УБТЗ ХНН 2019 онд “Хүний нөөцийн бодлогын баримт бичиг”-ээ баталж, энэ хүрээнд төмөр замын хүний нөөцийг шаталсан системээр бэлтгэх зорилгоор ЕБС-уудыг түшиглэн төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай гүнзгийрүүлсэн анги нээх шийдвэр гаргасан. Үүний дагуу 2020 онд Нийслэлийн ЕБ-ын 20,73 дугаар сургууль, Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын III сургууль, Замын-Үүд сумын I сургууль, Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуультай “Санамж бичиг”-ийг байгуулан төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай гүнзгийрүүлсэн ангиудыг нээсэн билээ. Эдгээр ангиудад 2020–2021 оны хичээлийн жилд нийт 95 хүүхэд суралцан төгссөнөөс 22 сурагч буюу 23.16 хувь нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн Зам харилцааны улсын их сургуулиудад сурч байгаа аж. Мөн ТЗДС-д 14 сурагч буюу 14.74, УБТЗ-ын Политехник коллежид 15 сурагч буюу 15.51 хувь нь хамрагдсан судалгаа бий.

Харин өнгөрсөн оны хоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын I болон Мандал сумын II сургууль, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын II сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулан төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай анги шинээр нээжээ. Ингэснээр нийт 12 ангид 2021 – 2022 оны хичээлийн жилд 120 суралцсан байна.

Эдгээр сурагчдаас 13 сурагч ОХУ-ын Зам харилцааны улсын их сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, ТЗДС-д 21, УБТЗ-ын Политехник коллежид 10 сурагчтус тус элсэн суралцаж байгаа юм.

Ийнхүү 2020 оноос дээрх ЕБС-уудтай төмөр замын мэргэжлийг сурталчлах хамтын ажиллагааг эхлүүлснээс хойш хоёр удаагийн төгсөлтөөс бнийт 215 хүүхэд төгсгөсний 95 сурагч буюу эхний жил 50, хоёр дахь жил нь 40орчим хувь нь төмөр замын мэргэжлийг сонгонсуралцсан гэх судалгааг УБТЗ-ын Хүний нөөцийн албанаас гаргажээ.

Түүнчлэн, 2022-2023 оны хичээлийн жилд ЕБ-ийн найман сургуулийн 10, 11, 12 ангийн нийт 323 сурагч суралцаж байна. Тодруулбал, Нийслэлийн 73 дугаар сургуульд 13, 20 дугаар сургуульд ес, Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуульд 67, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын I сургуульд 23, Мандал сумын II сургуульд 27, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын II сургуульд 137, Дорноговь аймгийн Сайншанд сумын III сургуульд 27, Замын-Үүд сумын I сургуульд 20 хүүхэд тус тус суралцаж байна. Тэднээс энэ хавар 121 хүүхэд ЕБС-иа дүүргэж, ирээдүйн мэргэжлээ сонгохоор бэлтгэж байгаа юм. Энэ хаврын төгсөгчдөөс 20 нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаар материалаа бүрдүүлэн РЦНК буюу Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухааны төвд өгсөн хэмээн Хүний нөөцийн албаны сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Энхтөр ярилаа.

УБТЗ-ын зүгээс дээрх ЕБС-уудтай хамтран ажиллах гэрээний хүрээнд анги танхим тохижуулах, суралцагчдыг идэвхжүүлэх зорилгоор төмөр замын салбар нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцуулах, Хүүхдийн төмөр замаар аялуулах зэрэг ажлыг зохион байгуулжээ. Мөн суралцагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор төмөр замын мэргэжил сурталчилах өдөрлөгийг орон нутагт зохион байгуулах болсон. Үүний үр дүнд төмөр замын мэргэжлийг сонирхон суралцах хүүхдүүдийн тооноос харагдаж байгаа юм.

 

     Сурагчид дадлагын хичээлдээ маш идэвхитэй оролцдог

Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуулийн математикийн багш Ж.Туул төмөр замын мэргэжлийн чиг баримжаа олгох ангийг дааж аваад гурав дахь жилдээ ажиллаж байна. Түүнтэй холбогдож, зарим асуултад хариулт авлаа.

-Ирээдүйн төмөр замчдыг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа танд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье?

-Баярлалаа, миний хувьд 2020 оноос төмөр замын мэргэжлийн чиг баримжаа олгох сургалттай ангид суралцах хүсэлтэй аравдугаар ангийн 17 хүүхэд хүлээж аваад гурав дахь жилдээ ажиллаж байна. Сурагчдын  маань 13 нь энэ жил сургуулиа төгсөөд төмөр замын мэргэжил эзэмших мөрөөдөлтэй байгаа. Дөрвөн хүүхэд явцын дунд мэргэжил сонголтоо өөрчилсөн.

