Төв эмнэлгийн их эмч Т. Энхжаргалаас  бөөрний өвчний шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар авсан зөвлөгөөг хүргэж байна.

 

- Бөөр ямар үүрэгтэй эрхтэн бэ, өвчлөлийн шалтгаан нь юу вэ?

 

- Бөөр гэдэг эрхтэн  багана нурууны хоёр талд хэвлийн хөндийд ар, бүсэлхийн хэсэгт байрласан ойролцоогоор 11 см урт, 7 см өргөн, 2.5 см зузаан вандуй хэлбэртэй, 250-300 гр жинтэй хос эрхтэн юм. Үйл ажиллагааны хувьд бөөр нь даавар ялгаруулж даралт болоод цусанд агуулагдах кальци, витамин Д-ийн тэнцвэртэй байдлыг хангахаас гадна цус үүсэлтэд чухал нөлөөтөй.  Мөн ус, давс, эрдсийн солилцоо, бие махбодийн дотоод орчны харьцааг хэвийн түвшинд барьж, шаардлагатай уураг, эрдэс бодис зэргийг шимэгдүүлэх, шээс хорт нэгдлүүдийг гадагшлуулж ялгаруулах, цэвэршүүлэх үүрэгтэй эрхтэн. Нийт цусны эргэлтийн 20 хувь буюу тархи, элэг, зүрх зэрэг эрхтнүүдээс цусан хангамжаараа 6-8 дахин их баялаг цусан хангамжтай.

Бөөрний өвчин үүсэхэд зохицуулах боломжтой болон боломжгүй хүчин зүйлүүд байдаг. Зохицуулах боломжгүй хүчин зүйл нь нас, хүйс, удамшил. Үүнийг эмийн болон эмийн бус аргаар эмчилнэ. Зохицуулах боломжтой хүчин зүйлд хувь хүний амьдралын хэв маягаас үүдэлтэй эрсдлүүд байдаг. Жишээ нь, хувь хүний амьдралын буруу хэв маяг болох тамхи татах зэрэг хорт зуршил, эмийн буруу хэрэглээ, хөдөлгөөний дутагдал нь бөөрний өвчнийг даамжруулах шалтгаан болдог. Мөн халдварт бус өвчин болох чихрийн шижин, даралт ихсэлт, цусанд өөх тос их байх, шээсээр уураг алдах зэрэг хүчин зүйлүүд нь бөөрний архаг өвчний явцыг түргэсгэх улмаар бөөрний дутагдал үүсэхэд хүргэдэг голлох шалтгаан болоод байна. Цаг агаарын эрс тэс уур амьсгал хүйтэнд даарах зэрэг нь өвчин сэдрэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг болно.

 

- Бөөрөө өвдөж байгааг хэрхэн зөв оношлуулах вэ?

 

- Бөөрний шалтгаант үрэвслийн үед ууц нуруугаар чилэх,  зовиуртай шээх, шээс хөөстэй гарах, өнгө нь улаан болох, халуурах, даралт ихсэх зэрэг шинжүүд илэрдэг. Зарим тохиолдолд маш өндөр халуурч байхад заримдаа зөвхөн шээсний өөрчлөлтөөр шинж тэмдэггүй илрэх өвчнүүд байна. Шээсний өөрчлөлтөөр шинж тэмдэггүй явагдах нь хамгийн эрсдэлтэй. Магадгүй бөөрний дутагдалд орсон үедээ илрэх тохиолдол ч байдаг. Иймээс өөрт илрэх шинж тэмдгийг эмчийн зөвлөгөөний дагуу оношилгоо, эмчилгээ хийлгэх нь бөөрний өвчнийг даамжруулан хүндрүүлэхгүй байх, цаашлаад бөөрөө хамгаалах ач холбогдолтой.

 

-Өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?

