Одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 03-нд УБТЗ ХНН-ийн хамт олон микропроцессорын төвлөрүүлэлт, алсын удирдлагатай зөрлөгийг нээж байв. Агьсүмбэт-Сайншанд хоорондын замын 857 дугаар км-т шинээр байгуулсан 36 дугаар зөрлөгийн суман шилжүүлэг дохио болон бусад төхөөрөмжүүдийг зэргэлдээх Агьсүмбэт зөрлөгийн удирдлагын автоматжуулсан байрнаас удирдах горимтойгоор бүтээсэн нь тухайн үедээ цоо шинэ үзэгдэл байв. Өөрөөр хэлбэл УБТЗ-ын түүхэнд төдийгүй Монгол Улсын төмөр замын тээврийн салбарыг шинэ цагийн дэвшилд түүчээлсэн бүтээн байгуулалт байсан юм.

Энэхүү зөрлөгийг ашиглалтад оруулснаар Монгол инженер техникийн ажилтнууд дэлхийн түвшинд сэт­гэж, бүтээж чаддагийг нотолсон билээ. Тэд алсын удирдлагатай камерын хяналтын төхөөрөмж, чанга яригчийн систем, тоон технологид суурилсан шугам замын технологийн холбоо зэргийг Монгол инженерийн шийдлээр өөрсдөө угсран суурилуулсан юм. Мөн УБТЗ ХНН хоёр дахь оптик шилэн кабельтай болох эхлэлийг тавьж, тэр жилдээ Айраг өртөөнөөс Сайншанд өртөө хооронд 200 км урттай шилэн кабелийг суурилуулсныг манай уншигчид тод санаж буй болов уу.

Дээрх төсөлд хамтран ажилласан “Bombardier” компанийн инженерүүд бүтээн байгуулалт дууссаны дараа монгол инженерүүдийн шийдлийг ихэд олзуурхаж,  өөрс­дийн технологидоо нэмэлт бол­гож оруулах хэрэгтэйг онцолсон байдаг.

Микропроцессорын төвлөрүүлэлт, алсын удирдлагатай зөрлөгийн бүтээн байгуулалтад тухайн үеийн шилдэг залуу инженер техникийн ажилтнууд гар бие оролцон ажилласан юм. Тэдний ур ухаанаар бүтсэн орчин цагийн дэвшилтэт технологийн шийдэл жилээс жилд нэмэгдэж, одоо замын урд хэсэгт 31, 39, 41 дүгээр зөрлөг. Хойд хэсэгт 183-р км, Үнэгт, Шатан, Ногоонтолгой зөрлөгүүд алсын удирдлагын зохицуулалтаар ажиллаж, төмөр замын тээврийн болоод Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулсаар явна.