Тэмээг монголчууд “Элсэн цөлийн хөлөг онгоц” хэмээн өргөмжилдөг. Үнэхээр ч энэ нэрэндээ дүйцсэн сүрлэг сайхан амьтан.
Одоогоос таван жилийн өмнө Замын даргын ээлжит үзлэгийн үеэр “Элсэн цөлийн хөлөг онгоц”-оор ажил үйлсээ залгуулж яваа төмөр замчин бүсгүйн эгэл дүр манай сурвалжлагчийн гэрэл зургийн дуранд буусан байсан юм. Өнөө цагт малчид хүртэл моторт техник хөлөглөн, морь, тэмээгээ уналга, ачилгад ашиглах нь өдрийн од шиг цөөрсөн байтал тэмээ унасан төмөр замчин бүсгүй содон тусах нь аргагүй.
Тэр бол Замын IV ангийн гуравдугаар хэсгийн тор засагч Доржцогийн Агарсумъяа байжээ.
Говь нутгийн алсын намхан толгод, энгүй уудам тал дундуур тэмээтэй төмөр замчин бүсгүй өөрийн хариуцсан хэсгийг өгсөж, уруудан 23 жилийг үджээ. Ингээд бодохоор түүнгүйгээр энэ нутгийг, төмөр зам, Түшлэг зөрлөгийг төсөөлөмгүй санагдана.
Д.Агарсумъяа удам залгасан тэмээчин, бас төмөр замчин. Тэрбээр “Миний ээж Г.Доржцог Замын IV ангид 1990-1998 онд тор засагчаар ажиллаж байв. Харин миний хувьд Замын IV ангийн туслах аж ахуйн малчнаар 1994 оноос гурван жил ажилласан. Харин тор засагчаар 2001 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна. Манайх угаасаа тэмээтэй айл. Ээж минь тэмээгээ уналга, ачилганд сургах, ноослох, бурантаглах гээд бүгдийг нь өөрөө хийдэг их эрэмгий, малч, хөдөлмөрч хүн байлаа. Бид ах дүү долуулаа. Том ах Д.Нэргүй маань Замын IV ангид гагнуурчнаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Надаас гадна отгон дүү Д.Урантогос маань 1998 онд тор засагчаар ажлын гараагаа эхэлж, 2001 онд замчин болсон Тэр хугацаандаа ТЗДС-д эчнээгээр суралцаж, замын мастер, ангийн ХАБЭА хариуцсан инженерээр ажиллаж байгаад одоо ТЗДС-д багшилж байгаа. Ээж минь 2021 онд бурхан болсон. Бид ээжийнхээ л үйл хэргийг үргэлжлүүлж яваа юм шүү дээ” хэмээн тун даруухнаар өгүүлэв.
Түүний ээж энэ нутгийн хүн тул нутаг усаа гарын арван хуруу шигээ мэддэг байж. 2002 оны хавар шинээр байгуулах зөрлөгийн шав тавихаар ирсэн албаны хүмүүс ээжтэй нь уулзаж, “Шинэ зөрлөгт нэр хайрлаач” гэжээ. Тэгэхэд ээж нь “Эндээс хойш долоон км-ийн зайтай Түшлэг гэж аргаль, бор гөрөөс зэрэг ховор ан амьтад бэлчсэн сайхан уул бий. Тэр уулын нэрээр нэрлэвэл ямар вэ” гэхэд ирсэн хүмүүс санал нэгтэй дэмжжээ. Тийнхүү Түшлэг зөрлөг нэрээ олсон түүхийг хуучиллаа.
