Монгол Улсад төмөр замын салбар үүссэнээс хойш 70 гаруй жилийн хугацаанд ердөө ганцхан төмөр замтай явж ирсэн. Гэвч манай улсын урд хойд хөрш, Ази Европ, цаашлаад далайд, дэлхийд гарах гол гарц бол төмөр зам учраас энэ салбарыг илүү өргөжүүлж хөгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдсээр ирсэн төдийгүй энэ асуудлыг урт хугацааны бодлогын хэмжээнд авч үзэх нь цаг хугацааны асуудал байсан юм. Улмаар, 2019 -2023 онд шинээр 905 км төмөр зам барьж, Монгол Улсын төмөр замын сүлжээ нийт 2020 км болон өргөжсөн билээ. Үүний үр дүнд 2019 онд ганцхан төмөр замын төв коридороор 28.2 сая тонн ачаа тээвэрлэж байсан төмөр замын салбар энэ оноос шинэ төмөр замуудын туршилтын тээвэрлэлтийг эхлүүлж, 37.7 сая ачаа тээвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн 2023 оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 3.6 сая тонн транзит ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Цаашид ч улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байгаа Ази Европын тээвэр эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүнд эрчимтэй хөгжиж, өргөжин тэлэх таатай нөхцөл бүрдсэн энэ үед Монгол Улсын тээврийн салбарынхан олон улсын тавцанд гарах зорилтоо түншүүдийнхээ өмнө дэлгэн тавьсан чухал үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо.
“Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд энэ сарын 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан билээ. Монгол Улсын ЗТХЯ-аас тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн олон улсын тээвэр, логистикийн хөгжилд хувь нэмэр оруулж, түлхэц үзүүлэх зорилгын доор анх удаа зохион байгуулсан тус форумд манай тээврийн салбарынхнаас гадна ОХУ, БНХАУ, АНУ, Англи, Герман зэрэг орны 100 гаруй төлөөлөгч гээд нийт 1500 гаруй хүн хүрэлцэн ирсэн байв. Уг форумын үеэр олон илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөсөн юм. Энэ хүрээнд бүсийн хэмжээнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, гааль, тариф, хилийн горим журам, баримт бичиг, дата мэдээллүүдийн нийцлийг сайжруулах, тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлыг хамтран шийдвэрлэх талаар хэлэлцэж, харилцан санал бодлоо солилцсон юм.
Форумын хоёр дахь өдөр буюу арваннэгдүгээр сарын 7-нд төмөр замын салбарын асуудлаар хуралдсан юм. Хуралдааны нээлтэд Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирсэн. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төмөр замын салбар хуралдааныг нээж, “ Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж” сэдвээр илтгэл хүргэв. Энэ өдрийн арга хэмжээний хүрээнд хөндөгдсөн асуудлуудыг уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя.
Саяхныг хүртэл БНХАУ-тай төмөр замаар Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан боомтоор холбогдож байсан Монгол Улсын төмөр замын салбар ийнхүү богино хугацаанд өргөжин тэлж, өнөөдөр Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг шинээр холбох ажлыг амжилттай эхлүүлж Хятадын талтай тохирч чадлаа. Цаашлаад Ханги-Мандал, ОХУ-тай Арцсуурь-Цагаантолгой зэрэг дараагийн шинэ гарцуудыг нээхээр Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам онцгой анхааран ажиллаж байна гэдгийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт тавьсан илтгэлдээ онцлон тэмдэглэсэн юм.
