Тяньжин боомтод 2024 оны зургаадугаар сарын байдлаар 5450 чингэлэг гацсан. Тодруулбал, Тяньжин боомт дээр ирсэн чингэлгүүд Монгол руу гарч чадахгүй гацаа үүсгэсэн.
Тяньжин боомт дээр үүссэн асуудлын талаар Боомтын сайд Б.Тулга 2024 оны зургадугаар 7-нд мэдээлэл хийсэн. Тэрбээр,"Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын чингэлгийн дийлэнх хэсэг бууж Монгол руу тээвэрлэгддэг. Сардаа Тяньжин боомт дээр 3000-4000 чингэлгийн буулгалт хийгддэг. Монгол Улс, БНХАУ-ын төмөр замын хэлэлцээр, боомтын хэлэлцээрийн дагуу өдөрт хоёр галт тэрэг чингэлгийг Монгол Улс руу авдаг. Харамсалтай нь, энэ тоо он гарснаар өдөр бүр буурсан үзүүлэлттэй байна.
Үүнийг шийдвэрлэхийн тулд холбогдох байгууллагууд ажлын хэсэг гарган ажиллаж байна. Монгол Улсын худалдаа, эдийн засагтай холбоотой асуудал учраас ноцтой анхаарах шаардлагатай байна. Гэвч өнөөдрийг хүртэл БНХАУ-ын талаас тодорхой хариу ирүүлээгүй байна" хэмээн мэдээлсэн билээ.
Тэгвэл уг асуудлын талаар Монголын тээвэр зуучлалын нэгдсэн холбооноос өгсөн мэдээллээр "Зургадугаар сарын 1-нээс зургадугаар сарын 31-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 34 галт тэрэг гарсан. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 11000 TEU буюу 5500 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна. Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 80-90 хонож гарч байна. Авто замаар тээвэрлэгдэхээр гааль хийгдсэн 1000 чингэлэг байна. Гаалийн талбайн ачааллаас хамааран хүлээгдэж байгаа" гэв.