Монгол Улс нь газар зүйн байрлалын хувьд ОХУ, БНХАУ-ын дунд Ази Европ тивийг холбон оршдог. Тиймээс АЛСЫН ХАРАА-2050 урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний эхний үе шат болох ШИНЭ СЭРГЭЛТ-ийн бодлогын хүрээнд ачаа тээврийн урсгалыг сайжруулж, Ази Европыг холбосон транзит улс болохыг зорьж байна.
Энэ хүрээнд 14 улстай автотээврийн хэлэлцээр байгуулж Европын орнууд руу тээвэр хийх боломжтой боллоо.
Монгол Улс нэгдэн орсон Олон улсын хуурай боомтын конвенцын хүрээнд Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ховд, Чойбалсан, Сайншанд, Бичигт гэсэн цэгүүдэд хуурай боомт байгуулах гэж байна.
Орос-Хятадыг хатуу хучилттай авто замаар холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 замын Монгол Улсын баруун бүсээр дайран өнгөрсөн баруун босоо тэнхлэгийн 745 км замыг ашиглалтад бүрэн оруулж Ази Европыг холбосон авто замын 2 дахь коридороо нээлээ.
Цаашид ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ТОЙРОГ хөтөлбөрийг хэрэгжүүлж урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын босоо таван коридортой болох ажлыг эхлүүлнэ.
Монгол Улс 2019 -2023 онд шинээр 905 км төмөр зам барьж ашиглалтад оруулснаар үндэсний төмөр замын сүлжээний урт 2,258 км болон өргөжөөд байна.
Цаашид Монгол Улсын Их хурлаас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын бичиг баримтад тусгагдсан 2661 км төмөр замыг барьж байгуулснаар манай үндэсний төмөр замын сүлжээний нийт урт 4680 км болж 4 дахин өргөжинө.
Монгол Улс БНХАУ-тай төмөр замаар Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан боомтоор холбогдож байсан бол Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг шинээр холбох ажлыг амжилттай эхлүүлж, Ханги-Мандал, ОХУ-тай Арцсуурь-Цагаантолгой зэрэг дараагийн шинэ гарцуудыг нээн төмөр замын 5 шинэ гарцтай болох юм.
Монгол Улс урд хойд хөрш, Ази Европыг холбосон төмөр замын 3 коридортой болсноор бүс нутгийн тээвэр логистикийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна.
Мөн 42 улстай агаарын тээврийн хэлэлцээр байгуулж дэлхийн 115 цэг рүү нислэг үйлдэх боломжтой боллоо.
Энэ бүхний үр дүнд Монгол Улс Дэлхийн банкнаас гаргасан Логистикийн индексээр 33 байраар урагшилж 97 дугаар байрт орлоо.
Монгол Улс авто болон төмөр зам, агаарын тээвэр, хуурай боомтуудаа эрчимтэй хөгжүүлж бүс нутгийнхаа тээвэр логистикийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг зорьж байна.
ДАЯАРШИН БУЙ ДЭЛХИЙН ЛУГШИХ СУДАС ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ХОЛБОЛТОО БЭХЖҮҮЛЖ, ХАМТДАА ХОЖИЦГООЁ