Эрдэнэт зангилааны дарга Т.Доржжанцантай ярилцлаа.
- Өнгөрсөн онд Эрдэнэт өртөөний ачаа тээврийн төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлэв гэдгээс хоёулаа яриагаа эхлэе?
- 2022 он Эрдэнэт зангилааны хувьд сайхан жил болж өнгөрлөө. Ер нь, 2022 онд цар тахлын эрчимтэй үе байсан ч төмөр замын ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн явсан шүү дээ. Бидний хувьд өнгөрсөн онд өмнөх оныхоос 11 тэрбум төгрөгөөр илүү орлого оруулсан. Үүндээ 12900 гаруй вагон ачиж, 35500 гаруй вагон буулгалаа. Мөн 247000 вагоныг боловсруулалт хийн явуулж, статик даацын төлөвлөгөөг 0.1 тонноор нэмэгдүүлж чадлаа. Энэ мэтчилэн тээврийн бүх үзүүлэлтийг арванхоёрдугаар сарын 16 гэхэд бүх төлөвлөгөөгөө 101-127 хувиар биелүүлсэн.
-Танайх Хөвсгөлөөс ирсэн нүүрсийг саяхнаас эхлэн тээвэрлэсэн шүү дээ. Энэ тээврийн үзүүлэлт ямар байна вэ?
-Хөвсгөлийн Могойн голын уурхайн нүүрсийг автомашинаар тээвэрлэн ирж вагонд ачиж байгаа. Энэ нүүрсийг 2020 оноос Эрдэнэтэд буулгасан байсан. Бид өнгөрсөн оны сүүлийн хагаст 600 орчим вагон нүүрсийг нь тээвэрлэлээ. Он гарсаар 100 вагон ачаад байна. Дээр нь, Булган аймгийн Бүрэгхангайгаас хоёр компанийн тээвэрлэж ирсэн төмрийн хүдэр нийт 800 вагон ачсан. Энэ жил ч үргэлжлүүлээд ачих төлөвтэй байна. Энэ бүгдээс харахад манай өртөөнөөс ачигдах ачаа жилээс жилд улам нэмэгдэх нь тодорхой байгаа.
-Ачаа тээвэр нэмэгдэх нь сайн хэрэг Харин хүн хүч дутагдахаар байна уу?
-Тиймээ,боловсон хүчний нөөц дутагдаж байна. Пүүлэгч гэхэд ээлжиндээ ирж, явж буй болон салбар зам дахь ачсан, буусан вагонуудад үзлэг хийдэг. Тэгэхээр ачаа тээврийн ажлын орон тоог дөрвөөс доошгүй хүнээр нэмэх шаардлагатай байна. Манайх нэгдүгээр зэргийн өртөө. Бусад өртөөнөөс ялгаатай нь ерөнхий инженер, сургалтын инженер, ХАБ-ын ажилтан байхгүй. Орлогч дарга нар давхар хариуцаж ажилладаг. Ялангуяа, ХАБЭА-н чиглэлээр маш их бичиг баримтууд гарч байна. ХАБЭА-н тухай хуулийн 27 дугаар зүйлийн нэг дэх заалтыг үндэслэн гаргасан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2015 оны А114 гэж тушаал бий. Энэ тушаалд 50-аас дээш ажилтантай байгууллага ХАБЭА-н ажилтантай байх ёстой гэж заасан. Гэтэл манай Замын даргын тушаалд 200-аас дээш ажилтантай бол байна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хуулиас давсан тушаал. Уг нь, бид эрүүл ажилтантай байж л ажлын бүтээмж дээшилнэ. Үүнтэй холбоотой орон тоог нэмэх талаар холбогдох албад, Замын орлогч дарга нарт саналаа өгсөн. Гэвч төмөр замын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан шийдвэрлэж өгөөгүй байна. Цаашид Замын хэмжээний ачаа тээвэр нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгэхээр орон тоог нэмж өгөх байх аа. Учир нь, бид ачаа тээврээ тасалдалгүй нэмэхийн тулд хүн хүч зайлшгүй шаардлагатай шүү дээ. Өмнө нь бид зөвхөн зэсийн баяжмал ачдаг байлаа. Одоо хоногт тогтмол 30-35 вагон зэсийн баяжмал дээр төмрийн хүдэр, нүүрс ачиж байна. Түүнчлэн, жилд ган бөмбөлөг бага зэрэг ачдаг. Намрын улиралд будаа ачиж байна. Өнгөрсөн намар 350 вагон будаа Улаанбаатар руу тээвэрлэлээ.
