Улаанбаатар төмөр замын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Оросын мэргэжилтнүүдийн тухай олныг бичиж болох ч тооноос чанар нь дээр гэдэг зарчмыг баримтлан цөөн хүний тухай өгүүлэхийг чухалчилж байгаа билээ. Өмнөх дугаарт миний бичсэн Г.П.Запорожцев дарга Монголын төмөр замчдад зориулан эхлээд “Төмөр замын ерөнхий курс” дараа нь “БНМАУ-ын төмөр замын тээврийн ажлыг сайжруулах арга зам” номуудыг бичиж хэвлүүлсэн учир оюунлаг гэж дүгнэхэд болохоор. Харин, түүний ажлыг авсан Николай Терентеевич Солодкий нь тун өөр араншин, хэв шинжийн нөхөр байж. Энүүхэн, Новосибирскийн орчимд 1918 онд төрсөн Коля хүү 1941 онд тэндхийнхээ Төмөр замын дээд сургуулийг төгсөж, дараа нь 1950 онд Москвагийн тээврийн академийг дүүргэсэн чамгүй боловсролтой хүн. Төмөр замын салбарт ажил албан тушаал ахиж дэвшихэд боловсрол, мэргэжил чухал гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ боловсролыг дагаж мэдлэг өндөрсдөг, тэр мэдлэгээ амьдрал ахуйдаа хэрэгжүүлэхэд төрөлхийн зан чанар, ааш араншинд суурилсан, дадлага туршлага гэж өөр нэг хүчин зүйл бий. Н.Т.Солодкийг сургуулиа төгсөнгүүт Дорнод Сибирийн төмөр замын Черемхова өртөөний даргын туслахаар томилжээ. Энэ албан тушаалд яам түүнийг бодлогоор тавьсан гэлцдэг. Яагаад гэвэл өртөөний дарга өвгөн хэдхэн сарын дараа өндөр насны тэтгэвэрт гарахаар болсон байж. Оюутан ахуй цагтаа сурч мэдэхийн төлөө их тэмүүлэл, цэгц шулуун зангаараа үеийнхнээсээ ялгарч багш нарынхаа анхааралд өртсөн Николайг сургуулийнхан нь өртөөний даргад “Их гарын төмөр замчин” болгохыг аминчлан захисан аж. Залуу хүү чухам тэнд л өртөөний ажлын нарийн нандин бүхнийг сурч авсан гэдэг. Тэрээр, төд удалгүй Зима өртөөний даргаар томилогдон, Дорнод Сибирийн төмөр замын орлогч дарга, нэгдүгээр орлогч даргаар дэвшин ажиллав. Энэ албан тушаалуудад түүний зохион байгуулах авьяас, өндөр шаардлага, зарчимч хатуу зан чанар тод илэрсэн гэдэг. Энэ нь хожим түүнийг Куба улсын төмөр замын тээврийн яамны зөвлөхөөр томилоход хүргэсэн ч байж болох. Гэхдээ түүний энэ тод чанар Улаанбаатар төмөр замын даргаар ажилласан 1967-1971 онд илүү тод илэрсэн ажээ. Г.П.Запорожцев даргын тайван дөлгөөн зан, аливаа зүйлсийг удтал судалж ул суурьтай шийдвэрлэдэг чанарт бүтэн найман жил ижилдэн дассан Монголчуудад Н.Т.Солодкийн ажлын арга барил, шуурхай зан анхнаасаа л гэнэтийн байлаа. Ямартаа л Григорий Петровичийг гаргаж өгөх дайллагад хүрэлцэн ирэх урилга өгсөн ч, мань хүн уг арга хэмжээнд ирэлгүй харин ч, эсрэгээрээ алба хэлтсийн дарга нарын шуурхай зөвлөгөөн зарлаж сандаргасан гэдэг. Ер нь тэрээр, ажлын цагаар зохион байгуулдаг элдэв төрлийн хурал зөвлөгөөнийг үзэж чаддаггүй байсан аж. 1960-аад оны эцэст Социалист хөдөлмөрийн хөдөлгөөний эрч далайц туйлдаа хүрч, элдэв хурал зөвлөгөөн, сургалт семинар олонтоо зохион байгуулагддаг байв. Энэ бүхнийг Төмөр замын намын хороо хариуцна. Чухам энэ байдлаас болоод Н.Т.Солодкий, Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Батсүх нар үе, үе сүрхий муудалцах. Тэр нь эцэстээ Намын Төв Хороонд хүрч Б.