Төмөр замын сүлжээг өнөөгийнхөөс дөрөв дахин өргөжүүлнэ
Ази Европыг холбосон хамгийн дөт коридорын хувьд Монгол Улсын төмөр замын салбарын тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын худалдаа эдийн засгийн тоглолтод оролцох үүрэг, ач холбогдлыг өндөрсгөх чиглэлд Монгол Улсын Засгийн газрын түвшинд төдийгүй хойд, өмнөд хоёр хөршийн төрийн бодлогод тусгуулан гурван улсын төрийн тэргүүн нарын олон жилийн хэлэлцээрийг бодит ажил болгох чиглэлд тодорхой ахиц дэвшлүүд гарч байгаа аж. Тухайлбал, Монгол Улсын шинэ төмөр замууд бүрэн ашиглалтад орсноор төмөр замын таван шинэ гарцтай болно. Хилийн төмөр замууд баригдаж, шинэ гарцууд нээгдсэнээр 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ гэхчлэнгээр бодит үр дүн гарах юм байна. Мөн түүнчлэн төмөр замын салбарт дараах хөрөнгө оруулалтуудыг хийх боломж нээгджээ. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор бүс нутгийн уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд орж тээвэрлэлтийн хүчин чадал 25-30 сая тонноор нэмэгдэнэ. Арцсуурь-Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам жилд 25-30 сая тонн ачаа тээвэрлэх боломжийг бүрдүүлнэ. Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 431 км төмөр замын төслийг концессоор хэрэгжүүлэх бөгөөд тус төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам ТӨХК”-ийн оролцоо бүхий төслийн зориулалттай “Сайншанд-Баруун-Урт-Хөөт төмөр зам” ХХК гардан ажиллана. Төв коридорын Багахангай өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотыг баруун урд талаар Богдхан уулын өвөрт байрлах Хөшигтийн хөндийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын орчмоор дайран тойрон гарч, төв коридорын Мандал өртөөтэй холбогдох 144.8 км төмөр замын төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын дундуур аюултай ачаа тээвэрлэхгүй болж түгжрэл буурах, Хөшигтийн хөндийд тээвэр логистикийн төв байгуулах, төв коридорын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Улаанбаатар-Хархорин чиглэлийн 384 км төмөр замын төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах боломжтой гэхчлэнгээр төсөл хөтөлбөрүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлэх зорилт тавьжээ.
Монгол Улсын төмөр замын салбарт баримталж буй дээрх бодлого, стратегийг бүрэн хэрэгжүүлснээр төмөр замын нийт урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж, дөрөв дахин өргөжнө Эрээнцав-Бичигтийн зүүн коридор, Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун коридоруудтай болж, нийт эдийн засгийн гурван коридортой болно. Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав гэсэн өнөөгийн төмөр замын гурван боомт Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги боомтууд төмөр замаар холбогдож нийт долоон төмөр замын боомттой болно. Ингэснээр Монгол Улсын төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал 180 сая тонн буюу тав дахин өснө. Өнөөгийн байдлаар тээвэрлэж буй 3.4 сая тонн транзит ачааг 40 сая тоннд, 8.2 сая тонн экспортын ачааг 80 сая тонн-д хүргэнэ. БНХАУ-ын зөвхөн Тяньжин боомтоор бус Хуанхуа, Цинхуандао, Жинжоу, Инкоу, Далянь, Дандун, Ляньюунганг зэрэг далайн боомтуудаар, ОХУ-ын Алс дорнодын Ванино, Восточный, Находка, Владивосток, Посьет, Зарубино зэрэг далайн боомтуудтай холбогдох боломж бүрдэнэ.
Цаашлаад Энэтхэгийн далайн Карачи, Бандар Аббас далайн боомт, Турк улсын Истанбул боомтоор дамжин Европын улсуудын боомтод хүрэх боломжтой болно гэж харж байгаа аж.