-Эдгээрээс гадна орон нутгийн ачилт, буулгалт нэмэгдэж байна уу?
-Жил ирэх тусам орон нутгийн ачилт буулгалт ихсэж байгаа. Эрдэнэтийн хамгийн том хэрэглэгч нь Дулааны цахилгаан станц байдаг. Эднийх хоногт 20-28, мөн Эрдэнэт үйлдвэрт хоногт 30-35 вагон нүүрс ирдэг. Шарын гол, Шивээ-Овоогоос нүүрсээ тээвэрлэж байна. Зарим үед Булганы дулааны цахилгаан станцын болон Орхон аймгийн Жаргалант сумын эмнэлэг, цэцэрлэгийн нүүрс вагоноор ачигдаж ирдэг. Үүнээс гадна хувь хэрэглэгчдийн нүүрс ч багагүй ирж байгаа. Эрдэнэтийнхэн нүүрсээ Баянтээгийн уурхайгаас автомашинаар тээвэрлэдэг байсан. Гэтэл Өвөрхангай чиглэлийн хатуу хучилттай зам ашиглалтад орсноор голын жингийн норм тогтоосон юм билээ. Тиймээс нэг машинд ачих хэмжээ багасаж, орлого нь буурахаар хувь хэрэглэгчид Багануур, Шивээ-Овоо, Шарын голоос нүүрсээ вагоноор авдаг болсон.
-Танай ачаа тээвэр улам ихсэж байгаа юм байна. Харин ачилт, буулгалтын талбайн хүрэлцээ ямар байгаа вэ?
-Эрдэнэт үйлдвэр, Дулааны цахилгаан станцынхан өөрсдийн замтай. Энд “Долоон бар” ХХК-ийн нүүрсний буулгалтын нэг салбар зам бий. Энэ замаар зөвхөн нүүрс биш, зуны цагт бүтээн байгуулалтын элсний тээвэр Салхит, Дарханаас ирдэг. Өөр буулгалтын замгүй учир бүгд л энэ замд овоорцгоож байна. Цаашид газар олголтын асуудлыг хувь хэрэглэгч нарт орон нутгаас шийдэж өгвөл төмөр замаас салаа зам барих боломжтой. Одоогоор хэдэн компанийн газар авах санал явж байгаа юм билээ. ТЭЗҮ боловсруулах шатандаа байх шиг байна.
-Түрүүн та ХАБ хариуцсан ажилтан, ерөнхий инженер, сургалтын инженергүй гэж хэллээ. Танайхаас өөр эдгээр орон тоогүй ийм том өртөө бий юу?
-Багануур манай хоёр л ийм. Бусад өртөөдөд энэ бүгд бий. Жишээ нь, Зүүнхараа өртөө хоногт үсрээд л хоёр, гурван вагон ачиж, арав гаруй вагон буулгана. Гэтэл гол замаар транзит ачаа урсгал их явдаг гэсэн үндэслэлээр ангигүй зэрэглэл, ерөнхий инженертэй болсон. Өртөөдийн зэрэглэл тогтоодог журам байдаг. Энэ зэрэглэлээр нь аваад үзэхээр манайх мухрын өртөө учир транзит тээвэр гэж байдаггүй гэдэг шалтгаанаар ангигүй өртөө болгож болдоггүй. Гэвч ажил ачааллын хувьд манай хоёр өдөр шөнө шиг шүү дээ. Иймд зэрэглэл тогтоох журмыг Эдийн засгийн алба, Тээвэр зохион байгуулалтын алба, Хүний нөөцийн алба, бусад албан тушаалтнууд судалж даруй өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Замын даргын А-699 тоот тушаалд манай өрөөнд ХАБЭА-н ажилтан байна гэж заасан. Гэтэл өмнөх тушаалд нь байхгүй гэж заасан байдаг. Үүнийгээ хүчингүй болгоогүй байгаа. Тиймээс ХАБЭА-н албанд энэ тушаалыг хүчингүй болгуулах тухай бичиг өгсөн. Хэрэгтэй газраа биш, хэрэггүй газар л орон тоо нэмж, дээгүүрээ данхайгаад байх юм. Удирдах газарт маш их орон тоо нэмж буйг төмөр замчид ярьж байна шүү дээ. Гэтэл жинхэнэ ажил хийж байгаа доод шатанд нь орон тоо дутагдаад л байна.
