Тэртээх 1953 оны долдугаар сарын 14-ний өдрийн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолоор Төмөр замын техникум анх байгуулагдсан түүхтэй. Өдгөө 70 жилийн ойтойгоо золгож буй тус сургууль баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ. Баярын эхлэл болгож сургуулийн үе үеийн төгсөгчидтэй уулзах нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав. Мөн “Инноваци-Тогтвортой хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Ган зам палас”-т зохион байгуулж, олон улсын эрдэмтэн, судлаачид оролцоо. Эрдэм шинжилгээний хурлыг нээж ТЗДС-ийн захирал, доктор У.Мягмарсүрэн мэндчилгээ дэвшүүлээд, “Салбарын эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг эрчимжүүлж, төмөр замын салбарын инноваци чиг хандлагаар хөгжүүлж, байгууллагын үр өгөөжийг нэмэгдүүлэх, төмөр замын аюулгүй байдлыг хангуулж, олон улсын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, сайн туршлага, санаачилгыг сурталчилж, олон улсад өрсөлдөхүйц чадварлаг мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх болно” гэдгийг дурдав. Түүнчлэн, Замын дарга Х.Хэрлэнгийн мэндчилгээг Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Н.Энхцогт уламжлан дэвшүүлж “Монгол Улсад УБТЗ ХНН байгуулагдсанаар төмөр замын салбар эрчимтэй хөгжиж, мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэх зорилт тулгарсан байдаг. Тиймээс 1953 онд Төмөр замын техникумыг байгуулсан нь өнөөгийн ТЗДС-ийн үндэс болсон. Энэ сургууль байгуулагдсан цагаасаа нийгэмлэгийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлж, төмөр замын тасралтгүй, найдвартай байдлыг хангахад шаардлагатай мэдлэг чадвар бүхий мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж УБТЗ-ын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Замын захиргаа сургуулийн сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг чадваржуулахад байнга анхраарч ирсэн. Цаашид ч бид улам их анхаарал хандуулах болно. Монгол Улсад төмөр замын тээврийн салбар өргөжин хөгжиж, тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэхийн хэрээр мэдлэг чадвартай хүний нөөцийн эрэлт хэрэгцээ ихсэж байна. Иймд ТЗДС-д сургалтын чанараа улам сайжруулж, УБТЗ ХНН-ийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэх хариуцлагатай үүрэг ногдож байгаа юм. Тус сургуулийн хамт олон энэхүү эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, сургалтын чанараа улам сайжруулж ажиллахыг хүсье” гээд ойн баярын мэнд хүргэлээ. Мөн Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Замын даргын зөвлөх Р.Раш нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.
Хуралд менежмент, техник-технологи, боловсрол гэсэн чиглэлийн дагуу ОХУ-ын Москва дахь Тээврийн их сургууль, Эрхүүгийн Зам харилцааны их сургууль, ХБНГУ-ын Тээврийн судалгааны хүрээлэн, БНСУ-ын Дунъян их сургууль, БНХАУ-ын Бугатын ТЗК, ЗТХЯ, МУИС, ШУТИС-ийн гурван салбар сургууль, ХААИС, “УБТЗ”, “МТЗ”, “ТТТЗ”, “Бодь групп”, “Инкон” зэрэг байгууллагын эрдэмтэн, судлаач нараас нийт 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл ирж, есөн аман илтгэл, 17 ханан илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Тухайлбал, зочин илтгэлээр “Төмөр замын салбарын хөгжил, хууль эрх зүйн орчны шинэчлэл” сэдвээр ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын ахлах шинжээч Л.Булганхүү, “ТЗДС-ийн хөгжлийн 70 жил” сэдвээр ТЗДС-ийн захирал, доктор У.Мягмарсүрэн, тус сургуулийн захирал асан, Монгол Улсын Гавьяат багш, техникийн ухааны доктор, профессор Б.Сэрвүүд нар хамтарсан илтгэл, мөн “УБТЗ-ын хөгжлийн чиг хандлага” сэдвээр УБТЗ ХНН-ийн Техникийн бодлого стандарчиллын албаны дарга С.Мөнх-Алдар нар оролцлоо. Харин гаднын зочдоос Германы сансар судлалын төвийн тээврийн системийн хүрээлэнгийн Кристиан Рахмиг, БНСУ-ын Дунъян их сургуулийн профессор Дон Вук О, Хюк Сан Юнг нар хамтын, ОХУ-ын Тээврийн их сургуулийн профессор Т.В.Шепитько, Н.А.Телятникова нар илтгэлээ хэлэлцүүллээ. Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлаас УБТЗ ажиллах хүчний нөөцөө бэлтгэхэд онцгой анхаарч, мэргэжилтнүүдээ хөгжүүлэх, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр зорьж буйг оролцогчид онцолж байсан юм. Мөн судлаачид онол арга зүйн туршлагаа солилцох, судалгааны бүтээлээ сурталчлан олны хүртээл болгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг бий болгох, ажилтнуудынхаа судалгааны чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагаа явуулдгийн нэг нь энэхүү эрдэм шинжилгээний хурал юм гэдгийг хэлж байлаа. Ийнхүү эрдэм шинжилгээний хуралд төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, салбарын судлаачид идэвхтэй оролцож илтгэл хэлэлцүүлж, байр сууриа илэрхийлэв.
