УБТЗ-ын Статистик бүртгэлийн төвөөс жил бүр хийдэг “Статистикчдийн зөвлөгөөн”-өө зургадугаар сарын 26-д зохион байгууллаа. Зөвлөгөөнд ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа, стандарт, статистикийн хэлтсийн дарга Ц.Мядагмаа, Статистик бүртгэлийн төвийн дарга Д.Тамир, Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Л.Бямбасүрэн тэргүүтэй төмөр замчид, тэр дундаа бүх өртөө, зөрлөгийн мэдээлэгчид оролцлоо. Мөн зөвлөгөөнд Үндэсний статистикийн хороо, ГТХЗНТ болон төр, хувийн хэвшлийн бусад төмөр замын компаниудын төлөөлөл оролцов. Мэдээллийн технологийн албаны программ зохиогч инженер Ц.Наранцогт тэргүүтэй инженерүүд төмөр замын ачаа тээврийн цахим программуудыг хөгжүүлэн улам боловсронгуй болгож буйгаа танилцуулж, мэдээлэгчдэд тулгамддаг олон асуудлыг сонсон боломжтойг нь шийдвэрлэж ажиллахаа илэрхийлсэн юм. Тухайлбал, өртөө, зөрлөгийн ачаа вагон хүлээлцэгч, тооцооны оператор, тасалбарын нярвууд мэдээлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг аж. Тиймээс тусад нь орон тоотой болгох, үгүй бол хавсран ажилласны нэмэгдэл олгох зэрэг асуудлыг хөндөв. Тухайн ажилтнууд энэ талаар өөрсдөө дээд байгууллага буюу Тээвэр зохион байгуулалтын албандаа хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэрлэх боломжтойг холбогдох удирдлагууд илэрхийллээ. Түүнчлэн, мэдээлэгч гэх нэршлийг статистикч болгон өөрчлөх тухай өмнөх зөвлөгөөнөөр хэлэлцсэн нь биелэх боломжтой эсэхийг лавлаж байсан юм. Мөн энэ зөвлөгөөнөөр шилдэг тэргүүний ажилчдаа шагнаж урамшууллаа.

 Ийнхүү бүтэн өдөр үргэлжилсэн “Статистикчдын зөвлөгөөн”-ий үеэр зохион байгуулагч болон зочин, оролцогчдоос сэтгэгдлийг нь сонслоо.

 

Статистик бүртгэлийн төвийн дарга Д.Тамир:

 

            -Өмнөх жилүүдийн зөвлөгөөнөөр мэдээлэгчдээс тавьсан саналуудыг бид программдаа бүрэн тусгасан. Тэдний ажил өмнөх жилүүдээсээ илүү хялбар болж байгаа. Цаашид салбарын статистикийг бүрдүүлэхэд ууган төмөр замынхаа хувьд бусад шинэ төмөр замын байгууллагуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилт тавьж байна. Үндэсний статистикийн хороо болон ЗТХЯ-ны төрийн мэдээллийн нэгдсэн системд тээврийн өгөгдлүүдийг холбох, систем интеграци хийхэд шинэ төмөр замуудад дэм болно. Манай хувьд энэ бүхнийг хийчихсэн. Бидний эцсийн бүтээгдэхүүн бол тайлан, тоо хоёр байдаг. Тэгэхээр тоон дээр яаж боловсруулалт хийж болох юм. Өгөгдлийг хэрхэн боловсруулж, мөнгө болгож, эсвэл шийдвэр гаргах түвшинд яаж ашиглаж болох вэ гэдэг талаас нь энэ удаа нэлээд мэдээлэл өгч, зөвлөлдлөө.

