Өдгөө 75 жилийн түүхээс тээвэрлэлтийн суурь нэгж болох өртөөний үндсэн ажлын автоматжуулалт болон тээвэрлэлтийн явцыг гол чухал хэмээн үзэж эхний хэсгээр товч өгүүлье. Өртөөний ажлын хэмжээ, онцлогоос шалтгаалж дараах автоматжуулсан ажлын байр /ААБ/ нь ялгаатай байж болох ч төмөр замаар тээвэрлэх үйл явц нь өөрчлөгдөхгүй учир ААБ-ны зураг төслөөрөө шийдэгддэг. Өртөөний автоматжуулалтын шийдлийг товч байдлаар гаргавал:
-Өртөөний жижүүрийн ААБ нь галт тэрэгний хөдөлгөөний төлөвлөгөөг хэрэгжүүлэх, аюулгүй байдлыг дээшлүүлэх, өртөөний ба хоорондын замаас ирэх галт тэрэгний хөдөлгөөний төлөв байдал, вагон паркийн хуваарилалтыг хянах, удирдах явцыг боловсронгуй болгох зорилготой. Вагон ашиглалт, сул зогсолтын гэх мэт өртөөний үзүүлэлт, зүтгүүр, вагон, бусад хөдлөх бүрэлдэхүүний лавлагаа, мэдээллээр өртөөний технологи төвийн, статистикийн, сэлгээ зохицуулагчийн ААБ-тай холбогдоно. Тухайн замын Тээвэрлэх үйл явцыг шуурхай удирдах автоматжуулсан систем \ТЯШУАС\-ээр дамжиж төмөр замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвтэй мөн холбогдоно. Шаардлагатай мэдээллийг дээрх системээс авдаг байна.
-Сэлгээ хөдөлгөөн зохицуулагчийн ААБ-ыг тогтсон үелэл, хугацаагаар ажлын шуурхай төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилт, хугацаа хянах, тээвэрлэгчид ачааг шуурхай хүргэх, өртөөн дэх галт тэрэг, вагоны динамик загвар хөтлөх, шаардлагатай бол төлөвлөгөөг өөрчлөх боломжтой байх зорилгоор бүтээнэ. Системийн чиг үүрэг нь ээлжийн даалгавар, өртөөний замд байгаа ба бэлэн галт тэрэг, вагон, ойртож байгаа галт тэрэг, зүтгүүр, үүнийг бригадаар хангасан байдал, ажлын талбай бүрийн буулгах, ачих явцын төлөв байдал, ачааны захиалга, ачааны ажлын нөөцийн хангалт, засвар зэргээс шалтгаалсан түр хязгаарлалт зэргийг нэгтгэж тооцоолох боломжтой байх юм.
-Өртөөний технологи төвийн операторын \ӨТТ\ ААБ нь өртөөн дэх вагоны ашиглалт, сул зогсолтын тооцооны чанарыг дээшлүүлэх, түүний боловсруулалттай холбоотой баримт бичгийг бүрдүүлэх зорилгоор бүтээгдэнэ.
ААБ-ны чиг үүрэг нь ялгалтын хуудсыг хөтлөх, өртөөн дэх вагон хуримтлуулах зам дээр байгаа вагон, эдгээрийн байрлалыг дугаараар нь тасралтгүй бүртгэх, галт тэрэгний хуримтлагдсан бүрэлдэхүүн ба бүлэг вагоны жин, уртыг тооцоолох, хуримтлуулах зам дээр байгаа вагоны тоо, байрлалд өөрчлөлт оруулна. Мөн найруулсан бүрэлдэхүүнд биечилсэн хуудсыг үйлдэх, ирэх вагоныг буулгахаар өгөх, урьдчилсан хугацааны мэдээг ачааны цех, үйлчлүүлэгчид зориулан бэлтгэх, дамжуулах, машинчийн замналын хуудсыг бүрдүүлэх лавлагаа бэлтгэх, дамжуулах, вагон паркийн бүртгэл, тайлангийн маягтыг боловсруулах юм.
ӨТТ ААБ-ны боловсруулж гаргах баримт бичиг нь өртөөний хүлээн авах, явуулах замын байдал, ойртож буй галт тэрэгний мэдээлэл, галт тэрэгний биечилсэн хуудас, орон нутгийн ачааны ба машинчийн замын хүснэгтийн мэдээлэл-лавлагаа гэх мэт 13-16 ш баримт байна.