Далайн тээвэртэй холбогдох стратеги төлөвлөгөө
Эдгээрээс гадна Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан.Энэ нь далайд гарцгүй манай орны хувьд, Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт замнал бүхий газарзүйн байршлын давуу талаа ашиглан, тээврийн сүлжээгээ өргөжүүлж, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, дэлхийн худалдаа, эдийн засгийн сүлжээнд идэвхтэй оролцох, улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал нөлөө үзүүлэх юм. Түүнчлэн, төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаас баталсан “Екатеринбург-Наушки-Замын-Үүд-Бээжин-Тяньжин” чиглэлийн Транс-Монголын коридор нь Ази, Европыг холбосон хамгийн дөт тээврийн коридор юм. Энэ коридорын урт нь Казахстаны нутгаар дамжин өнгөрөх коридороос 513 км, Транс Манжуурын коридороос 748 км-ээр дөт гэдгээс эдийн засаг, тээвэрлэлтийн хувьд ямаршуу үр ашигтай болох нь шууд харагддаг. Тийм ч учраас Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой уялдуулан баруун коридорыг ОХУ-ын Курагино-Кызыл-Цагаан Толгой боомтоос Монгол Улсын Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн боомтоор дамжин БНХАУ-ын Сэхэ-Далайхөв узен хүрэхээр төлөвлөж байгаа аж. Хэтийн төлөвлөгөөндөө барихаар тусгасан төмөр замын зүүн коридор нь ОХУ-ын Борзя-Соловьевск боомтоос Монгол Улсын Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт боомтоор дамжин БНХАУ-ын Зүүн хатавч-Улаанхад- Чаоянаар дайран Жинжоу, улмаар Лянюунган далайн боомтуудад хүрэх юм. Ийнхүү монголчууд урд хойд хөрш, Ази Европыг холбосон төмөр замын гурван коридортой болж, бүс нутгийн тээвэр логистикийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах том зорилтыг өмнөө тавин ажиллаж байна. БНХАУ, ОХУ-ын худалдаа жилээс жилд өсөж мөдхөн нэг жилд 200 тэрбум ам долларт хүрэх нь тодорхой болсон. Цаашдаа тээврийн эрэлт хэрэгцээ улам бүр өсөх хандлагатай байгаа нь “ТРАНЗИТ МОНГОЛ” болох зорилтыг дэвшүүлсэн Монгол Улсын хувьд нэн таатай боломж юм гэдгийг албаны хүмүүс дурдаж байлаа.
13 аймгийн холбосон нийт 4680 км төмөр замтай болно
Сүүлийн хоёр жилд Монгол Улсаас БНХАУ руу хийх экспортын хэмжээ огцом нэмэгдсээр байна. Евроазийг холбосон коридоруудын тээвэрлэлтийн үзүүлэлтийг дүгнэж үзвэл нийт транзит ачааны 29 хувийг Манжуур боомтоор, 27 хувийг Хоргос боомтоор, 20 хувийг Алашанкоу боомтоор, 19 хувийг Замын-Үүд, Cүйфэнхө боомтоор тээвэрлэж байна. Энэ нь Монгол Улсын төмөр замын төв коридорын өрсөлдөх чадамжийг дээшлүүлэх, Монгол Улсын зүүн баруун бүсэд барихаар төлөвлөсөн шинэ коридоруудыг ойрын хугацаанд нээж, тээвэрлэлтийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэдгийн гол нотолгоо юм. Монгол Улсын төмөр замын салбарт хэрэгжүүлж буй төслүүд бүрэн хэрэгжсэнээр манай улсын нийт 13 аймаг төмөр замын дэд бүтцэд холбогдож, нийт 4680 км урт үндэсний төмөр замын сүлжээтэй болж, ашигт малтмалын 230 орчим орд газар эдийн засгийн эргэлтэд орох. Төмөр замаар нийт 180 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх, шинээр 13 мянган байнгын ажлын байр, 20-30 мянган түр ажлын байр бий болох. Дэд бүтэц дагасан томоохон суурьшлын бүсүүд бий болж хөгжих олон талын ач холбогдолтой.Тэгвэл бүс нутгийн хувьд Монгол Улсын баруун зүүн төмөр замын шинэ коридор бий болсноор жилд бүр 25-30 сая тонн хүртэлх ачааг тээвэрлэнэ. Үүний 10-15 сая тонн нь транзит ачаа тээвэр байх боломжтой юм. Тийм ч учраас бүс нутгийн хэмжээнд төмөр замын дөт коридорыг бий болгох, евроазийн худалдаа эдийн засгийн транзит тээврийг нэмэгдүүлэх, аюулгүй, тасралтгүй, богино хугацааны төмөр замын тээврийг хөгжүүлэх, бүс нутгийн хэмжээнд шинэ эдийн засгийн коридорт суурилсан томоохон суурьшлын бүсүүдийг бий болгохын төлөө төр хувийн хэвшил гэлтгүй бүгд нэгэн зорилгоор хамтран ажиллахыг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт уриалсан билээ.
