УИХ-ын гишүүн, Үйлдвэржилmийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

- Дорноговь аймагт төмөр зам дагасан хөгжил үргэлжилж байна. Өнөөгийн болоод хэтийн төлөвийг та  манай уншигчдад товч  танилцуулаач?

-Дорноговь аймаг хамгийн урт төмөр замтай, түүнийг дагаад төмөр замын боловсон хүчин манай аймагт хамгийн олноороо ажилладаг. Дээр нь, олон улсын Замын-Үүд боомт, улсын чанартай Хангимандал боомт гээд хоёр ч гарцаар БНХАУ-тай холбогддог.  Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүний 70 гаруй хувь нь зөвхөн Замын-Үүд боомтоор орж ирж байна гэхчлэнгээр онцлогтой. Миний хувьд төмөр зам, авто зам дагаж тухайн орон нутгийн хөгжлийн асуудал нь эрчимждэг гэж хардаг. Ялангуяа, цар тахлын үед Монгол Улс 30 гаруй сая тонн ачааг төмөр замаар л татаж авлаа шүү дээ. Энэ үед авто зам бүрэн хэмжээнд хаалттай байсан учраас улсынхаа эдийн засгийг төмөр замын салбарынхан л хэвийн хэмжээнд авч ирлээ. Энэ ч агуулгаараа Монгол Улсын Засгийн газар төмөр замын салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Нэгдүгээрт, Зүүнбаян-Хангимандал чиглэлийн 226 км төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барилаа. Хуучин бол концессийн гэрээгээр ч юм уу бариулаад шилжүүлэн авах нөхцөлөөр бүтээн байгуулалт хийдэг байсан.  Харин энэ удаад Төр, хувийн хэвшлийн тухай хууль батлагдсан. Шинэ төмөр замууд бүрэн хэмжээнд ашиглагдаад ирэхээр Дорноговь аймаг хоёр том хилийн гарцтай болж, Монголоос гарах экспортын тээврийн ачаа эргэлт нэмэгдэнэ. Зүүн өмнөд Азиас орж ирэх ачаа тээврийн хэмжээ ч өснө. Сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт ялангуяа төмөр дагасан баяжуулах болон боловсруулах үйлдвэрийн тоо нэмэгдэж байна. Бид уул уурхайн бүтээгдэхүүнээ аль болох баяжуулж, боловсруулах чиглэл рүү явж гэмээнэ ажлын байр, улсад төлөх татварын хэмжээ ч нэмэгдэнэ. Товчхондоо, төмөр зам дагасан баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ нэмэгдүүлэх чиглэлийг хаана хаанаа барина.

-Цар тахлын нөхцөл байдал ялангуяа Замын-Үүд боомтод ажиллаж амьдардаг ард иргэдийн амьдралд хүнд тусах шиг боллоо?

-Бүс нутгийн тээврийг хөгжүүлэх, ачаа эргэлтийг түргэсгэх чиглэлээр Замын-Үүд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх ямар шийдэл  байна гэж та хардаг вэ?

-Миний бие Дорноговь аймгаас сонгогдсон гишүүний хувьд цар тахлын үед хамгийн сайн ажилласан хүмүүс бол яах аргагүй төмөр замчид гэж хэлнэ.Бүс нутгийн ложистикийг хөгжүүлэх төслийн хүрээнд 2019 онд томоохон терминал баригдсаныг УБТЗ-ын хамт олон үр дүнтэйгээр авч явж, цар тахлын хүнд хэцүү үед улс орноо гал алдуулаагүй. Тэгэхээр цаашид БНХАУ-ын талтай богино рейсийн нарийн царигаар холбогдох нь илүү үр дүнтэй юм гэдэг нь харагдаж байна. Саяхан УБТЗ-ын хамт олон өөрсдийнхөө хөрөнгөөр нарийн царигийн гурав дахь төмөр замыг ашиглалтад орууллаа. Ингэснээр ачаа эргэлт үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ. Ялангуяа, БНХАУ-аас ирсэн ачаа Эрээн өртөөнд буулгүй шууд Монгол руу орж ирдэг, Монголоос БНХАУ руу өргөн царигаар шууд гардаг боломжийг УБТЗ-ын хамт олон нээж өгсөн. Цаашид бүх боомт дээр нарийн царигтайгаа зэрэгцүүлсэн 5-10 км-ын урттай богино рейсийн нарийн царигийг бариад явбал Монгол Улсын ачаа эргэлт илүү сайн нэмэгдэх юм байна гэж би хардаг.Замын-Үүд нь олон улсын боомт. Төмөр замын тээвэр ч олон улсын чанартай ачаа барааг зөөдөг. Тэр ч утгаараа тус боомтоор орж ирж байгаа ачааны 50 гаруй хувьд нь Япон, Солонгос тэргүүтэй Зүүн өмнөд Ази, дээрээс нь Европын холбооны ачаа бараа эзэлдэг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

