Монгол Улсын хүртээмжтэй бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүдийн 80 хувь нь дунд болон өндөр эрсдэлтэй байгааг Монголбанкны судалгаа харууллаа. Өөрөөр хэлбэл хүртээмжтэй бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтийн зорилтын биелэлт өндөр эрсдэлтэй байна.
Үүнд хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийн үндсэн асуудал болох “эдийн засгийн өсөлт” ч мөн багтаж байгаа аж. Үүнээс гадна байгаль орчны үзүүлэлт, жуулчдын тоо багтжээ.
Мөн өндөр эрсдэлтэй үзүүлэлтэд гол нэр төрлийн шатахууны хэрэгцээ багтсан байна. 2016 онд Тогтвортой хөгжлийн зорилт, Алсын хараа-2050-д гол нэрийн шатахууныг 100 хувь дотоодоос хангахаар тусгасан ч одоог хүртэл үйлдвэрлэл эхлээгүй зэрэг асуудлууд анхаарал татахуйц байна гэжээ.
Харин эрсдэлийн түвшин “Дунд” гэж үнэлэгдсэн үзүүлэлтүүд дийлэнх нь эдийн засгийн хүрээг хамарч байна. Үүнд дотоодын нийт бүтээгдэхүүн дэх боловсруулах аж үйлдвэрийн оролцоо, ядуурал, өрсөлдөх чадвар, орлогын тэгш бус байдал, бизнес эрхлэлтийн үзүүлэлт зэрэг багтжээ.
Мөн дүгнэлтээр Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтууд 2020 оноос эхлэн “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-аар биш, “Алсын хараа-2050”-аар тодорхойлогдож байгаа ч эдгээр баримт бичгүүдийн хувьд ихэнх үзүүлэлтүүд ижил байна.