Жюү жицү хөгжингүй орнуудад түгээмэл спортын төрлүүдийн нэгт тооцогддог. Манай улсад 2007 оноос хөгжиж эхэлсэн. Энэ спортоор хичээллэдэг УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Сурагчдын дотуур байрны багш Т.Нэмэхбаяртай уулзаж ярилцлаа.
- Жюү жицү спортоор хэдэн оноос хичээллэсэн бэ. Яагаад энэ спортыг сонгох болсон бэ?
-Намайг Төмөрийн Нэмэхбаяр гэдэг. Би Ховд аймгийн Жаргалант сумын харьяат. “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. 2013 оноос энэ байгууллагад багшаар ажиллаж байна. Бразил Жюү жицү манай улсад илүү хөгжиж байгаа. Энэ спортоор хичээллээд 14 жил болсон. 2024 онд олон улсын долоон тэмцээнд оролцож таван алт, хоёр хүрэл медаль хүртсэн. Монголын Жюү жицүгийн холбооны дарга О.Болд-Эрдэнэ багшийн шавь. Энэ спортыг сонгох болсон шалтгаан нь нас харгалзахгүй, цагаан, цэнхэр, ягаан, бор, хар гэсэн бүсний ангилалтай. Тухайлбал, энэ спортоор анх хичээллэж байгаа тамирчин цагаан бүсний ангилалдаа л барилдана. Тэгэхээр жинхэнэ өрсөлдөөн бий болдог, ижил түвшний тамирчид хоорондоо барилддаг, надад таалагдсан учраас энэ спортоор хичээллэдэг. Сүүлийн үед тамирчид бусад бөхийн спортоос ялгаж ойлгодог болсноор энэ спортоор хичээллэгчдийн тоо ч нэмэгдсээр байгаа.
-Таны хувьд жюү жицү спорт ямар байр суурийг эзэлдэг вэ?
-Миний хувьд жюү жицү бөх үнэхээр үнэ цэнэтэй. Учир нь миний ажил, амьдрал үүнтэй салшгүй холбоотой. Энэ спортод хамгийн сайн нь болохыг хүсэж бэлтгэлээ хийдэг, мөн бусдад зааж сургадаг. Олон улсын Жюү жицү холбоо нь тус спортыг олимпийн төрөлд оролцуулах бодлого баримталж, эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Жюү жицү спорт нь “Азийн спортын их наадам”, “Азийн элсний наадам”, “Дэлхийн тоглолт”, “Дэлхийн элсний наадам” зэрэг томоохон спорт наадмуудад хамрагдах болсон. Өнгөрсөн 11 дүгээр сард Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болсон жюү жицү бөхийн 2024 оны бүсний ангилалтай ДАШТ болсон. Миний хувьд зардал мөнгөний асуудлаас болж оролцож чадаагүй. Монголын тамирчид насанд хүрэгчдээс дөрөв, өсвөр үе, залуучуудын ангиллаас дөрвөн алт, 10 мөнгө, есөн хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн.
-Хамгийн сүүлд ямар тэмцээнд оролцсон бэ?
-БНХАУ-ын Шиянь хотноо болсон “AJР TOUR GRAND SLAM” тэмцээнд оролцсон. Жил бүр олон улсад 400 орчим тэмцээн уралдаан болдог. Миний хувьд БНСУ, ОХУ, БНХАУ, Тайланд Улсад болсон тэмцээнүүдэд амжилттай оролцож алт, хүрэл медаль хүртэж байсан.
-Жюү жицү спортыг ялангуяа хүүхдүүд илүү сонирхож хичээллэж байгаа нь ажиглагддаг. Энэ талаар багш дасгалжуулагч хүний хувьд тайлбарлаж өгнө үү?