-Замын-Үүд боомт бол олон улсын боомт гэдгийг та яриандаа тодорхой дурьдлаа. Хэдийгээр ач холбогдлоороо олон улсын зэрэглэлд тооцогдох боловч энэ боомт улс орныхоо нүүр царайг  илэрхийлэх тухайд учир дутагдалтай санагддаг?

-Таны хэлсэнтэй бүрэн санал нийлж байна. Миний хувьд хамгийн ихээр сэтгэл зовниж явдаг зүйл бол энэ. Тэгвэл асуудлыг шийдэх гарц нь юу байна вэ. Нэгдүгээрт, Замын-Үүдийг сум бус хотын статустай байх ёстой гэж би боддог. 30 мянган хүн амтай сум гэж байхгүй шүү дээ. Дээр нь, БНХАУ-тай хиллэдэг, хилийн цэрэг, гааль, тагнуул гээд төрийн бүх байгууллага Замын-Үүдэд бий.  Гэтэл өнөөг хүртэл сумын статустай явж байгаа. Тэгэхээр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг нэн тэргүүнд батлаад Замын-Үүдийг хотын статуст оруулах ёстой. Хот болж байж тухайн хүмүүсийн санхүүгийн эрх мэдлийн хэмжээ нэмэгдэнэ, орлого олох, олон хүн ажиллаж амьдрах бололцоо боломж нь нээгдэнэ гэж харж байгаа. Хоёрдугаарт, Замын-Үүд боомтоор орж байгаа орлогын тодорхой хэмжээг тухайн орон нутгийн хөгжилд нь зориулах хэрэгтэй. Замын-Үүд боомт жилд 500 гаруй тэрбум төгрөгийн орлого олдог. Зөвхөн гаднаас орж байгаа импортын татвараас шүү дээ.Тийм ч учраас Монгол Улсын нүүр царай болсон тус боомтын хөгжилд ядаж л тухайн орлогын 5-10 хувийг нь өгөх ёстой. Энэ асуудлыг Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын хэмжээнд ярьж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд л ярьдаг. Гэтэл Монгол Улсад аялал жуулчлалын шугамаар ирж байгаа 100 хүн тутмын 70 нь төмөр зам болон авто замаар орж ирдэг. Тэгэхээр тухайн жуулчид Монгол Улсыг Замын-Үүдээр л төсөөлдөг, дүгнэдэг. Удахгүй аялал жуулчлалын тухай хуулийг батлах гэж байна. Тус хуульд хил орчмын аялал жуулчлал гэдэг нэр томъёо тодорхой тусгагдсан. Ингэснээр нэг өдрийн хугацаанд Монгол Улсад аялаад буцах боломж нээгдэж байна гэсэн үг. Аялал жуулчлал хамгийн сайн хөгжих боломжтой газар нь хил орчмын хот юм. Замын-Үүдэд ирж монгол ахуй, монгол соёлтой танилцаж, монгол хоол идээд монгол үндэсний хэв шинж агуулсан бараа бүтээгдэхүүн худалдан аваад явах хэмжээний богино хугацааны аялал  хамгийн их эрэлттэй байдаг. Товчхондоо Замын-Үүд боомтын хөгжлийн хоёрдахь гарц нь аялал жуулчлал юм.

-Хэрэглэгчдийн хувьд ачаа бараагаа хүлээн авах цаг хугацаагаа бодоод төмөр зам гэхээсээ илүү авто замыг сонгох нь их бий. Таны хувьд энэ талаар ямар байр суурьтай явдаг вэ?