 

            -Та бүхний хийсэн томоохон ажил вагон тооллого шүү дээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

 

-Тиймээ, ГТХЗНТ-ийн даргын 175 тоот албан бичиг, УБТЗ I орлогч даргын 194Б тоот цахилгааныг үндэслэн Монгол Улсын ачааны гадаад, дотоод паркийн вагоны тоо, төрөл, зориулалтыг нарийвчлан гаргалаа. Тооллогыг өртөөдийн болон Удирдах газраас томилогдсон 534 ажилтан хийж, нийт 15479 вагон тоолсон байна. Үүнээс дотоод паркийн 9690 /УБТЗ-ын 3255, дотоод хувийн эзэмшлийн 6435/, гадаад паркийн 5789 вагон байна. УБТЗ-ын 3255 вагоныг төрлөөр нь авч үзвэл:

  • Ледник зургаа

  • Цистерн 86

  • Контейнеровоз

  • Тавцант вагон 165

  • Битүү вагон 416 /үүнээс нэг нь “Амарсанаа” ХХК-аас түрээсэлж байгаа/

  • Хагас вагон 1844

  • Хоппер 156

  • Думпкар 63 байна.   

Хувийн эзэмшлийн 6435 вагон нь “МТЗ” ТӨХК-ийн 275, “БТЕГ” ХХК-ийн 2003, “МТЛ” ХХК-ийн 821, “Зураг төслийн институт” ХХК-ийн 686, “Илиник жи вэй ложистикс” ХХК-ийн 350, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 761, “Талын хишиг майнинг” ХХК-ийн 50, “Бүргэд транс” ХХК-ийн 100, “Шийда ложистик” ХХК-ийн 50, бусад компаниудын 1339 вагон тус тус тоологдлоо.

 

 

Ц.Мядагмаа: Ажлаа уялдуулж, мэдээлэл солилцсон чухал уулзалт боллоо

 

ЗТХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа, стандарт, статистикийн хэлтсийн дарга

            -Төмөр замын салбарын өгөгдөл мэдээлэл анхан шатанд үүсэх үйл явдлаас авхуулаад хэдий хугацаанд ямар үе шаттай боловсруулан гардаг юм гэдэгт бүх шатны оролцогч зөвлөлдөж, ажлаа уялдуулахаар мэдээлэл солилцсон чухал уулзалт боллоо. Статистик мэдээллийг боловсронгуй болгох чиглэлд ЗТХЯ тодорхой бодлого барьж ажилладаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны үйл ажиллагаанд нь бүртгэл үүсгэх, мэдээллүүдийн өгөгдлийг боловсруулах, дүн шинжилгээ хийх, судалгаанд ашиглах, судалгаанаас гарсан үр дүнг бодлого шийдвэр, төлөвлөлтөд ашиглах, улмаар үүнийхээ үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг бий болгох зэрэг чухал ач холбогдолтой байдаг. УБТЗ-ын статистикчдын хувьд яамны зорилго чиглэлд нийцэн ажиллаж байна. Мөн цаашид шат шатандаа засаж сайжруулах ажил байгааг олж харж, хэлэлцэн шийдвэр гаргаж буй нь маш сайн.

 

            -Статистик мэдээлэл бүрдүүлэлт талдаа УБТЗ бусад зам, тээврийн байгууллагуудтай харьцуулбал ямар түвшинд байна вэ?

 

            -УБТЗ бол олон жилийн туршлагатай байгууллага. Төмөр замын үйл ажиллагаа өөрөө цаг минутад хэмжигддэг, нарийн төлөвлөлт, зохион байгуулалт, технологи дээр суурилдаг учир тухайн цаг үед нь бүртгэх, мэдээллээ дамжуулах шаардлагатай байдаг. Тэгэхээр үүнд үндэслээд ямар төрлийн мэдээллийг хэдий хугацаанд хааш нь хэнд яаж дамжуулах юм гэдэг систем нь цаг хугацааны хувьд бүрдсэн. Үүнийгээ 1997 оноос эхлэн программ хангамж руу оруулан хөгжүүлээд явж байгаа. Ер нь, зам тээврийн салбарын нэгдсэн статистик гээд үзвэл тэр дундаа төмөр замынхан мэдээллээ хангалттай оруулдаг. Гэвч цаашид илүү хөгжүүлэх шаардлага бий. УБТЗ үүндээ анхааран хөгжүүлж байгаа юм байна. Харин хувийн хэвшлийн болон шинээр байгуулагдсан төрийн өмчит төмөр замын компаниуд бий болоод удаагүй, үйл ажиллагаа нь жигдрээгүй байна. УБТЗ бол салбартаа том ах нь. Тиймээс тэд ах төмөр замаасаа мэдээгээ хэрхэн бэлтгэх, тайлангаа яаж гаргах, мэдүүлэх зэрэгт үлгэр авч, нэгдсэн платформд оруулж байгаа. Цаашид мэдээлэл оруулахаас илүү үйл ажиллагаагаа стандартжуулах нь чухал.