-Лицей ангид сурч байгаа хүүхдүүд маань ямар хичээлийг гүнзгийрүүлэн судалдаг вэ?

-Математик, физикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалж, орос хэлний хичээлийг сонгон суралцах чиглэлээр явж байгаа. Зөвхөн математикийн хувьд л гэхэд 11 дүгээр ангидаа долоо хоногт хоёр цаг, 12 дугаар ангидаа долоо хоногт гурван цагаар гүнзгийрүүлэн судлах хөтөлбөртэй. Үүний зэрэгцээ энэ хүүхдүүд манаь төмөр замын аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, Хүүхдийн төмөр замын сургалтын төвд төмөр замын мэргэжлийн чиглэлээр онолын хичээл үзэх, дадлага хийх зэргээр нэлээд ачаалалтай суралцдаг.

-Хүүхдүүд сэтгэгдэл ямар байгаа вэ?

-Хүүхдүүд маань төмөр замын мэргэжилээр тууштай суралцана гээд сэтгэгдэл өндөр байдаг. Дээрээс нь, манай сургуультай УБТЗ анх гэрээ байгуулаад анги нээхдээ манай ангийг засаж тохижуулж өгсөн. Дараа жил нь н.Батмөнх багшийн ангийг тохижуулсан. Хүүхдийн төмөр замыг анх нээгдэхэд манай ангийн есөн хүүхдэд УБТЗ-аас иж бүрэн дүрэмт хувцас хийлгэж өгсөн. Хүүхдүүд маань хувцсаа өмсөөд Хүүхдийн төмөр замын нээлтэд оролцсон. Ийм байдлаар, төмөр замчид маань бидэнтэй маш сайн хамтарч ажилладаг. Энэ ташрамд хэлэхэд, Дарханд Хүүхдийн төмөр зам байгуулсан нь манай хүүхдүүдэд маш их давуу талыг олгосон шүү.

-Танай ангид аав ээжийнхээ мэргэжлийг өвлөх хүсэлтэй төмөр замчдын хүүхэд хэр байдаг вэ?

-Төмөр замчдын хүүхэд ердөө хоёр бий. Манай ангид Дарханаас гадна Сэлэнгэ аймгийн сумдаас хүүхдүүд сурдаг.

-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцахаар материалаа бүрдүүлж өгсөн хүүхэд бий юу?

-Манай гурван сурагч материалаа өгсөн. Эхний хоёр шалгуурт тэнцсэн. Анхан шатны шалгуур нь 9, 10,11 дүгээр ангийн дүнгийн үзүүлэлт байдаг юм билээ. Түүний дараа эрүүл мэндийн шинжилгээний хариугаа явуулсан. Гуравдугаар шатанд орос хэл дээр эссэ бичнэ. Бусад хүүхдүүд маань ТЗДС-д элсэхээр бэлтгэж байгаа гэлээ.

   Хүүхдийн төмөр замын сургалтын төвд 18 дугаар сургуулийн гурван ангийн 68 сурагч төмөр замын ерөнхий курсын онолын болон практик сургалтад хамрагддаг юм байна. Хүүхдийн төмөр замаас энэ хичээлийн жилд нэг хүүхэд 52 цагийн сургалтад хамрагдах хөтөлбөр гаргажээ. Өнгөрсөн есдүгээр сараас дөрөвдүгээр сарын 15 хүртэл нийт сурагчид 140 цагийн сургалтад хамрагдсан байна. Сургалтыг Хүүхдийн төмөр замын ажилтнууд  явуулдаг аж.

Хүүхдийн төмөр замын өртөөний жижүүр Б.Мэндбаяр:   

     -Манайх төмөр замын галт тэрэгний хөдөлгөөн 11 дүгээр сараас дөрөвдүгээр сарын 1 хүртэл зогсдог учраас дээрх хугацаанд хүүхдүүд маань онолын хичээлүүдээ үздэг. Дөрөвдүгээр сарын 1-нээс хойш үзсэн онолын мэдлэгээ үйлдвэрлэл дээр бататгах дадлагын хичээл эхэлсэн. Миний хувьд есдүгээр сараас ашиглалтын мэргэжлийн ерөнхий мэдлэг олгох сургалтыг хариуцан хичээл зааж эхэлсэн. Дадлагын үеэр  хүүхдүүдээ чанга яригчаар зарлан мэдээлэх, галт тэрэг үдэн гаргах, угтан авах, машинчтай албан яриа хийлгэх, өртөөний орох, гарах дохио нээх, сум гуйвуулах зэргээр дадлага хийлгэдэг. Хүүхдүүдэд ингэж бодит байдлаар дадлага хийх нь маш сонирхолтой байдаг гэж ярьцгаадаг, хичээлдээ маш идэвхитэй оролцдог хэмээсэн билээ.

 

Б.Гүнжинлхам