Энэ удаагийн зочин маань Английн Лондон хотоос манай сонины цахим хаягаар холбогдон ярилцсан юм. Түүнийг Түвшингийн Ганзориг гэдэг. Англи улсад гэр бүлээрээ ажиллаж амьдардаг. Монгол Английн цагийн зөрүүнээс шалтгаалж түүнтэй хийх ярилцлагаа ажлын бус цагаар төлөвлөх шаардлагатай болсон юм.
-Эх орноосоо хэдэн жилийн өмнө мордов. Төмөр замчны хүүхэд гэж сонсоод их дотно санагдлаа?
-Юуны өмнө танай сонины нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би 1976 онд төрсөн. Эх орноосоо гараад 18 жилийг үдэж байна. Миний бага нас одоогийн Говьсүмбэр аймаг буюу Чойр зангилаанд өнгөрсөн. Тэнд наймдугаар ангиа төгссөн. Миний ээжийг Ж.Надмид гэдэг. "Хүндэт төмөр замчин" хүн. Замын III ангид насаараа замчин хийгээд гавьяаны амралтдаа гарсан. Одоо 75 настай сайхан буурай бий. Аавыг минь Н.Түвшин гэдэг. Мөн л Замын III ангид ерөнхий нягтлангаар ажилладаг байлаа. Тийм ч учраас төмөр замчид миний сэтгэлд хамгийн нандин орон зайг эзэлдэг. Хүний ухаан орохоосоо л замын цас цэвэрлэгч вагон дээр тоглож өссөн болохоор арга ч үгүй биз дээ.
-Аав ээжийнхээ ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж шугам зам дагуу их явсан байх?
-Аав ээж хоёрын минь амьдрал Зүүнхараагаас Чойр хүртэл төмөр зам дагасан даа. Би аав ээжийнхээ ажил мэргэжлийн буянд Монгол Улсынхаа хойд хилээс өмнөд хил хүртэл галт тэргээр явсан. Ээж минь зуны улиралд гүүр хоолойн ажил гээд л томилолтоор их явна. Би ээжийгээ дандаа дагаад л явж байх. Бид гэрээс зургуулаа. Саяхан ээжтэйгээ утсаар ярихдаа "Хүү нь Английн төмөр замд ажилд ороод, жинхлээд сайн ажиллаж байгаа шүү" гэж хэлсэн. Ээж минь маш их баярласан.
-Манай сонины цахим хаягийг хаанаас авав?
-Багадаа би "Ган зам" сониныг их уншдаг байлаа. Английн төмөр замд ажилд орсныхоо дараа салбарынх нь сониныг хараад л "Ган зам" сониноо одоо нэг унших юмсан гэсэн бодол зурсхийсэн. Тэгээд л "Google"-ээс "Ган зам" сонины талаарх мэдээлэл хайж эхэлсэн. Санасандаа ч хүрч тантай холбогдож чадсандаа баяртай байна.
-Төмөр замчны хүүхдүүд ихэвчлэн дунд сургуулиа төгсөөд л аав ээжийнхээ мэргэжлийг өвлөдөг шүү дээ?
-Миний оюутан насны амьдрал нэлээд адармаатай л даа. Би ес, аравдугаар ангиа Нийслэлийн 31 дүгээр сургуульд сурч, төгссөн. Дараа нь МУИС-ийн Олон улсын эдийн засгийн ангид элссэн. Гэвч тэндээсээ Москва хотын Ивановский государственный университет рүү шилжсэн. Зуны амралтаараа ирсэн байхдаа аав болж, амьдралын мөр хөөх шаардлага гарсан. Ингээд Улаанбаатар татах хэсэгт хос дугуйн токарьчнаар ажлын гараагаа эхэлж байлаа. Тухайн үед олон мундаг засварчдын туслалцаа дэмжлэгтэйгээр удалгүй токарчны нэгдүгээр зэргээ авсан. Гэсэн хэдий ч зургаан сарын дараа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд санхүүгийн мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцсан. 2002 онд сургуулиа ч амжилттай төгслөө. Тухайн үед би төмөр замдаа орж ажиллах сонирхолтой байсан учраас Зорчигчийн вагон депод дадлагад гарч, дипломынхоо ажлыг ч тэнд хийсэн.
-Төмөр замчин болох зорилгыг тань чухам юу ингэж өөрчлөв?
-2003 онд Английн виз гарчихсан учраас залуу хүний хувьд өндөр хөгжилтэй оронд суралцаж, илүү ихийг мэдье гэж бодсон. Тэгээд эхнэр хүүхдийнхээ хамтаар Англи орныг зорьсон доо. Амьдрал үнэхээр баялаг шүү. Одоо би Лондон хотод эхнэр гурван хүүхдийнхээ хамт амьдарч байна. Том охин маань энд нэгдүгээр ангиасаа эхэлж боловсрол эзэмшсэн. "Royal Holloway Univercity of London"-ийг төгссөн. Одоо "London School of Economics"-т мастерт сурч байгаа. Хоёр бага маань "Larmenier and Sacred Heart Catholic Raimang Scool"-д нэг дөрөвдүгээр ангид сурдаг.
