Хүүхдийн секторын дарга Л.Янжмаагаас хичээлийн шинэ жилийн бэлтгэл, цэцэрлэгийн элсэлтийн талаар тодрууллаа.
-Манай сектор нийтдээ 27 хүүхдийн цэцэрлэг, сурагчдын дотуур байртай. 2023 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг үндсэн дөрвөн чиглэлээр гаргаад Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар батлуулан ажиллаж байна. Энэ оны их барилга, их засварын төлөвлөгөөнд гурван байгууллагын их засвар тусгагдсан. Өнөөдрийн байдлаар, сурагчдын дотуур байрны спорт заалны их засвар 100 хувь дууссан. Замын-Үүд зангилааны “Алтанхаргана” цэцэрлэгийн сантехник болон дээврийн их засвар 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Хуваарийн дагуу наймдугаар сарын дөрөвдүгээр долоо хоногт дуусна. Багахангайн “Бялзуухай” цэцэрлэгийн барилгын их засварын гүйцэтгэл 80 хувьтай, ажил хуваарийн дагуу явж байна. Наймдугаар сарын 25-ны дотор бүх засварууд дуусаж, хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг бүрэн хангах төлөвлөгөөтэй.
Үүнээс гадна манай цэцэрлэгүүд зөвхөн төмөр замын хөрөнгө оруулалт, их засвар харахгүйгээр орон нутгаасаа санхүүжилт, хөрөнгө оруулалт татдаг. Тухайлбал, Эрдэнэт зангилааны “Эрдэнэт-25” цэцэрлэгт орон нутгийн төсвийн санхүүжилтээр 90 сая төгрөгөөр хүлээлгийн өрөө баригдаж байгаа. Энэ ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг цэцэрлэг маань зориулалтын барилгагүй, орон сууцны барилгыг гурван бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг болгосон. Эцэг эхчүүд хүүхдээ хүлээлгэж өгөх өрөө байхгүй байсан. Тиймээс орон нутгийн санхүүжилтээр үүдэнд нь өргөтгөл хийж байгаа юм.
Мөн Замын-Үүд, Сайншанд, Зүүнхараа зангилааны цэцэрлэгүүдэд 203 сая төгрөгийн төсөвт харуул хамгаалалт, дохиоллын ажил бий. Энэ ажил төсөв төлөвлөгөөнийхөө дагуу тендер нь зарлагдаад явж байна.
Дээр нь, нэмэлтээр нэг ажил орж ирсэн. ЗТХЯ-наас АТҮТ-ийн байранд 50 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээхээр болсон байгаа. Энэ нь Ерөнхий хороогоор хэлэлцэгдээд, Замын дарга дээр шийдвэрлэгдээд зураг төсөл нь гарсан. Тендер нь зарлагдсан. Гүйцэтгэх компани нь шалгарчихвал барилгын засварын ажил нь 900 сая төгрөг, хөрөнгө оруулалт нь 400 орчим сая төгрөгийн төсөвтэй. ЗТХЯ, УБТЗ ХНН хамтраад түрээсийн гэрээ байгуулаад энэ 50 хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулах юм. Энд манай Улсын тэргүүний “Ган зам” цэцэрлэгийн “Инээмсэглэл”, “Мөрөөдөл” гэсэн салбар хоёр бүлэг байгуулагдах юм. Уг цэцэрлэгт тэр хавьд оршин суудаг төмөр замчид болон ЗТХЯ-ны ажилчдын хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөж байна.
-Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг хэдийд зохион байгуулах вэ?
-Манайхаас 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлт бүртгэлийн зөвлөмжийг гаргаад бүх цэцэрлэгтээ хүргүүллээ. УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа бүх цэцэрлэг наймдугаар сарын 25, 28-ны өдөр шинээр элсэх хүүхдүүдийн хяналтын тоог аваад бүртгэлээ хийнэ. Элсэлтийн төв комисс сектор дээр, салбар комиссууд цэцэрлэг болгон дээр байгуулагдана. Тухайн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, эцэг эхийн төлөөлөл хамтраад уламжлалт аргаар улсын хэмжээнд шинэ хүүхдүүдээ бүртгэнэ. Хуучин хүүхдүүд үргэлжлүүлэн суралцах бол Е-Mongolia-гаар эцэг эхчүүд нь баталгаажуулалтаа хийчихвэл автоматаар бүртгэгдээд явчихна. Зөвхөн шинэ хүүхдүүдийг дээрх хоёр өдөр 08.00-17.00 цагийн хооронд секторын хэмжээнд бүртгэлийг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна.
-Хүүхдийн секторын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд хэдэн хүүхдийг цэцэрлэгт хамруулах вэ?
-Хүүхдийн секторын хэмжээнд өнгөрсөн хавар 1059 хүүхэд цэцэрлэгээ төгсөж, энэ намар ЕБС-д элсэж байна. Харин 3119 хүүхэд үргэлжлүүлэн суралцахаар баталгаажуулалт хийсэн байгаа. Харин секторын хэмжээнд шинээр хоёр настай 466, гурван настай 193, дөрвөн настай 134, таван настай 155, нийт 948 хүүхдийг авна гэж цэцэрлэгүүд маань хяналтын тоогоо ирүүлсэн байна. Ингэснээр шинэ хичээлийн жилд бид нийтдээ 4185 хүүхдийг хүлээж авахаар урьдчилсан мэдээ гарч байна.
-Хүүхдүүдийн эрүүл мэндийн шинжилгээг хэрхэн зохион байгуулах вэ?
-Бид Төв эмнэлэгтэйгээ хамтарч эрүүл мэндийн шинжилгээг хийхээр хуваариа гаргаад цэцэрлэгүүддээ хүргүүлсэн. Наймдугаар сарын 28-30-ны хооронд хуваарийн дагуу цэцэрлэгүүд дээр шинжилгээг зохион байгуулна. Энэ талаар эцэг эхчүүдэд цахимаар мэдээлэл хүргэнэ.
-Цэцэрлэгүүд хүний нөөцийн хувьд хүндрэл бий юу?
-Хүүхдийн секторын хүний нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулна. Секторын хэмжээнд есөн цэцэрлэгийн 14 сул чөлөөтэй ажлын байранд сонгон шалгаруулалт хийж, шаардлага хангасан хүний нөөцөө бүрдүүлж авна. Энэ хичээлийн жилд манайд хүний нөөцийн хомсдол харьцангуй гайгүй байна.
Б.Гүнжинлхам