Төмөр замын салбартай холбоотой аливаа асуудал зөвхөн УБТЗ ХНН дээр тулгуурлаж яригддаг, ойлгогддог байсан цаг саяхан. Сүүлийн жилүүдэд “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийн хэрэгжилттэй холбоотойгоор төр болон хувийн хэвшлийн олон төмөр зам бий болсноор тухайн салбарт өрнөдөг асуудал илүү өргөн хүрээнд гарч ирсэн билээ. Үүнийг дагаад төмөр замын салбарт чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тус бүрийн үйл ажилллагаа хийгээд тэдгээрийн хоорондын харилцаа уялдааг зохицуулах дүрэм журмыг цэгцлэх, нэгдсэн удирдлагаар хангах, тус салбарын хөгжил дэвшлийг тодорхойлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гээд маш олон хэрэгцээ шаардлага тулгарч байна. Төмөр замын салбар тойрсон асуудлуудаас хамгийн эхэнд эрэмбэлэгддэг хөдөлгөөний аюулгүй байдал. Чухал энэ сэдвээр ЗТХЯ, ГТХЗНТ УТҮГ, УБТЗ ХНН хамтран “Төмөр замын салбарт хөдөлгөөний аюулгүй байдал” зөвлөгөөнийг энэ сарын 25-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, ГТХЗНТ УТҮГ-ын дарга А.Буяннэмэх, УБТЗ ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн нарын албаны хүмүүс, МТЗ ТӨХК, УБТЗ ХНН, “Монголиан трансс ложистик” ХХК, Тавантолгойн төмөр зам ХХК, Зүүнбаян төмөр зам ХХК зэрэг суурь бүтэц эзэмшигчдийн төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.
Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, төмөр замын салбар нь улс орныхоо эдийн засаг, хүний амь нас, олон тэрбумаар хэмжигдэхүйц үнэтэй ачаа бараа хариуцан, тээж явдаг учир аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг нэн тэргүүнд дэвшүүлэх нь зүйн хэрэг гэдгийг онцлоод, “Энэ өдөр Монгол Улсын хэмжээнд төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагууд бүгд нэгэн дээвэр доор чуулж, аюулгүй байдлын асуудлаа ярилцаж, шийдэх шийдлээ хамтдаа тодорхойлох гэж буйд баяртай байна. Өндөр хөгжилтэй орнууд тээврийн аюулгүй байдалдаа онцгой ач холбогдол өгч энэ чиглэлийг хариуцсан агентлагуудыг хүртэл тусад нь бие даалган ажиллуулдаг. Жишээ нь, АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын газар хэмээх агентлагынхан саяхан манай улсын нисэхийн салбараар зочилж, хяналт шалгалт хийж,мэргэжлийн зөвлөгөө өгсөн. Учир нь, АНУ Монгол Улс хооронд ирэх зургадугаар сарын 12-ноос эхлэн шууд нислэг хийх гэрээ байгуулж байгаа юм. Ингэхийн тулд нэн тэргүүнд аюулгүй байдал нь шаардлага хангаж чадаж байна уу гэдгийг нь шалгадаг юм байна. Мөн БНСУ-д ч ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг агентлаг бий. Манай салбарын мэргэжилтнүүд тус агентлагийн үйл ажиллагаатай хэд хэдэн удаа очиж танилцаж, туршлага судалсан. Энэ ч агуулгаараа манай улсын хувьд тээврийн салбар бүртээ аюулгүй байдлын асуудалд өндөр ач холбогдол өгч тус бүрд нь хуулийн төслүүдийг өргөн барьж, хууль эрх зүйн орчинд илүү боловсронгуй болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Тиймээс мэргэжлийн хүмүүс нь харилцан санал солилцож, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх гарц гаргалгаагаа дэвшүүлэх нь нэн чухал юм” гэв.