 

- Шээсний өнгө, үнэр, хэмжээ өөрчлөгдөнө. Шээс ойр ойрхон хүрч, их эсвэл бага шээх, шөнө шээх, хурц үнэртэй болох, ус шиг цайвраас өтгөн хүрэн кофе, кола шиг өнгөтэй болох, хөөстэй шээх зэрэг шинжээр илэрнэ. Мөн зовхи нүүр сэлхрэх, хөлөөр хавагнах, бүх бие тулам болтлоо хавагнах, биеийн гадна хавагнахаас гадна биеийн дотор хөндийнүүдэд шингэн хуримтлах хүртэл их хэмжээтэй хавагнаж болно. Дарахад хонхойж орох, амьсгаадах, жин нэмэгдэх шинжүүд илэрнэ.

 

-Бөөрний даралт гэж юу вэ? Бөөрнөөс болж хавсарч тохиолдох өвчний талаар?

 

Эрхтэн болгон өөрийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч өөр өөр шинж тэмдгээр илэрдэг. Цээжний зүүн хэсгээр хатгах нь зөвхөн зүрхний өвдөлтийг заах биш хавирга хоорондын мэдрэл цочрох, эсвэл өөр эрхтэний өвдөлт цээжний хэсэгт дамжиж өвдөх тохиолдол байна. Иймээс заавал эмчийн заавар зөвлөгөөг дагах нь чухал. Бөөр даралтыг зохицуулах гол эрхтэн бөгөөд бөөрний гаралтай даралт ихсэлт нь харьцангуй залуу насанд илрэх, бөөрний өвчний өгүүлэмжтэй байх нь бөөрний шалтгаант даралт ихсэлтийг таамаглах гол шалтгаан болно. Иймээс даралтыг тогтмол түвшинд барих нь бөөрөө хамгаалах эмчилгээний нэг арга болно. Даралтыг хянахгүй өндөр байлгах нь бөөрийг гэмтээх эрсдэл болдог. Иймээс даралтаас үүдэлтэй бөөрний гэмтэл нь шээс хөөстэй гарах буюу шээсээр уураг алдах шинжээр тохиолдох нь элбэг байдаг.

Бөөрний даралтын үед толгой өвдөх, хүзүү хөших, нүд бүрэлзэх, дотор муухайрах, зүрх дэлсэх шинжүүд илэрнэ. Хэмжиж үзэхэд даралт нь ихэссэн байдаг. Бөөр нуруугаар өвдөхөөс гадна, нуруу бүсэлхийн ар хэсгээр чилж, хөшнө. Өвдөлт ууц, хэвлийн хоёр хажуу тал, давсаг орчмоор дамжиж болно. Өвдөлт нэг талдаа, эсвэл хоёр талд байж болно.

 

-Бөөрөө хамгаалахын тулд хүн бүрийн мэдэж байх ёстой зүйл юу байна вэ?

 

