“Бодь интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв” төслийн захирал Түмэндалайн Даваадалайтай ярилцлаа.

 

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Өнгөрсөн хугацаанд оролцсон төслүүдийнхээ үр ашгийг тооцвол эх орондоо хэдий хэмжээний хөрөнгө оруулалтыг авчрав гэдгээс яриагаа эхлэх үү?

 

-Бүгд инженерийн төслүүд учраас эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. Сайншандын салхин сэнсний төсөл л гэхэд нийт 25 МВт-ын ногоон эрчим хүчний эх үүсвэртэй. Оюутолгой бол Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт гэдгийг хүн бүр мэднэ. Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-т ажиллах үедээ анх ажиллаж байсан УБТЗ-ын зүтгүүрийн депотойгоо олон зүйлийг харьцуулж харах боломжийг надад олгосон. Вагнер Азийн хувьд уул уурхайн машин механизмын томоохон засварын төв, ашиглалттай гэдгээрээ төстэй. Гэхдээ нэг нь Оросын, нөгөөх нь Америкийн менежменттэй. “Сaterpiller” бол уул уурхайн тоног төхөөрөмжөөрөө дэлхийд нэгд эрэмбэлэгддэг брэнд. Бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээл дээр хамгийн чанартай нь учраас үнэтэй зарагддаг. Сонирхолтой нь буурай хөгжилтэй манай оронд энэ брэнд хамгийн сайн зарагддаг. Манай улсын уул уурхайн салбар бүрд “Сaterpiller”-ийн  тоног төхөөрөмжүүд бий. 1998 оноос хойш манай улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт 30-аад жил манлайлсан энэ компанид ажиллаж байхдаа маш их бахархсан. Дээр нь оросын суурьтай менежментээр явж ирсэн Улаанбаатар зүтгүүрийн депо засварын үйл ажиллагаа, тоног төхөөрөмж нийлүүлэлтийн чиглэлд чухам хаана нь алдаад байгаа юм бэ гэдгийг сайтар ойлгож авсан. Мэдээж одоо ч хэрэгжиж байгаа Оросын менежментийн тогтолцоонд сайн, муу тал хоёулаа бий. Вагнер Азид ажиллахдаа түүнийг нь ялгаж, салгаж ойлгосон. Эдийн засгийн ач холбогдол талаас нь харвал одоо хэрэгжүүлж байгаа Тавантолгойн Нүүрс Ачих Логистикийн Төв (ТНАЛТ) төслөөр би их бахархдаг. Нийт 103 сая ам.долларын хөрөнгө оруулалттай стратегийн өндөр ач холбогдолтой төсөл шүү дээ.

 

-Тус төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

 

-Энэ төсөл инженерчлэл талаасаа Монголын хамгийн анхны гэж нэрлэгдэхүйц олон шийдэл шингэснээрээ онцлогтой. Бид Монголын хамгийн анхны, хамгийн хүнд, хамгийн том тоног төхөөрөмжүүдийг угсарч байна. 640 тонн жинтэй, 700 метр газарт төмөр замаар явдаг тоног төхөөрөмжтэй зүтгүүрийг харьцуулахад маш жижигхэн санагдсан. Дээрээс нь тухайн тоног төхөөрөмжийг бүрэн автомат буюу аж үйлдвэрийн SCADA системээр алсын зайнаас удирдах юм. Төслийн маань гүйцэтгэл 88 хувьтай явж байна. Ирэх дөрөвдүгээр сард багтаагаад дуусгана. Төсөл бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсын анхны нүүрс холих төв ашиглалтад орох юм. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаар жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэх боломж бүрдэнэ. Мөн Эрдэнэс Тавантолгойн уурхайн найман тэрбум тонн нүүрсний ордыг бүрэн ашиглаж, БНХАУ руу экспортлох боломжтой болно. Учир нь, Эрдэнэс Тавантолгойн нүүрс өөр өөр давхаргаас, харилцан адилгүй чанартай гардаг. Одоогоор хамгийн сайн чанарынхыг нь сорчилж гаргаад байгаа учраас энэ байдлаараазөөвөл хамгийн чанартай нүүрснийх нь нөөц шавхагдаж, чанар муутай нь үлдэнэ. Тиймээс олборлосон нүүрсийг хооронд нь хольж нэг стандартын шаардлагад нийцүүлээд ачих боломж бүрдэнэ. Ингэж нэмүү өртөг шингээсэн нүүрсийг урд хөршид нийлүүлж байгаа гэдэг утгаараа Монгол Улсын эдийн засагт хамгийн өндөр үр өгөөжтэй. Стратегийн ач холбогдол бүхий энэ төслийг тэгээс нь эхлүүлж, дуусгах шатанд нь оруулж яваагаараа маш их бахархдаг даа. “Эрдэнэс Тавантолгойн нүүрснээс ашиг оллоо” гэдэг баяртай мэдээ илүү урт хугацаанд үргэлжлэх нөхцөлийг нь бид хамтдаа бүтээхийн төлөө ажиллаж байна.

