Өнгөрсөн жилийн ажил үйлсээрээ Замын мэргэжлийн аваргаар гурав дахь удаагаа шалгарсан Замын-Үүд ШАА-ийн Машин механизмын цехийн дарга Дэлгэрсайханы Ганцоожийг урьж ярилцлаа. Замын мэргэжлийн аваргаар гурвантаа шалгарах нь бөхөөр бол “Даян аварга”-ын болзол хангасантай дүйцэх амжилт гэдэгтэй төмөр замчид маргахгүй байх. Өндөр босготой хүндтэй шагналыг тэр өмнө нь 2011, 2019 онд хүртэж байжээ. Энэ нь түүнийг өөрийгөө хөгжүүлдэг, дайчилдаг, өндөр ур чадвартай ажилтан гэдгийн баталгаа юм.

Түүний бага нас Чойрт өнгөрчээ. Аав нь аймгийн Гал командад (хуучин нэрээр) жолооч, ээж Л.Борхүүхэн Чойрын Геологийн ангид ажилладаг байж. Гурван хүүхэдтэй айлын дунд хүү Д.Ганцоож говийн багачуудын адил л гэр сургууль хоёрын хооронд жирийлгэж, аав ээжийн эзгүйд ар гэрийн ажлаа амжуулж, үеийнхэнтэйгээ аймгийн төвийн тоост гудамжаар бужигнуулж явсан хүүхэд насаа дурслаа. Дунд сургуулиа дүүргэж, их сургуульд орох төлөвлөгөөтэй байсан ч Улаанбаатарт суралцах хуваарь авч чадсангүй. Харин ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь салбар сургуульд  компьютерийн программ хангамжийн чиглэлээр суралцах хуваарь авчээ. 17 настай залуу хүүд Сүхбаатар аймаг гэдэг төсөөлөшгүй хол харь санагдаж. Тэр үед өнөөгийнх шиг холбоо харилцаа хялбар, унаа цуцаа элбэг байсангүй. Сүхбаатар аймаг руу галт тэргэнд суугаад нааш цааш яваад байх боломжгүй гэж элдвийг боджээ. Эцэст нь, аав, ээжтэйгээ зөвлөлдөн төрсөн ах Даваадэлгэрийгээ бараадан Замын-Үүдэд очиж ажил хийн, мөнгө цуглуудаад дараа жил Улаанбаатарт их сургуульд оръё гэж шийджээ. Ийнхүү 2000 оны долдугаар сарын нэгэн бүгчим үдэш галт тэргэнд суугаад амьдралд хөл тавихаар аянд гарсан 17 настай хүү өдгөө 40 насны босго алхаж, ажил амьдралын арвин туршлага хуримтлуулсан идэр эр болжээ.     

Д.Ганцоож  “Анх Замын-Үүдэд ирээд ганзагын наймаачдын ачаа барааг зөөдөг байлаа. Чамгүй хөөрхөн орлоготой ажил. Замын-Үүдэд ирээд хоёр сар орчим ажиллаад байтал нутгийн хүнтэй таарав. Одоогийнх шиг банк ороод дансаар мөнгө шилжүүлнэ гэж байх биш. Өнөө хүнд цуглуулсан 200 мянган төгрөгөө дугтуйд хийгээд аав, ээждээ өгч явууллаа. Тэгтэл ээжээс удалгүй захиа ирэв. Тэр захианд ээж “Миний хүү наанаа ямар ажил хийж байна вэ? Арай хулгай хийгээгүй биз дээ. Ямар их мөнгө явуулаа вэ?” гэж бичсэн байж билээ. Хариуд нь би ачигч хийж байгаа тухайгаа бичиж, гэрэл зургийн хамт явуулж билээ. Аргагүй л дээ. Тэр үед Гал унтраах ангийн жолооч аавын минь сарын цалин 42 мянган төгрөг байлаа. Чойрын Геологийн анги ч ажил нь зогсож ээж минь ажилгүй болж байсан үе л дээ. Гэтэл 17 настай хүү нь хоёр сар хүрэхгүй хугацаанд 200 мянган төгрөг өгөөд явуулахаар их гайхсан байх” гэв. Мөнгө хурааж, их сургуульд орох төлөвлөгөөгөө яагаад өөрчлөв гэхэд “Би Замын-Үүдэд ирээд ажил хөдөлмөрийн амтанд орсон л доо. Хүн хөдөлмөрлөж чадвал заавал их сургуульд сурахгүйгээр сайхан амьдарч болдог юм байна гэж бодсон. Тэгтэл, 2001 онд Замын-Үүдийн ШАА-нд гэрээт ачигч авч эхлэхэд орж ажиллах болов. Тэр үед УБТЗ-д үндсэн ажилтан болно гэдэг маш хэцүү байсан. Харин хөлсний гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсээсээ шалгаруулж үндсэн ажилтнаар авдаг байсан юм. Үндсэн ажилтан биш болохоор өдөр бүр хийсэн ажлынхаа хөлсийг аваад ажлаасаа бууна. Нэг өдрийн ажлын хөлс 10 мянга орчим төгрөг гэдэг тухайн үедээ өндөр цалин шүү. Ингээд тууштай ажилласаар байгаад 2003 оны зургадугаар сарын 6-ны өдөр ШАА-ийн үндсэн ажилтан болсон. Тэгэхдээ хөлсний гэрээгээр ажиллаж байсан хүмүүсээс шалгаруулж авна. Долоо хоног цалингүй туршилтаар ажиллуулж байгаад сайн ажилласныг нь сонгож авдаг байлаа. 17 настайгаасаа ачаа үүрчихсэн надад тэр шалгалт ядах юмгүй байсан даа. УБТЗ-ын үндсэн ажилтан болно гэдэг тухайн үедээ нэр хүндтэй сайхан байсан” гэж ярив.

