Дохиолол холбооны III ангийн дарга С.Түмэнбаяртай ярилцлаа.

 

-Юуны түрүүнд танд болон танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн байдлаар, танай ангийн төлөвлөгөөт ажлын явц хэр байгаа вэ?

- Манай байгууллага бол ашиглалт, үйлчилгээ гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Оны эхний найман сарын байдлаар ашиглалтын үйл ажиллагаагаар 9.081.225, туслах үйлчилгээгээр 617.349, нийт 9.698.574 мянган төгрөгийн ажил үйлчилгээ явуулсан байна. Туслах үйлчилгээгээр 742.203 мянган төгрөгийн орлого төвлөрүүлж, 24.854 мянган төгрөгийн ашигтай ажиллан ашгийн төлөвлөгөөг зургаан хувиар давуулсан. Өмнөх оны мөн үеэс ашиглалтын зардал 24.41 хувь буюу 1.781.922 мян.төгрөгөөр өссөн. Үүний шалтгаан нь өнгөрсөн оны есдүгээр сараас цалин нэмэгдсэн, үндсэн хөрөнгийн дахин үнэлгээ хийсэн, хэсэг цехүүдэд тэргүүн туршлага судлах сургалтууд зохиосон, ашиглалтаар свит, диодууд сольсон зэрэг нь нөлөөлсөн. Мөн сэлбэг материал, шатахууны үнийн өсөлт нөлөөлж байна. Хамгийн өндөр өсөлт сэлбэг материал, үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал дээр гарсан. Төмөр замын аж ахуйн нэгжүүд хоорондоо өртөг тооцдог болсноос цахилгаан, халаалтын тариф нэмэгдсэн нь ашиглалтын зардал өсөхөд нөлөөлж байна. Сүүлийн үед интернэт болон телефоноор орох орлогын хэмжээ жил ирэх тусам буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ нь бид бүхэн технологи болон тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хийх зайлшгүй шаардлага тулгарсныг харуулж байна.

-Дохиолол холбооны шугамын найдваржилтыг дээшлүүлэх, шинээр нэвтрүүлэх ажлын хүрээнд юу хийж байна вэ?

-Манай байгуулллагын хувьд орон тоо, ажиллах хүн хүч дутагдалтай байгаа хэдий ч гологдол, ХАБЭА-н осол зөрчилгүйгээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Ангийн хэмжээнд сүүлийн гурван жилд гэмтэл саатлыг бууруулсан үзүүлэлттэй байгаа. Тухайлбал, 2021 онд нийт 27 гэмтэл, зурмагийн 10 тасалдал, найман дутагдалтай, 2022 онд нийт 18 гэмтэл, зурмагийн 12 тасалдал, таван дутагдалтай ажилласан. Энэ оны эхний есөн сарын байдлаар 16 гэмтэл, зурмагийн таван тасалдал, хоёр дутагдалтай ажиллаж байна. Ашиглалтын үйл ажиллагааг авч явахын хажуугаар их барилга, их засварын ажлуудыг хамт олны хүчээр хийгээд явж байна. 2020 онд гэхэд Замын-Үүд-2 өртөөний ложистик төвтэй холбох замын өргөтгөл, Замын-Үүд-1,2 өртөөний зам паркийн камержуулалтын их барилга, 2021 онд Сумангийн зоо зөрлөгийн Б парк, Нартын хошуу зөрлөгийн хүлээн авах явуулах гурван замын сунгалт, Айраг-Чойр хоорондын хоёрдогч шилэн кабелийн 74, энэ онд 46, нийт 120 км их барилгын ажлыг хийсэн. 2022 онд Цомог зөрлөгийн хүлээн авах явуулах дөрөв, тавдугаар зам нэмж барих, Замын-Үүд-2-Шаргын-Овоо зөрлөг хоорондын хос замын их барилгын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Энэ он гарсаар Замын-Үүд-1 өртөөний хилийн шалгалт хамгаалалтын заставын зөрлөгийн их барилга, Замын-Үүд-2-Шаргын-Овоо зөрлөг хоорондын хос замын үлдэгдэл ажлуудыг хийж дуусгахаар ажиллаж байна. Мөн Замын-Үүд-Улаан-Уул хоорондын хоёрдогч шилэн кабелийн 150 км их барилгын ажил хийж байгаа.