 

-Бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа логистикийн төвийн өдөр тутмын үйл ажиллагаа нь хэрхэн өрнөх вэ?

 

-Логистикийн төв маань бутлуур, туузан дамжуурга, вагонд ачих төхөөрөмж, овоологч, тэжээгч зэрэг маш том тоног төхөөрөмжүүдээс бүрдэнэ. Цагт 3500, өдөрт 70 мянган, жилд 20 сая тонн нүүрсийг холиод ачиж гаргах хүчин чадалтай. Олон улсад үүнийг “Coal Blending” гэж ярьдаг. Уурхайгаас ирсэн нүүрсийг бутлаад, туузан дамжуулгаар зөөнө. Чанараар ангилан буулгана. Ингэхдээ талханд масло түрхэж байгаа мэт үе үеэр нь хольж буулгана. Вагон орж ирсэн үед үелж хураасан нүүрсээ тусгай төхөөрөмжөөр хурааж аваад дулааны нүүрсийг хагас кокосжсон нүүрстэй хольж ийм хэмжээний илчлэгтэй нүүрс гаргана гэхчлэнгээр ангилж ачна. Одоо бол хятадууд манай түүхий нүүрсийг хямд үнээр авч, өөрсдөө холиод нэмүү өртөг шингээн  зах зээлд нийлүүлж байгаа. Тэгэхээр бид тэрхүү нэмүү өртгийг нь эх орондоо үлдээхийг зорьж байгаа юм. 

 

-Ялангуяа, шийдвэр гаргагч нар “Монгол Улсын бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулах боломж хомс байна. Хөрөнгө оруулагчдын итгэл улам суларч байна” гэж ярьдаг. Гэтэл танай төслийн хувьд монголчууд өөрсдөө гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалтыг хийж чадна гэдгийн гол баталгаа юм болов уу?

 

-Би сүүлийн гурван жилд компанийнхаа гүйцэтгэх захирал Б.Долгормаа, хувьцаа эзэмшигч Д.Баясгалан гээд санхүүгийн хувьд арвин туршлагатай хүмүүстэй ажиллалаа. Эдгээр хүмүүсээс суралцаад, хөндлөнгөөс ажиглаад явахад хөрөнгө оруулах маш олон арга байдаг юм байна. Хөрөнгө оруулалт гэдэг нь харьцангуй хийсвэр ойлголт. Мөнгө бол олдоно. Гагцхүү олдсон хөрөнгийг хэрхэн урт хугацаанд, илүү үр ашигтай байлгах вэ гэдэг нь хамгийн чухал. Яг өнөөгийн нөхцөлд манай төрийн менежмент муу, аль эсвэл бид өмнө нь хийж үзээгүй, туршлагагүйгээс том төслүүдийг хөдөлгөж чаддаггүй юм болов уу гэж харсан. Олон улсын хөрөнгө оруулагчдаас манай улстай хамтран ажиллах санал тавьдаг боловч түүнийг нь зөв хүлээж аваад, хэрэгжүүлдэг төрийн менежмент хомс байна. Ялангуяа, өөрсдөд нь ашигтай гэж үзвэл уул уурхайн салбарт гадаадууд хөрөнгө оруулахад үргэлж бэлэн байдаг. Үүнээс гадна олон улсын хөгжлийн сангуудаас зээл авах боломж ч бий. Тэдний зүгээс Монголтой хамтран ажиллах санал тавьж байсан тохиолдол ч олон.  Харамсалтай нь, шийдвэр гаргах түвшний хүмүүс нь хувийн туршлагагүй. Туршлагагүй учраас энэ төсөл хэрэгжинэ гэж үнэмшдэггүй, хөрөнгө оруулагч талдаа итгэдэггүй. Итгэдэггүй учраас ямар ч үр ашигтай төслийг зоригтой хөдөлгөдөггүйдээ гол учир байгаа юм.

 

-Нэг үгээр хэлбэл, төр нь өөрөө менежмент хийж чадахгүй байна гэж ойлгож болох уу?