-Өртөөд, аж ахуйн нэгжүүдээр явж байхад “Бараг бүх зүйл тендерт орсон болохоор асуудал их байна. Яаралтай хэрэгтэй зүйлээ авах гэхээр заавал тендер зарлаад хугацаа алддаг. Манай захиалсан зүйлс хагас жил болж байгаа хэр нь ирээгүй л байна” гэх мэт зовлон ярьдаг. Танай хувьд ийм тохиолдол хэр гарч байна вэ?
-ХАБЭА-н хувцас гэхчлэн зүйлсийг Худалдан авалт, борлуулалтын албанаас нэгдсэн журмаар Замын хэмжээнд захиалан нийлүүлдэг шүү дээ. Харин цэвэрлэгээний материал зэрэг зарим зүйлсийг орон нутгаасаа нийлүүлж байна. Таван сая төгрөгийн шууд худалдан авалт хийж болно гэх ч санхүүжилтийг нь олгохгүй уддаг. Одоо цалингаа хэдэн банк руу албан бичиг хүргүүлж байж зээлээр тавьж байна. Тухайн банкны заасан хүүгүй гурваас тав хоног нь хэтэрвэл хүү төлж эхэлдэг. Гэхдээ Замын санхүү удахгүй сайжирна гэж өөдрөгөөр харж байгаа. Ер нь, жилд Замын даргын үзлэгээс авхуулаад аж ахуйн нэгжид 10-11 шалгалт ирж байна. Үнэндээ арай л хэтэрхий их шалгалт явж, ажилчдыг зовоох юм. Шалгалт шүүлэг хэд ирнэ тэр хэмжээгээр ажилчид айдаст автаж, цочролд ордог. Ингэснээрээ өөрийн болон өрөөлийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө шүү дээ. Залуучууд үүнээс болж ажлаасаа гарч байна. Манай зангилаанаас маш олон залуучууд говийн төмөр зам, мөн гадаад улс руу явлаа. Өнөөдөр зээлгүй төмөр замчин гэж байхгүй. Ийм байхад яаж олон талын дарамт дор байхыг хүсэх вэ дээ.
-Та байцаагч байсан хүн шүү дээ. Шалгадаг байхдаа энэ талаар боддог байв уу?
