Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын зохион бүтээгч, инноваторуудын анхдугаар чуулган” энэ сарын 27-нд Төрийн ордны их танхимд боллоо. Монголын зохион бүтээгчдийн холбооны 80 жилийн ойн хүрээнд болсон чуулганд УБТЗ ХНН-ээс Замын даргын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш, Вагоны аж ахуйн албаны ахлах байцаагч А.Пүрэвбаатар, Техникийн бодлого, стандартчиллын албаны инженер Х.Алмагүл, Улаанбаатар Татах хэсгийн засварчин Хадбаатар нар оролцсон юм.
Чуулганы хүрээнд ШУТИС-ийн VIII байранд зохион бүтээгч, инноваторуудын үзэсгэлэн гарч, үүнд УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүн болон мэдээллийн технологийн чиглэлээр хийгдсэн бүтээлүүдийг дэлгэн танилцуулсан байна.
Уг чуулганд төмөр замчдаа төлөөлөн оролцсон Замын даргын зөвлөх Р.Раш, Вагоны аж ахуйн албаны ахлах байцаагч А.Пүрэвбаатар нар сэтгэгдлээ хуваалцсаныг уншигчдадаа хүргэе.
Замын даргын зөвлөх Р.Раш: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын зохион бүтээгч инноваторуудын улсын анхдугаар зөвлөгөөн төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнд олон газрын төлөөлөл иржээ. Энэ зөвлөгөөн олон жил өнжиж энэ жил болсон. 1944 онд Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч шинэ санаачилга, тэргүүн туршлагыг нэвтрүүлэх ажлыг төр засгаас их чухалчилж үзсэн юм билээ. Түүний эрхзүйн үндэс бүрдсэний 80 жилийн ой өнөө тохиож байна. Үүнд манай төмөр зам байгуулагдсан цагаасаа манлайлж явсан түүхтэй. 1960-аад онд Хөдөлмөрийн баатар Г.Мандахын санаачилсан “Социалист хөдөлмөрийн төлөө бригад” улам өргөжиж, улс орныг бүхэлд нь хамарсан маш том хөдөлгөөн болж байсан. Мөн төмөр зам бол “Нэг төгрөгнөөс нэг мөнгө хэмнэх” уриалга гаргаж байсан. 1963 онд төмөр замыг түшиглэж ШБОС, тэргүүн туршлагын улсын II зөвлөгөөнийг зохион байгуулсан гэдэг. Тэр үеэр Монголын төрийн тэргүүн (Ю.Цэдэнбал)-ий “Ган замыг дагаж хөгжил соёл түгэж орж ирсэн” гэж хэлсэн нь вокзалын арын Найрамдлын хөшөөн дээр бий. Энэ утгаараа Монголын зохион бүтээгчдийн холбооноос төмөр замчдад их ач холбогдол өгч хандсан. Чуулган дээр миний бие төмөр замчдынхаа талаар тав гурван зүйл ярьсан. Г.Мандах баатраас эхлээд 1990-ээд онд зам төмөр тосолгооны вагоныг зохион бүтээсэн Дагвагончиг, “2Загал” илчит тэргийг угсарсан Л.Ганбаатар тэргүүтэй 20 гаруй ИТА –нуудын тухай жишээ татаж ярилаа. “2Загал” зүтгүүр төмөр замын тээвэрт ямар үүрэг роль гүйцэтгэснийг бид мэднэ шүү дээ. Мөн Зүүнхараагийн Ачааны вагон засварын депод байгуулсан “Хос дугуй угсрах үйлдвэр”, Замын II ангийн Засварын цехийг түшиглэн сумын шорыг шавах аргаар сэргээн засварлах цех байна. Энэ цех маш богино хугацаанд гурван тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Энэ мэтчилэн манай төмөр замд хийж бүтээж байгаа бүтээн байгуулалт асар их бий. Энэ тухай би товчхон ярьсан. Хүмүүс их сонирхон сонсож байна билээ. Эцэст нь хэлэхэд шинийг санаачлах, шинэ бүтээл гаргах, хэрэглэх ажлыг манай улс хоёр, гуравдугаарт биш нэгдүгээрт тавиасай. Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралдаа авч, ивээлдээ багтааж байгаа нь “Тэрбум мод” хөтөлбөртэй онь холбож орж ирлээ гэж ойлгож болох юм. Төмөр зам хэзээнээсээ энэ ажлыг тэргүүлж манлайлж ирснийхээ хувьд энэ удаад ч маш хошуучилж оролцох шаардлагатай. Тэнд хөрөнгө оруулалт ч бага шаардана шүү дээ. Ихэнх нь оюуны бүтээл, юмхнаар юм хийж, дотоод нөөц бололцоогоо ашиглаж юм хийнэ. Эцсийн эцэст Богд уулын оройгоос гараад төрийн ордны орой дээр буугаад тэндээсээ төмөр замын удирдах газрын саарал байшингийн орой дээр ирээд тэндээсээ вокзалын орой дээр очиж, тэгээд сумын бэлчирт очиж, тэнд жинхэнэ ажилчин хүний гараар шинэ юм бүтнэ. Сайхан юм боллоо. Манайхан их ач холбогдол өгч ажиллах ёстой. Цааш цаашдын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд ШБАЗ-ын асуудалд анхаарал тавих хэрэгтэй. Шинийг санаачлагчдаа урамшуулж шагнах нь зүйтэй. Би олон сайхан юманд төмөр замынхаа буянаар оролцож ирсэн. Яг ингэж “бөндгөр” доторхоо бүтээл болгож, үйлдвэрлэл явуулж, ажлаа сайжруулах, амьдралаа дээшлүүлэх, хөшүүрэг болгоё гэж байгаа нь надад сайхан санагдсан.