Батсүх дарга ажлаасаа өөрчлөгдсөнөөр эцэслэсэн тухай ахмад төмөр замчид хуучилдаг билээ. Харин, шинээр сонгогдсон нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Гүнсэнгийн хувьд байдал арай өөр болжээ. ЗХУ-д суралцаж төмөр замын тээврийн эдийн засагч мэргэжил эзэмшсэн Л.Гүнсэн нэгэнтээ “Намайг нэгдүгээр дарга болсны дараахан Солодкий дарга өрөөнд минь орж ирээд тохойн чинээ В.И.Лениний цээж баримал гардуулж “Залуу дарга минь хоёулаа сайхан хамтарч ажиллана аа” гээд мөрөн дээр минь зөөлөн алгадаж билээ. Үнэхээр ч бид хоёр муудалцаж, санал зөрж байгаагүй сайхан хамтарч ажилласан шүү... Дээр нь Солодкий дарга нэгдүгээр даргын өрөөнд анх удаагаа орж ирсэн нь тэр юм билээ...” хэмээн дурсамжтайгаар өгүүлсэн сэн. Н.Т.Солодкий Монголчуудыг албан тушаал, зэрэг дэвээр нь ялгадаггүй тэгш харьцдаг байж. Нэг удаа, Замын нэгдүгээр орлогч дарга Н.Цэрэнноровыг нэг удаагийн Даваа гарагийн шуурхай зөвлөгөөнөөс 30 секунд л хожигдоод орж ирэхэд “Гараад хаалгаа гаднаас нь хаа...” хэмээн зандрангуй хэлж, Н.Цэрэнноров ч сандран буцаж гараад хаалгаа зөөлөн хааж байсан тухай домог шиг яриа ч бий. Зарчимч өндөр шаардлагатай, яхир хатуу гэмээр энэ хүн өглөө бүр 06.00 цагт гэрээсээ гарч өртөө, депо, дэлгүүр хоршоо гээд бүхнийг тойрчихоод найм болоогүй байхад албан өрөөндөө орж ирэн, илрүүлсэн зөрчил дутагдлынхаа тухай хариуцсан дарга нар руу нь залгаж хатуухан “банга” хүртээдэг байсан гэж олон ахмад дурсдаг. Тэдний дурсамж, гомдож тунирхасан биш бахдаж баярласан өнгөтэй байдаг нь гайхалтай. Ахмад инженер, Гавьяат тамирчин, хүндийг өргөгч Б.Цэгмэд абугайн дурсан ярьсанаар Солодкийн ажлын арга барил Черемхов өртөөний өвгөн даргын ажлын арга туршлагыг өвлөн авсантай нь холбоотой аж. Түүний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн тэр ачтан өөрөө ажил цуглахаас өмнө өртөөнийхөө бүх салаа замаар явж илрүүлсэн дутагдал доголдлыг засуулахаас, шинэ өдрийнхөө ажлыг эхэлдэг байж. Сайн туршлага гэдэг сар жилээр хадгалагдан, дараагийн үедээ өвлөгддөгийн учир, хожмын төмөр замын нэртэй удирдагчид болох Д.Гэсэржав, Д.Дамбийбалжир, Б.Баярмагнай гээд олон дарга нар чухам ингэж ажилладаг байжээ. Н.Т.Солодкий ирсэн даруйдаа өртөө зөрлөгийг төвийн эрчим хүчний системд холбох, эрчим хүч ус хангамжийн асуудлыг зүтгүүрийн албанаас салгаж бие даалгах, замын урд хэсэгт тээвэр багассантай холбоотойгоор ачаа, суудлын галт тэрэг аялуулах Замын-Үүд, Дархан өртөөдийн семафорыг светфороор солих, хойд талын Сүхбаатар өртөөнөөс эхлээд өртөө зөрлөгүүдийг хагас автомат хориглол, цахилгаан төвлөрүүлэлтэд ээлж дараалан шилжүүлэх, төмөр замын зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх цэргийн батальон байгуулах, зам засварын машинт станцад суудлын ес ачааны хоёр голт зургаан вагоноос бүрдсэн эх засварын цуваа байгуулах, суудлын галт тэрэгний зурмагийг шинэчлэн зохиож мөрдүүлэх, зүтгүүрийн засварт үечлэлийн шинэ систем нэвтрүүлэх