Ш.Нямсүрэн: ГТХАБ олон улсын хэмжээний асуудал болсон
Тус зөвлөгөөн дээр УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн УБТЗ-ын хэмжээнд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр илтгэл тавилаа. УБТЗ-ын хэмжээнд 2011-2022 онд нийт дөрвөн удаагийн ноцтой осол гарчээ. Эдгээрийн нэг нь хөндлөнгийн нөлөөлөл, нөгөөх нь хувь хүний хариуцлагагүй байдал, хоёр нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэж байна. УБТЗ-ын хэмжээнд сүүлийн 12 жилийн хугацаанд гарсан гологдол, дутагдалд нарийвчилсан судалгааг 2022 онд хийж үзэхэд, дөрвөн осол, 28 төрлийн 752 гологдол гарсан байна. 2017-2022 онднийтдээ 55 төрлийн 3491 дутагдал бүртгэгдсэн байна. Үүнийг хүчин зүйлийн нөлөөллийг нь аваад үзэхэд43 хувь нь техникийн, 38 нь хувь хүний, 18 хувь нь гадны, хоёр хувийг нь байгалийн хүчин зүйлээс нөлөөлжээ гэсэн дүгнэлт гарсан аж. Техникийн хүчин зүйлийн нөлөөллийг бууруулахын тулд техник технологийн шинэчлэл, суурь бүтцийн засвар үйлчилгээ, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлт гээд олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг тэрбээр дурдаад “Төмөр замын тээврийн салбарт хүний нөөцийн асуудал ганц манай байгууллагад биш, зөвхөн Монгол Улсын хэмжээнд ч бус олон улсын өндөр хөгжилтэй төмөр замуудад ч тулгамдсан асуудлын нэг болсон байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сард БНСУ-д болсон UIC-ийн хурлын үеэр энэ хүндрэлийг Дэлхийн төмөр замуудын холбоо ч хүлээн зөвшөөрч байна. Энэ нь боловсон хүчний асуудалтай тодорхой хэмжээгээр холбогдож байна. Урд хөршид төмөр замын мэргэжлээр тодорхой хэмжээний мэргэжилтнүүд суралцаж байгаа ч ОХУ-д төмөр замын мэргэжлээр суралцагчдын тоо эрс буурчээ. Европын бусад орнуудад ч ийм асуудал тулгамдах болжээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд мэргэжлийн инженерийн үндсэн суурьтай хүмүүсийг төмөр замчин болгох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна.
УБТЗ-ынхны хувьд “Говийн төмөр замчин хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, тогтвор суурьшилтай ажлын байраар хангах, цалингийн системийг шинэчлэх гээд олон талт арга хэмжээг авч, дорвитой үр дүнд хүрэх зорилтыг тавин ажиллаж байна. Сүүлийн үед байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл ч нэмэгдэж байгаа. Тиймээс байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед ажиллах бэлтгэлийг хангуулах, хэвийн бус үед хэрхэн ажиллах талаарх сургалтыг зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлсэн. Цаашид ч хэрэгжүүлнэ. Эдгээрээс гадна манай аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь төмөр замын аюултай бүсийн дэглэм зөрчигдөх юм. Бид УБТЗ-ын хэмжээнд гармын тооллого хийхэд 370 гаруй гарам бүртгэгдсэн. ЗТХЯ-наас албан ёсны дүгнэлт гаргуулахад тухайн гармуудын 30 орчим гарам нь л ашиглалттай байна. Үлдсэн нь бүгд зөвшөөрөлгүй гарам. Эдгээр гармууд дээр нь бидний хөндөөд байгаа осол, дутагдлууд гарах шалгаан нөхцлүүд бий болж байна. Тиймээс энэ эрсдлийг бууруулах зорилтоор “Түр зогс-Бүү яар” нөлөөллийн аяныг зарласан. Харамсалтай нь өнөөгийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн нөхцөл маань хангалтгүй байгаа учраас дээрх аян хангалттай хэмжээний үр дүнд хүрэхгүй байна” гэлээ.
Зөвлөгөөний хоёрдугаар хэсэг “Төмөр замын салбарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Энэхүү хэлэлцүүлгийн модератораарУБТЗ-ын Тээврийн хяналтын албаны төвийн хэсэглэл хариуцсан хяналтын ахлах байцаагч бөгөөд албаны орлогч дарга Ц.Лувсан ажилласан юм. Уг хэлэлцүүлэгт ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Х.Итгэлт, ЗТХЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Бат-Өлзий, СХГ-ын улсын ахлах байцаагч Д.Батхүү, ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа, ГТХЗНТ УТҮГ-ын захирал А.Буяннэмэх, УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн нар оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцогчид салбарын хэмжээнд аюулгүй байдал, хууль эрх зүйн хүрээнд тулгамдсан олон асуултад хариулт өгч, байр сууриа илэрхийлснээс анхаарал татсан зарим асуудлыг тоймловол:
Модератор: Төмөр замын тээврийн аюулгүй байдлын хүрээнд хууль эрх зүйн асуудал зайлшгүй хөндөгдөнө. Тэгэхээр Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, төмөр замуудын хоорондын ажлын уялдаа холбооноос гадна төрийн байгууллагуудын оролцоо, эрх үүргийг тодорхой зааж өгсөн байх. Хуучин хуулиасаа давуутай ямар заалтууд орсон вэ?
ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа: Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төмөр замын тээврийн тухай хуульд аюулгүй байдлын заалтууд бий. Шинэ хуульд төмөр замын тээврийн аюулгүй байдлын талаар шинэлэг зохицуулалтууд орсон гэж үзэж байгаа. Аюулгүй байдал нь хүний хүчин зүйл, байгаль цаг уурын нөхцөл, техникээс шалтгаалж байна гэдгийг тодорхойлоод эдгээр гурван хүчин зүйлийг зохицуулах шаардлагатай юм байна гэдгийг бид гаргаж ирсэн.
Мөн шинэ хуульд Төрийн захиргааны төв байгууллага агентлагтай байхаар тусгасан.
Осол зөрчлийг шинжлэн шалгах ажлыг яамны чиг үүрэгт оруулж өгсөн. Үүнтэй холбоотой журмыг сайд батална. Энэхүү журмыг боловсруулахдаа бид та бүхнээс санал авна. Суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчид олон болж байгаа учраас ажил үйлчилгээнд нь стандарт тохирлыг хангуулах дотоод нэгжтэй байхаар хуулинд оруулсан. Мөн суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь аюулгүй байдалдаа хяналт тавих дотоод хяналтын нэгжтэй байна гэж тусгасан.
Модератор:Гадны зарим улс оронд Төмөр замын аюулгүй байдлын хууль гэж тусдаа хууль мөрдөгддөг юм байна. ТэгэхээрТөмөр замын тээврийн тухай шинэ хуульд Аюулгүй байдлын тухай хуультай болох суурь тавигдсан уу?
-ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа: Төмөр замын аюулгүй байдлын тухай хуультай байх уу,үгүй юу гэдгийг Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу судлаад та бүхнээс санал авна.Хууль тогтоомжийн тухай хуулиар энэ хууль үнэхээр хэрэгтэй эсэхийг судалж байж шаардлагатай гэвэл бид Төмөр замын аюулгүй байдлын тухай хуулийг боловсруулж болно.Бид Төмөр замын тээврийн тухай хуулийг боловсруулж байх явцдаа аюулгүй байдлын талаар манайхны нэрлэдгээр ТАД-ийнхаа дүрмэнд нэмэлт зохицуулалт оруулаад явах боломжтой юм байна гэж үзсэн.
Бид бас бусад улс орнуудын хууль дүрмийг судлаад үзэхэд Төмөр замын аюулгүй байдлын хуульд нь багц дүрмүүд нь дэлгэрэнгүй орчихсон байдаг юм билээ.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд, субъектийн хувьд одоогийн хуульд дээр төмөр замын байгууллага зөвхөн өөрөө аюулгүй байдалдаа анхаарах зохицуулалттай байсан бол шинэ хуульд аюулгүй байдалд оролцох субъектийн хувьд яам, агентлаг, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч, мөн тээвэрлэлтийн харилцаанд оролцогч бүгд тодорхой чиг үүрэгтэй байхаар оруулж өгсөн.
Модератор:ЗТХЯ-ны Салбарын хяналтын газар төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах хүрээнд ямар бодлого, үүрэг оролцоотой ажиллах вэ?
ЗТХЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Бат-Өлзий : 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс МХЕГ татан буугдсантай холбогдуулаад Засгийн газрын тогтоол гарч бүх яамдад салбарынх нь хяналтыг харьяалуулж, Салбарын хяналтын газрыг байгуулсан. ЗТХЯ нь бусад яамтай харьцуулахад хяналтын үндсэн суурь нэгжтэй байсан. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалт дотоод аудитын газар дотроо Зам тээврийн хяналтын хэлтэс гэсэн бүтэцтэй байсан нь нэгдүгээр сарын 1-нээс МХЕГ-аас ирсэн хүн хүч нэмэгдээд ЗГ-ын тогтоолтой уялдуулаад Салбарын хяналтын газар болон өргөжсөн.
Манай газрын барьж ажиллах үндсэн эрх зүйн баримт бичиг бол Төрийн хяналт шалгалтын тухай хууль, түүнийг дагалдан гарсан хяналт шалгалтын нийтлэг журам. Зам тээврийн салбар үндсэн таван чиглэлд хуваагддаг. Төмөр замын чиглэлд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төмөр замын байгууллагуудад дөрвөн байцаагч хяналт шалгалт хийхээр бүтэц орон тоо нь батлагдсан. Төмөр замын тээврийн тухай хууль батлагдчихвал агентлагтаа мөн байцаагчийн орон тоог бий болгож ажиллуулах шаардлага бий.