Арваннэгдүгээр сарын 7-нд болсон төмөр замын салбар хуралдаан дөрвөн хэлэлцүүлэг, дөрвөн илтгэл гэсэн дарааллаа өрнөсөн. Тухайлбал, Олон улсын төмөр замын ажиллагааны байгууллагын төлөөлөгч “Дэлхийн төмөр замын салбарын хөгжил, чиг хандлага”, “Рио Тинто” ХХК-ийн компанийн төлөөлөгч “Хүнд даацын төмөр замын дэвшилтэт технологи” сэдвээр, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х. Итгэлт “Монгол Улсын төмөр замын салбарт тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл танилцуулга хүргэсэн. Мөн хөтөлбөрийн дагуу дөрвөн хэлэлцүүлэг болсон. Нэгдүгээр хэлэлцүүлгийн Модератороор Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х. Итгэлт, панелистаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, ОХУ-ын Тээврийн яамны төлөөлөгч, Олон улсын төмөр замын ажиллагааны байгууллагын/ОСЖД/ төлөөлөгчдөөс гадна Ази номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын/UNESCAP/ төлөөлөгч цахимаар оролцсон билээ. Хоёрдугаар хэлэлцүүлгийн модератороор “Бодь-Интернэшл” ХХК-ийн ТНАЛТ төсөл хариуцсан захирал Т.Даваадалай ажиллаж, Панелистаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Хөх хотын төмөр замын төлөөлөгч /КЖД/, ОХУ-ын “1520 групп компани”-ийн төлөөлөгч, Cолонгосын үндэсний төмөр замын агентлагийн төлөөлөгч/KNR/, Олон улсын төмөр замын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид/ОСЖД/ оролцож өөрийн орны төмөр замын онцлог, хөгжил дэвшлийг танилцуулахын зэрэгцээ, модераторын асуултад хариуллаа. Гуравдугаар хэлэлцүүлгийг “Бодь интернэшнл” ХХК-ийн төсөл хариуцсан дэд захирал Б.Эрдэнэбаяр удирдаж, “Рио Тинто” ХХК-ийн компани, БНХАУ-ын хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэлийн ийн компани /CRRC/,- АНУ-ын “Progress Rail”,Герман улсын “Vossloh”, Англи улсын “Pandrol компаниудын төлөөлөгчид оролцов. Харин дөрөвдүгээр хэлэлцүүлгийн модератороор “УБТЗ” ХНН-ийн Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар панелистаар ЗТХЯ-ны ТЗДТБЗГ-ын дарга Х.Итгэлт, “УБТЗ” ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн, “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр, “Монголиан транс ложистик” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Сүхбаатар, “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Долгормаа нар оролцсон юм. Тус хэлэлцүүлгийн үеэр хөндсөн асуудлыг тоймлон хүргэе.
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэн чухал
Модератор:
-Монгол Улсын төмөр замын салбарын таван жилийн дараах төсөөллийг та юу гэж харж байна вэ?