-Ер нь, дэлхий нийтийн чиг хандлага төмөр зам шүү дээ. Төмөр зам бол хамгийн найдвартай, аюулгүй, байгаль орчинд ээлтэй, хамгийн их хэмжээний ачааг тээж явдаг тээвэр. Олон улсад хурдны төмөр замууд эрчимтэй бий болж байна. Хүнд даацын төмөр зам гэдэг ойлголт ч бий. Манай Дорноговийнхон гэхэд өртөг зардал бага, тав тухтай, аюулгүй гэдэг үүднээс нь галт тэргээрээ зорчихыг чухалчилдаг. Тийм ч учраас Монгол Улсын хэмжээнд цаашид хил рүү тавьсан төмөр замуудынхаа холболцын асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. 2012  онд Төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аас батлан гаргасан. Түүний дагуу Зүүнбаян-Хангимандал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдаад дууслаа. Эдгээрийг яаралтай холбох хэрэгтэй. Дээр нь, Шивээхүрэнгээс Арцсуурь хүртэлх 1200 км замынхаа бүтээн байгуулалтын ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, тендерийг нь зарлах. Сайншанд-Сүхбаатар, Хөөт-Бичигт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслүүдээ яаралтай хөдөлгөх хэрэгцээ шаардлага байна. Ер нь төмөр зам дагаж л том суурьшлын бүсүүд бий болж, улсын хөгжил тэр хэрээр урагшилдаг учиртай. Бүх зүйлийг авто тээврээр гүйцэтгэнэ гэвэл бүтэшгүй зүйл.Тийм  учраас миний бие Монгол Улс төмөр замын сүлжээгээ л улам сайжруулах ёстой гэсэн байр суурьтай явдаг даа.

-Та Дорноговь аймагтаа удирдлагын бүх шатанд ажиллаж үзсэний хувьд хаана ямар асуудал байдгийг маш сайн мэдэж байгаа. Одоо бодлого тодорхойлох хэмжээнд ажиллаж байгаагийн хувьд орон нутгийнхаа хөгжлийн чиг баримжааг хэрхэн харж байна вэ?

-Бид Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийг 2022 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд Дорноговь аймагт хоёр үйлдвэр технологийн паркийг байгуулъя гэдэг саналыг Монгол Улсын Засгийн газарт тавиад явж байна. Энэ паркууд авто зам болон төмөр зам, өндөр хүчдэлийн шугамд холбогдсон гээд цогц шийдэлтэй байх юм. Монгол Улс өөрөө дэд бүтцийн хувьд тийм ч сайн биш учраас үйлдвэр технологийн паркийг кластер хэлбэрээр хөгжүүлье гэсэн зорилт тавьж байгаа. Алтанширээ нефть боловсруулах үйлдвэрийг дагнасан үйлдвэрүүдийг хөгжүүлье гэдэг үндсэн концевци яваад байгаа юм. Тус үйлдвэрийг үйлдвэр технологийн парк болгож өргөжүүлээд Дархан, Сэлэнгэ, Дорноговийн бүсэд байгаа нүүрс, төмрийн хүдрийг эцсийн шатанд хүртэл боловсруулж, төмөр, ширэм ган болгоод гадагшаа экспортлох болон дотоодын хэрэгцээгээ хангая гэдэг зорилтыг дэвшүүлж байна. Тухайлбал Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт нэлээд олон нүүрсний уурхай бий.  Тухайн уурхайгаас гарч байгаа нүүрсийг коксжуулж, эрчим хүч түгээдэг станц байгуулж, төмрөө хайлуулъя, арматурынхаа хэрэгцээг өөрсдөө хангадаг болъё гэсэн том тэмүүллийг өмнөө тавьж байна. Олон газар үйлдвэр байгуулж, төмөр зам, авто зам тавих боломж бололцоо Монгол Улсын хувьд байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо байгаа дэд бүтэц болон уул уурхай дээрээ түшиглээд дээрх үйлдвэрүүдийг байгуулъя гэж байгаа юм. Зөвхөн энэ хоёр үйлдвэрийг байгуулсанаар 5000 гаруй ажлын байр шинээр бий болно. Шууд утгаараа шүү дээ.  Эдгээр үйлдвэрийг дагаад жижиг дунд бизнес эрхлэгчид өсөж дэвжинэ. Хөнгөн үйлдвэрлэлүүд бий болно гээд олон талын ач холбогдолтой гэж харж байгаа. Дорноговь аймаг хилийн хоёр гарцтай, тэр нь авто болон төмөр замаар холбогдсон. Дээр нь эрдэс баялагийн асар их нөөцтэй учраас төмөр зам дагуу бусад бүс нутгаас гарч байгаа байгалийн баялагийг тус аймагт төвлөрүүлэн боловсруулж, нэмүү өртөг шингээгээд экспортод гаргах нь бидний хэтийн төлөв. Удахгүй Монгол Улсын Засгийн Газраас Эрдэнэт, Дархан, Тавантолгой, Алтанширээт үйлдвэр технологийн парк, Дорноговь аймгийн Хөвсгөл суманд баригдаж байгаа “Гэрэлт говь” гэсэн таван үйлдвэр технологийн паркийг зарлах гэж байна. Эдгээр паркуудадгазар олгох, гаднаас оруулж ирэх тоног төхөөрөмжүүдийг нь гаалийн татвараас чөлөөлөх гэхчлэнгээр Монгол Улсын Засгийн газар тодорхой хэмжээний дэмжлэг, хөнгөлөлтийг үзүүлнэ.