Түүнчлэн, ойн баярын хүрээнд ТЗДС-ийн төгсөгч Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчдийг хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийлж, баярын тоглолтоо МҮЭСТО-нд зохион байгуулав. Баярын хурлыг ТЗДС-ийн захирал, доктор У.Мягмарсүрэн нээж, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, УБТЗ ХНН-ийн Ерөнхий инженер С.П.Старцев, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш, Төгсөгчдийн холбооны тэргүүн, Гавьяат тээвэрчин Л.Мөнхбаяр, БНСУ-ын Дунъян их сургуулийн ерөнхийлөгч Ha-Woon Lee нар мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Рашд ТЗДС-ийн “Хүндэт профессор” цол гардууллаа. Түүнчлэн, хамт олноо манлайлсан шилдэг тэргүүний багш ажилчдаа ЗТХЯ, БШУЯ болон УБТЗ ХНН, МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо зэрэг олон байгууллагын шагналаар шагнаж урамшуулав.
Хүндэтгэлийн тоглолтод ихэвчлэн тус суруулийн авьяаслаг 110 оюутан оролцсон бөгөөд тоглолтыг ЦДБЭЧ-ын уран сайхны удирдаач, МУСТА, дэд хурандаа У.Пүрэвсүрэн найруулсан байна. Мөн ЦДБЭЧ-ын гоцлол дуучин МУГЖ Б.Батбаатар, тус чуулгын бүжигчид болон Үндэсний “Цагаан лавай” чуулгын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүллээ.
У.Мягмарсүрэн: Эрдэм шинжилгээний хуралд гадны олон улсаас зочид оролцлоо
ТЗДС-ийн захирал, доктор:
-Бид ойгоороо 70 бүтээлч ажил төлөвлөсөн. Үүний хамгийн эхнийх нь сургалтын орчин, материаллаг баазаа хөгжүүлэхтэй холбоотой 4-5 анги танхимын засвар үйлчилгээг хийсэн. БНХАУ-ын Бугатын Төмөр замын сургуулийн хандиваар зүтгүүрийн чиглэлийн хоёр лаборатори, Багш хөгжлийн төвөө тохижууллаа. Цаашид бид сургуулийнхаа өнгө үзэмжийг сайжруулах, дээвэр, фасад засах гээд олон ажил байна. Энэ бүхнийг дэмжиж ажилладаг Замын удирдлагуудад талархал илэрхийлье. Энэ жилийн хувьд бидэнд хийх ажил их бий. Тухайлбал, Менежментийн нэгдсэн тогтолцооны хүрээнд Боловсролын стандартыг хэрэгжүүлэх ажлыг хийгээд явж байна. Мөн боловсролын болон хөдөлмөрийн магадлан итгэмжлэлд орно. Энэ онд байгууллагын магадлан итгэмжлэлд орох ёстой. Эдгээрийн бэлтгэл ажлыг хийж байгаа. Ойн үеэрээ бид төгсөгчдийн нээлттэй хаалганы өдөрлөг, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд олон улсын бидэнтэй хамтран ажилладаг олон сургуулиас зочид ирж илтгэл хэлэлцүүлсэнд баяртай байна. Мөн ойн хүндэтгэлийн тоглолт маш сайхан боллоо. Манай оюутнууд ямар их авьяастай юм бэ. Үнэхээр их бахархлаа. Сургууль маань шинээр “Бидний сургууль-Бидний бахархал” гэсэн сүлд дуутай болж, энэ дуугаа ТЗДС-ийн багш Г.Батбаяр, Т.Номинчулуун нар дуулж, олны хүртээл болголоо.
Ha-Woon Lee: Бид 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа
БНСУ-ын Дунъян их сургуулийн ерөнхийлөгч:
-Монгол Улсын УБТЗ ХНН-ийн ТЗДС-ийн 70 жилийн ойд уригдан оролцож буйдаа баяртай байна. Ойн үйл ажиллагаа их өргөн хүрээнд боллоо. Эрдэм шинжилгээний хуралд гэхэд л ОХУ, БНХАУ, Герман зэрэг олон улсаас оролцож илтгэл хэлэлцүүллээ. Баярын тоглолт ч үнэхээр үзүүштэй сайхан боллоо. Оюутнууд нь их авьяаслаг юм. Миний хувьд УБТЗ-ын “Хөгжлийн төлөө” шагналыг хүртсэндээ сэтгэл өндөр байна. Намайг энэ хэмжээнд үнэлж буйд талархаж байна. Цаашид хоёр сургуулийн хамтын ажиллагааг улам бататгаж, бүх зүйлээ зориулан ажиллах болно. Солонгост төмөр замын таван сургууль байдгаас манайх анхных нь, хамгийн том сургууль. Манай сургуульд зөвхөн төмөр замын чиглэлээр гэлтгүй бусад мэргэжлээр ч суралцдаг Монголын 100 гаруй оюутан бий. Харин төмөр замын чиглэлээр гэвэл ТЗДС-ийн оюутан Б.Банзрагчгарав манай сургуульд ирж төгсөөд, одоо магистрын түвшинд суралцаж байгаа. Цаашид зөвхөн сургуулийн гэлтгүй үндэсний буцалтгүй тусламжаар УБТЗ ХНН-тэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж олон оюутан элсүүлнэ. Техник, технологи болон боловсрол төслийн хэмжээ гэсэн гурван зүйл дээр Кориэл, Дунъян их сургууль, УБТЗ хамтран ирэх арванхоёрдугаар сард уулзаж санамж бичиг байгуулахаар төлөвлөсөн. Мөн цаашид бид 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Үүнийг зөвхөн ТЗДС-ийн оюутныг шилжин сургах гэлтгүй төмөр замын ажилчдыг урт, богино хугацаагаар сургах талд маш системтэйгээр бэлтгэл ажлыг хийж байгаа.
М.Наранболд