Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин, Төмөр замын дээд сургуулийн хүндэт профессор Р.Рашийн санаачлагаар “Марс V” төслийн удирдагч Г.Амгаланбаяр Төмөр замын дээд сургуулийн оюутнуудад “Хүн төрөлхтний Марс гарагийг эзэмших хүсэл тэмүүллийн холбоос” гэсэн сонирхолтой сэдвээр илтгэл тавив.
“Хүн төрөлхтний өнө эртний мөрөөдөл сансар огторгуйг таньж мэдэх, ойртож дөхөх, амьдралын орчин нөхцөлийг судлах явдал байсан. Манай өвөг дээдсийн үлгэр домог, зураг түүхэнд чамгүй зүйл тэмдэглэгдэн үлдсэн байдаг нь монголчуудын хүсэл мөрөөдөл хязгааргүй байдгийг илтгэсэн хэрэг юм. Чингис хааны оньтой ширээ тамга гэхэд л дээд талын дугуй дүрс нь сансар огторгуйг доод талын хөндлөн зураас нь газар дэлхийг дунд талын холбоос зураас нь сансарт хүрэх хүний тэмүүллийг илэрхийлсэн бэлгэдэл юм” гэж “Марс V” төслийн удирдагч Г.Амгаланбаяр хэллээ.
Нарны найман аймгаас хөрстэй гурван гариг байдаг. Тэднээс хамгийн их судлагдсан нь Марс хэмээх элсэн цөл гараг юм. Марс гариг нь дундажаар өдөртөө 30 градус дулаан, шөнөдөө 120 градус хуйтэн байдаг, агаарын даралт багатай, хүн буулгах хамгийн боломжтой гараг юм байна.
Дэлхийн олон цөлийн дундаас Марсынхтай хамгийн адилхан нөхцөлтэй нь Монголын Алтайн цаадах говь болох нь тогтоогдсон учраас манайд Марс судлалын лабораторын орчин байж болох юм байна гэсэн санааг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оноос “Марс V” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төсөл бол шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн хувьд Монгол улсад ирээдүйд том үнэ цэнийг бий болгож, манай орон дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, эдийн засгийн уламжлалт загвараас шинэ загвар луу шилжихэд нөлөө үзүүлэх учиртай. Марс төсөл бол хүн төрөлхтөн Марс гарагийг эрчимтэй сонирхон судалж, сансрын эдийн засаг, зах зээлийг хөгжүүлэхэд Монгол Улс өөрийн хувь нэмрийг оруулсан том тоглогч болох үндсэн зорилготой.юм байна.
Хүн төрөлхтнийг Марсад хүргэхийн тулд олон улсын нээлттэй хамтын ажиллагааны үндсэн дээр хүнээ бэлтгэх, Марсад амьдрах орчин нөхцөлийг бий болгох зорилт дэвшүүлжээ. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улс хамгийн тохиромжтой гэдэгт улс орнууд санал нэгдээд байгаа гэнэ.
Монгол Улс сансрын том амбицтай байна. НАСА (АНУ), Роскосмос (ОХУ), JAXA /Япон/, Ази Номхон далайн сансрын судалгааны байгууллага гэх мэт олон байгууллагатай хамтын ажиллагаагаа эхэлжээ. Монгол Улс Марс судлалын дэлхийн дөрвөн том байгууллагад гишүүнээр элссэн. АНУ, ОХУ, Энэтхэг зэрэг улсын төрийн тэргүүнүүдэд энэ төслийг танилцуулаад байгаа ажээ.
Энэ төслийг дэмжиж ажиллая гэж 6000 орчим монгол хүн сайн дураараа нэгдээд байна. Монголын “Марс V” төслийн үндсэн багт 200 гаруй хүн ажиллаж байна Тэдний дунд Марст нисэх багийн гишүүнээр сонгогдсон анхны зургаан гишүүн байгаа юм байна.
Удахгүй Монголын говьд Марс судлалын олон улсын судалгааны төв байгуулагдаж, Марс руу аялагчдын бэлтгэл, сургуулилтыг төв байгуулах цаг ойртож байна.
“Хүн бүхэн Марс руу аялах боломжгүй учраас Марстай маш адилхан орчин нөхцөлтэй Алтайн цаадах говьд олон улсын аялал жуулчлалын томоохон маршрут нээгдэх юм. Ингэснээр Монголын шинжлэх ухааны хоцрогдлыг арилгана. Бидэнд заяагдсан нөөц бололцоондоо тулгуурлаад орчин үеийн шинжлэх ухааны нэгэн кластер, зангилаа цэг байж чадвал шинжлэх ухааны хөрөнгө оруулалт манайд нэмэгдэж, бид түүнээс нь үр шимийг хүртэх үүд хаалга нээгдэнэ. Монголын хөгжлийн загварыг өөрчилж, эдийн засгийг хөдөлгөж алсын харааг шинээр тодорхойлох учиртай юм” гэж “Марс V” төслийн удирдагч Г.Амгаланбаяр хэллээ.
Оюутнуудын сэтгэлийг хөдөлгөсөн, том мөрөөдөлтэй байхыг уриалсан энэ илтгэл залуучуудын хүсэл мөрөөдөлд шинэ очийг гялалзуулах шиг боллоо.