйн зөрчил гарч болзошгүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөлд газрын харилцааны асуудлыг тусгаагүй байна. Тиймээс газрын асуудал нь Газрын тухай бие даасан хуулиар зохицуулагдана гэж ойлголоо. Хуулийн төслийн 9.1.5-д “...төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой газар эзэмшүүлэх эрх олгох” гэж байна. Гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах гэж Газрын хууль үйлчилж байгаа. Төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээд газар эзэмших харилцаа явна гэж ойлгох уу. Эсвэл төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гадаадын иргэн болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн газрын харилцаа хэрхэх вэ. Учир нь, УБТЗ-ын хувьд Монгол-Оросын хамтарсан компани. Хууль, олон улсын гэрээ хоёр зөрчилдвөл олон улсын гэрээний заалтыг нь дагаж мөрдөх хуультай. Хэрэв Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуультай зөрчилдвөл Үндсэн хуулиа дагаж мөрдөнө гэж заасан байдаг. УБТЗ-ын одоо үйлчилж байгаа 1949 оны гэрээ нь Монгол Улсын олон улсын гэрээнд тооцогдож явдаг буюу Монгол Улсын хуулиас давж үйлчилдэг. Тэр ч утгаараа УБТЗ ХНН Монгол Улсын газрыг хугацаагүйгээр төлбөргүй ашиглаж байна. Үндсэн хуульд зааснаар гадаадын иргэн, хуулийн этгээдэд газрыг хугацаатай, төлбөртэй ашиглуулахаар заасан. Гэтэл энэ гэрээ Үндсэн хуульд нийцэхгүй өнөөг хүртэл үйлчилсээр байгаа юм. Энэ гэрээг Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээ авахгүй юм уу. Газраас нэг төгрөг ч болтугай төлбөр авахгүй юу. Үндсэн хуультай нийцэхгүй олон улсын гэрээ үйлчилж байгааг ярихгүй яваад байх уу. Төлбөрийн хэмжээг нь би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар Үндсэн хуульд нийцүүлж нэг ч гэсэн төгрөг авах ёстой биз дээ” хэмээн асуув. Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Монгол Улс газраараа хөрөнгө оруулан хамтарсан УБТЗ-ыг байгуулсан байдаг. Бидний хувьд хоёр улсын хэлэлцээрийн үеэр газартай холбоотой асуудлыг үргэлж ярьдаг. УБТЗ-ын ашиглаж буй газрыг Газрын тухай хуульд оруулах талаар ярилцдаг. Аж ахуйн нэгжийн хувьд газраа ямар хэлбэрээр ашиглах, төрөөс тодорхой хэмжээний түрээс аваад явах юм гэдэг асуудлыг тавьдаг. Тэгэхээр Оросын талаас 16 мянган төмөр замчин, олон цэцэрлэг, сургуулиа та нар төрийнхөө хэмжээнд буцаагаад авчих. Зөвхөн тээврийнхээ үйл ажиллагааг бүгдээрээ явуулъя. Тэгээд газрынхаа асуудлыг шийдье гэдэг. Энэ олон цэцэрлэг, сургуулийг төр өөр дээрээ авбал ачааллаа дийлэхгүй. УБТЗ-д ачааллыг нь үүрүүлээд л явж байна. Тэгэхээр газрын асуудлыг дахин ярьж болохгүй байгаа. Энэ шинэ хуульд дэд бүтэц буюу бидний мэддэгчлэн далан бүхий төмөр замын зурвас нэг аж ахуйн нэгж. Дээгүүр нь явж байгаа зүтгүүр, вагоныг эзэмшигч бас нэг аж ахуйн нэгж байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, тээвэрлэгч, дэд бүтэц эзэмшигч тусдаа байх юм. Ингэж байж олон улсын зарчмаар явна. Тиймээс УБТЗ ХНН-ийг хоёр компани болгож хуваана гэдэг асуудлыг газрын асуудалтай дахиж Ерөнхий хороонд ярина. Оросууд ч өөрсдөө ийм шугамаар явж байгаа шүү дээ. Энэ мэтчилэн бид бага багаар өөрчлөлт хийж байгаа гэдгийг хэллээ.

Ийнхүү тус хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хаврын чуулганаар хэлэлцээд дахин авч үзэх, засах олон асуудал байна хэмээн гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт нь дахин буцаалаа.

 

М.Наранболд