 

Замын-Үүд өртөөний мэдээлэгч Д.Энхцэцэг:

 

            -Өнгөрсөн жилийн зөвлөгөөнд би оролцохдоо программ хангамжийн талд шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлыг бичгээр өгөхөд бүгд биелэлээ олсон. Цаашид бидний ажлыг илүү хялбарчлахаар олон шинэчлэлийг үе шаттай хийхээр төлөвлөснөө танилцуулж байна. Нарийн царигийн Натурка программ системд орчихвол бид нарийн царигийн галт тэрэг солилцоог татдаг болно. Мөн санамжийг цахим болгох юм байна. Тэгвэл орон нутгийн вагоны сул зогсолт үнэн зөв гарч ирнэ. Бидний ажлыг маш их хөнгөвчилж өгч буйд баяртай байгаа. Миний хувьд 2021 оноос хойш энэ ажлыг хийж байна. Анх дагалдаж байхад ажлын Эрдэнэцэцэг эгч, одоо хамт ажиллаж буй Золзаяа нар маань “УБТЗ-ын хэмжээний хоногийн тоон мэдээллийг гаргахын тулд бидний гүйцэтгэдэг анхан шатны бичиг баримт үнэн зөв байх ёстой” гэж хэлдэг байсан. Тиймээс “Буруу тоо гаргачихвал яана” гэж айдаг байлаа. Түүнээс хойш программууд улам л боловсронгуй болж, ажиллахад ч амар болсон. Д.Тамир дарга “Монгол Улсын статистик үзүүлэлтийн тодорхой хувийг УБТЗ бүрдүүлж, түүний үндсэн мэдээллийг нь та нар хийдэг” гэхийг сонсоод ажлаараа бахархах сэтгэл төрсөн. УБТЗ-ын мэдээлэгчийн ажил маш чухал, өндөр хариуцлагатай ажиллах ёстой албан тушаал гэдгийг сайн ойлгосон.

 

            Өргөн өртөөний тооцооны оператор-тасалбарын нярав Д.Ариунцэцэг:

 

            -Цахим программын хувьд маш сайн хөгжиж, ашиглахад ойлгомжтой болж байгаа. Гэвч программ зохиогч инженерүүд улам дэлгэрэнгүй болгохоор ажиллаж байна. Би 2013 онд УБТЗ-ын Зүүнбаян өртөөнд тооцооны оператор-тасалбарын нярваар ажилд ороход программ нэвтрээгүй. Ирсэн, явсан галт тэрэг, буусан, ачсан ачаа гээд бүгдийг дэвтэрт бичээд, мэдээллээ утсаар өгдөг байлаа. Гол замын бусад өртөөнийхнийг хараад “Манайх программаар өгдөг ч болоосой” гэж боддог байсан. Харин 2017 оноос интернэт нэвтэрснээр программаар мэдээллээ өгдөг болсон. Ажил хөнгөвчлөөд маш амар санагдаж билээ. Түүнээс хойш өнөөг хүртэл программаа улам л баяжуулж байна. Гэвч хүн гэдэг давруу амьтан. Программаас татагддаггүй үлдсэн зарим мэдээг татдаг болгоосой гэж бодоод байгаа (инээв). Ер нь, ажлын байр автоматжсанаар залуучуудад ажиллах урам зориг орж, тогтвор суурьшил ч бий болно шүү дээ. Би өнгөрсөн тавдугаар сараас Өргөн өртөөнд ажиллаж байна. Манайх орон нутгийн ачилттай өртөө. Олон сайхан залуус гар нийлэн ажилладаг. Энэ ташрамд Үндэсний статистикийн хорооны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнаж, ажил хөдөлмөрийг минь үнэлсэнд маш их баярласнаа илэрхийлье. УБТЗ-д ажиллаад анх удаагаа авч буй шагнал маань энэ боллоо. Цаашид илүү хичээж ажиллана.

 

М.Наранболд