-Сүүлийн жилүүдэд төмөр замчдын тогтвор суурьшил нэлээд яригдах боллоо. Танайд шилжилт хөдөлгөөн их байгаа болов уу?

-Манай байгууллагад энэ оны гуравдугаар улирлын байдлаар 36 орон тоо дутуу байгаа. Ажиллах хүн хүч дутагдалтай байгаа ч ашиглалтын болон их барилгын ажлаа төлөвлөсөн хугацаанд нь гүйцэтгэж байна. Ажилтнуудын тогтвор суурьшлын хувьд гэвэл 67 хүн ажлаас халагдаж, 50 хүн шинээр ажилд авсан. Ажлаас гарч буй хүмүүсийн 67 хувь нь төмөр замын бусад байгууллагад шилжсэн. Үлдсэн нь тэтгэвэрт гарах, гадаадад суралцах, чөлөө авах зэрэг шалтгаантайгаар шилжилт хөдөлгөөн хийгдэж байна. Ер нь, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт, Зүүнбаян-Ханги зэрэг төмөр зам ашиглалтад орсноор туршлагатай ажилтныг өндөр цалин хөлс, ажлын бага ачаалал, уян хатан нөхцөлөөр ханган ажиллуулдаг болсон. Тиймээс ажилчид олноор гарч бусад төмөр зам руу шилжиж байна. Өмнө нь ганц УБТЗ байсан бол одоо олон төмөр зам байгуулагдсан учир ажиллагсдад сонголт их болсон шүү дээ. Манайх орон тоо дутуу байгаа учир хавсран ажиллуулах тохиолдол гардаг. Нийт 15 хүн ажил хавсран гүйцэтгэж байна. Хавсарч ажиллах хүнд үндсэн цалингийн 30 хувийг нь тооцож олгодог. Энэ олголт маш бага байна. Үндсэн цалинг нь 100 хувиар олгох хэрэгтэй. Зарим хүн хавсарч ажилла гэхээр дургүйцдэг. Энэ нь ажлаа 100 хувь хийчихээд 30 хувийн цалин авдагтай нь холбоотой. Хүний нөөцөө бүрдүүлэхийн тулд арваннэгдүгээр сард ДТХ-ын монтёрын чадавхжуулах сургалт хийхээр Хүний нөөцийн албанаас зөвшөөрөл авсан. Чойр, Айраг, Сайншанд, Улаан-Уул, Замын-Үүдийн хэсэгт зар байршуулсан. Одоогийн байдлаар долоон хүн бүртгүүлсэн байна.

-Зөрлөгийн үйл ажиллагааг хэсгийн аргаар үйлчлүүлдэг болсон нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхээс гадна, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж та өмнө нь хэлж байсан. Энэ мэт ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарсан олон ажил хийж буй байх. Энэ талаар дурдвал?