Тор засагч бүсгүй “Манайх 1990-ээд оноос л энэ хавиар нутаглаж ирсэн. Ээж минь нэрийг нь хайрласан энэ зөрлөгөөсөө холдож чаддаггүй юм. Намайг багад ээж тэмээгээ унаад замаа дагаад ажилдаа гардаг сан. Заримдаа ээжтэйгээ хамт явж ажилд нь тусална. Тэр үед ээж минь надад тор засагч хүн хариуцлагаа ухамсарлаж, нямбай байх ёстойг биеэрээ үлгэрлэдэг байж. Харин өөрөө тэтгэвэрт гарч, намайг тор засагч болсон хойно “Тор засагч бол толгой даагаад ажилладаг онцлогтой. Ажлаа чин сэтгэлээсээ хийж байгаарай. Өөрийгөө хуурсан юм л хийж болдоггүй юм шүү” гэж их захьдаг сан. Миний ээж Замын ангийнхаа аварга тор засагчаар хоёр ч удаа шалгарч байсан. Тийм болохоор ээжийнхээ зааж зөвлөснөөр л ажиллаж ирлээ.
Би гол замын 900-912 дугаар км-ийг дуустал нэг талдаа 13, хоёр талдаа 26 км хориг хашааг хариуцан ажилладаг. Хуучин тороо шинээр сольж татаад, хуучнаар нь холбоос хийнэ. Хариуцсан км-үүдээ эргэж шаардлагатай хэсгийг засаж сэлбэнэ. Сард дунджаар 250 метр тор сэлбэдэг. Сард таван боодол тор зарцуулдаг гэсэн үг. Өргөст тор л нэхэж явдаг хүн дээ” гэж ажил үйлсийнхээ онцлогийг товч танилцууллаа.
Д.Агарсумъяа ээж шигээ байгууллагынхаа аварга ажилтнаар мөн хоёр жил (2015, 2016 онд) шалгарсан нь ээжийнхээ энд хүрсэн тор засагч болсны нотолгоо биз ээ. Мөн 2016 онд ЗТХЯ-ны Жуух бичиг, 2021 онд “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр энгэрээ мялаажээ.
Бүсгүй хүн ганцаараа хэдэн арван км газар хариуцаж, хээр хөдөө байнга явна гэдэг надад бол төсөөлөгдөхгүй юм билээ. Харин Д.Агарсумъяа “Олон жил нэг л хэсгээ хариуцаж байгаа болохоор газар нутгийнхаа онцлог байршлыг сайн мэднэ. Дээр нь, тэмээ гэдэг ямар түшигтэй сайхан унаа гэж санана. Өвөл бол тэмээгээ унаж явахад даарна гэж байхгүй. Манай нутгийнхан ч намайг андахгүй. Миний ажлыг ойлгодог, боломжоороо тусалж, мал сүргээ хориг хашаа руу оруулалгүй хариулдаг болохоор гологдол зөрчилгүй ажиллаж ирлээ. Харин цагаан зээр л хориг хашаа руу орох өндөр эрсдэлтэй. Ялангуяа, хүчтэй салхи шуурга зэрэг цаг агаарын онцгой нөхцөлд мал амьтан хориг хашаа тасалж орох эрсдэлтэй тул тор засагч хариуцсан км-ээ бүрэн эргэсэн байх ёстой. Байгалийн онц аюултай үзэгдэл болсон үед Замын ангиас нэмэлт хүн хүч өгдөг.
Би ажлаа сар болгон өдөр өдрөөр нь нарийн төлөвлөдөг. Тэдэн сарын тэдэнд тэр хэсэгт тор татна, тэдэнд нь тэдээс тэддүгээр км хооронд шон тэгшилнэ гэх мэтээр ажлаа төлөвлөөд түүнийхээ дагуу хийгээд явах нь их амар. Өдрийнхөө төлөвлөгөөг бүрэн хийчихээд харьж явахад цаанаа л нэг сэтгэл амгалан. Заримдаа төлөвлөсөн ажлаа сайн шахаад өөртөө цаг гаргана. Би чинь өөрөө өөртөө дарга шүү дээ” гээд инээв.
Түүний нөхөр А.Түвшинбат ахлах замчнаар ажилладаг аж. Тэднийх зургаан хүүхэдтэй, гурван том охин нь айлын бэр болцгоожээ. Том хүү нь Дорноговь аймгийн МСҮТ-д гагнуурчнаар суралцаж байгаа бол бага охиноо удам залгасан төмөр замчин болгохоор өнгөрсөн жил Эрхүүгийн Зам харилцааны их сургуульд оруулжээ. Харин отгон хүү нь дунд сургуулийн сурагч гэнэ.
