Дэлхийн томоохон Төв банкнуудын шийдвэр анхаарлын төвд хэвээр байна
Швейцарын Төв банк франкийн ханшийн өсөлтөөс сэргийлэхийн тулд бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулж, 1.5 хувь болголоо. Швейцарын Төв банкны шийдвэрийн дараа франкийн ханш еврогийн эсрэг сүүлийн найман сарын доод түвшинд хүрч суларсан бол ам.долларын эсрэг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-нд хүрсэн доод цэгтээ хүрлээ. Арилжаанд оролцогчдын хувьд франкийн ханш үргэлжлэн суларна гэсэн таамагтай байна.
Харин Мексикийн Төв банк шинжээчдийн таамгийн дагуу бодлогын хүүгээ буурууллаа. Төв банкнуудын бодлогын хүүгээ бууруулсан шийдвэр нь Их Британи, Европ, АНУ-ын хувьд мөнгөний зөөлөн бодлогын циклийн эхлэл болж магадгүй гэж харж байна.
Пүрэв гарагт Английн Төв банк бодлогын хүүгээ сүүлийн 16 жилийн дээд түвшинд буюу 5.25 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан юм. Английн Төв банкны мөнгөний хатуу бодлогыг дэмжих байр суурьтай байсан хоёр гишүүн бодлогын хүүг дахин өсгөх шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн нь хүүг бууруулах цаг ойртож байна гэсэн дохио өглөө. Дээрх мэдээллийн дараа фунт стерлингийн ханш сулраад байна.
Харин Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард ирэх зургаадугаар сард Евро бүсийн бодлогын хүүг бууруулж магадгүй гэж дахин мэдэгдлээ.
Үүнээс гадна Азид Тайвань бодлогын хүүгээ сүүлийн 16 жилийн хамгийн өндөр түвшинд хүргэж өсгөсөн нь анхаарал татаж байна. Тайванийн Төв банк бодлогын хүүгээ хоёр хувь болгон 2008 оноос хойших хамгийн дээд хэмжээнд хүртэл гэнэт өсгөв.
"Инфляц 2021 оноос хойш өндөр хэвээр байна. Бидний санааг зовоож байгаа зүйл бол инфляцын бүтэц бүхэлдээ арай өөр болсон" гэж Төв банкных нь Ерөнхийлөгч Ян Чин-Лонг мэдэгдлээ. Мөн “Инфляцын хүлээлт болон цахилгааны үнийн өсөлтийг бид ажиглах хэрэгтэй” гэж онцолсон байна.