Хэрэв таны хүүхэд илүүдэл жинтэй бол үүнийг хайхрахгүй орхиж хэрхэвч болохгүй. Юун түрүүнд та хүүхдийнхээ илүүдэл жингийн шалтгааныг олж мэдэх хэрэгтэй. Учир шалтгааныг зөв олж тогтоох хүүхдийнхээ жинг бууруулахад ихээхэн нэмэртэй. Нөгөө талаар хүүхдээ бүү зэмлэ. Харин хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Шаардлагатай бол мэргэжлийн эмч, хоол зүйч, сэтгэл зүйчдиын тусламжийг авч болно. Эцэст нь хэлэхэд, завгүй аав, ээжийн хүүхдүүд таргалалттай байх нь олонтаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө заавал цаг гаргах нь ёстой гэдгийг бүү мартаарай.

 

Эрүүл зан үйлийг дээдэл

 

Эрүүл хооллолт, биеийн идэвхтэй хөдөлгөөнийг нэг шөнийн дотор төлөвшүүлэх мэдээж боломжгүй. Эдгээрийг амьдралдаа хэвшил болгоход маш удаан хугацаа шаардагдана.  Хүүхдийнхээ хоол хүнс, амьдралын хэв маягийг огцом, ноцтойгоор өөрчлөх нь төдийлөн үр дүнд хүрэхгүй. Харин ч хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйд сөрөг үр дагавар үүсгэж ч болзошгүй. Иймд, өөрчлөлтийг багаар эхэлж, улмаар эрчимжүүлэн, гэр бүлийн бүх гишүүнийг хамруулах нь үр дүнтэй.  

Үлгэр дуурайлал үзүүлэх гол хүн бол аав, ээж гэдгийг санаарай. Жимс, хүнсний ногоо гэх мэт шим тэжээллэг, боловсруулалт хийгдээгүй хоол хүнсийг сонгон хэрэглэж, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дээдэлж, сайн унтаж амарч, өөрийн болон бусдын биеийн жингийн талаар сөрөг зүйл ярихаас зайлсхий.  

Өөрөө хэвийн жинтэй байсан ч гэсэн, эрүүл амьдралын хэв зуршлыг өөрөөсөө эхлэн хэрэгжүүлж хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүл.

Давс, чихэр, өөх тосны өндөр агууламжтай хэт боловсруулсан хоол хүнс, ундааны хэрэглээг аль болохоор хязгаарла. Гэхдээ хориглох тусам хүүхэд улам дурлах эрсдэлтэй тул тэдгээр хүнсийг бүрэн хориглохоос зайлсхий. Ихэнх бэлэн хүнс нь өөх тос, чихэр,  давс ихээр агуулсан байх тул өлсөж байгаа үед тус болох нь ховор. Оронд нь, хэрчиж бэлтгэсэн жимс, хүнсний ногоо, энгийн тараг гэх мэт хөнгөн, өег, эрүүл хоол хүнсийг өргөнөөр бэлтгэж хэрэглэ.

 

Гэр бүлээрээ хамтдаа хоолло

 

Хоол хийхэд аль болох гэр бүлээрээ оролцохыг хичээ. Хоол бэлтгэх цаг бол эрүүл хүнсний сонголт хийх, эрүүл хооллолтын талаар ярилцах сайхан боломж юм. Хүүхдэд тохирсон хэмжээгээр хоолыг нь аягалж өг. Нэмж идэхийг хүсвэл нэмж өг. Хоолны болон хөнгөн хоолны цагуудыг тогтоо. Ингэвэл хүүхэд хэзээ хооллох ёстойгоо мэдэж авна.

 

Хөдөлгөөнөөс зугаа цэнгэлийг ав

 

Агаар салхинд гэр бүлээрээ гарч, идэвхтэй хөдөлгөөн хий. Гурваас дээш насны хүүхэд өдөрт дор хаяж нэг цаг биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай тул энэ хугацааг 15-20 минутын зайтай хэд хэдэн удаа үргэлжлэхээр зохицуулж болно.  Бага насны хүүхдийн хувьд хөдөлгөөнт тоглоом, өсвөр насныханд гэр бүлийн явган аялал, эсвэл ямар нэг спортоор хамт хичээллэх нь тохиромжтой. Боломжтой бүх нөхцөлд алхах, дугуйгаар явахыг хичээгээрэй. Орон нутгийн болон сургууль дээрх спортын секц дугуйланд хамрагдах нь хүүхдийг хөдөлгөөний дутлаас сэргийлэхээс гадна үе тэнгийнхэнтэйгээ танилцаж холбоо тогтооход чухал үүрэг гүйцэтгэнэ.