Төмөр замын байгууллагуудад яагаад улсын байцаагч ажиллуулах боломжгүй байна гэхээр хуулиндаа улсын байцаагч, ахлах байцаагч, ерөнхий байцаагч нь төрийн жинхэнэ албан хаагч байна гээд заачихсан байгаа.
Модератор: Сүүлийн жилүүдэд иргэд хувийн компаниуд түрээсийн вагон, зүтгүүр оруулж ирж байна. Гэтэл түрээсийн вагонууд түрээсийн хугацаандаа хавар намрын комиссын болон тээврийн хяналтын үзлэгт орохгүй байна. Зарим компани УБТЗ-тай гэрээ хийгээд засвар үйлчилгээгээ даатгачихаад явж байгаа. Ер нь энэ тал дээр нэгдсэн хяналт байхгүй, эрсдэл өндөр байна гэж бид харж байна. Энэ талаар яам ямар бодлого барих вэ?
ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Х.Итгэлт: Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх журмыг энэ оны дөрөвдүгээр сард Сайдын тушаалаар баталсан. Энэ журамд нэгд, хөдлөх бүрэлдэхүүний түрээсийг хугацаатай болгосон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад түрээсээр ашиглагдаж байгаа хөдлөх бүрэлдэхүүний хугацаа нь хөдлөх бүрэлдэхүүний дунд засварын хугацаатай тэнцүү байна гэж зааж өгсөн. Хоёрт,хөдлөх бүрэлдэхүүн түрээсээр оруулж ирж байгаа аж ахуйн нэгж нь хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээг хариуцах мэргэжлийн ажилтан буюу инженертэй байна гэж заасан. Мөн ГТХЗНТ-өөс төмөр аюулгүй байдалтай холбогддог зарим объектод гэрчилгээ олгох журамд зүтгүүр, вагоны аль алиных нь техникийн гэрчилгээ авах зохицуулалт бий. Хууль шинэчлэн батлагдчихвал бид гэрчилгээжүүлэлтийг хийгээд ирвэл үүнийг дагаад техникийн засвар үйлчилгээ аюулгүй байдлын хяналтад ахиц дэвшил гарна гэж харж байна.
Модератор: Машинчийн зүтгүүр жолоодох эрхийн үнэмлэхний зохицуулалтыг цаашид яаж хийх вэ. Одоогоор УБТЗ-аас олгосон эрхийн үнэмлэхээр л зүтгүүр жолоодож байна?
ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Х.Итгэлт: Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төмөр замын тээврийн тухай хуульд нийтлэг багц дүрмээр зохицуулсан байдаг. Шинэ хуульд хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрх олгох гэсэн журам бий. Хууль батлагдтал бид эхний ээлжинд Тавантолгой орчимд суурь бүтэц, тээвэрлэгч нар тээвэр хийж эхэлж байгаа учраас галт тэрэг жолоодох машинч, туслах машинч нараас шалгалт авна. Тэнцсэн машинч, туслах машинч нарыг хууль батлагдтал ажиллуулах зохицуулалтыг хийнэ. Шинэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх болов уу гэж бодож байна. Тэр болтол ийм зохицуулалтаар явна.
Модератор:Гарам ашиглалтын журамд шинээр төмөр замтай авто замыг огтлолцуулах нөхцөлд хоёр түвшний огтлолцол хийнэ гэсэн заалт бий. Яам энэ бодлогыг хатуу барьж чадахгүй байна гэх бодол төрдөг. Тухайлбал, ТЭЦ4-ийн суурь бүтэц дээр хоногт 40-50 мянган тээврийн хэрэгсэл өндөрдөг өндөр ачаалалтай гармыг нэг түвшинд огтлолцуулах шахалт явж байна. Тэгэхээр хот суурин газруудад хийж байгаа шинэ бүтээн байгуулалт дээр яам тэр бодлогоосоо ухраагүй биз дээ?
ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хэлтсийн дарга Х.Итгэлт:Төмөр замын тээврийн тухай шинэ хуулинд энэ талаар хуульчилж өгсөн. Одоохондоо журмын хэмжээнд мөрдөгдөж байна. Яам бол хоёр түвшний гарам гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. ТЭЦ4-ийн гармын хувьд манайхаас хоёр ч удаа комисс ажиллаад хоёр түвшинд гарам байгуулна гэсэн цаасан дээр буусан шийдвэртэй. Нийслэлээс энэ гармыг нэг түвшний гарам болгох шахалт үзүүлж эхэлж байна. Энэ асуудлыг бид нийслэлтэй ярьж шийднэ.