-Зарим зүйлийг сайн анзаардаггүй байж. Байгууллага удирдаад ирэхээр зовлонг нь ойлгож байна. Яах вэ, байх ёстой үзлэг шалгалтууд нь байх нь чухал. Миний хувьд байцаагч байхдаа бурууг нь хэлж, сайжруулан авч явахыг нь зааж өгдөг байлаа. Боломжгүй, шаардлагагүй зүйлээр шаарддаггүй байсан. Нэг байцаагчийн ганц үгнээс болж маш их зардал гарах үндэс болдог. Ямар ч шаардлагагүйгээр “Энэ дэвтрийг соль” гэхэд л цаана нь өчнөөн их мөнгө яригдана. Тухайлбал, анхаарамжийн дэвтэр өмнө нь босоо байсныг таван жилийн өмнө ярилцацгааж байгаад хэвтээ болгосон юм. Гэтэл дахин босоо болго гэсэн шаардлага ирсэн л байна билээ. Энэ дэвтэр Замын хэмжээний бүх өртөө, зөрлөгт бий. Зөвхөн үүнийг бодоход шал дэмий өөрчлөлтөд мөнгө зарах гээд байгаа юм. Тиймээс манай байцаагч нар санхүүгийн нөхцөлөө сайн бодож, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй байна. Дээр нь, хугацаа маш давчуу цахилгаанууд өдөрт хэдэн арваараа ирдэг. Ихэнхэд нь тайлан мэдээ бэлтгэж явуулах талаар. Зарим албадын инженерүүд өөрийнхөө хийх ёстой ажлыг өөрөө төлөвлөн хэн нэгэн даргаар гарын үсэг зуруулж цахилгаан гаргуулаад, түүнийгээ нэгтгээд “Би ийм юм хийлээ” гэдэг байдлаар танилцуулдаг гэж харагдаад байна. Энэ нь аж ахуйн нэгжийн ажилтнуудад ачаалал болгоод байх шиг. Жишээ нь, Тээвэр зохион байгуулалтын албанд гэхэд бүх судалгаа, мэдээлэл нь он оноороо байх л ёстой шүү дээ. Нэг файл нээж нэгтгээд компьютертоо хадгалсан байхад асуудалгүй. Тухайн өртөө, зөрлөгийн зам уртасч, шинэ тоног төхөөрөмж тавиагүй л бол тэр мэдээлэл өөрчлөгдөхгүй. Гэтэл бэлэнчилж, бусдаар ажлаа хийлгэх байдал маш их ажиглагдаж байна. Нөгөө талаар ний нуугүй хэлэхэд манай Удирдах газарт анхан шатны нэгжүүдэд бага ажилласан, бүр ажиллаж үзээгүй хүмүүс тавигдах болж. Тэнд оччихоороо өөрийгөө том дарга боллоо гэж боддог бололтой. Доод шатны аж ахуйн нэгжүүдийнхээ хүмүүстэй зарим нь маш эвгүй харьцдаг юм байна. Тэгэхээр Удирдах газрын түвшинд Замын даргын үзлэгийг нэг оруулаасай гэж би боддог юм. Хэрэв тэгвэл тэнд байгаа залуучууд нэлээд зүйлийг ойлгож, ажлаа сайжруулж, бусдаасаа суралцана. Ажлаа сайжруулах л гэж байгаа бол аль ч түвшнээ орхилгүй үзэж шалгах хэрэгтэй шүү дээ.
-Тийм шүү, тантай санал нэг байна. Танай зангилаа залуучууд олонтой. Залууст тулгамддаг хамгийн их асуудал нь орон сууц байдаг. Харин залуучууддаа чиглэсэн үйл ажиллагаанууд хэр зохион байгуулдаг вэ?
-Одоогоор надад төдөн залуу орон сууцгүй байна гэсэн судалгаа алга. “Байр сууцгүй байна, надад орон сууц өгөөч” гэсэн нэг ч хүсэлт ирээгүй. Шугам замдаа технологийн орон сууцуудтай болохоор харьцангуй гайгүй шүү дээ. Нэг ажилтан явахад дараагийн хүн тухайн өрөөнд нь суудаг. Харин Эрдэнэт хотдоо болохоор төмөр замчид Улаанбаатар, Дархан хотынх шиг өөрсдөө орон сууцны ямар нэгэн зээлд хамрагдчихдаг. Эрдэнэт үйлдвэр хоёр жилийн өмнө “Залуус-2” орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Үүнд нь хамтарч ажиллах хүсэлтээ Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга бичгээр хүрүүлсэн юм билээ. Харин тэдний зүгээс “Бид эхлээд өөрсдийн хэрэгцээг хангаад үлдвэл төмөр замчдад хөнгөлөлттэй үнээр нийлүүлж болох юм” гэдэг яриаг аман хэлбэрээр хийсэн ч цар тахал болон эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалж түр зогссон юм байна. Үүнээс өөр орон сууцны талаар манай зангилаанд дорвитой хэрэгжсэн зүйл байхгүй. Ер нь, Эрдэнэт зангилааны Залуучуудын зөвлөлтэйгөө бол захиргааны зүгээс залуучууддаа чиглэсэн урлаг, спорт гээд олон зүйл дээр хамтран ажилладаг. Сүүлийн үед шилжилт хөдөлгөөн, ялангуяа шугам замд ихэссэн. Манай өртөө л гэхэд өнгөрсөн жилд 16 шинэ ажилтан авсан. Бүгд л 20-30 насны залуус. ЗТХ-ийн сайдын 271 тоот тушаалд “Үйлчлэгчээс бусад албан тушаалд заавал мэргэжлийн хүн байх ёстой” гэж заасан байдаг. Энэ зөв л дөө. Гэвч мэргэжлийн хүмүүс авах гэхээр олдохгүй байна. Хүний нөөцийн албанаас “Чадамжийн сургалт” гэж зохион байгуулахад нь орон нутгаас хоёр, өөрийн ажилчдаас гурав гээд нийт таван хүн сургалаа. Эрдэнэт зангилаа төвийнхөн нь харьцангуй тогтвортой ажилладаг болохоор орон тоо гарах нь бага. Харин шугам замд их гарна. Төмөр замын МСҮТ, Политехникийн коллеж, гадаад дотоодын их дээд сургууль төгссөн хүмүүс ажилд орох гэж ирэх юм. Гэхдээ тэд зөвхөн төвд л ажиллана, шугам замд явахгүй гэдэг.