 

-Төр бол муу менежер гэдэг ойлголт бий шүү дээ. Түүнчлэн, юм болгонд төр өөрөө оролцоод, маш олон менежментийг төрөөр гүйцэтгүүлээд эхлэхээр буруу зарчим руу явчихдаг талтай. Барууны зарчим нь төрийн гүйцэтгэдэг маш олон үүргийг хувийн компаниар гүйцэтгүүлэх гэрээ хийгээд шилжүүлчихдэг. Хувийн компаниуд ашгийн төлөө маш хурдтайгаар ажилладаг. Дээр нь, албан тушаал нь ур чадвар дээр суурилсан (merit) зарчмаар яваад байдаг учраас эрүүл тогтолцоог бий болгодог. Харин төрийн тогтолцоо гээд яривал маш өргөн хүрээг хамрах учраас энэ сэдвийг түр хойш тавья. Хоёрдугаарт, яг үнэнийг хэлэхэд бидэнд хангалттай хэмжээний туршлага байхгүй учраас бүх зүйл дээр төрийг муу байна гэж буруутгах нь учир дутагдалтай. Хаа хаанаа адилхан суралцаад л явж байна. Хөрөнгө оруулалт болон хөрөнгийн менежмент харилцан адилгүй ойлголт. Хөрөнгө оруулалт гэдэг нь гаднаас яаж хөрөнгө оруулах тухай. Хөрөнгийн менежмент гэдэг нь одоо байгаа хөрөнгийг хэрхэн үр ашигтай ашиглах вэ гэдэгт төвлөрдөг. Энэ чиглэлд манай улсын хувьд нийтээрээ туршлагагүй, суралцах шатандаа явж байна.

 

-Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв ашиглалтад орсноос хойших эдийн засгийн ач холбогдол талаас нь тодорхой мэдээлэл өгч болох уу?

 

-Дээрх логистикийн төв байхгүй бол төмөр замаар 20 сая тонн нүүрс ачиж чадахгүй. Мөн авто замаар ачих боломжгүй. Яагаад гэхээр одоо байгаа нөөц бололцоо буюу ковшоор вагон руу нүүрсээ ачвал цаг хугацаа алдана. Тэгээд ч их хэмжээгээр ачих боломжгүй. Гэтэл 15 сая тонноос дээш хэмжээний нүүрс ачиж байж л бодит ашиг гарах юм. Мөн түүнчлэн нүүрсний холилт хийснээр Эрдэнэс Тавантолгойн найман тэрбум тонн кокосжсон нүүрсийг зах зээлд гаргах боломжтой болж байгаа юм. Жишээлэхэд хэрэв холилт хийхгүй ачвал наанадаж нэгээс хоёр тэрбум тонн нүүрсийг ачаад үлдсэн зургаан тэрбум тонн нүүрс нь үр ашиггүй болно гэж ойлгож болно. Тэгэхээр Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг байгуулснаар найман тэрбум тонныг нь 60-70 жилийн хугацаанд бүрэн ашиглах үр өгөөжийг бий болгоно. Ингээд бодохоор мөнгөн дүнгээр илэрхийлшгүй ач холбогдолтой төсөл гэж ойлгож болно. Анхны хөрөнгө оруулалтаа ойролцоогоор зургаан жилийн хугацаанд бүрэн нөхнө.

 

-Монголчуудын хувьд зарим зүйл дээр хэт болгоомжилсноосоо өөрт байгаа давуу талуудаа алдаад байх шиг. Бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэгчийн хувьд  Монголын нүүрсний зах зээлийн ирээдүйг хэрхэн харж байна вэ?

 