Модератор: Аюултай ачааны асуудал анхаарал татсан асуудал. Төвлөрсөн газруудад аюултай ачаа орж ирээд маш удаан хугацаанд зогсож байна. Зүй нь суурь бүтэц дээр зургаан цагаас дээш зогсох ёсгүй. Гэтэл 3-4 сар хүртэл зогсож байгаа тохиолдлууд байна. Тэгэхээр энэ асуудалд яамнаас ачаа оруулж ирж байгаа байгууллагуудад хяналт тавих, шаардлага хүргүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхгүй бол аюултай ачаа удаан зогссоны улмаас ямар нэгэн асуудал үүсэж болзошгүй байна.
ЗТХЯ-ны СХГ-ын улсын ахлах байцаагч Д.Батхүү: Манай газарт Хөдөлгөөн зохион байгуулалт хариуцсан байцаагч бий. Надад байгаа мэдээллээр бол ийм зөрчил гарахад бид очоод торгох арга хэмжээ авч, үр дагаврыг арилгах даалгавар бичдэг. Гэтэл энэ маань хэрэгжихгүй байгаа тал бий. Үүрэг даалгавар биелүүлсэнгүй гээд дахин торгох асуудал хязгаарлагдмал.
Салбарын хяналтын газрын дарга Б.Бат-Өлзий: Бид өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн орчны хүрээнд торгох шийтгэл оногдуулахаас цаашгүй байна. Энэ асуудлыг би судалж үзсэн. Цаашдаа бид захиалагч байгууллага болон үүнийг хариуцах Ашигт малтмал газрын тосны газарт албан шаардлага хүргүүлж, шаардлага тавьж ажиллах байр суурьтай байна.
Модератор:Монгол Улсын хэмжээнд төмөр замын сүлжээ үүслээ. Төмөр зам шинээр баригдаж, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нар шинээр нэмэгдэж байна. Тэгэхээр ГТХЗНТ нь эдгээр төмөр замуудыг нэгдсэн нэг технологиор ажиллуулж, аюулгүй байдлыг хангуулах, хоёрдугаарт зорчигч тээврийг суурь бүтцүүдийн хооронд нэгдсэн зурмагаар явуулах үүрэг бүхий байгууллага гэж ойлгодог. Нэгдсэн зурмаг, технологийн талаар мэдээлэл өгөөч. Мөн суурь бүтцийн ан цав, хөдлөх бүрэлдэхүүний явах ангийн гэмтлийг илрүүлэх төхөөрөмж, аюулгүй байдлыг хянах системийн талаар мэдээлэл өгч болох уу?
ГТХЗНТ УТҮГ-ын захирал А.Буяннэмэх: Бидэнд үүсэж байгаа хамгийн том асуудал галт тэрэгний хөдөлгөөний бодит цагийн мэдээллийг RFID систем, хяналтын камер ашиглаад авах нь чухал байна. Хоёрдугаарт, одоо явж байгаа төсөлд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн ССТV төвүүдийн мэдээлэл манай төв дээр эхлээд цуглараад ирэхээр галт тэрэгний хөдөлгөөнийг бодитоор хараад эхэлнэ.
Одоогоор бид нэгдсэн технологи, нэгдсэн зурмагийг боловсруулж байна. Нэгдсэн технологи батлагдах гэж байна. Төвийн барилга баригдаад, бид мэдээллээ авч чадвал хяналт тавих боломж бүрдэнэ. Ерөөсөө галт тэрэг төлөвлөлтийн нэгдсэн системийн программ хангамжийг төслийн хэмжээнд хийгээд явж байна. Үүнийг төмөр замууд дагаж мөрдөх ёстой. Хөдөлгөөний аюулгүй байдлын талаар ярьж байхад ний нуугүй хэлэхэд хууль эрх зүйн орчин дутагдах шинжтэй байна. Тэгэхээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг бид онцолж авч үзэхгүй бол өнөөдөр яригдаж байгаа сэдэв болгон энд төвлөрч байна. ТАД ярихаар төмөр замын бус мөртлөө төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн оруулж ирдэг хувийн хэвшлийн байгууллагууд маш олон болчихлоо. Тэдэнд үйлчилдэг хууль гэж байхгүй. Хэдхэн жилийн өмнө бид 3-4 мянган вагон ярьж байсан бол одоо 12500 гаруй вагоны асуудал ярьж сууна шүү дээ. Асар хурдтай хөгжиж байгаа энэ салбар эрх зүйн зохицуулалт шаардаад эхэлж байна. Бүх асуудлыг дүрэм журмаар зохицуулаад явна гэдэг бол учир дутагдалтай. Энэ бол анхаарал татах том асуудал болсон шүү гэдгийг энэ зөвлөгөөнийг ашиглаад хэлмээр байна.