-Сайншандыг түшиглэсэн аж үйлдвэрийн паркийг байгуулъя гэдэг санал 2010 оны эхнээс яригдаж байсан. Энэ төсөл бүрмөсөн зогссон гэж ойлгож болох уу?

-Сайншандын аж үйлдвэрийн парк гэдэг асуудал дахин хөндөгдөхгүй. Нэгдүгээрт, тухайн паркийг байгуулахаар төлөвлөсөн талбай нь цэвдэгтэй. Дээр нь, талбайн хэмжээ нь  бага. Тийм ч учраас тус паркийг татан буулгасан. Одоо яригдаж байгаа үйлдвэр технологийн паркууд харин бодитоор ажил хэрэг болно. Алтанширээтэд баригдах үйлдвэр технологийн паркийн ТЭЗҮ, нарийвчилсан үнэлгээ гээд хөгжлийн төлөвлөгөөг нь саяхан Уул уурхайн яам баталсан. Монгол Улсын Засгийн газар тус үйлдвэрт зориулсан төмөр зам, 110 Квт-ын эрчим хүчний шугам, 100 тоннын даац бүхий авто замыг бариад өгчихсөн, тэр ч бүү хэл 60 км-ын цаана орших усны асар  их нөөц бүхий газраас усыг нь татчихсан шүү дээ. Дэд бүтэцийн асуудал нь бүрэн шийдэгдсэн учраас одоо төмрийн нойтон баяжмалын үйлдвэр баригдсан, ширэмний үйлдвэр баригдаж, коксын үйлдвэрийн суурь тавигдаад байна. Цаашид гангийн үйлдвэр гэхчлэнгээр баригдаад явна. Мөн нефть боловсруулах үйлдвэрийг дагаад капчух, битумны гэхчлэн дагалдах үйлдвэрүүд нь баригдана. Ер нь, 2025 он гэхэд Алтанширээтийн дийлэнх үйлдвэр ашиглалтад орчихно.Дээр нь Хөвсгөл сум дахь “Гэрэлт говь” үйлдвэр технологийн паркийн ажил маш амжилттай үргэлжилж байна. Нүүрс угаах үйлдвэрийг нь барьчихсан. Коксын үйлдвэр нь 2024 онд ашиглалтад орно гээд бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа. Энэ хэмжээгээрээ төмөр замаар тээвэрлэгдэх ачаа тээвэр нэмэгдэнэ.

-Ажлын байр олноор бий болж байгаа нь сайн ч түүнд ажиллах мэргэшсэн боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх нь хамгийн чухал асуудал?

