Энэ удаагийн дугаарын зочноороо Япон, Шри-Ланк, Бангладеш, Египет зэрэг орнуудад метроны төсөл хэрэгжүүлж нэгэн залууг урилаа. Түүнтэй Улаанбаатарын цагаар 23.30 цагт цахим сүлжээгээр холбогдон бага насны дурсамж хийгээд эрхэлж буй ажлынхаа талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн юм.
-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Баярлалаа. Юун түрүүнд миний амьдарч байгаа газар Улаанбаатараас зургаан цагаар зөрүүтэй учраас та бүхний хүсэлтэд цаг тухайд нь хариу өгч чадаагүйдээ хүлцэл өчье. Намайг Түмэндалай овогтой Мөнхдалай гэдэг. Ах, эгч хоёртой айлын отгон хүү. Зам гүүр дэд бүтцийн инженер мэргэжилтэй. Би Японы “Kyoto University”-д дөрвөн жил суралцаж төгсөөд энэ компаниас ажлын гараагаа эхлүүлснээс орсноос хойш Шри-Ланк, Бангладеш улсад нийт хоёр жил, Японы Хоккайдо аралд мөн хоёр жил, Египетэд жил шахам хугацаанд ажиллаж, амьдарч байна. Одоо Египетийн Каир хотод метро барих төслийн удирдлагын багт ажиллаж байгаа юм. Миний ажилладаг “OC Global” компани Японы хөнгөлөлттэй зээлээр баригдах төмөр зам, метроны төслүүдэд төслийн менежмент хийдэг. Японд Монгол шиг төмөр замын инженерүүд зөвхөн төмөр замдаа ажиллаж, авто замын инженер нь авто замдаа ажилладгаас өөр системтэй л дээ. Механикийн инженер, зам гүүрийн инженерүүд нэг баг болж ажиллах боломжтой. Зам гүүрийн инженерүүд нь замын ангидаа, механикийн инженерүүд нь зүтгүүрийн инженерээр ажиллаж бас болдог гэсэн үг. Тэгэхээр би энэ салбарт л суралцаад явж байгаа төмөр замын инженер гэж ойлгож болно.
-Ажилладаг компанийхаа талаар тодорхой мэдээлэл хүргэж болох уу?
-Миний ажилладаг компанийн төв оффис нь Японд байдаг. Дэлхийн 100 гаруй улсад төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлдэг юм. Монголд баригдсан шинэ нисэх буудлын төслийн бүтээн байгуулалтыг удирдаж, төслийн менежментийг нь хийсэн гэдгээр нь Монголчууд мэдэх байх. 2000 оны эхэн үед “2017 он гэхэд Улаанбаатар метротой болно” гээд л сонин хэвлэлээр гардаг байлаа. Тэр үеийн анхны метроны суурь судалгааг нь манай компани хийж байсан юм билээ. Одоо надтай хамт ажиллаж байгаа японы ахмад инженерүүд 2011 онд Улаанбаатар хотод очиж хоёр жилийн хугацаанд тэндээ амьдран авто замын түгжирлээс эхлээд шаардлагатай бүх судалгааг гаргаж, ТЭЗҮ-ийг нь хүртэл хийсэн байдаг. Тэд Монголын талаар мэдээлэл сайтай, Монголд элэгтэй хүмүүс.
-Таныг удам залгасан төмөр замчин гэж сонссон?
-Тийм ээ. Миний аав одоо ч УБТЗ-д ажиллаж байгаа. Ах маань аавтай адилхан Санкт-Петербург хотын Төмөр замын сургуулийг зүтгүүрийн инженер мэргэжлээр төгсөөд Улаанбаатар зүтгүүрийн депогоос ажлын гараагаа эхлүүлж, тэндээ 4,5 жил ажилласан. Одоо шинэ төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож яваа. Эгч мөн л ОХУ-д холбооны инженерээр төгсөөд Зорчигчийн вагон депод 10 гаруй жил ажилласан. Саяхнаас өөр ажилд орсон сонсогдсон. Гэхдээ төмөр замынхаа л салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулж яваа.
-Олон улсын хэмжээнд хил хязгааргүй ажиллаж амьдрах хүртлээ чухам ямар зарчмаар суралцаж, ажиллав?