Модератор: Ш.Нямсүрэн дарга саяхан БНСУ-д Дэлхийн төмөр замуудын холбооны төмөр замын аюулгүй сэдвээр зохион байгуулагдсан хуралд оролцож, илтгэл тавиад ирсэн. ОУ-ын Төмөр замуудад аюулгүй байдлын систем хэрхэн шинэчлэгдэж байна вэ энэ талаар мэдээлэл өгөөч. Хоёрдугаарт, УБТЗ-ын аюулгүй байдлын систем бусад төмөр замуудын хувьд загвар болох талтай. Энэ талаар та бусад төмөр замынханд хандаж юу хэлэх вэ?
УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн: Ер нь, ОУ-ын төмөр замууд харж байгаа цонхоо нэг болгож байна. Тэр бол аюулгүй байдлын системчилсэн загварчлал. Системээр нь авч үзээд бодлогоор аюулгүй байдлын эрсдлийг бууруулдаг. Аюулгүй бадлын тогтолцоог нэвтрүүлж байгаа, хэрхэн нэвтрүүлж байгаа арга зам, ямар хүндрэл байна гэдгийг нэлээд ярьсан. UIC-аас жил болгон тухайн төмөр замууд дээр судалгаа, хэрэгжилтийн үнэлгээг хийж, эрсдлийг нь үнэлээд зөвлөмж болгож байна. Энэ жил бид УБТЗ-ын гаргасан бүх бодлого аюулгүй байдлын тогтолцоог англи хэл рүү орчуулаад 11 дүгээр сард хүргүүлнэ. Тодорхой хугацааны бидний ажлын үр өгөөжийг дүгнээд зөвлөмж өгөх юм.
Бусад төмөр замуудад хэлэхэд үзлэг шалгалтын хувьд нэлээд өөрчлөгдөж байгаа юм байна. Үнэхээр эрсдэл нь буурчихсан газар заавал очоод байх шаардлагагүй хяналт шалгалтыг хийх арга зам нь өөрчлөгдсөн байна. Гурав дараалаад тухайн хэсэгт эрсдэл нь буураад, хамгийн бага буюу 1 гэсэн түвшинд орсон бол тухайн объект, өртөө зөрлөгийг үздэггүй юм байна. Бусад өндөр эрсдэлтэй газруудад хяналт тогтоодог. Энэ хяналтаар аль болох ажилчидтай харьцах биш үндсэн статистик үзүүлэлтүүдийг аваад хяналт шалгалтаа зохион байгуулдаг загварчлал дэлхий дээр түгээмэл болж байгаа юм байна. Тиймээс шинээр бий болж байгаа олон төмөр замууддаа хэлэхэд бидний харах цонх, хийх үйлдэл нэг байх юм бол бодлого барьж байгаа яам болон хяналт хийж байгаа байгууллагууд нэг загварчлалтай болох болов уу гэсэн бодолтой байна.
ЗТХЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Бат-Өлзий: Нэг зүйл тодруулж хэлэхэд аливаа хяналт шалгалт эрсдэлд суурилж хийгдэнэ. Бид үндсэндээ хяналт шалгалт хийх объектуудыг эрсдлийн ангилалд хамруулах шалгуур үзүүлэлтээ Засгийн газрын хуралдаанаар оруулаад батлуулчихсан. Удахгүй албажаад гараад ирнэ. Үүнтэй холбогдуулаад бид удахгүй бүх төмөр замуудаасаа эрсдэлд хамрагдах объектуудын жагсаалтуудыг авч нэгтгэнэ. Тэндээс их эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, бага эрсдэлтэйд орох объектуудыг ангилж байгаад хяналт шалгалтын давтамжуудыг тогтооно. Мөн эрсдэлд хамрагдах объектуудын жагсаалтыг ЗТХ-ийн Сайдын тушаалаар баталгаажуулна. Цаашдаа хяналт шалгалтыг их эрсдэлтэй рүү чиглүүлж, эрсдлийг бууруулахыг зорьж ажиллана. Бид ч бас ОУ-ын жишгээр ажиллахыг зорино.