-Шугам замд ажиллах дургүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Тэнд орон сууц бол байгаа шүү дээ. Харин залуучууд хүүхдүүд нь цэцэрлэг, сургуульд орох болоод төв бараадах хүсэлт өгдөг. Өнгөрсөн онд ийм төрлийн арваад өргөдлийг шийдвэрлэсэн. Цаашид ч энэ асуудал үргэлжилнэ. Тэр бүхнийг төв рүү татаад байх боломжгүй шүү дээ.
-Ер нь, Замын хэмжээнд залуус ажлаас гарч орох асуудал нэмэгдсэн гэдэг. Тэднийг тогтвор суурьшилтай байх эсэхэд олон жил ажилласан ахмад хүмүүсийн дарамт, удирдлагуудын харилцаа л их нөлөөлөөд байна уу гэж харах юм. Таны хувьд төмөр замын ахмад ажилтан, бас удирдлага хүн. Энэ талд та юу гэж бодож байна вэ?
-Тийм тал бий. Ачаа тээврийн ч юм уу гайгүй сайн ажилтан бэлтгэхэд 3-5 жил шаардлагатай байдаг. Нэлээд сэргэлэн нь л энэ хугацаанд сайжирна шүү. Гурваас доош жил ажилласан нь хүн харахад л сайхан мэргэжилтэй ажилтан байхаас цаанаа ажлаа бүрэн эзэмших яагаа ч үгүй байдаг. Тиймээс төмөр замчдаа тогтвор суурьшилтай байлгаж, төмөр замын тээврийн үйл ажиллагааг илүү амжилттай авч явахын тулд цалингийн нэмэгдлийг жил бүр дэс дараатай хэрэгжүүлж байх нь чухал. Мөн залуучуудаа сургаж, урамшуулж, сайн хийсэн ажлыг нь алдаршуулан магтах хэрэгтэй. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг дээ. Дээр нь, чиний хэлдгээр удирдах ажилтнууд үнэхээр харилцаа хандлагадаа анхаармаар байна. Залуу дарга нар олон боллоо. Ажилтнуудаа хайрлан хүндэтгэж, харилцан ойлголцож байж л ажил урагштай явдаг. Хүнийг загнаж зандарснаар ажил бүтдэггүй юм шүү дээ. Манай ахмад дарга нар “Тухайн хүний түлхүүрийг олох хэрэгтэй” гэдэг байсан. Зуун хүнийг нэр бүрчлэн түлхүүрийг нь олно гэж юу байх вэ. Гэхдээ л олохын төлөө зорих хэрэгтэй. Тэгж байж л бидний ажил сайжирна. Үүнийгээ дагаад төмөр замын эдийн засаг сайжирна. Эдийн засаг сайжирснаар бидний цалин ч хүссэн хэмжээгээр нэмэгдэнэ шүү дээ.
-Баярлалаа, танд болон танай хамт олонд ажлын илүү их амжилт хүсье!
ЯРИЛЦСАН М.НАРАНБОЛД