УБТЗ-ын Хүүхдийн сектороос “Стандартын дагуу сурагчдын дотуур байрыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг боловсруулж тодорхой үе шаттайгаар хөрөнгө оруулалт, засварын ажлуудыг хийж дууссанаар хүүхдүүдийн сурч, боловсрох орчны стандарт жишиг байдлаар бүрдэх юм байна. Сурагчдын дотуур байрны Нийгмийн ажилтан Б.Тунгалагтай уулзаж товч ярилцсан юм.

 

-Сурагчдын дотуур байрны их засварын ажил ямар шатандаа явж байна вэ?

 

-Монгол Улсын "MNS-6781-2019"стандартад нийцсэн, төмөр замчдын хүүхдүүдийн амьдрах улсын хэмжээний жишиг "Хүүхдэд ээлтэй шилдэг дотуур" болохоор зорилт тавьж ажиллаж байна. Их засварын ажил үндсэндээ дууссан. Замын санхүүжилтээр 2022 онд гал тогоонд 564 сая төгрөг, 2023 онд спорт заалыг 300 саятай, энэ онд нэг, хоёр, гуравдугаар давхрыг 1,1 тэрбум төгрөгөөр тус тус засварлаж дууслаа. Мөн сантехник, цахилгааны монтажийг бүрэн шинэчилсэн. Дотуур байрны орчин тавигдах шаардлагын дагуу хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон ширээ, сандал, хувцасны шүүгээ, хогийн савтай. Давхар бүрд хүүхэд амрах зориулалтаар сандал,  ус цэвэршүүлэгч цай уухад зориулсан өрөө булантай байна гэсэн стандартын дагуу тохижилт хийж шинэчилсэн. Гадаа хөл бөмбөгийн талбай байгуулснаар улсын хэмжээнд жишиг болсон спорт цогцолбортой сурагчийн дотуур байр болох юм.

 

-Сурагчдын дотуур байр хэдэн онд ашиглалтад орж байсан бэ?

 

-УБТЗ өөрийн хүч хөрөнгөөр 200 хүүхдийн хүлээн авах чадалтай дотуур байрыг 1989 онд ашиглалтад оруулж байсан. Ашиглалтад орсноос хойш   их засвар хийж байгаагүй. Замын II  ангийн харьяанд байх хугацаанд урсгал засвар л хийж байсан. 2004 оноос Хүүхдийн секторт албан ёсоор шилжсэн. Секторын удирдлага анхаарал хандуулж хөөцөлдсөний үр дүнд гурван жилийн хугацаанд барилгын их засвар, тохижилтын ажил хийгдэж дууслаа. Хүүхдүүдийн амьдрах орчин сайжирч байгаад эцэг эхчүүд талархан хүлээн авч байгаа. Ирэх нэгдүгээр сард нээлттэй өдөрлөг зохион байгуулж эцэг эхчүүдэд үйл ажиллагаагаа танилцуулахаар төлөвлөсөн байгаа.

 

-Энэ жил дотуур байранд хэчнээн хүүхэд амьдарч, сурч хүмүүжиж байна вэ?

 

-Нийт 24 багш ажилтан  хүүхдийн ая тухтай орчинд сурч боловсрох нөхцөлийг ханган ажиллаж байна. Тус байранд Буянтаас Олон-Овоо хүртэлх алслагдсан өртөө, зөрлөгт амьдардаг 1-12 дугаар ангийн 136  хүүхэд суралцаж байна. Гэхдээ алслагдсан зөрлөгийн  сургууль завсардаж болзошгүй нөхцөлд байгаа хүүхдүүдийг ч дотуур байрандаа хүлээн авах үүрэгтэй. Нэгдүгээр давхарт бага, хоёрдугаар давхарт дунд, гуравдугаар давхарт ахлах ангийн хүүхдүүд амьдардаг. Дөрвөн багш өглөө 8:8:16 цагийн  ээлжээр 24 цагийн үйл ажиллагааг тасралтгүй үзүүлж байна. Оройн ээлжинд туслах багш 12:00-21:00 цагт хүртэл ажиллана. "Гараас гарт хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж  бага ангийн хүүхдүүдийг  хүргэж  өгч, авна.  Долоо хоногийн баасан гараг бүр  хүүхдүүд хойд, урд чиглэлдзорчигчидтой холилдохгүйгээр тусгай вагонд суугаад гэртээ харьдаг.

 

-Хүүхдүүдийг сурч боловсрох, хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны талаар тодруулж ярина уу?

 

-Сурагчдын дотуур байрны удирдлага 73 дугаар сургуулийн удирдлагатай  жил бүр төлөвлөгөө гарган ажилладаг. Тус сургуулийн ахлах бүлэгт төмөр замын мэргэжлийн чиглүүлэх анги нээж, орос хэл гүнзгийрүүлэн сургах зэргээр уялдаа холбоотой ажилладаг. Уламжлал болгон зохион байгуулдаг тэмцээнүүдийг 12 дугаар ангийн сурагчид зохион байгуулж байна. Үе дамжсан төмөр замчны залгамж халаа, хүний нөөц бэлтгэх асуудал анхаарлын төв байсаар байгаа. Тиймээс Замын II  ангитай  хамтран жил бүрийн тавдугаар сард мэргэжил сонгох уулзалт ярилцлагыг зохион байгуулдаг. Мөн  Японы хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд сурагч багшийн модуль сургалтад миний бие хамрагдаж мэргэжлийн бүлгийн дөрвөн багш , эцэг эхчүүдийн төлөөлөл, үеийн тэнгийн сургагч багш бэлтгэх сургалтыг шат дараатайгаар зохион байгуулж байна. Хүүхдийг гэрийн даалгавар хийхэд, амьдралын зөв дадал хэвшилд сургах, гэмт хэрэг зөрчил, цахим тоглоомд донтохоос, урьдчилан сэргийлэх сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.

 

Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

П.Түмэндэмбэрэл