-Бразилийн Жюү жицү бол өрсөлдөгчөө ялахын тулд боох, өчих, хөших, дарах техникүүдийг цаг хугацааны зарчимд тулгуурлан, хүний биеийн анатоми мэдлэгийг ашиглан, хэвтээ байрлалд суурилсан тулааны урлаг юм. Жюү жицү дасгал сургуулилтаас илүүтэйгээр бие болон оюун ухааныг дасгалжуулдаг хүний биеийн шатар гэж нэрлэдэг. Учир нь жюү жицүгийн биед үзүүлэх ашиг тус нь асар их, мэх, арга техник нь маш сайн уламжлагдсан. Энэ бөхийн тухайд спорт жюү жицү, Бразил гэсэн хоёр төрлөөр дэлхийд хурдацтай хөгжиж байгаа. Жюү жицү нь даралтад суурилсан түлхэх, татах, атгах зэрэг динамик болон тэсрэх хөдөлгөөнийг хослуулсан хүч чадал, зүрхний дасгал хөдөлгөөнийг хөгжүүлэхээс гадна турах, булчингийн ачааллыг сайжруулдаг. Мөн хүн биеэ зөв удирдах, тэнцвэртэй байдлаа хадгалахаас гадна сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг сэтгэцийн сайн дасгал болдог тул тархины фитнесс ч гэж нэрлэдэг. Олон төрлийн спорт дотроос жюү жицү бүх насны хүмүүс хийх боломжтой, том биетэй өрсөлдөгчөөсөө өөрийгөө хамгаалах чадвартай байхаар зохион бүтээгдсэн спорт юм.
-Танай дотуур байрны хүүхдүүд энэ спортыг хэр сонирхож байгаа вэ?
-Манай хүүхдүүд сонирхож хичээллэдэг. Эхнээсээ амжилт үзүүлж уралдаан тэмцээнд оролцож байгаа. Дотуур байрны спорт заал сая их засварт орж шинэчлэгдсэн. Жцү жицү бөхийн барилдааны дасгал сургуулилтад дэвжээ их чухал байдаг учир энэ асуудлыг шийдэх асуудал яригдаж байгаа.
Ярилцлага өгсөн танд баярлалаа. Өндөр амжилт хүсье.
Долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийдэг
Т.Нэмэхбаярын шавь нийслэлийн 73 сургуулийн аравдугаар ангийн сурагч Э.Хүслэн. УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа Сурагчдын дотуур байранд амьдардаг. Бага ангиас энэ спортоор хичээллэсэн хүү аль хэдийнэ олон улсын хэмжээний тамирчин болжээ. Анх сургуулийн, улсын аваргаар шалгарч байсан хүү 2018 онд Монгол Улсад нээлттэй болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, ОХУ-ын Эрхүү хотноо 2019 онд болсон “Байгаль опен” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртэж байжээ. Э.Хүслэн долоо хоногийн таван өдөр бэлтгэл хийдэг. Чөлөөт, жүдо, жюү жицү бөхийг хослуулдаг гэж ярьсан нь сонирхол татаж тодруулан асуухад чөлөөт бөхөөр хичээллэхэд бие бялдар уян хатан, сунгалттай болж, жүдо бөх босоогоор барилдах техник их. Жюү жицү энэ хоёр төрлийг нийлүүлчихсэн юм шиг санагддаг тул техникээ сайжруулахад ашигладаг гэж тайлбарлаж байв. Жюү Жицүгийн угсраа мэх хөдөлгөөнүүд хүнд үе мөчнийхөө хөдөлгөөнийг өөрөө бүрэн удирддаг болоход тусалдаг. Ялангуяа бага насны хүүхэд энэ спортоор хичээллэвэл олон төрлийн мэх техник сурахаас гадна, бие бялдарын хөгжилд ихээхэн нөлөөлтэй гэдгийг Э.Хүслэнгийн яриа нотолж байлаа. Түүний ээж төмөр замчин. Хоёр эгч, эрэгтэй дүүтэй. Дүү Э.Хүсэл-Эрдэнэ нь ахаасаа үлгэрлэн жюү жицү бөхийг сонирхож хичээллэдэг гэсэн. Э.Хүслэн Хууль сахиулах дээд сургуульд орж ирээдүйд цагдаа болно. Нэгдүгээр ангиасаа дотуур байранд амьдарсан, олон сайхан найзтайгаа ах дүүс мэт болцгоосон, мөн дотуур байранд их засвар хийснээр шинэ мэт сайхан, тохь тухтай болсон гэж ярилаа.
П.Түмэндэмбэрэл