- Зарим тохиолдолд бөөрний өвчин хожуу оношлогдох нь элбэг байна. Тухайлбал, бөөрний үйл ажиллагаа 60 хувь хүртэл ажиллаж байхад л шинж тэмдэггүй буюу өвдөлтийн хам шинж байхгүй явдаг. Гэвч амархан тамирдаж ядрах, хоолны дуршил буурах, цус багадаж, яс сийрэгжиж хэврэгших, хоолонд дургүй болох, ядрах, бие загатнах, арьс хуурайших, нойр өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд хожуу үед тохиолдоно. Энэ нь бөөрний өвчин даамжран хүндэрч улмаар бөөр орлуулах эмчилгээ шаардлагатай болсныг илэрхийлдэг. Заавал мэргэжлийн эмчийн хяналтад оношилгоо эмчилгээгээ хийлгэх нь чухал. Бөөрөө хамгаалахдаа дараах зүйлсийг анхаарч баримталбал зохино.  Өдөрт 8-10 аяга шингэн ус уух хэрэгтэй. Учир нь хангалттай ус уугаагүйн улмаас бөөрний цусны эргэлт удааширч шээс үүсэх процесс хангалттай явагдаж чадахгүй. Үүнээс улбаалж  биеэс хорт нэгдлүүдийг ялгаруулж чадахгүй болдог. Хэт их шингэний хэрэглээ нь бөөрний ачааллыг нэмэгдүүлэхээс гадна зүрхний ачааллыг нэмэгдүүлдэг учир цаг агаарын нөхцөл, халуун орчинд ажиллах, хэт их хөлрөх зэргээс бусад тохиолдолд аль болох шингэний хэмжээг зөв зохицуулах хэрэгтэй. Мөн давсны хэрэглээгээ бууруулаарай. Давсны найрлагад натри агуулагдах учир натри биед шингэнийг барих улмаар хавагнах, даралт ихсэх зэрэг шинж тэмдэг илрэх учир зарим тохиолдолд давс орлуулах хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай. Даралтаа тогтворжуулж, 120/80 мм.муб барих нь чухал. Даралт  тогтмол өндөр байх нь бөөрний дотоод даралтыг нэмэгдүүлэх учир бөөр гэмтэх, улмаар дутагдалд хүргэх гол шалтгаан болдог. Иймээс бид бөөрөө хамгаалах зорилгоор даралт бууруулах эмийг бага тунгаар тогтсон цагт уухыг зөвлөдөг. Энэ тун нь даралтыг бууруулах биш тогтмол түвшинд барих зорилготой. Иймээс даралт хэвийн байсан ч бага тунгаар даралтны эм зөвлөвөл бөөр хамгаалах зорилгоор хийгдэж байгаа эмчилгээ гэж зөв ойлгон хэвшил болгох нь чухал. Хожим бөөрний өвчин даамжран хүндрэх,  улмаар дутагдалд орж, бөөр орлуулах эмчилгээ хийлгэхээс сэргийлж чадах эмчилгээний нэг арга юм.

 

- Мэргэжлээс шалтгаалан замчдад бөөр,  шээсний замын өвчлөл их байдаг шиг. Бөөрний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 

-Бөөрний өвчин эмгэг нь хүн амын дунд элбэг тохиолддог, нас баралтын шалтгаанд гуравдугаар байрт орж байгаа бүлэг өвчин юм. Дэлхий нийтэд долоон хүний нэг нь бөөрний архаг өвчнөөр оношлогдож, гурван хүний нэг нь бөөрний өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй. Таван хүний хоёр нь бөөрний өвчинтэй гэдгээ мэдээгүй явж байдаг гэсэн судалгаа байна. Бөөрний эмгэгтэй хүмүүсийн 90 хувьд шинж тэмдэг бүдэг байдгаас өвдсөнөө мэдэхгүй хугацаа алдаж, хүндэрсэн шатандаа оношлогддог. Манай орны хувьд бөөрний өвчин эмгэг элбэг тохиолддог. Жил бүр бөөрний өвчин эмгэгийн төгсгөлийн шатанд орсон, бөөр орлуулах эмчилгээ шаардлагатай хүний тоо өссөөр байна. Манай төмөр замчдын ажлын онцлог, цаг агаарын хүйтэн халуун зэрэг эрс өөрчлөлтэй нөхцөл нь бөөрний өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг хэдий ч эрт илрүүлэг болон хөдөлгөөнт оношилгооны багийнхан амжилттай илрүүлэн хяналт хийж зөвлөгөө өгч байгаа. Зөвхөн төмөр замчид гэлтгүй Монголын хүн амын дунд бөөрний өвчин тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байгаа. Ковидын халдвараас хойш бөөрний өвчлөл ихэссэн гэх боловч оношилгооны чадамж нэмэгдсэнтэй холбоотойгоор аль болох эрт илрүүлэн эмчлэх, хянахыг эрмэлзэн ажиллаж байна.

 

- Мэдээлэл өгсөн танд баярлалаа.