-Хүмүүс нүүрсийг нэг л бүтээгдэхүүн гэж ойлгодог. Гэтэл хамгийн энгийнээр яривал дулааны, кокосжсон, аж үйлдвэрийн нүүрс гэж ангилна. Ер нь, нүүрс гэдэг маш олон зүйлд хэрэглэгддэг түүхий эд шүү дээ. Тэгэхээр гол худалдан авагч буюу БНХАУ түүхий нүүрсээс татгалзлаа гээд манай нүүрс хэрэггүй болчихлоо гэж ойлгож болохгүй. Нүүрс бол хэзээ ч хэрэглээнээс гарахгүй.  Жишээ нь, кокосжсон нүүрс маш чухал хоёр зүйлд хэрэглэгддэг. Нэгдүгээрт, гангийн найрлагад орно. Карбон төмөр хоёр нийлж ган болдог. Ган ороогүй барилгын материал гэж байхгүй. Гангийн найрлагад аж үйлдвэрийн нүүрсийг ашигладаг. Цаашлаад ганг хайлуулахдаа кокосжсон нүүрсийг ашиглана. Ингээд бодохоор аж үйлдвэрийн буюу кокосжсон нүүрсний хэрэглээ огт алга болохгүй. Харин дулааны нүүрсэнд асуудал байгаа нь үнэн. Хүлэмжийн хийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих гэхчлэнгээр дулааны нүүрсэнд  дэлхий нийтээрээ хязгаарлалт тавьж байгаа. Гэхдээ дулааны нүүрснээс шингэн түлш гаргаж авах гэхчлэнгээр мөн л өөр хэлбэрээр ашиглаж болно. Дээр нь Орос Украйны дайнтай холбоотойгоор Герман тэргүүтэй Европын орнууд газ болон нефтийн бүтээгдэхүүний хомсдолд орж, улмаар дулааны станцуудаа дахин сэргээж байна. Монгол Улсын хувьд дулааны нүүрсээ маш бага хэмжээгээр экспортод гаргаж байгаа нь харамсалтай. Хууль эрх зүйн орчноосоо эхлээд дулааны нүүрсээ экспортлох таатай нөхцлийг нь бүрдүүлээгүйн улмаас боломжоо алдаж байна. Төр менежментээ зөв хийвэл маш олон боломж байгаа ч бид өдөр бүр алдсаар байна. Олон улсын төслүүд дээр ажиллахад боломжуудыг маш ихээр олж хардаг юм билээ. Гэвч энэ их боломжийг улс орон маань ашиглаж чадахгүй байна гэж бодохоор ихээр харамсдаг даа.

 

-Эдийн засгийн мега төслүүд дээр ажиллаж байгаа хүний хувьд Монгол Улсын хөгжлийн төлөвийг хэрхэн хардаг вэ?

 

-Яг үнэнийг хэлэхэд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн байхаас манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хамаарч байна. Сайн менежер байгаад том төслүүдээ эрчимтэй хөдөлгөж чадвал улсын хөгжил асар хурдацтай явагдана. Халамжийн мөнгө тараагаад төсөл хөтөлбөрүүдээ зогсонги байдалд оруулаад байвал эдийн засаг хөгжих боломжгүй. Гангийн үйлдвэрээ барих, шинэ төмөр замуудаа ашиглалтад оруулах, 2-3 цахилгааны станц нэмж барих, мөн Улаанбаатар хотод  метро ашиглалтад оруулах хэрэгтэй. Дээр нь нефтийн үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай. Улс эх орны эдийн засгийг авч явдаг үндсэн аж үйлдвэрүүдээ байгуулмаар байна. Бид барьж чадах юм байна гэдгээ олон зүйл дээр харууллаа. Гагцхүү тууштай шийдвэр дутагдаад байна.

 

-Таны хувьд эх орондоо хийх юмсан гэж боддог мөрөөдлийн төсөл юу вэ?

 

-Метротой болчих юмсан л гэж олон жил бодож явна. 2010 онд дүүгээ Санкт-Петербургт дагуулж очихдоо метро үзүүлээд, “Хүн төрөлхтний хөгжлийн ирээдүй газар доор инженерийн байгууламж руу, сансар судлал хоёр руу чиглэж байна. Тиймээс чи энэ салбарт ажиллавал маш сонирхолтой шүү” гэж хэлж байсан минь өчигдөрхөн мэт санагдаж байна. Тэр цагаас хойш бараг 15 жил өнгөрчээ. Тухайн үед дүү маань сурагч байлаа. Одоо харин миний дүү энэ салбарт өөрийн хувь нэмрээ оруулан, дэлхий дахинд ажиллаж байна. Газар доорх инженерийн байгууламж гэдэг нь зөвхөн метрогоор хязгаарлагдахгүй. Явган хүний гарц, худалдаа үйлчилгээний байгууллагууд гээд маш байгууламж, инженерчлэл, олон шийдэл бий. Гүний байгууламжийг цогцоор нь хөгжүүлснээр өвлийн хүйтэнд дулаахан, зуны халуунд сэрүүн, тав тухтай орчинд ажиллах, амьдрах, зорчих, алхах боломжийг бүрдүүлнэ. Гүний орчинд дулаахан, цэвэр байдаг учраас хүмүүсийн эрүүл мэндэд ч хэрэгтэй. Одоо манай нийслэлчүүд хүйтэнд маш хол алхдаг. Хүүхдүүд даарснаасаа болоод ханиад томуу, өвчлөл ихтэй байна. Хэрэв гүний байгууламжтай болчихвол сургууль, цэцэрлэг, ажил хоорондоо хавар намрын хувцастай яваад байх боломжтой шүү дээ. Энэ төрлийн төслийг хэрэгжүүлэхэд тийм ч өндөр зардал шаардагдахгүй.