Тэрбээр, ачигч байхдаа ШАА-ийн карын жолооч нарыг бишрэн харна. Тэд ч уран жолоодлого гэдгийг үзүүлж өгдөг байж. Мань хүн дотроо заавал карын жолооч болно гэсэн зорилго тавьжээ. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг хотод очиж жолооны курс төгсөж, дараагийн ажилдаа өөрийгөө сэмхэн бэлтгээд байж. Байгууллагынхаа хүний нөөцийн ажилтан н.Гантөмөрт “Би жолооны үнэмлэхтэй болсон. Карын жолооч болъё” гээд авав. Ажилдаа тууштай, зорилгоо тодорхойлсон залууд мөрөөдөл нь тийм ч хол байсангүй. Үндсэн ачигчаар зургаан сар ажиллаад карын жолооч болжээ. Дөрвөн жил шахам карын жолоочоор ажиллахдаа мөн л дараагийн зорилгоо тодорхойлсон гэнэ. Тэр бол өөрөө явагч краны жолооч болох байлаа.  Ингэхийн тулд “МКЛ” сургалтын төвд 2004 онд суралцаж цахилгаан авто ачигчийн, 2006 онд авто кранчны, 2007 онд өөрөө явагч краны жолоочийн үнэмлэх авчээ. Түүний хүсэл 2007 оны наймдугаар сарын 15-нд биелж, Д.Ганцоож өнөөх мөрөөдөл болсон нүсэр техникийнхээ жолооны хүрдэн дээр албан ёсоор суух нь тэр. ШАА-ийн өөрөө явагч краны жолооч нар өөрсдийгөө “Тэнгэрийн суудал”-тай хэмээн бахархан ярихыг би өмнө нь хэдэнтээ сонсож билээ. Тэр “Тэнгэрийн суудал”-д 16 жил сууж,  2023 оны есдүгээр сард машин механизмын механикчаар дахин дэвшив. Мань хүн давхар Төмөр замын Политехникийн коллежид ашиглалтын техникчээр суралцаж байгаа аж. Энэ онд төгсөх гэнэ.

Тэрбээр, өнгөрсөн он жилүүдэд ямагт ахиж, дэвшиж, ажлаа хийсэн шиг хийхийг хичээж, “Энэ байгууллагын дээд амжилтыг тогтоохсон” гэж хичээн ажилладаг байснаа нуусангүй. Өнгөрсөн оны есдүгээр сараас машин механизмын механикчаар ажиллаж эхлэхдээ ШАА-ийн машин механизмын бэлэн байдлыг хангахын төлөө томоохон хэмжээний засварыг дотоод нөөц бололцоогоо ашиглан зардал хэмнэн чанартай хийж гүйцэтгэжээ. Ингэснээр ангийн ачаа боловсруулалтын ажлын үзүүлэлтэд эерэгээр нөлөөлжээ. Иймд хамт олон нь түүнийг мэргэжлийн аваргад дэвшүүлжээ.

