Барууны нэгэн хэвлэлд мэдээлснээр, “БНХАУ, Монгол улсууд ОХУ рүү хүрсэн Монголын төмөр замын дэд бүтцийг сайжруулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв” гэжээ. Энэ нь, өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж, гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг сайжруулах талаар ярилцсантай холбоотой аж. Учир нь, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлэлд “Ван И сайд Улаанбаатар хотноо Б.Батцэцэг сайдын хамтаар гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг сэргээн сайжруулах хэлэлцээрт гарын үсэг зурлаа” гэснийг иш татан ийнхүү мэдээлсэн байна. Тус мэдээлэлд цааш дурдснаар, “Хоёр улсын Засгийн газрууд Монголын нутаг дахь төмөр замыг сайжруулах сонирхолтой байгаа нь БНХАУ ОХУ-тай хийх худалдаагаа хөнгөвчлөх гэсэн оролдлого гэж үзэж болно. Одоогийн байдлаар, ОХУ Европын хориг арга хэмжээнд орсны улмаас Хятад дэлхийн зах зээлд нэвтрэх боломж хязгаарлагдмал байгаа юм. Гэхдээ энэ бүхэн цаг хугацааны л асуудал” гэдгийг ч мөн тодотгожээ. Хятад, Монголын хоорондох Замын-Үүд-Эрээний хилийн гарцаар Евразийн ачааны багагүй хэсэг дайран өнгөрдөг. Тодруулбал, 2021 онд тус хилийн гарцаар Хятад-Европ чиглэлийн 2513 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрсөн байдаг. Энэ тоо нь өнгөрсөн жил Алашанькоугаар дамжин Хятадаас Европ хүрсэн 5.848, Хоргосоор дамжин 6.362 галт тэрэг аялсантай харьцуулахад бага ч тухайн хэсэгт техникийн шинэчлэл хийснээр ахиад өсөх боломжтой гэж үзсэн. Орос, Хятадын найрамдалт хамтын ажиллагаа ч хамгийн таатай үедээ яваа. Үүнээс гадна Хятад улс экспортын бодлогоо олон янзаар хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа нь эндээс харагдаж байгаа юм. Энэ бодлогын нэг хэсэг нь бүс нутгийн ашигтай орнуудтай худалдааг нэн тэргүүнд тавих явдал. Монгол Улс ч Хятадтай харилцан ашигтай ажиллах үүднээс төмөр замын техникийн шинэчлэл хийх нь чухал болоод байгаа гэдгийг мэдээлсэн байна.
Б. МӨРӨН