-Энэ чиглэлээр олон төрлийн бодлого хэрэгжүүлж байгаа. Ялангуяа, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар 2023 онд зөвхөн ШУТИС-д Нефьт боловсруулах үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх зорилготой ангийг нээгээд явж байна. Тус ангид Улаанбаатар хот болон бусад аймгуудын хүүхдүүд хамрагдаж байна. Дорноговь аймгаас 17 хүүхэд энэ ангид суралцаж байгаа. Энэ хүүхдүүд нефть боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулагдаж эхлэхэд л давхар танилцаад, дадлагажаад явах юм. Мөн Дорноговь аймгийн МСҮТ-д баяжуулах болон боловсруулах үйлдвэрийн ажилтан бэлтгэх ангийг нээгээд явж байгаа. Үүнээс гадна төмөр замчдыг бэлтгэх зорилго бүхий хоёр ч МСҮТ Дорноговь аймагт ажиллаж байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан бид хоёр 2022 оноос Дорноговь аймгийн МСҮТ-ийг коллеж болгон өргөжүүлсэн. Ингээд төмөр замын ангийг тодорхой хэмжээгээр нэмсэн. Дээр нь хувийн МСҮТ ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл, замчин, найруулагч, туслах машинч гэхчлэн төмөр замын үндсэн ажилтнуудыг орон нутагт нь бэлтгэж эхэллээ. Таны хэлсэнчлэн боловсон хүчнээ эхлээд маш сайн бэлтгэх хэрэгтэй гэдэгтэй 100 хувь санал нийлж байна. Нефть боловсруулах үйлдвэр гэхэд л Монголд анх удаа байгуулагдаж байна. Тиймээс одоо сурч байгаа хүүхдүүд тус үйлдвэрийн анхдагчид болох юм. Түүнчлэн, Дорноговь аймгийн ЗДТГ-аас саяхан “Нээлттэй Дорноговь” үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ бол ажиллах хүчний асуудлаа шийдвэрлэхэд чиглэсэн зорилтот ажил. Цаашид тус аймаг бусад аймгуудаас ажиллах хүч татах чиглэлийг баримтална. 30-аас дээш насны ажилгүй залуучуудыг татахын тулд байр орон сууцнаас эхлээд нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, сурч хөгжих боломжийг нь дэмжих гээд олон ажлыг шат шатанд нь зохион байгуулаад явна.

-Та орон нутгийн удирдлагаар ажиллаж байхдаа УБТЗ-тай нягт холбоотой ажиллаж байсан байх. Тус байгууллагын өнөөгийн нөхцөл байдал хийгээд хэтийн хөгжлийн талаар хөндлөнгөөс ажиглагддаг зүйл гэвэл та юуг нэрлэх вэ?

-УБТЗ анх байгуулагдсан цагаасаа эхлээд нийгмийн чиглэлийн маш олон байгууллагыг нуруундаа үүрсээр өнөөг хүрсэн. Гэтэл тухайн байгууллага зах зээлийн зарчмаараа хөгжих хэрэгцээ шаардлага бий юу гэвэл бий. Тэгэхээр хамгийн наад зах нь төмөр замын районы дулааныг аймаг орон нутаг нь шийддэг.  Сургууль, цэцэрлэгийн асуудлыг нь улсын төвлөрсөн төсвөөс шийддэг байх чиглэл рүү орох нь илүү оновчтой санагддаг. Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд УБТЗ-ынхан өөрсдөө л орон сууц бариад байна шүү дээ. Үүнийг ипотекийн зээлээс эхлээд арай өөр шийдэлд оруулах хэрэгтэй болов уу. Ингэхгүй бол олсон ашгаа нийгмийн салбартаа л өгчихөөд байна. Боловсролын асуудал л гэхэд зөвхөн УБТЗ-ын бус улсын асуудал шүү дээ. Энэ бол миний л бодол. Төмөр замчдын маань тээвэрлэж байгаа ачаа, хийж бүтээж байгаа хөдөлмөр Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур багана болж байна гэдэгтэй хэн ч маргахгүй. УБТЗ-ын 16 мянган ажилтны 3000-4000 ажилтан нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байна. Ажилтан бүрийн ард гэр бүл, үр хүүхдүүд нь бий гээд бодохоор манай аймгийнхан төмөр замчидтай салшгүй холбоотой.