-Би Японы их сургуульд Зам, гүүр дэд бүтцийн инженер мэргэжлээр анх сурсан. Бакалавраа хамгаалсныхаа дараа эх орон руугаа буцах гэж яараагүй, эндээ жаахан ажиллаж туршлагажихаар шийдсэн юм. Ажил хайх явцад авто зам, нисэх онгоцны буудал гээд олон төрлийн дэд бүтцийн төслүүдэд ажиллах боломж байсан л даа. Гэхдээ төмөр замчин гэр бүлд өсөж торнисон болохоор ч тэр үү төмөр замын салбарт ажиллах нь илүү дөхөм санагдсан. Хамгийн гол нь энэ компани дэлхийн олон оронд төсөл хэрэгжүүлж ажилладаг нь илүүтэйгээр таалагдаж, ажиллахаар шийдсэн.
-Та бага насныхаа дурсамжаас манай уншигчидтай хуваалцаж болох уу?
-Миний бага нас “ТБД андууд” орчмоор, ер нь төмөр замын тосгонд л өнгөрсөн дөө. Манайх гэр бүлээрээ төмөр замчид болохоор аав, ээжийгээ дагаад л галт тэргээр их аялна. Аавтайгаа хамт Замын даргын үзлэгээр хойд, урд замд вагоноор явдаг байлаа. Вагоны үйлчлэгч эгч нарын гарын хоолыг иднэ, тэдэнтэй хөзөр тоглоно. Зүтгүүрийн депо, вагон депо, машинчийн бүхээг гээд л УБТЗ-д орж үзээгүй газар ер нь үлдээгүй дээ. Авга, нагац нар маань алс буйдхан тосгонд ажилладаг мөн л төмөр замчин хүмүүс болохоор зуны амралтаа тэнд өнгөрүүлнэ. Манайхан гэртээ байхдаа ажил, мэргэжлийнхээ талаар байнга ярилцана. Заримдаа энэ сэдвээр хоорондоо мэтгэлцэнэ гээд л миний өссөн орчин бүхэлдээ төмөр замчдын амьдрал ахуй, энэ салбарын жаргал зовлон байсан болохоор илүүтэйгээр сэтгэлд хоногшсон юм болов уу гэж боддог.
-Та гурвын мэргэжил сонголтод аав, ээжийнх нь оролцоо хэр их байв?
-Ах, эгч хоёр маань надаас 7,8 насны зөрүүтэй болохоор намайг бүр жаахан байхад мэргэжлээ сонгоод их сургуульд явцгаасан. Тэдний сонголтод аав ээж нөлөөлсөн үгүйг би мэдэхгүй. Намайг харин “Бид бүгдээрээ төмөр замчид боллоо. Чи энэ салбараас өөр мэргэжил сонго” гэсэн л дээ. Би ч зөвшөөрөөд зам гүүрийн мэргэжил сонгосон. Энэ бол хот байгуулалтын салбарын мэргэжил гэдэг агуулгаар нь бодож сонгосон юм. Гэтэл сургуулиа төгсөөд, мэргэжлийн карьераа эхлүүлэх үед яалт ч үгүй төмөр замын салбар нь ойр санагдсан. Энэ сонголтыг хийснийхээ дараа гэрийнхэнтэйгээ уулзаад “Та нар намайг төмөр замын салбараас хол бай гэсэн. Гэтэл яагаад ч юм бэ бас л энэ салбар руу орчихлоо” гэсэн. Тэднийг дургүй байх болов уу гэж дотроо бодсон ч эсрэгээрээ их таатайгаар хүлээж авсан.
-Өнгөрсөн хугацаанд гар бие оролцсон төслүүдээсээ сонирхуулбал?