зэрэг олон арга хэмжээг авч, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулсан байдаг. Эдгээр асуудлын мөн чанар нь үргүй зардлыг бууруулж, ажил үйлчилгээний чанарыг сайжруулан, шинэ түвшинд хүргэхэд чиглэгдэж байсныг хэлэх хэрэгтэй. Ер нь, түүний ажлын арга барилын нэг чухал тал нь хүнд суртлыг арилгах, удирдлагын шат дамжлагыг багасгахад чиглэгддэг байв. Зарчимч өндөр шаардлагад үндэслэгдсэн шуурхай зохион байгуулалт үр дүнд хэрхэн хүрдгийг түүний даргалсан дөрвөн жил шахамын хугацаа тод харуулдаг билээ. 1970 онд Улаанбаатар төмөр зам байнгын ашиглалтад орсны 20 жилийн ойг өргөн тэмдэглэж, энэ хамт олныг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Н.Т.Солодкий ч манай төр засгийн хамгийн өндөр шагналуудын нэг болох Сүхбаатарын одон хүртжээ. Гурван жил хүрэхгүй хугацаанд ажиллаад ийм шагналыг хүртэнэ гэдэг аргагүй л унтах нойр, чөлөөт цагаа хумслан байж зүтгэсний хүч биз ээ. Тэрээр, цэх шулуун нуруу, булчинлаг туранхайдуу бие, хурдан хөдөлгөөнтэй нэгэн байсан гэдэг. Зарим ахмадууд түүнийг Герман хүнтэй төстэй гэх нь ч бий. Магадгүй Зөвлөлтийн уран сайхны, дайн байлдаантай олон кино тухайн үед дэлгэцнээ гардаг байсантай ч холбоотой яриа байх. Ер нь, тэгээд яхир хатуу хүмүүсийг ингэж жиших тохиолдол ч байдаг билээ. Манайхны зарим нь үүнийг “Герман чанар” хэмээдэг дээ. Гэхдээ Н.Т.Солодкий энүүхэн Сибирт төрсөн учир Герман цус холилдоогүй нь лавтай. Харин, тэдний ажлын арга барилыг уншиж судлан, өөртөө “нутагшуулсан” байж болох. Тэрээр, үргэлж хатуу чанд, хүйтэн төмөр шиг хөндий нэгэн ч байсангүй. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Эх орны их дайнд оролцсон цөөхөн Монголчуудын нэгэн болох Л.Бэгз агсан “Ган зам” сонинд гарсан нэгэн нийтлэлдээ “Замын даргын үзлэгийн комисс Баянтүмэн тасагт очих замд зарим Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн машин унаа аваарт орж, гурван ч хүн бэртэж гэмтэхэд хамт явсан Монголчууд нь үүрч дүүрсээр эмнэлэгт хүргэхийг хараад “Монгол Орос хүмүүсийн нөхөрлөл хаана ч тод харагдах юм даа, өнөөдөр та нар амиа алдах дөхсөн Орос нөхдөө үүрээд явж байх...” гээд ширүүн харц нь уярлаар солигдож, нулимс бөмбөрүүлсэн тухай бичсэн байдаг билээ. Монгол Оросын төмөр замчдын найрамдал нөхөрлөлийн тухай сэтгэл бүлээсгэм ийм дурсамж цөөнгүй бий. 1960, 1970-аад оны үеийн Орос мэргэжилтнүүд Монголчуудын хувьд эгээ л төрсөн ах дүүсээс өөрцгүй байж, амжилт бүтээл, алдар гавьяа бүхнээ хуваалцаж явсан нь үнэнтээ. Ямар ч л гэсэн Н.Т.Солодкий гэж ийм нэгэн эр Улаанбаатар төмөр замыг дөрвөн жил шахмын хугацаанд удирдахдаа нэр алдар, хийж бүтээсэн нь домог болон үлджээ. Тэрээр, хожим Украины Харьков хотын Төмөр замын дээд сургуульд аж ахуй эрхэлсэн орлогч захирлын алба хашиж байхдаа урилгаар Монголд ирж, найз нөхөдтэйгээ уулзан дурсамж хуучлахдаа “Би ч Монголдоо дахиад хоёр жил байвал байх л байсан шүү...” хэмээн санаашрангуй өгүүлсэн гэдэг. Санаж сэдэж, хийж бүтээх нь дундраагүй байсны учир тэр болов уу.
МУСГЗ Л.Сэнгээ