Вагоны аж ахуйн албаны ахлах байцаагч А.Пүрэвбаатар: Сайхан зөвлөгөөн боллоо. Энэ зөвлөгөөнөөр анх ШБАЗ зохион бүтээх үйл явц Монголд хэрхэн хөгжиж ирэв. Одоо ямар түвшинд байгаа, ирээдүйд яах шаардлагатай юм гэсэн асуудлыг өргөн ярилцсан. Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны тэргүүн, “Уран ган” компанийн захирал Даваасүрэн их энгийн товчхон, ойлгомжтой илтгэл тавилаа. Энэ илтгэлээс бид оюуны гэсэн бүхнээ маш их орхигдуулсан юм байна гэдгийг олж харлаа. Бэлэн юм худалдаж аваад ашиглахыг урьтал болгон, өөрсдийн толгойг ажиллуулах, түүнийгээ хөрөнгө мөнгө болгох, капиталжуулах юм байхгүй болжээ. Хоёрдугаарт ирээдүй хойч үе, улсаа авч явах залуу боловсон хүчнээ бэлтгэх асуудлыг түлхүү ярилцлаа.
Энэ удаагийн хуралд оролцогсодын дийлэнх нь 40-өөс дээш насныхан байгааг анзаарлаа. Залуучуудын оролцоо бага байна. Гэхдээ бага хэдий ч оролцсон залуус сайхан илтгэлүүд тавьсан. Мэдлэг боловсролтой залуу санаж бодож байгаагаа чөлөөтэй илэрхийлнэ билээ. Гол зүйл нь оюуны бүтээлийг мөнгө болгох, бий болгосон капитал нь улс эх орондоо зарцуулагдахаас гадна санаачилж хийсэн хүндээ ашиг тус нь иртдэг, үүнийг нь түмэн ойлгоод сурталчилж түгээдэг байх нь зөв юм байна. Ингэвэл дараа дараагийн хүмүүс толгойгоо ажиллуулж сэдэлжих юм. Ингэж хөгжих боломж байгаа юм байна.
Энэ зөвлөгөөнөөр бас нэг сайхан санаа гарсан. Тусгай компани байгуулаад хүмүүсийн оюуны бүтээлийг бусдад зарж, цааш түгээх боломжийг ярилцсан. Бас ажилчин хүн юм санаачилаад хийчихсэн ч сэдсэн ажлынхаа тооцоог хийж чадахгүй, түүнээсээ болоод бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлж чаддаггүй асуудал байдаг. Үүнд нь хариуцаж байгаа инженер техникийн ажилтнууд нь тусалдаггүй гэх мэт зүйл бий. УБТЗ-ын бүх байгууллага техникийн хэлтэстэй. Гэтэл техникийн хэлтэсээс нь оролцдоггүй гэж олон хүн ярихыг би сонсож байсан. Зөвлөгөөний завсарлагаар төмөр замын төлөөлөгчид маань энэ талаар санал бодлоо солилцлоо. Ер нь, манайд ч оюуны хөрөнгөө хайхрахгүй орхигдуулсан тал бий. Жил бүр уралдаан зарлах, түүнд оролцох ёстой. Тэгээд дүгнэх ёстой л гэдэг ойлголттой болжээ. Гэтэл энэ маань өөрөө мөнгө юм байна. Энд хамт олноороо бүгд оролцоод магадгүй нэг хүн сэтгэх биш баг болж ажиллаад байгууллагын Техникийн хэлтэстэйгээ хамтарч ажил болгох хэрэгтэй. Өндөр ашигтай биш ч ажил болгож үзэх л хэрэгтэй. Дараагийн асуудал нь хийсэн бүтээлүүдийг бүртгэх. Бүртгээгүйгээс 1990-ээд оны ШБОС-ууд устгагдаж алга болжээ. Төмөр замын 75 жилийн ойгоор үзэсгэлэн гаргах гээд бүртгэл хийлээ л дээ. Хуучны юм олж тавих гээд болсонгүй. Энэ талаас нь бид нэлээд бодмоор юм байна. Манай албаны хэмжээнд энэ чиглэлээр ажил хийж эхэлж байгаа. Ерөөсөө ШБАЗ-уудыг балансад тусгадаг болъё. Хичнээн төгрөг зарцуулав, хэдэн төгрөгийн ашиг олов гэдгийг тусгайлан тооцдог болох хэрэгтэй. Тусад нь бүртгэж авахгүй болохоор нийт орлого ашиг татварт яваад яг нөгөө хийсэн хүн нь юу хийж ямар орлого оруулсан нь харагддаггүй. Тоон үзүүлэлт байхгүй болчихож байгаа юм. Ийм зүйлийг их анхаармаар байна. Үүнээс