-Уул уурхай дагасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж буй нь сайн хэрэг. Гэхдээ төмөр замаар тээвэрлэж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний бодит үнэлгээ хэр байна вэ. Ард түмний хүртэх өгөөж нь өндөр хэмжээнд байж чадах уу гэдэг нь зоосны нөгөө тал болоод байх шиг?

-Зүүнбаян-Хангимандал, Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа бид эрт ашиглалтад оруулсан бол төмөр замын тээврийн шударга бус өрсөлдөөн гэдэг зүйл бий болохгүй байлаа.  Цаашид бий болох ачаа тээврийн өсөлттэй уялдуулан төмөр замын гол шугамаа хос болгохоос өөр аргагүй. Төмөр замаар тээвэрлэгдэж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэлгээг илүү бодитой илүү ашигтай болгохын тулд дээр дурдсанчлан аль болох эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлээ л барих хэрэгтэй юм. Саяхан Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсанаар нүүрсээ биржээр зардаг боллоо. Энэ бол үнэхээр үр өгөөжөө өгч чадлаа. Өмнө нь 60 ам.доллараар зарж байсан нүүрсийг одоо 100 гаруй ам.доллараар зарж байх жишээтэй. Одоо л бодит зах зээл рүүгээ ойртсон зөв чиглэл рүү явж байна гэсэн үг.  Цаашид бусад бүтээгдэхүүнээ ч энэ зарчимаар зарна. Ер нь, олон нийтийн хяналттай, ил тод арилжаа хийх нь шударга тогтолцоог бий болгоно. Цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай нэг чухал бодлого бол төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгох явдал. Ард иргэддээ хувьцааг нь өгөх ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй. 1072 хувьцаа л гэхэд хяналтын багц болж чадахгүй байна шүү дээ. Төрийн эрх мэдэл их байх тусам хулгай гэдэг нэр томъёоноос салахгүй. Хулгайлаагүй байсан ч “хулгайллаа” гэдэг хардлага доор нь явна. Тийм ч учраас төрийн өмчит компанийг нэмж байгуулах ёсгүй гэдэгт би хатуу байр суурьтай байгаа. Төр бизнесийн үйл ажиллагаатай орооцолдоод ТУЗ-үүд байгуулаад өндөр цалин авдаг дарга нартай болоод байх шаардлагагүй.

-Монгол Улс дангаараа олон үйлдвэр байгуулаад явах боломжоор хомс гэдгийг та цухас дурдлаа. Гэхдээ үйлдвэрлэлгүй бол улс орон урагш явахгүй юм байна гэдгийг цар тахлын жилүүд тодорхой харуулсан. Тэгэхээр энэ бодлогыг хэрхэн авч явах ёстой вэ?

-Гурав, дөрөвдөгч орны санхүүжилтийг татах нь хамгаас чухал. Европын холбоо, АНУ Япон, Солонгос, Зүүн өмнөд Азиас хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй. Хоёр хөршөөсөө ч хөрөнгө оруулалтыг татах нь зүй. Ингэхийн тулд Хөрөнгө оруулалтын тухай хуулиа нэлээд чамбай боловсруулах нь чухал. Гадны хөрөнгө оруулагчдыг хааж боодоггүй, дэмждэг байх хэрэгтэй. Хууль эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Манай улсыг сонирхож байгаа хөрөнгө оруулагчид олон бий. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар зөвшөөрөл өгсөн л бол шат шатандаа дэмждэг тогтолцоо хэрэгтэй байна. Мөн гадны хөрөнгө оруулагчдыг дэмжих талаар бүх нийтийн хандлагыг сайжруулах нь ус агаар мэт чухал байна. Хамгийн түрүүнд бид хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангах, дараагийн шатанд хувцсаа өөрсдөө хийдэг хэмжээнд хүрэх ёстой. Монгол Улс 1.1 их наяд төгрөгийн хувцсыг гаднаас худалдан авдаг бол ердөө 100 тэрбум төгрөгийн хувцсыг л өөрсдөө хийж байна. Хамгийн их ажлын байр бий болгох боломжтой салбар нь оёдлын салбар юм билээ. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүй, боловсон хүчнээ бэлтгэх хугацаа нь богино гээд олон давуу талтай. Дараа нь малын түүхий эд, арьс ширний үйлдвэрээ хөгжүүлэх.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.