Нөхөр нь Булган аймгийн хүн аж. Замын VI ангиас шилжин ирж, говь нутгийн хүргэн болжээ. Д.Агарсумъяа “Манайх 20 гаруй тэмээтэй. Хэдэн жилийн өмнө үнээ малтай байлаа. Сүү саалиа борлуулж, цагаан идээгээ хийгээд хөдөөний айл шиг л байлаа. Даанч сүүлийн гурван жил ган болоод аргагүйн эрхэнд үнээ малаа зарсан. Төмөр замчид бид малчид шиг оторлоод нүүх боломжгүй нь хэцүү юм билээ. Бас бид хоёр 2007 оноос тахианы аж ахуй эрхэлж, арав гаруй жил Түшлэг зөрлөгийнхөн маань өдөр бүр шинэ өндөг идсэн. 2019 онд тахиануудаа зарсан. Юм юм л хийж үзлээ. Хүн ажиллаж хөдөлмөрлөж чадвал, хаана ч сайхан амьдарна даа. Одоо ажлынхаа зав чөлөөгөөр хүмүүсийн захиалгаар хэдэн тэмээнийхээ ноосоор дээс томж, ботго, тугалын ногт, гэрийн чагтага зэргийг хийж өгдөг” хэмээн ярьж сууснаа “Нээрээ манай нөхөр танай сонин дээр гарсан. Замын ангийнхаа өнгөрсөн намрын спартикиадаар бөх барилдсан юм. Зураг нь танай сонин дээр гарсан байна билээ” гэж их баяртайгаар өгүүлэв.
Энэ хорвоогийн эгэл жирийн өдрүүдээс амьдралын аз жаргалыг амталж, бас баяр баясал, бахархлыг өөрөө бүтээж, урамшиж яваа эгэлхэн бүсгүйтэй ийн хөөрөлдлөө.
Тэнэгэр явахыг тэнгэр мэддэг
Тэнхлүүн явахыг тэмээ мэддэг гэж ардын үг байдаг даа. Энэ мөчид ширээ ат хөлөглөсөн тор засагч бүсгүй маань замаа дагаад жонжуулж л яваа байхдаа.
Жич: Энэ ташрамд дурдахад 1960-аад оны эхээр төмөр замын хоёр талаар өргөст тороор хориг хашаа хийж, зам руу хариулгагүй мал орохоос сэргийлэх ажлыг Замын IV ангийнхан сэдсэн юм билээ. Нэрт сэтгүүлч, ахмад төмөр замчин Ж.Нямдашийн “Их говийн ган харгуй” /2006 он/ номонд Замын IV ангийн дарга асан А.Лхамсүрэн гуай “Замчдыг төвлөрсөн хэсгийн зохион байгуулалтад оруулснаар зам руу хариулгагүй мал орж, галт тэргэнд дайрагдах нь ихэссэн. Тиймээс ГТХАБ-ыг хангахын тулд төмөр замын хоёр талаар торон хашаа татаж, мал орохоос сэргийлэх туршилт хийсэн юм. Тэгэхдээ Дорноговь аймгийн Зүүнбаянгаас дайны үед цэргүүдийн татсан холбооны утсыг орлогч н.Дамдинсүрэн гуайн хамт машинаар чирч цуглуулан хамгийн их малтай Өргөн сумын нутагт Б.Лувсандорж мастерын харьяа замд хоёр км-т хоёр талаар нь татсан нь их үр дүнтэй болсон. Түүндээ урамшин Зөвлөлтийн төмөр замд өргөст тор захиалан авчирч, замын бүх хэсэгтээ татсан нь бусад Замын ангиудад үлгэр жишээ туршлага болж, Замын хэмжээнд нэвтэрсэн” хэмээн дурссан нь түүх болон үлджээ. Тэр үеэс “морин эргүүл” гэх ажил алба тор засагч болон өөрчлөгдсөн бололтой.
Б.Гүнжинлхам