Панелист Х.Итгэлт:
-Таван жилийн дараах төсөөллийг илүү ойлгомжтой болгох үүднээс тодорхой жишээ авч ярьсан нь оновчтой болов уу. УБТЗ ХНН-ийн суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх чиглэлийн ажилд тодорхой ахиц гарах учраас үүнийг дагаад жилд тээвэрлэх экспорт, импортын тээвэр нь 50 сая тоннд хүрнэ. 25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай баруун, босоо чиглэлийн төмөр замууд ашиглалтад орно. Мөн үүнтэй адил хэмжээний ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий Зүүн босоо чиглэлийн төмөр зам, 20 сая тоннын хүчин чадалтай Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 30 сая тонн ачаа тээвэрлэх чадамжтай төмөр зам, дээр нь Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замууд тус бүр 15 сая тонн ачаа тээвэрлэнэ гээд нийтдээ 180 сая тонн ачаа тээвэрлэх боломж бидэнд байна. Энэ боломжийг ашиглахын тулд нэн тэргүүнд дэд бүтцээ барих, дараа нь төмөр замын тээврийн нэгдсэн удирдлагыг бий болгох явдал. Эдгээрийг бүрдүүлсэн тохиолдолд таван жилийн дараа бид 180 сая тонн ачаа тээвэрлэх бүрэн боломжтой юм.
-УБТЗ ХНН хэтийн хөгжлөө хэрхэн тодорхойлж байгаа вэ?
Панелист Ш.Нямсүрэн:
-Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдийн баталсантай холбоотойгоор УБТЗ-ын хамт олон 2050 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө боловсруулсан. Тухайн баримт бичгээ ОХУ-ын талын Ерөнхий хувь нийлүүлэгчдэд мөн уламжилсан. Энэ тухай ярихын өмнө зарим мэдээллийг тодруулга байдлаар хүргэе. УБТЗ-ын хамт олон 2018 оноос “УБТЗ 2030” нэртэй техникийн шинэчлэлийн хөтөлбөрөө боловсруулан баталж, үе шаттайгаар хэрэгжүүлж яваа. Тус баримт бичигт тусгагдсанаар нийт 304 км замд их засвар хийлээ. Алсын удирдлагатай зөрлөгийг нэмж барилаа. Таван өртөө зөрлөгөө сунгаж, 29 зүтгүүрийг шинээр худалдан авлаа. Вагоны паркийг 640 гаруйгаар нэмэгдүүлсэн. Мөн дээрээс нь Замын-Үүд-Шаргын-Овоо зөрлөгийн хооронд 14.6 км хос замыг барьсан. Хилийн гарц дахь ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх үүднээс Замын-Үүд-Эрээн чиглэлд 4.6 км нарийн царигийн төмөр замыг ашиглалтад орууллаа. УБТЗ ХНН өөрсдийн дотоод нөөц бололцоогоороо 170 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Одоо 2023-2024 онд хийх ажлууд маань хэрэгжилтийн шатандаа явж байна. Дээр дурдсан хөрөнгө оруулалтын үр дүнд хоногт 14.4 байсан хос галт тэрэг 18.2 хос галт тэрэг болж, тээврийн дээд хэмжээ 33 сая тоннд хүрсэн. Дараагийн хөтөлбөр маань 2025-2030 онд хэрэгжинэ. Энэ зорилтын хүрээнд хоногт 21 хос галт тэрэг явуулж, 56.7 сая тонн ачаа тээвэрлэх юм. Тиймээс 1.7 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг шат дараалалтайгаар хийнэ. Ер нь, “Шинэ сэргэлт бодлого” болон “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийн хүрээнд тодорхой хэмжээнд нийгмийн болон тээврийн бусад чиглэлээр тодорхой хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалтыг өрнүүлнэ. Тийм ч учраас “УБТЗ 2050” хөтөлбөр эцэслэн батлагдаж, ажил хэрэг болно гэж харж байгаа.
- МТЗ ТӨХК-ийн хувьд шинээр ашиглалтад орсон төмөр замуудын үр өгөөжийг хэрхэн тооцох вэ. Ашиглалтад орсны дараах үр ашгийг сайжруулахын тулд юунд анхаарах нь чухал гэж үзэж байгаа вэ?