-Холын оронд очсон ч, хүслээ биелүүлж төмөр замчин болж чадсан байна шүү дээ. Мэдээж, энэ хүртэлх замнал тийм ч амар байгаагүй болов уу?
-Тийм шүү. Энд анх оюутан болж ирснээсээ хойш цахилгаанчнаас эхлээд олон ажил хийж үзсэн дээ. Сүүлд гал тогооны менежерийн коллежид элсэж хоёр жил сурлаа. Дөрвөн рестораныг нэгтгэсэн ахлах тогоочоор есөн жил ажилласан юм. Тэр хугацаандаа Монголоос Англид суралцахаар ирсэн 150 гаруй Монгол залуусыг доороо авч ажиллуулсан. Нутгийн залуучуудад тусласандаа бахархалтай явдаг юм. Тэдэнд пицца, пастаг хэрхэн хийхээс эхлээд чаддаг бүхнээ л зааж өгөхийг хичээсэн. Одоо тэдний маань зарим нь эх орондоо очоод том ресторанд ажиллаж байгаа гэсэн. Би ер нь хаана ч явсан газраа нутаг нэгтнүүддээ туслаад, хамтарч ажиллах их дуртай. Одоо ч Английн төмөр замд ажилладаг Монгол хүн байхвий гээд л эрж хайж, сураглаж явна.
- Одоо эрхэлж байгаа ажлынхаа талаар яриач?
-Би Английн Лондон хот дахь Зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Govia Thameslink Railway Ltd" хэмээх төмөр замын компанид вагоны найруулагч, тасалбарын нярвын ажлыг хавсран гүйцэтгэж байна. Хэдий өөр улсын төмөр зам боловч адилхан л хүнд үйлчилгээ үзүүлэх зорилготой, техник хэрэгсэл гээд ерөнхий ажиллах зарчим нь нэг учраас Английн төмөр замд ажиллахад тийм ч их бэрхшээл тулгараагүй. Нэн тэргүүнд би мэргэжлийн шалгалтыг нь өгч тэнцээд, дараа нь мэргэшүүлэх сургалтад нь хамрагдсан. Ингээд гурван сарын хугацаанд дадлагажигчаар ажиллаад дараа нь дахин шалгалт өгч жинхэлсэн. Жинхлээд нэг жил болж байна даа. Гэнэтийн тохиолоор төмөр замчин болсондоо би маш их бэлэгшээдэг. Аав ээжийн минь насаараа ажилласан салбар нь шүү дээ. Өдрийн найман цагт дандаа вагонтой харьцаж ажиллахад бага насны дурсамж сэргээд, сэтгэлд нэг л өег байдаг.
-Английн төмөр замчин болсон эхний өдөр ямар сэтгэгдэл төрөв?
-Ажлынхаа иж бүрэн хувцсыг өмсөөд гарахад их сэтгэл хөдөлсөн шүү. Ойрд дүрэмт хувцас өмсөөгүй болохоор ч тэр үү цаанаа л нэг бахархмаар санагдсан. Энд ажилладаг ихэнх хүн хувцсаа ажлын байрандаа үлдээдэг юм билээ. Би эхний долоо хоногт бол ажлаа дуусгаад гэртээ харьсан ч дүрэмт хувцаснаасаа салаагүй(инээв)
- Танай компанийн онцлого нь юу вэ?
-Тус компанид одоогоор 7000 гаруй хүн ажиллаж байна. Ер нь, Англид ажиллаж, амьдрах эрхтэй орон орны хүмүүс "Govia Thameslink Railway Ltd" компанид орж ажиллах нөхцөл бололцоо хангалттай байдгаараа онцлогтой. Би нэг ээлжиндээ Африк хүнтэй хамт ажилласан бол дараагийн ээлжиндээ Польш хүнтэй хамт ажилладаг гэхчлэнгээр ер нь глобалчлагдсан компани. Манай компани Лондонгоос гадагш "Luton Airport ", "Gatwick Airport" зэрэг онгоцны буудлууд руу зорчигч тээврийн 24 цагийн үйлчилгээг үзүүлдэг.
-УБТЗ-аас ялгаатай тал хэр олон бэ. Анх ажиллахад хүндрэл бэрхшээл хэр тохиолдов?