-Ажилд орсон эхний хоёр жилд би гүүрэн бүтэц дээгүүр явдаг баганан тулгуурын төрлийн бүтээн байгуулалтаар хийгдэх метроны төсөлд ажилласан. Тухайн үед Шри-Ланка улс эдийн засгийн хүнд асуудалд ороод тэр төслөө зогсоочихсон. Миний оролцож ажилласан Бангладеш улсын метроны төсөл энэ жилээс бүтээн байгуулалт нь эхэлж байгаа.Ойролцоогоор 2030 онд ашиглалтад орох байх. Ер нь, метро болон төмөр замын төслүүд ихэвчлэн урт хугацааных байдгаараа онцлогтой. Төслийг нь хийснээс хойш хамгийн наад зах нь 10 жил зарцуулдаг. Тэгэхээр миний хувьд өнгөрсөн таван жилийн хугацаанд оролцсон төслүүдээ ажил хэрэг болсон гэж хэлэхэд арай эрт байна. Японы Хоккайдо арлын цас ихтэй хүйтэн, Сапора хэмээх хотод би хоёр жил ажилласан. Энэ үедээ би цагт 280-320 км хурдлах, өндөр хурдны Шинкасейн галт тэрэгний туннелийг барих төсөлд оролцсон. Энэ хотын цаг агаар яг л манай Улаанбаатар шиг эрс тэс уур амьсгалтай байсан болохоор ирээдүйд би төрөлх хотдоо метро баривал ийм зүйлүүд дээр анхаарах юм байна гэхчлэнгээр дотроо төсөөлж бодоод л маш гоё байсан. Тэр төслөөс ирээдүйд эх орныхоо бүтээн байгуулалтад оролцвол ашиглахуйц хэмжээний олон ч мэдлэг туршлагыг олж авсан. Улсын байгууллагын хувиар захиалагчийн хяналт тавьж ажилласан болохоор улсын байгууллага инженерингийнхээ төслийг хэрхэн удирдаж байна, авлига, хүнд суртлыг асуудлыг бий болгохгүйгээр хийх ямар арга зам байна вэ зэрэг системийг дотроос нь харж ажилласан учраас надад маш чухал туршлага болсон.
-Өөрт чинь хамгийн том сорилт болсон төслийг нэрлэвэл?
-Миний анхны оролцсон төсөлд 13 гурван улсын төлөөлөл багтсан. Тэд хэдийгээр англиар ярьдаг хэдий ч хэлний аялга, дуудлага нь бүгд өөр. Гэтэл захиалагч талынхаа санаа бодол, шаардлагуудыг маш сайн ойлгож, ажиллах ёстой учраас өөр өөр соёлтой хүмүүстэй аль болох зөв ойлголцож, нэгэн цул болж ажиллах нь эхэндээ надад маш хэцүү байсан. Миний хувьд залуу хүн учраас захиалагчидтайгаа харилцах, хурал зохион байгуулах гэхчлэнгээр төслийнхөө зохицуулагч талд голчилж ажилладаг. Японд төсөл хэрэгжүүлж байх үедээ тус улсын төрийн байгууллагын нэрийн өмнөөс хот доторх бүтээн байгуулалт өрнүүлэхдээ оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй байх, ажлынхаа талаар оршин суугчдад маш сайн ойлгуулах, олон төрлийн хүнд даацын дуу чимээ ихтэй машин техник ажиллуулах учраас аль болох удаан хугацаанд төслөө үргэлжлүүлэхгүй байх гэхчлэнгээр гадаад хүний хувьд уугуул иргэдтэй нь харилцах амаргүй байсан. Инженер мэргэжилтэй, дээр нь гадаад хүн учраас хотынх нь дүрэм журам, хууль эрх зүйг сайн мэдэхгүйгээс эхлээд бэрхшээл их тохиолддог байсан.
-Орчин цагийн залуу инженерийн хувьд монгол залуусынхаа мэдлэг чадварыг хэрхэн үнэлдэг вэ?
-Өнөө цагт Монголын залуус дэлхийн аль ч оронд ажилласан гологдохооргүй мэдлэг боловсролтой болсон шүү дээ. Над шиг гадаадын компанид ажиллаж байгаа, манай компаниас ч том хэмжээний алдартай компаниудад өндөр амжилт гаргаж яваа Монгол залуус маш олон бий. Японоос гадна Герман, Европын томоохон компаниудад ажилладаг миний өмнөх үеийн ах эгч нар, манай үеийнхэн ч олон байдаг юм билээ. Монгол хүн цаг агаарын ямар ч орчинд дасдаг, аль ч улсын хэлийг цэвэр, аялгагүй сурчихдаг зэрэг давуу талууд нь богино хугацаанд амжилтад хүрэх нэгэн чухал үндэс нь болдог юм шиг санагддаг.
-Өнгөрсөн хугацаанд эх орондоо хэр олон удаа ирэв?