 

-Шийдвэр гаргагчдын түвшинд ийм төрлийн төслийг хөгжүүлэх сонирхол бага байгаа юм болов уу?

 

-Хамгийн гол нь мэдэхгүй байна. Хэн ч мэдэхгүй зүйлийнхээ талаар ярьж чадахгүй шүү дээ. Энэ талаарх мэдлэг мэдээлэл нь хомс учраас хийх зориг гаргахгүй, хийж чадна гэдэгтээ итгэхгүй байх шиг. Дараагийн ээлжинд дээр дурдсанчлан ган, нефтийн үйлдвэрээ нэн түрүүнд ашиглалтад оруулах хэрэгтэй. Бидэнд хийе гэсэн зориг, итгэл үнэмшил байна.

 

-Хоёул эдийн засгийн сэдвээр нэлээд ярилцлаа. Одоо харин арай өөр сэдэв рүү хазайж болох уу. 2023 онд таны дүү Т.Мөнхдалай зочноор оролцсоныг манай уншигчид тод санаж байгаа байх. Таныг ч бас УБТЗ-д ажиллаж байсан гэж сонссон?

 

-Аав маань ОХУ-ын Санкт-Петербург хотод зүтгүүрийн инженер мэргэжлээр суралцаж төгсөөд өнөөг хүртэл УБТЗ-д тасралтгүй ажиллаж буйг танай сонины уншигчид андахгүй байх. Миний хувьд 2011 онд аавынхаа төгссөн сургуулийг мөн зүтгүүрийн инженер мэргэжлээр дүүргэж, 2014 он хүртэл Улаанбаатар татах хэсэгт туслах машинч, машинч, хүлээн авагч,инженер, зүтгүүрийн диспетчер зэрэг албанд таван жил ажилласан. Дараа нь Австрали руу сурахаар явсан. Тэнд MBA буюу “Master of Business Adminisration” мөн “Advanced engineering” буюу ахисан шатны инженерээр мастераа хамгаалсан. Буцаж ирэхдээ уул уурхайн салбар руу орж, одоо долоо дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд голчлон бизнес, уул уурхайн салбарын төслүүд дээр ажилласан. Оролцож байсан томоохон төсөл гэвэл Сайншандын салхин сэнс, Оюутолгойн төслүүд гэхчлэнгээр дурдаж болно. “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-аас эхлээд Монголдоо тэргүүлэгч 5-6 том компанид ажиллаж үзлээ.

 

-“Төмөр замчны мэргэжлийг нэгэнт сонгосон бол өөр салбар руу хөрвөж ажиллах боломжгүй” гэж ярих нь бий. Яагаад өөр салбарт хүч үзэх болов?

 

-2013 онд Монгол Улсын хэмжээнд өнөөгийнх шиг олон төсөл хөтөлбөр хэрэгжээгүй байсан. Тухайн үед үеийн залуусын маань зарим нь гадагшаа явж ажиллаж үзсэн. Үгүйдээ гэхэд өмнөх ажлаа хэдийнэ гартаа оруулчихсан учраас илүү өсөж, хөгжих хүсэл эрмэлзлээр дүүрэн үе таарсан юм. Үнэндээ УБТЗ залуусынхаа хүсэл эрмэлзэлд тохирсон, өсөж дэвжих боломжийг нь олгохгүй байсан. Ингээд л залуус тус тусынхаа хүсэл мөрөөдлийн төлөө тэмүүлсэн. Би тэдний л нэг. Ингэж явсан маань ч оносон гэж боддог. Тэр үед хамт ажиллаж байсан залуусаас одоо 6,7 нь ч өөр салбарт ажиллаж байна. Тухайн үед УБТЗ ХНН Монголдоо монополь байсан учраас залуусаа хөгжүүлэх талаар бодоо ч үгүй байх. Энэ нь магадгүй залуусыг гадагш явж сурч, ажиллахад хүргэсэн юм болов уу. Таны дурдсанчлан зүтгүүрийн мэргэжилтэй хүн гадагш ажиллах боломжгүй гэж боддог нийтлэг ойлголт бий. Гэхдээ бодит байдал дээр эсрэгээрээ юм билээ. Зүтгүүрийн инженер хүн ялангуяа гадаадад уул уурхай, машин механизмын салбарын төсөл хөтөлбөрүүдэд ажиллах бүрэн боломжтой. 2019 он хүртэл төмөр замын мэргэжлээр төгссөн залуучууд зөвхөн УБТЗ-д ордог. Өөр ажлын байр байхгүй болохоор ажилд орохын тулд таньдаг хүнээрээ дамжуулж гуйдаг, орон тоо гартал хүлээдэг байлаа. Үйл ажиллагаа, үйлчилгээ ч удаан, хүнд сурталтай байв. Сүүлийн таван жилд харин шинэ төмөр замын төслүүд хэрэгжиж чөлөөт зах зээлийн өрсөлдөөн бий болж УБТЗ ХНН-ийн байр суурь, хандлага өөрчлөгдөж эхэллээ гэж харж байна.