Харин энэ оны наймдугаар сараас Д.Ганцоож Машин механизмын цехийн даргаар томилогдоод байгаа аж. Цехийн 50 ажилтан, 27 машин механизмын техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах үүргийг тэр хүлээжээ.

Өөр шигээ шилдэг залуусыг сургаж байгаа биздээ гэхэд тэрбээр “Байгаа байгаа. Гэхдээ түүнээс өмнө өөрийнхөө багш нарын тухай ярья. Карын жолооч болохдоо Тамираа ахыг дагалдаж байлаа. Багш маань карыг “бүжиглүүлдэг” л хүн дээ. Түүний дараа өөрөө явагч краны жолооч болохдоо М.Баярбат, Э.Ган-Очир гэж хоёр багштай байлаа. Тухайн үед багш шавийн гэрээ байгуулж байгаагүй ч энэ хоёр хүн надад калмар жолоодох эрдмийг харамгүй заасан. Хоёр багш маань өөр өөрийн гэсэн онцлогтой хүмүүс. М.Баярбат багш маань үг дуу цөөтэй, техникт их гар зөөлөн, эвлэгхэн жолооддог. Харин Э.Ган-Очир багш болохоор маш уран жолоодлогоороо гайхуулдаг, маш хурдтай ачдаг, калмарийг бүрэн эзэмшсэн хүн. Хоёр багшийнхаа заасан бүгдийг сурч, ур чадвараас өөртөө шингээж авахсан хичээдэг байлаа. Шавь нараас 2017 онд Замын аварга болж байсан Б.Баттөр (одоо Тавантолгойн төмөр замд ажиллаж байгаа), байгууллагын аваргаар шалгарч байсан М.Улсбаяр, Б.Золбаатар гээд шилдэг залуус бий. Одоо тэд маань залуучуудаа сургаад явж байна” гэлээ.

Түүний гэргий Д.Оюунжаргал Замын-Үүдийн “Алтанхаргана” цэцэрлэгт 12 жил багшилж байгаад өдгөө “Монложистик холдинг” ХХК-д хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа ажээ. Д.Ганцоожийг Замын-Үүдэд үлдэх бас нэгэн шалтгаан нь түүний гэргий байж. Тухайн үед хамт ажилладаг хүний дүү гэх хөөрхөн охин Сүхбаатар аймгийн Баруун-Уртаас Замын-Үүдэд шилжин ирж, аравдугаар ангид сурч байжээ. Тэд 2001 онд танилцаж, ирээдүйн хань болох бүсгүй нь Цэцэрлэгийн багшийн коллежид дөрвөн жил суралцаж, 2005 онд төгсөж ирэхэд нь гал голомтоо бадраасан байна. Д.Ганцоожийнх 2007 онд ууган хүүгээ өлгийдөн авч байсан бол өдгөө дөрвөн хүүхэдтэй өнөр айлын эзэд болцгоожээ.

Тэрбээр “Би үндсэндээ 20 жил ээлжийн ажил хийсэн. Ээлжээр ажиллаж байхдаа тулаагаар ажиллах нь их байсан. Тийм болохоор ажлаасаа бууж ирээд унтана. Ер нь, гэртээ байх хугацаандаа унтаж л байдаг байлаа /инээв/. Харин ар гэрийн бүх л асуудал, хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх, хичээл сургуульд нь зөөх бүх ажлыг хань минь өөрөө зохицуулж ирсэн. Ажилдаа амжилт бүтээл гаргахад ханийн маань түшиг их байсан” гэж ярилаа. Д.Ганцоож, 2006 онд “Зангилааны аварга”, 2008 онд “Байгууллагын аварга”, 2009, 2010 онд “Албаны аварга”, 2011, 2019, 2023 онд “Замын аварга”-аар тус тус шалгарч, 2018 онд “Тэргүүний төмөр замчин”, 2024 онд “Төмөр замчны алдар” хүндэт тэмдгээр энгэрээ мялаажээ.

 

Зарим хүн хариуцсан ажилдаа түүртэж, арай хийж ард нь гардаг бол олонх нь алтан дундаж ажилтан байхад болно гэж боддог шиг санагддаг. Харин тун цөөн хүн жинхэнэ манлайлагч болон гялалздаг. Өнөөдрийн зочин маань яах аргагүй олны дунд тодоос тод гялалзах манлайлагч нэгэн юм.

 

Б.Гүнжинлхам