Панелист Б.Отгонсүх:
- Манай компанийн хувьд төмөр замын тээврийн үндсэн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэхээс гадна сүүлийн жилүүдэд хэрэгжиж байгаа шинэ төмөр замуудын бүтээн байгуулалтад оролцож байна. Монгол Улсын хувьд хэтдээ хилийн таван гарцтай болно гэдгийг салбарын сайд илтгэлдээ онцолсон. Бид одоогоор Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалт дээр ажиллаж байна. Дараагийн Ханги боомт болон Монгол Улсын Засгийн газраас өндөр ач холбогдол өгөн ажиллаж байгаа Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцоно. Ингээд тухайн төмөр замууд ашиглалтад орсны дараа хэрхэн үр ашигтай болгох вэ гэдэг нь мэдээж юу юунаас илүү чухал. Энэ төмөр замууд бол гурван улсын хамтын шийдвэрээр хэрэгжих төслүүд. Монгол Улсаар дамжуулан төмөр замын тээвэр хийх нь хамгийн дөт, хамгийн ашигтай хувилбар. Тийм ч учраас бид энэ коридороор ОХУ, Монгол Улс, БНХАУ аль аль нь хэдэн сая тонн ачаа тээвэрлэх вэ гэдгийг маш тодорхой дэлгэн тавьж ярилцахыг, төлөвлөхийг чухалчилж байгаа. Тасралтгүй хөдөлгөөнтэй, байнгын ачаа тээвэртэй байлгахад чиглэсэн бүх тооцоо судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулан ажиллаж байна. Цаашид баруун босоо, зүүн босоо, хөндлөн тэнхлэгийн төмөр замуудын ТЭЗҮ-ийг ч илүү амьдралд нийцсэн, ашигтай байлгахад бүхий л чадлаа дайчлан ажиллаж байгаа гэдгийг энд онцлох нь зүйтэй болов уу.
- Ирэх жил Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам ашиглалтад орохтой холбоотойгоор бэлтгэл ажлыг хэрхэн хангасан бэ. Нөгөө талаас захиалагч, үйлчлүүлэгчид маань бас өндөр хүлээлттэй байх шиг?
Панелист Н.Будбаяр
-Манай компани өнгөрсөн таван жилийн хугацаанд голчлон төмөр замын төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж ирлээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 9-нөөс эхлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагааг хариуцан ажиллах болсон. Бидний хувьд Монгол Улсдаа анхдагч уулзваргүй төмөр замыг ашиглалтад оруулсан, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ордыг түшиглэсэн канал буюу түүхий нүүрс ачих логистикийн төвийг бүтээн байгуулж байна. Нөгөө талдаа Гашуунсухайтын хэсэгт шилжүүлэн ачих терминалыг бүтээн байгуулах ажлыг эхлүүлээд одоо төгсгөлийн шатандаа явж байна. Таны асуусанчлан хил холболтын төмөр замыг төслийг бид сүүлийн арав гаруй жилийн хугацаанд идэвхтэй ярьсны үр дүнд өнөөдөр ийнхүү биеллээ олж, 2024 онд ТЭЗҮ-гээ дуусгахаар ажиллаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Боомтын сэргэлт” гээд холбогдох бүх бичиг баримтыг эцэслэн гаргаад ажиллаж байна. Хил холболтын төмөр замаа ТЭЗҮ-д тусгасан байдлаар танилцуулбал эхний ээлжид 40 сая тонн ачаа тээвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргасан. Бүтээн байгуулалтын ажил нь 2024 онд эхлээд 2025 оны сүүлч 2026 оны эхэн үеэр ашиглалтад орох юм. Ийнхүү хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор тээврийн өртөг хоёр дахин буурна. Мөн авто замаар тээвэр хийж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа байдлыг шийдэх бүрэн боломжтой. Дээрээс нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг шууд хилийн гарцтай холбосноор тухайн төмөр замуудын үр ашгийг улам бүр нэмэгдүүлж буй юм. Хэдийгээр бид экспортын асуудлаа бүрэн шийдсэн ч бусад экспортын тээврийн хэмжээ бага байгаа. Барилгын материал, шатах тослох материал, машин механизм гээд импортын ачааны нэр төрөл ч бага байна. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн маань Гашуунсухайт-Ганцмод боомтоор импортын тээвэр хийлгэх гарц, боломжуудаасаа судлаасай, бид хамтарч ажиллахад хэзээд бэлэн гэж уриалъя.