-Ковид цар тахлаас өмнө зун алгасахгүй Монголдоо очдог байсан. Ковидоос хойших гурван жилийн хугацаанд нэг ч удаа эх орондоо очиж чадахгүй байж байгаад хилийн хорио цээр суларсны дараа, 2022 онд Монголдоо очоод ирсэн. Цаашид жил алгасахгүй эх орондоо очно гэж бодож байна. Оюутан байхаасаа л гадаадад сурч, ажиллаж амьдарсан болохоор дасчихсан. Нөгөө талаасаа цахимаар гэрийнхэнтэйгээ өдөр бүр холбогддог. Ямар нэгэн онцгой тохиолдол гарвал нисээд л гэртээ оччихно доо гэсэн бодол байгаа учраас сэтгэлзүйн хувьд ч тайван ажлаа хийдэг.
-Таны хамгийн ойрын мөрөөдлийг сонсож болох уу?
-Мөрөөдөл гэхээсээ илүү миний дотор нэгэн том зорилго үргэлж бодогдож явдаг. Одоогоор Монгол Улсын маань эдийн засаг сайнгүй байгаа учраас том хэмжээний төсөл хэрэгжүүлж чадахгүй байна. Гэхдээ миний хувьд дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэхэд гар бие оролцож яваа төслүүдтэйгээ адилхан маш том мега төслийг Монголдоо монгол инженерүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж, Монголчуудыг эх орондоо тав тухтай, сэтгэл өөдрөг амьдрах дэд бүтцийн таатай орчныг бүрдүүлэх юмсан гэж боддог. Хамгийн түрүүнд Улаанбаатар хотоо метротой болгохыг зорьдог. Энэ талаараа Улаанбаатар хотын захиргааныхантай боломжийнхоо хэрээр холбоотой ажилладаг. Өөрийнхөө оролцож байгаа төслүүдээс олж авсан туршлагаа чадлынхаа хэмжээнд хуваалцаж, зөвлөхийг эрмэлздэг. Метроны төсөл эхэлсэн тохиолдолд өөрийнхөө хэмжээнд хамгийн сайн хичээж оролцоно гэж боддог доо.
-Улаанбаатарт метро барих хэрэгтэй гэж үзэх нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь дүүжин тээврийг хөгжүүлэх нь чухал гэж ярих нь бий. Мэргэжлийн хүний хувьд энэ талаар ямар дүгнэлт хэлэх вэ?
-Технологи, техник талаасаа Улаанбаатар хотод метроны шугам байгуулахад ямар ч асуудалгүй. 2011 онд Солонгосчууд, 2013 онд Японы төслийн багийнхан Улаанбаатарт очоод аль аль тал нь судлаад ТЭЗҮ-ийг нь боловсруулаад, зургийг нь гаргачихсан. Босоо, хөндлөн шугамаар газар доогуур, дээгүүр, гүүрэн байдлаар гэхчлэнгээр техникийн талаасаа бүгд болно гэсэн үндэслэлүүдийг нь гаргаад ирсэн. Мөнх цэвдэгтэй учраас болохгүй гэх ч юм уу янз бүрийн явган яриа гардаг л байх. Гэвч ямар нөхцөлд, ямар шийдлийг гаргах вэ гэдэг хувилбарууд нь бүгд бэлэн байгаа шүү дээ. Миний ажилладаг компани л гэхэд Улаанбаатараас ч хэцүү нөхцөлд тохиромжтой төслүүдийг амжилттай хэрэгжүүлсээр өнөөг хүрсэн олон жилийн туршлага, шинжлэх ухааны шийдлүүд бий. Тэр бүгдийг би өөрийн нүдээр харсан учраас технологийн талаас болохгүй гэх ямар ч үндэслэлгүй гэдгийг баттай хэлэх байна. Төслийн санхүүжилт, шийдвэр гаргах хугацаа гэдэг хоёр зүйл л үүнийг хязгаарлаж байгаа. Цаашид метротой болох шаардлага зайлшгүй бий. Чухам хэдийд вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. Улаанбаатар хотыг анх байгуулахдаа цахилгаан станцтай байх уу үгүй юу? Цахилгаан станц хотод байгуулах нь ашигтай юу ашиггүй юу? гэж маргалдаагүй нь тодорхой. Түүнтэй адилхан “Улаанбаатарт метро барих уу, үгүй юу” гэж маргалдах нь үнэхээр утгагүй зүйл. Хотын хөгжил 100, 100 жилээр яригддагтай адил энэ бол урт хугацааны бодлогын асуудал. Тиймээс бид тэрхүү бодлогын эхлэл, суурийг ирээдүй хойчдоо тавьж өгөх нь чухал юм. Ер нь дүүжин тээвэр, трамвай, метро гээд ямар ч хувилбарыг сонгож болно. Харин эдгээрээс алийг нь хэзээ хэрэгжүүлэх, юу, юунд илүү түшиглэх вэ гэдгийг мэргэжлийн хүмүүс нь тооцоо судалгаагаараа гаргаад ирнэ.