 

-Үндсэн ажлаа орхиж, гадаадад өөр салбар руу орж ажиллах үед хамгийн түрүүнд олж харсан зүйл тань юу вэ?

 

-Аав маань “Миний хүү өөр салбарт ажиллаад, өөрийгөө сориод үзэх хэрэгтэй” гэж зөвлөж байсан. Үнэхээр ч өөр салбар, тэр дундаа бизнес консалтинг салбар руу ороод ажиллахаар хүн маш сайн хөгждөг юм билээ. Нэг байгууллагад олон жил ажиллахад нэг л соёл, арга барил, хурлын хэв маягийг хардаг. Сүүлдээ түүнд нь дасдаг. Харин өөр, өөр газарт ажиллаж үзэхийн хэрээр хүний бодох, сэтгэх, ажиллах арга барил улам хөгжиж аль нь зөв, аль нь буруу болохыг ялгаж салгаж эхэлдэг. Гадаадын компанид ажилласан хүн хөгждөг шалтгаан нь олон улсаас өөр ажлын арга барил, соёлтой хүмүүсийг авч хамтран ажиллуудаг явдал юм. УБТЗ-ын хувьд ОХУ-д боловсон хүчнээ бэлтгээд нэг л хэв загвараар ажиллаад байдаг учраас инноваци, шинэчлэл  төдийлөн явагддаггүй. Энэ нь нөгөө талдаа олон жил монополь байж ирсэнтэй нь холбоотой л доо. Би хувьдаа гадагшаа явж суралцахаар шийдсэн, тэр дундаа Австрали руу явсан минь маш зөв сонголт байж дээ гэж боддог.

 

-Ажилтны эгнээнээс буцаад оюутны ширээнд шилжиж, гадаадад дасан зохицож суралцахад хэр их бэрхшээлийг туулав?

 

-Австралид сурч байхдаа гэр цэвэрлэхээс эхлээд давхар ажиллаж эхэлсэн. Бас маркетингийн багт орж ажиллаж үзсэн. Тухайн үед Австралийн “Little Tokyo2” нэртэй компани Америкийн зах зээлд маркетинг хийж ороход бодит судалгаан дээр нь  ажиллаж байлаа. Ийнхүү олон улсын багтай ажиллаж байхдаа аль ч улсад ямар нэгэн чиглэлээр сайн ажиллаж чадвал хэн ч мөнгө олох боломжтой юм байна гэдэг итгэл, үнэмшлийг олж авсан. Ингээд Монголд ирснийхээ дараа өөрөө зөвлөх үйлчилгээний компани байгуулсан. Эх орондоо ирээд хамгийн анх гар бие оролцсон инженерийн төсөл гэвэл Оюутолгойн барилга, механикийн төсөл. Барилгын салбар механикийн салбараас тэс өөр л дөө. Миний хувьд инженерийн суурь сайтай байсан учраас ямар нэгэн бэрхшээлтэй тулгараагүй.  Оюутолгой гэдэг өөрөө том тогтолцоо. Соёл, уул уурхай, барилга гээд аль аль талаасаа барууны менежменттэй учраас олон чухал зүйлийг сурч авсан. Дараа нь Сайншандын салхин сэнсийг ашиглалтад хүлээлгэж өгөх төсөл, Аплас Монгол – үл эвдэх сорилын компани, “Вагнер Ази Тоног төхөөөмж” компани гээд барууны хөрөнгө оруулалттай том төслүүдэд оролцоод явсан.

 

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Б.Дэлгэрхишиг