гадна төмөр замын залуучуудын байгууллага ШБАЗ-ын сектортой болбол ямар вэ. Залуусаа өдөөж урамшуулвал их зүйл гарна даа. Гуравт, одоо мөрдөж байгаа А/33 тоот тушаалын утга санаа их дажгүй. Гэхдээ шагнал урамшууллыг нэг удаа мөнгөн хэлбэрээр биш Патентын тухай хуулийн дагуу патентын гэрээ байгуулаад явах ёстой юм. Өөрөөр хэлбэл, шагнал урамшууллын системийг нь шинэчлэх шаардлагатай. Хэрэв оюуны бүтээлийн үр ашгийг тооцоод балансад тусгаад явбал олсон орлого, хэмнэсэн зардлын хэмжээг үнэн бодитой тооцно. Ингэснээр тухайн хүний хийсэн бүтээл бүрд үр ашгийг нь тооцох боломж бүрдэнэ. Үүнийг манай алба энэ жилээс хийж үзнэ. Албаны дарга маш их дэмжиж байгаа. Үүнээс хойш ШБАЗ-ыг бүртгэлжүүлье. Гэхдээ энэ тушаалд бас нэг анхаармаар зүйл бий. Бүх ШБАЗ-ыг мөнгөн дүнгээр тооцох нь учир дутагдалтай. Тухайлбал, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой гаргасан шинэ бүтээл, санаачилгыг мөнгөөр үнэлэхэд хэцүү. Үр дүн нь нүдэнд харагдахгүй, мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй ч ослоос сэргийлж байгаа нь үнэн юм. Гэтэл болзошгүй ослыг урьдчилан мөнгөн дүнгээр тооцож болохгүй учраас ийм төрлийн бүтээлийг үнэлэхэд хүндрэлтэй. Ер нь, хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хийсэн бүхнийг дандаа зарлага гэж хардаг. Гэтэл цаад утгаараа аюулгүй байдал хангагдаад, гарч болзошгүй аюулаас сэргийлээд байдаг. Энэ жилээс ийм юм хийсэн хүнийг А/33 тоот тушаалын дагуу яаж хамруулж юунд нь багтааж, шагнаж урамшуулах вэ гэдгийг шийдлийг хайж байна. Төмөр зам аюулгүй байдлаа нэгд тавихаас аргагүй. Бүх юмыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Энэ удаагийн зөвлөгөөнөөр дээрх зүйлсийг л маш сайн ярилцаж ойлголцлоо. Одоо үзсэн дуулснаа хүмүүстээ хүргэх асуудал байна. Үүнд “Ган зам” сонин маань дэмжин оролцож байгаад баярлалаа. Нэн ялангуяа олонд танигдаагүй ч хийж бүтээж байгаа залуусыг таниулж, сурталчилж, хийсэнд нь урам, хийгээгүйд нь өдөөлт болж өгөөсэй гэж хэвлэл мэдээллийнхнээсээ хүсмээр байна.
Р.Раш: Зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийг хэлэлцэж, нөхдөө төлөөлж би ярьсан. Шинэ юм сэдэж, хийж, үр дүн гаргана гэдэг эрсдэл ихтэй. Иймд манайд даатгалын байгууллагууд эрсдлийг даах маягаар явбал ямар вэ гэдэг талаар би В.Отгондэмбэрэлтэй санал солилцсон. Хоёрдугаарт, жил болгон л МҮХАҮТ-аас бизнесийн шилдэг 100 аж ахуй нэгжийг шалгаруулдаг. Энд бизнес талын л үзүүлэлт дүгнэдэг бол яг шинэ бүтээл инноваци яригдаад байгаа асуудлыг тэр дүгнэх үйл ажиллагааны нэг чухал үзүүлэлт болгомоор байна аа гэсэн санал байсан. Дэмжигдэж ч байсан. Гурав дахь нь салбарын эрдэм шинжилгээний институтүүдийг зайлшгүй шаардлагатайг сэргээмээр байна. Төмөр замд гэхэд л ТЗДС яг эрдэм шинжилгээний байгууллагын хэмжээнд хүрэх судалгаа хүртээмж байхгүй шүү дээ. Тэгээд нөгөө урамшуулал, хүнийг бүтээлийг үнэлж цэгнэх, улмаар улсын хөгжлийн шилдэг үзүүлэлтүүдийн нэг л болох ийм зорилтуудыг тавимаар байна аа. Гарах шийдвэрт нь л дээрх зүйлсээ тусгах санаатай зөвлөгөөнд оролцлоо. Юу болохыг харах л үлдлээ.