Монгол Улсад орчин цагийн биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Парис-2024” зуны паралимпын наадамд амжилттай оролцсон баг, тамирчдад төрийн дээд цол, одон,медаль хүртээлээ.
Тэдгээрийн дотор Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Барилгын засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн ахлах слесарь, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашдэндэвийн Махашири Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнуулсан билээ.
Д.Махашири нь “Парис-2024” паралимпын наадамд бөөрөнцөг шидэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Цэгмэдийн Баттулгыг дасгалжуулсан юм.
Шагналаа дөнгөж гардаж аваад байх үед нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Махаширитай хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэе ээ.
- Юуны өмнө төрийн дээд шагнал Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн Танд төмөрзамчдынхаа өмнөөс баяр хүргэе ээ.
- Их баярлалаа.
- Та хөнгөн атлетикийн спорт, тэр дотроо бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн спортоор хэдэн оноос хичээллэсэн бэ?
- Би 1989 оноос эхлэн “Ган зам” спорт нийгэмлэгт бөөрөнцөг, зээрэнцэг шидэлтийн спортоор хичээллэж эхэлсэн. Миний анхны багш спортын мастер А.Оюунцэцэг гэж эмэгтэй байсан.
- Энэ спортоор хичээллэхийн онцлог юу вэ?
- Хамгийн гол нь хурд, хүч, авхаалж, самбаа шаарддаг. Тэнцвэр маш чухал байдаг. Амжилт олохын тулд бэлтгэлээ маш сайн хангаж, сэтгэл санаагаа тайван байлгах ёстой. Янз бүрийн юм бодоод байж болохгүй. Баталгаатай амжилт гаргана гэсэн итгэлтэй байх хэрэгтэй.
- Таны анхны амжилт юу байв?
- Энэ спортоор хичээллэж эхэлсэн анхны жилдээ буюу 1989 онд болсон Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд бөөрөнцөг, зээрэнцэгээр мөнгө, хүрэл медаль хүртэж байсан. Түүнээс хойш улсын аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцож, амжилтаа ахиулж ирсэн.
- Таны тогтоосон улсын рекорд амжилт 27 жилийн турш эвдэгдээгүй гэсэн?
- Тийм ээ, 1997 онд БНСУ-ын Бусан хотод болсон Зүүн Азийн тоглолтын үеэр зээрэнцэг шидэлтээр 60 метр 14 см шидэж III байр эзэлсэн юм. Мөн онд тухайн үеийн ЗХУ-ын Эрхүү хотод болсон хөнгөн атлетикийн бүсийн тэмцээнд миний бие бөөрөнцөг шидэлтээр 17 метр 80 см шидсэн. Энэ хоёр амжилт маань хоёулаа тухайн үед улсын рекорд амжилт болж бүртгэгдсэн. Түүнээс хойш миний энэ амжилт эвдэгдээгүй 27 жил болж байна.
- Та хэзээнээс хөнгөн атлетикийн дасгалжуулагч болсон бэ?
- Албан ёсоор 2014 оноос эхлэн “Алдар” нийгэмлэгт хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар ажиллах болсон. Түүнээс өмнө хувиараа тамирчдыг дасгалжуулж байсан.
- Саяхан болж өнгөрсөн “Парис-2024” зуны паралимпын наадамд таны шавь Цэгмэдийн Баттулга мөнгөн медаль хүртэж Монголын ард түмний баяр бахархлыг төрүүллээ. Түүний тухай та юу хэлэх вэ?
- Би “Алдар” нийгэмлэгт дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн 2014 оны хавраа Төв аймгийн Батсүмбэр суманд анхны хээрийн дасгал сургууль зохион байгуулсан юм. Тэгэхэд аймгийн хурц арслан Цэгмид гуай хүүгээ дагуулж ирээд надад шавь оруулсан юм. Ц.Баттулга намхан биетэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байлаа. Би түүнтэй бусдын нэгэн адил харьцаж, энгийн тамирчидтай хамт хичээллүүлж, адилхан шаардлага тавьж ажилласан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог нь амархан сэтгэл санаагаар уначих гээд байдаг юм. Тийм учраас сэтгэлийн хаттай болгож, хэнээс ч дор орохооргүй байх эрмэлзэл суулгаж өгөхийг хичээсэн. Ц.Баттулга бяр тэнхээ, техник сайтай тамирчин болж өсөж, паралимпийн наадамд өндөр амжилт гаргасанд багш хүний хувьд маш их баярлаж байгаа.
- Таны спортын амжилтыг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зүгээс хэрхэн яаж дэмждэг вэ?
- Би Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Барилгын засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн ахлах слесариэр олон жил ажиллаж байна. Ажлынхаа хажуугаар хөнгөн атлетикаар хичээллэж, амжилт үзүүлэн байгууллага хамт олныхоо нэрийг өргөж байгаадаа баяртай байдаг. Би гадаад дотоодод болдог тэмцээн, уралдаанд оролцохын тулд байгууллагаасаа чөлөө зөвшөөрөл, мөнгөн тэтгэмж хүсэх тохиолдол цөөнгүй байдаг. Тэр болгонд маань дэмжлэг туслалцаа үзүүлдэг удирдлага, хамт олондоо баярлаж явдаг. Хамгийн сүүлд гэхэд л Ц.Баттулга маань “Таны гар доор бэлтгэл хийж, Парисын паралимпийн наадамд оролцмоор байна” гээд 2023 оны намар над дээр ирсэн. Тэр цагаас хойш бид хоёр бэлтгэлээ тасралтгүй хийж, 2024 оны хавар дөрөвдүгээр сараас эхлэн би ажлаасаа таван сарын хугацаатай цалингүй чөлөө авч бэлтгэлээ хийсэн. Үүний үр дүн сайн гарсан нь нэг талаасаа хамт олны маань дэмжлэгтэй холбоотой юм.
- Энэ сайхан мөчид аавынхаа тухай дурсаач?
- Миний аав Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч С.Дашдэндэв гэж хүн байсан. Олон сайхан өгүүллэг, тууж, роман бичсэн хүн л дээ. Монголын уншигчид “Улаан наран” хэмээх романаар нь андахгүй сайн мэддэг. Энэ роман нь монголд төдийгүй гадаадын олон хэл дээр олон удаа орчуулагдан хэвлэгдэж байсан. Миний аав үг дуу цөөнтэй, хэлж хийж байгаа зүйл нь тэр бүр харагдаад байдаггүй хүн байсан. Би айлын бага хүү байсан учраас аав маань намайг эрх танхи тал руугаа өсгөсөн дөө.
- Таныг энэ шагнал авахаас долоо хоногийн өмнө Алтан гадас одон хүртсэн гэж сонслоо?
- Тийм ээ, Намайг “Алдар” нийгэмлэг дээр бэлтгэлтэй байхад Алтан гадас одонгоор шагнаж байна гээд гардуулж өгсөн. Тэгэхэд нь их баярлаад гэртээ хариад аавынхаа зургийн хажууд тавиад “Хүү чинь төрийн дээд одон хүртлээ, аав минь” гээд сэтгэл дотроо хуучилж байсан. Гэтэл долоо хоногийн дараа аавынхаа хүртэж байсан гавьяат зүтгэлтэн цолыг ийнхүү хүртсэндээ туйлын их баяртай байна.
- Ярилцлага өгсөн танд их баярлалаа. Таны ажил амьдралд болон спортын уралдаан тэмцээнд улам их амжилт хүсэн ерөөе ээ.
- Их баярлалаа.
ЯРИЛЦСАН Г.ЭНХБААТАР