-Статистик мэдээллийг боловсруулах операторын /СТАТ/ ААБ нь өртөөний тайлан, статистик өгөгдлийн баримт бичгийг автоматжуулан хөтлөх, үнэн байх түвшинг дээшлүүлэх зорилгоор бүтээгдсэн байна. Үүний чиг үүрэг нь автомат горимоор ДО-1, ДО-2, ДО-6, ДО-15, ДО-17, ДО-24, ДО-42, ДУ-4, ДУ-9 \маягтын тогтсон товчлол\ зэрэг бүртгэл, тайланг маягтын дагуу боловсруулах юм. Өөр бусад гарцууд ч байна.
-Ачааны цехийн кассчины /АчК/ ААБ нь ачааны ажиллагааны бүртгэл тооцоо, шинжилгээний ба шуурхай удирдах ажлын үр дүнг дээшлүүлэх болон төрөл бүрийн баримт бичгийг бэлтгэх явцыг автоматжуулах зорилгоор бүтээгдэнэ.
Ялгах ба ачааны өртөөнд байрлах түүний чиг үүрэг нь бусад системтэй нэгдэж ба бие дааж ажиллана. Төрөл бүрийн ачаа илгээлтийн дагалдах баримт бичгийг автоматаар бэлтгэх, ачаа, тээврийн ажиллагааны тэмдэглэл хөтлөх, ачааны ажиллагааны гүйцэтгэлийг бүртгэн шуурхай тайлан боловсруулах, ажлыг шуурхай удирдах, төлөвлөгөөний биелэлт, ачих бодит явцыг хянаж, ээлжийн болон ачааны цехийн зарим ажилтны ажлын тооцоог гүйцэтгэнэ. Мэдээлэл, лавлагаагаар үйлчлэхээр автоматжуулдаг байна.
-Тээврийн баримт бичиг үйлдэх /ТББ/ ААБ нь ачаа илгээгчийн тээврийн баримт бичиг бүрдүүлэх, боловсруулах /зөвхөн тээвэрлэх, ажиллагаатай тээвэрлэх/, хянах, хэвлэж гаргах үйл явцыг автоматжуулах зорилгоор бүтээгдэнэ. Үүний чиг үүрэг нь ТББ ААБ нь “Трансферт” гэж нэрлэдэг мэдээллийг хувиргах, дамжуулах, хянахаар хийгдсэн /МХДХ/ тусгай программ хангамж \ПХ\-аар дамжиж төмөр замын хэмжээнд ачааны цехийн кассчинтай холбогдож байна. ТББ ААБ, МХДХ ПХ “Трансферт”, АчК ААБ нь “Ачаа илгээгч - төмөр зам” гэх тээврийн баримт бичгийг гүйцэтгэх, хянах автоматжуулсан системийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм.
-Ачаа, вагон хүлээлцэгчийн /АВХ/ ААБ нь ачаа, коммерын ажиллагааны бүртгэл, тооцооны үр дүнг дээшлүүлэх, холбогдох баримт бичгийг автоматаар хөтлөх зорилгоор бүтээгдэнэ. Чиг үүрэг нь ачилтад өгөхөөр сонгосон вагоны үзлэгийн дүнг бүртгэх \ФУ-14\, ачилтад болон техникийн ажлын байранд тавих вагоны албан баримт-санамж хөтлөх, ерөнхий маягтаар актуудыг тогтоох, вагоны хуудсыг ба вагон тавих, татах хүснэгтийг /ГУ-46/ хөтлөх гэх мэт. ТЯШУАС-тэй мэдээлэл солилцож вагон тавих, татах тооцоог гүйцэтгэнэ.
Дээрх ААБ-аас гадна Санхүүгийн үйл ажиллагаа, нягтлан бодох бүртгэл, боловсон хүчний автоматжуулалт нэмэгдэж шугамын аж ахуй нэгжийн цогц бүрэн автоматжуулалт болно гэдэг нь ойлгогдоно.
Ажлын байрыг автоматжуулах судалгаа, зураг төсөл, программ хангамжийг Монголын үндэсний стандартын дагуу гүйцэтгэх ажлын нэгж МТЗ-д байх шаардлага гарч буйг харж болно. Харин үүний жишиг нь УБТЗ-ын Мэдээлэл удирдлагын төв байж болно.
Жич: Үүгээр төмөр замын шинэ төслийн шугамын аж ахуйн ажлын автоматжуулалтын талаар болон Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн удирдлагын төвийг ирэх онд ашиглалтад оруулахтай холбогдуулан хөндлөө. Хоёр дахь хэсэгт тэвэрлэлтийн автоматжуулалт талаас нэлээд тодорхой өгүүлэх юм.
Ахмад инженер Д.Бадарч