Хэлэлцүүлгийн дараагийн хэсэгт зөвлөгөөнд оролцогчид сонирхсон асуултдаа хариулжт авч, мөн үзэл бодлоо илэрхийллээ. Тухайлбал, УБТЗ-ын Замын IV ангийн дарга А.Оргодол “Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад төмөр замчдын нийгмийн олон асуудлыг тусгасан эдгээр заалт хэвээр батлагдах уу, хоёрдугаарт, шинэ төмөр замуудад байгаль ан амьтдын нүүдлийг хязгаарлахгүй гэдэг үүднээс хориг хашаа татахгүй байгаа. Гэтэл төмөр замын зурвас газар, аюултай бүс гэсэн заалтууд зөрчигдөж байна. Мөн энэ замуудыг элснээс хамгаалах, аюулгүй байдлыг хамгаалах зэрэг асуудлыг хэрхэн шийдэх вэ?” гэж асуулаа. Мөн Амгалан ЦХА-ийн дарга Батчулуун “Төмөр замын гарам, гарц, аюултай бүсийн дэглэмийн талаар ярихаас аргагүй. Амгалан орчимд том худалдааны төвүүд байрладаг. Дээр нь, хүн амын нягтрал улам нэмэгдэж байна. Орон сууцны хороолол, сургуулиуд шинээр баригдаж байна. Гэтэл тэр орчимд төмөр замын гарц, гармын төлөвлөлт байхгүй байна. Тэгэхээр аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ. Энэ чиглэлд аюулгүй байдлыг хангасан гарам, гарц барихаар төлөвлөсөн зүйл бий юу?”, МТЗ ТӨХК-ийн ажилтан Пүрэвсүрэн “Надад нэг хүсэлт байна. Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль маш чухал шаардлагатай. Энэ хууль шаардлагатай байгаа ганцхан жишээ хэлье. Говийн шинэ төмөр замын бүтээн байгуулалтын явцад ажиглагдсан нэг зүйл бол малаа дайруулсан малчид хорлон сүйтгэх үйл ажиллагаа хийж байна уу эсвэл ойлголтын зөрүүгээс үү зам дээр янз бүрийн зүйл тавьж байна. Яаралтай тоормос хийх, дайрах тохиолдол гарч байна. Замын хажууд байсан зам төмрийг зам дээрхөндлөн гозойлгоод орхисон тохиолдол гарсан. Дагуу явсан галт тэрэг тулдаа түүнийг дайраад гарсан болохоос сөргүү явсан бол түүнд сүлбүүлээд дуусах байсан. Ийм асуудлыг Өмнөговь аймаг болон Цогтцэций сумын Цагдаагийн газарт мэдэгдэхээр хууль байхгүй учраас хорлон сүйтгэх ажил хийсэн хүн зүгээр өнгөрч байна. Тиймээс аюулгүй байдлын тухай хууль маш чухал байна. Үүнд нэг зүйлийг тодорхой тусгаж өгмөөр байна. Гарсан хохирлын мөнгөн дүнгээс үл хамааран хийсэн үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болмоор байна. Тэгэхгүй бол хохирлын мөнгөн дүн эрүү үүсгэх хэмжээнд хүрэхгүй байна гээд хэрэгсэхгүй болгоод хаяж байна” гэв.
Мөн УБТЗ-ын Вагоны албаны дарга Л.Болд “Төмөр замын тээврийн хяналт мэргэжлийн хяналтаас салбарын хяналт руу шилжиж байгаа үйл явц явагдаж байна. Төмөр замын аюултай бүсийн дэглэмийг хот суурин газруудад мөрдүүлэхийн тулд хориг хашаа биш хаалттай байх ёстой. Нөгөө талаар, өртөө зөрлөгийг байгуулахад хонгилон болон гүүрэн гарцыг заавал барьж байгуулсан байх стандарт шаардлагыг тусгаж өгөх хэрэгтэй. Үүнийг бодлогын баримт бичигт оруулах ёстой. Энэ асуудал нь улмаар галт тэрэгний үзлэгт нөлөөлдөг. Нэг галт тэргэнд хийх үзлэгийн давтамж олон байна. Энэ юутай холбоотой вэ гэхээртөмөр замын аюултай бүс хаалт хориггүй учраас өртөө зөрлөгийн замаар гадны хүн чөлөөтэй зорчиж байна. Галт тэрэг гадны халдлагад өртөх эрсдэл өндөр байгаатай холбоотой. Мөн Хятад улсад үйлдвэрлэгдсэн вагонууд тээвэрт оролцож байна. Энэ вагонуудын засварын газрууд нээгдсэн. Гэхдээ тэр засварын газраас гарч байгаа бүтээгдэхүүн ямар стандартын шаардлага хангаж байх ёстой вэ гэдэг хяналтын тогтолцоо байхгүй. Мөн хятад вагонуудын явах анги хайрцган гүүшинтэй. Хайрцган гүүшингийн ашиглалтын заавар одоо болтол гараагүй. Мөн хайрцган гүүшинд үйлчилгээ засвар хийх үечлэл хугацаагаар болон явсан км-ээр тодорхой биш байсаар байна. Энэ мэт аюулгүй байдалтай холбоотой олон асуудал шийдэгдэхгүй байна.. Ер нь, төмөр замын тээврийг явуулахад аюулгүй байдлын зардал гэж заавал байх ёстой. Аюулгүй байдлын зардалд төмөр замын тээврийн орлогын 15-20 хувь нь зарцуулагдаж байх ёстой. Энэ зардал бол та бүхний бизнесийн амжилтын зардал юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн өөрийн үзэл бодлыг илэрхийллээ.
