Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүн, ашигт малтмалын эрэлт хэрэгцээ их байгаа энэ үед шуурхай, хямд тээвэрлэхэд төмөр зам хамгийн чухал байгаа билээ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замд зүгшрүүлэх тээвэрлэлтээр мидлинг тээвэрлэж байгаа. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг улсын комисс энэ оны 5 дугаар сард бүрэн хүлээн авахаар төлөвлөжээ.
Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд авто тээврээр 1 тн нүүрсийг 32 орчим ам.доллараар зөөж байна. Үүнийг төмөр замаар тээвэрлэх үнэ 3 дахин хямд байх техник, эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гаргаад байгаа. Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нэг жилд 30 сая.тн, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийнх 25 сая.тн, Зүүнбаян-Хангийнх 15 сая.тн ачаа тээвэрлэх боломжтой гэжээ. Гэхдээ төмөр замаа бариад дуусгасан ч дээрх тооны ачааг шууд тээвэрлэх боломжгүй юм. Иймд 2023 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 5 сая.тн, нийт 8 сая.тн ачаа тээвэрлэх төлөвлөгөө гарган, ойрын 3 жилд 15 сая.тн ачаа тээвэрлэхийг зорьж байгаа.
“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тухайд БНХАУ-ын талтай хил холболтын цэгээ тохирчихсон, техник, эдийн засгийн үндэслэлийн зураг хийж байгаа. Зураг төсөл дээр хятадын талтай тохирох ажлыг яаравчлан, 2023 онд бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр төлөвлөсөн. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хил холболтын цэгийг орон нутгийнх нь хэмжээнд тохирсон, цаашид баталгаажуулна. Тээвэрлэлтийн хэмжээг техник, эдийн засгийн үндэслэлд хүргэхэд хил холболтын төмөр замаа барьж дуусгах, 2 улсын хил боомтын хүчин чадал хамаарна” гэдгийг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэмдэглэлээ.Тэрбээр, “Энэ онд баруун босоо буюу Арцсуурь-Шивээхүрэн-Сэхэ боомт, зүүн босоо буюу Эрээнцаваас-Хөөт-Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох ажлыг эхлүүлнэ. Энэ төсөлд Засгийн газраас “Монголын төмөр зам” ТӨХК-д концесс эзэмших эрх өгсөн нь суурь бүтцээ төрийн мэдэлд байлгах бодлого” хэмээн тодотгосныг ЗТХЯ мэдээлэв.
Улаанбаатар төмөр замын ХНН-ийн хувьд хамгийн ачаалалтай хэсэг нь Сайншандаас Замын-Үүд чиглэлийн төмөр зам бөгөөд 2022 онд Шаргын-Овоо хүртэл төмөр замыг өөрсдийн хөрөнгө оруулалтаар хос болгосон. Замын-Үүдээс Эрээн чиглэлд өргөн царигийн 2, нарийн царигийн 1 замыг өөрийн хөрөнгөөр барьж, энэ оны эхний улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