-Төмөр замын тээврийн салбарын либералчлалыг бүрэн хийхийн тулд юу хийх шаардлагатай гэж үзэж байна вэ?
Панелист М.Сүхбаатар
-Төмөр замын салбарт анхлан орж ирсэн хувийн хэвшлийн хувьд бид өнгөрсөн хугацаанд багагүй асуудлыг туулж, бас өөрийн хэмжээндээ шийдвэрлэн ажиллаж байна. Нэн түрүүнд төмөр замын салбарын хууль эрх зүйн орчин харьцангуй хоцрогдолтой явж ирснийг оролцогч талууд онцолж байгаатай санал нэг байна. Манай улсын эдийн засгийн хөгжил салбарын хоцрогдлыг арилгахыг шаардах хэмжээний хурдацтай болсон учраас Төмөр замын тээврийн тухай хууль 2008 онд батлагдаж, 2011 онд нэмэлт өөрчлөлт орж, 2023 онд шинэчилсэн найруулга хийгдлээ. Хувийн хэвшлийн хувьд либералчлал гээд ярихаар яах аргагүй төмөр замын салбарын тухайд эдийн засагтаа оруулсан өгөөж нь чухал юм. Энэ ч утгаараа либералчлал гэдэг нь зөвхөн хувийн хэвшилд яригдахгүй. Одоо бид 180 сая тонн ачааг төмөр замаар тээвэрлэх тухай ярьж байна. Тэгэхээр 36.8 сая тонн ачаа тээвэрлэж байгаа бидний хувьд дөрөв дахин ажиллах шаардлагатай болох нь. Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэлийнхээ хүрээнд дөрөв дахин хурдтай ажиллаж байж зорьсон зорилтдоо хүрнэ гэж харж байна.
-Хувийн хэвшлийн компани төмөр замын төсөл дээр ажиллахад ямар хүндрэлүүд учирч байв. Түүнийг хэрхэн шийдвэрлэв гэдгийг манай оролцогчидтой хуваалцана уу?
Панелист Б.Долгормаа
-Төмөр замын төслийн хувьд нэгдүгээрт маш их хэмжээний санхүүжилтийг шаарддаг. Хоёрдугаарт, инженерийн оновчтой шийдэл, урт хугацааг шаарддагаараа онцлогтой. Тиймээс төр хувийн хэвшил хамтран ажиллах хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгардаг. Бидний хэрэгжүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төслийн явцад цар тахал, геополитикийн зөрчилдөөн гээд маш олон бэрхшээл тулгамдаж байсан. Гэхдээ энэ бүхнийг даван туулаад хариуцаж ажилласан төслөө анхны тооцоолсон хугацаанд, анх төлөвлөсөн өртгөөрөө амжилттай хэрэгжүүлж чадсан. Амжилтын гол нууц нь юунд оршиж байв гэхээр санхүүжилт босгох загвараа төр хувийн хэвшил хамтдаа маш оновчтой гаргаж чадсан. Хоёрдугаарт төсөл хэрэгжүүлэгч загварчлалыг маш сайн гаргасан. Захиалагч, гүйцэтгэгч хоёр гэрээнийхээ дагуу хувийн хэвшил нь эрсдлээ бүрэн даагаад менежментээ 100 хувь хийж ажилласан явдал юм.
Б.Дэлгэрхишиг