Зөвлөгөөний төгсгөлд нэгдсэн шийдвэр гарсан юм. Үүнд
1. Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж хэрэгжүүлж, ажиллах /суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нар/
2. Суурь бүтэц хооронд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн солилцох, суурь бүтцийн ажилтнууд харилцан нэвтэрч сэлгээний ажил гүйцэтгэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн харилцан туршлага солилцож хамтран ажиллах, батлагдсан дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, төмөр замын сүлжээнд Нэгдсэн технологи, нэгдсэн зурмагаар хөдөлгөөнийг зохион байгуулах /ГТХЗНТ, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нар, ЗТХЯ/
3. Хууль, дүрэм, журмын зохих өөрчлөлтүүдийг тусгах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр асуудлуудыг цаг алдалгүй шийдэж, дэмжлэг үзүүлэх /ЗТХЯ/
4. ГТХАБ-ын чиглэлээр энэ зөвлөгөөнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулж байх /ЗТХЯ, ГТХЗНТ/
5. Төмөр замуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах асуудлыг хамтран авч хэрэгжүүлэх /ЗТХЯ, ГТХЗНТ/
Ц.Лувсан: Өндөр ач холбогдолтой зөвлөгөөн боллоо.
Тус зөвлөгөөний талаар УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны төвийн хэсэглэл хариуцсан байцаагч бөгөөд албаны орлогч дарга Ц.Лувсангаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр, “2022 оны сүүлчээс эхлээд ЗТХЯ, ГХЗНТ-ийнхний зүгээс хамтарсан зөвлөгөөн зохион байгуулах санал тавьж эхэлсэн бол өнөөдөр ийнхүү бодит ажил боллоо. Зөвлөгөөний хүрээнд Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, цаашид ямар бодлогоор удирдан зохион байгуулж, салбарын доторх төр болон хувийн хэвшлийн олон төмөр замын ажлын уялдааг яаж хангах, түүнийг хэн хариуцах вэ гэдэг асуудлыг тал талаасаа дэвшүүлэн ярилцлаа. Тус зөвлөгөөнд оролцсон байгууллагын төлөөллүүд өөрсдийн үйл ажиллагааны талаар үндсэн илтгэлээ сонордуулснаас гадна салбарын яамны холбогдох газрууд одоо болоод цаашид хэрэгжүүлэх бодлого чиглэлүүдээ маш цэгцтэй, ойлгомжтой танилцуулсан нь зөвлөгөөнийг илүү сонирхолтой, үр дүнтэй болголоо. Энэ зөвлөгөөнд ихэвчлэн аюулгүй байдлын байцаагч нар оролцсон учраас төгсгөлд нь өрнүүлсэн хэлэлцүүлэг нэлээд өргөн хүрээнд болж, төлөвлөсөн цагаасаа хоёр цагаар сунаж үргэлжиллээ. Хүний нөөцөө хэрхэн авч үлдэх, шинээр бэлтгэх, хоорондоо ямар уялдаатай ажиллах, машинч нарын жолоодох эрхийг хэрхэн олгох, түүнийг хэн хариуцах гэхчлэнгээр олон чухал асуудлыг хөндлөө. Дээрээс нь батлагдан хэрэгжиж байгаа ч хоорондоо зөрөлддөг дүрэм журмын заалтууд их бий. Эдгээрийг яаж цэгцлэх, Төмөр замын тээврийн тухай хууль шинэчлэн найруулагдаж гарч ирсний дараа хуучин дүрмүүдээ хэрхэн нийцүүлэх гээд тал бүрээс нь зөвлөлдлөө” хэмээв.
Б.Гүнжинлхам