-Төмөр замын инженер хүний хувьд Монгол Улсынхаа төмөр замын салбарыг ямар жишгээр хөгжвөл илүү оновчтой байх талаар бодож, судалж байсан уу?
-Өмнөд Азийн орнуудын төмөр замуудтай газар дээр нь очиж танилцаж байгаагүй ч тодорхой хэмжээний судалгаануудад оролцож л байсан. Эдгээрээс харахад Монгол Улсын төмөр замын салбарын гол зорилго нь хүн тээврээс илүү ачаа тээвэртээ тулгуурлан хөгжих явдал. Тэгэхээр Япон, Солонгосын төмөр замын салбарын жишээнээс илүүтэйгээр Америк, Австралийн төмөр замуудын туршлага манайхтай илүү ойр байгаа юм. Зарим хүмүүс өнөөгийн гол шугамыг хос болгох хэрэгтэй. Цахилгаанжуулах шаардлагатай гэхчлэнгээр олон хувилбар дэвшүүлэн тавьдаг. Богдхаан төмөр зам гээд 160 орчим км төмөр замын асуудал олон жил яригдаж явааг та бүхэн мэднэ. Тэгэхээр үүнээс эхлүүлээд шинэ төмөр замуудаа яаралтай барих нь чухал гэж би хувьдаа боддог. Ийм өргөн газар нутагтай, олон мянган тонн байгалийн нөөц баялагтай хэрнээ 2000 км хүрэхгүй урт төмөр замтай байна гэдэг нь өөр улсуудтай харьцуулахад үнэхээр чамлалтай.
-Хол явсан хүнээс сонин сонс гэдэг дээ. Манай уншигчидтай хуваалцах сонирхолтой мэдээлэл байна уу?
-Хамгийн ойрхноос нь Японы төмөр замын салбарын сонин сайхнаас хуваалцъя гэж бодлоо. Тус улс шугаман төмөр зам гээд шинэ төрлийн өндөр хурдны галт тэрэгний шугамыг Токио-Осака хотын хооронд барьж байна. Тахир тойруугүй, эргэлтийн радиус нь маш өндөр, шув шулуун төмөр замын шийдлээр барьж байгаа юм. Энэ зам ашиглалтад орсноор галт тэрэг бараг 500км/цаг хүртэл хурдлах байх. Үүгээрээ дэлхийн рекордыг тогтооно. Мэдээж тухайн галт тэргэнд дугуй бий. Гэхдээ хурд нь 200 км/цагаас даваад ирэхээр зам төмрөөсөө дугуй нь салаад соронзон нөлөөллөөр хөвж явна. Энэ бол төмөр замын салбарын гайхамшиг. Үүнтэй төстэй төмөр зам Шанхайд бий. Гэхдээ маш богинохон шугамтай юм билээ. Би өөрөө очиж үзээд алмайрч байсан төмөр замын салбарын нэг хөгжлийн жишээг бас энд яривал сонирхолтой байх гэж бодож байна. Японы Хоккайдо Зүүн арал хоёр дундаа 30 км зайд далайгаар тусгаарлагддаг. Энэ хоёр арлыг далай доогуур 50-иад км урт туннелээр холбосон байдаг. Тэр туннелээрээ өндөр хурдны болон ачаа галт тэргүүдээ 2015 оноос хойш явуулж эхэлсэн. Тэр замаар зорчиж үзэхэд үнэхээр алмайрсан.
-Сонгосон мэргэжлээрээ хамгийн их бахархах мэдрэмж авч байсан дурсамжаасаа хуваалцвал?