-Монгол Английн төмөр замд ялгаатай тал нэг их байхгүй дээ. Монголд цаг уурын эрс тэс нөхцөл байдлаасаа шалтгаалаад зорчигчийн вагонууд нь нүсэр том байдаг бол Англид дулаан уур амьсгалтай учраас илүү авсаархан, хөнгөн чанарын вагонууд зорчигчдод үйлчилдэг. Мөн Английн төмөр замын хөдөлмөрийн хөлс харьцангуй өндөр. Миний ажиллаж байгаа компанид л гэхэд ажилласан жилээсээ шалтгаалаад жилд 25.000-30.000 паундын цалин авдаг. Түүнээс гадна энэ компанид нэгээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд өөр чиглэлд мэргэжлээ дээшлүүлэн дэвшиж ажиллах боломж нь илүү нээлттэй болдог. Мөн Английн төмөр замчдын цаг баримтлалт маш сайн. УБТЗ-ынхан ч хагас цэргийн зохион байгуулалттай гээд цагаа маш сайн барьдаг шүү дээ. Миний анхны ажил мэргэжлийн үндэс суурь Монголд сайн тавигдсан учраас эндхийн төмөр замынхны дунд ороод ажиллахад бэрхшээлтэй зүйл нэгээхэн ч тохиолдоогүй.
-Монгол залуус таны ажиллаж байгаа компанид очоод ажиллах боломжтой юу?
-Мэдээж, Англид ирээд төмөр замчнаар ажиллах сонирхолтой хүн байвал өөрийнхөө чадлын хэмжээнд тусална гэж боддог доо.
-18 жил гэдэг урт хугацаа. Эх орноо хэр их санаж байна вэ. Ойрын хугацаанд ирэх үү?
-Өнгөрсөн онд гэр бүлээрээ эх орондоо очиж, хүүхдүүдээ эмээ, өвөөтэй нь танилцуулж, Монгол ахуй соёлоо үзүүлье гэсэн төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор амжсангүй. Хэрэв нөхцөл байдал сайжирч, тайван цаг ирвэл энэ зун Монголдоо очиж, энд төрсөн хүүхдүүдээ эх орон нь ямар сайхан болохыг бүтэн сарын хугацаанд үзүүлэх сонирхолтой байгаа.
-Танай гэргий ямар мэргэжлээр ажилладаг вэ?
- Эхэндээ манай хүн ихэнх хугацаанд хүүхдүүдээ хараад гэртээ байдаг байлаа. Англиар бол "Full time mum" гэж албан ёсоор нэрлэдэг л дээ. Саяхнаас харин "Selfridges" гэдэг дэлгүүр худалдагчаар ажиллаж эхэлсэн. Монголоор бол Улсын их дэлгүүрт шиг томоохон дэлгүүр.
-Ер нь, Лондонд Монгол хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл хэр бүрдсэн байдаг вэ?
-Нэн тэргүүнд хэлний мэдлэг чухал. Дараа нь, энд ажиллах албан ёсны эрхтэй байх ёстой. Энэ хоёр шаардлагыг хангасан байхад ер нь өөрийн сурч мэдсэн чиглэлээрээ ажиллаж, амьдраад явах бүрэн боломжтой. Би энд ажиллаж, амьдрах хугацаандаа төмөр замын мэргэжил эзэмшсэн. Монгол залуус өөрсдөө хичээвэл Англи, Америк зэрэг аль ч өндөр хөгжилтэй орны төмөр замд ороод гологдохгүй ажиллах боломжтой юм байна гэдгийг ойлгож авсан. Үе үеийн төмөр замчин залуустаа ч үүнийг захиж хэлмээр байна. Гол нь, Англи хэлний тодорхой хэмжээний мэдлэг л эзэмших хэрэгтэй.
-Английн төмөр замд ямар шинэ технологи нэвтэрч байна вэ. Хамт ажиллаж байгаа мэргэжил нэгтнүүд Монголын төмөр замын талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
- Английн төмөр зам сүүлийн таван жилд зорчигчийн вагондоо эрчимтэй шинэчлэл хийж байгаа. Сүүлийн үеийн зорчигчийн галт тэрэгний машинчид өөрсдөө вагоныхоо бүх хаалгыг камераар хянаж, өөрөө хааж онгойлохоос эхлээд ухаалаг систем ихтэй болсон. Би хувьдаа хамт ажиллаж байгаа хүмүүстээ Монголынхоо төмөр замын салбарын талаар аль болох их мэдээлэл хүргэж, ойлгуулж, сурталчлахыг хичээдэг. Зураг, видео их үзүүлнэ. Манай ажилтнууд манай вагонуудыг хараад "Яасан нүсэр том юм бэ?" гээд сүрдэцгээдэг.
-Алс холын орноос цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
ЯРИЛЦСАН Б.ДЭЛГЭРХИШИГ