-Аль ч улсад очсон метро барихын тулд тухайн хотын гудамж, байшин барилгын зохион байгуулалтаас эхлээд бүх зүйлийг нь өөрчлөх шаардлага гарна. Иргэд нь хаана амьдарч, хаашаа явж байгааг хүртэл судалж байж метроных нь төлөвлөлтийг хийдэг. Бид бүхний хамтдаа хийсэн төлөвлөлт, судалгааны үр дүнд тухайн хотын иргэдийн амьдралд маш том өөрчлөлт, хөгжил дэвшил гарна гэдэг нь гоё мэдрэмж л дээ. Олон сая иргэд бидний төлөвлөсний дагуу ажилдаа, гэр рүүгээ явцгаана. Бид сайн төлөвлөлт хийж чадвал тухайн хүмүүс олон цагаар авто зам дээр түгжирч алтан цагаа үрэх бус гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгээ сайхан дурсамжийг бүтээж чадна гэдэг нь юутай ч зүйрлэшгүй том бахархал юм даа. Энэ мэдрэмжийг авахынхаа хэрээр илүү хичээж ажилламаар санагддаг.
-Өөрийнхөө ажилладаг компанийн тэргүүн туршлагаас манай уншигчидтай хуваалцвал юуг нь илүү онцлох вэ?
-Япон компаниудад тогтсон нэг соёл байдаг. Тэр нь ажилтнуудынхаа ая тух, эрүүл орчинд маш өндөр ач холбогдол өгдөг. Жишээ нь, ажилтнуудын үндсэн оффист хувцас солих өрөөтэй. Ажлаа эхлүүлэхийн өмнө хувцсаа сольж, оффис дотроо үргэлж углааш өмсдөг. Ер нь, Япончууд гутлын ариун цэвэрт их анхаардаг. Тэр нь хүний амьдрах орчныг маш цэвэр, эрүүл байлгахад нөлөөлдөг юм шиг санагдсан. Ариун цэврийн өрөөнд орохдоо хүртэл гутлаа сольдог. Аль эсвэл гутлынхаа гадуур углааш өмсдөг. Энэ нь маш жижигхэн юм шиг хэрнээ эрүүл, цэвэр цэмцгэр байлгахад хэрэгтэй дадал. Энэ дадлыг хаана ч хэрэгжүүлэх боломжтой, нэг ч центийн хөрөнгө мөнгө зарах шаардлагагүй шийдэл юм. Бас нэг зүйл нь Японы компанид ажил орсон хүмүүс ер нь тогтвор суурьшилтай ажилладаг. Энэ нь бүр соёл болоод тогтчихсон юм билээ. Миний хувьд ч мөн адил анхнаасаа өөрөө сонирхож ажилд орсон болохоор өөр илүү нөхцөл харах бодол төрдөггүй. Манай компани олон улсад ажилладаг, Япондоо өндөр нэр хүндтэй, цаашдаа Монголд төсөл хэрэгжүүлэх боломжтой гээд олон давуу талтай. Ер нь компанийн зорилго, миний зорилго хоёр нийлж байсан учраас сонгосон. Манай компанийн хувьд ч намайг ашиглаад Монголд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх өндөр сонирхолтой байгаа учраас одоогоор ажлаа солих бодол төрөөгүй л байна.
-Цаг заваа гарган сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
-УБТЗ-ынхаа 16 мянган төмөр замчныг бүгдийг нь танихгүй ч гэлээ сэтгэлд үргэлж ойр явдаг юм. Хэдийгээр тэдний дунд ажиллаж үзээгүй ч амьдардаг орчинд төрж, өссөн учраас надтай адилхан олон залуус Монголын төмөр замчин гэр бүлийн эд эс гэсэн нэр доор өөр өөрийнхөө сонгосон замаар улс эх орондоо хувь нэмрээ оруулаад явна гэж бодохоор сайхан санагддаг. Өөр оронд ажиллаж явахдаа ч төмөр замчин хүнтэй таарвал их олзуурхдаг. Зарим хүн магадгүй төмөр замын салбарт анх ажилд орохдоо зөвхөн төсөөлөл төдий байдаг бол миний хувьд хэдийнэ танил байсан. Намайг бүр хүүхэд байх үеэс л энэ салбарын талаарх хүн болж төлөвшихөд нөлөөлсөн байх. Тиймээс хар багаас минь намайг энэ салбарт элгэмсүү хүн болгоход нөлөөлсөн бүх хүнд баярлалаа гэж хэлье дээ.
Б.Дэлгэрхишиг