-Манай байгууллага өмнө нь зургаан зөрлөгийг хэсгийн аргаар үйлчилдэг байсан. Өнгөрөгч наймдугаар сарын 10-ны өдрөөс зөрлөгийн ДТХ ба холбооны байгууламжийн техникийн үйлчилгээг хэсгийн аргаар үйлчлэх ажлын технологи батлагдсантай холбоотой есдүгээр сарын 1-нээс эхлэн 14 зөрлөгийг хэсгийн аргад шилжүүлсэн. Шугамын механикч нар долоо хоногт нэг удаа үйлчилгээ хийж, байгууламжийн найдвартай ажиллагааг дээшлүүлж, технологи зурмагийн үйлчилгээний ажлыг чанаржуулж ажиллана. Ингэснээр механикч нар Чойр, Айраг, Улаан-Уул, Замын-Үүд зэрэг төв суурин газар амьдарснаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ахуйн үйлчилгээнд ойртож нийгмийн олон асуудал шийдвэрлэгдэж, тав тухтай, таатай орчинд тогтвор суурьшилтай амьдрах боломжтой болж байгаа юм. Мөн орон тооны дутагдлаас шалтгаалан зөрлөгийн механикч нарын 68 хувь нь нэг жил хүртэл ажиллаж буй шинэ залуус байна. Иймд хэсгийн аргаар үйлчилгээ хийхэд инженер техникийн ажилчид болон туршлагатай ажилтнууд хамт явж үйлчилгээ хийж байгаа нь шинэ залуу ажилтнуудад дадлага туршлага болж ажлын чанар сайжирч байна. Ингэснээр ажлын бүтээмж нэмэгдэж, гарч болох эрсдлийг бууруулж байгаа юм.

-“Говийн төмөр замчин” хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Давуу болон сул тал байгаа байх. Үүнийг говьд ажилладаг та бүхэн л сайн мэднэ. Энэ хөтөлбөрт цаашид тусгах, өөрчлөх зүйл байна уу?

-Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сайшаалтай зүйл их бий. Говийн эрс тэс уур амьсгал, алслагдмал байдалд ажиллан амьдарч байгаа хүмүүсийн хувьд их нэмэр болсон. Энэ хөтөлбөрийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлаасаа дурдвал, сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн талаар орон нутгийн радио, телевиз болон ТЗДС, ПТК, Говьсүмбэр аймаг, Сайншанд, Айраг сумдын ЕБС-уудын нийт 500 гаруй оюутан, сурагчдыг яриа танилцуулга, мэдээллээр хангалаа. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар зургаан шинэ ажилтныг дагалдан ажиллаж буй албан тушаалынх нь 90 хувьтай тэнцэх цалин хөлс, сарын ажлын үр дүнгийн шагналт цалин олгох тушаал гарган ажиллуулж байна. Мөн 1990 оноос тасраад байсан говьд ажилласны нэмэгдлийг олгож эхэлсэн. Гуравдугаар улирлын байдлаар нийт 174 сая 851 мянган төгрөгийг ажилчдад олгоод байна.

Энэ хөтөлбөрт оруулах нэмэлт саналууд бас байгаа. Ажиллах хүн хүч дутагдалтай, өрсөлдөгч төмөр замын байгууллагууд олноор байгуулагдсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын нэмэлт өөрчлөлт хүлээлт үүсгэж байгаа тул тухайн тушаал шинэчлэлтийг яаравчлуулах шаардлага, нөхцөл үүссэн. Мөн ТЗДС-ийн харьяа МСҮТ-ийг Дорноговь аймгийн Сайншанд суманд нээж, мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлыг эрчимжүүлэх, холбооны чиглэлээр болон дохиолол төвлөрүүлэлт хориглолын механикч, монтёр мэргэжлээр төгсөгчдийг бэлтгэх зэрэг асуудлууд байгаа.

-“Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд байгууллагын шаардлагаар ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтад хамруулж, их дээд сургуульд суралцахад нь сургалтын төлбөрийг хөнгөлөх, сургалтын гэрээ байгуулах эрхийг салбар нэгжийн дарга нарт олгосон талаар Хүний нөөцийн албанаас мэдээлсэн. Та энэ ажлын хүрээнд хичнээн хүнээ сургав. Ер нь, хөтөлбөрөөс өнөөгийн байдлаар бодитоор хэрэгжиж буй зүйл нь юу байна вэ?

-Хөтөлбөрийн хувьд бодит байдал дээр хэрэгжиж буй ажил олон байгаа. Манай байгууллагаас 2022-2023 оны хичээлийн жилд ТЗДС, ПТК-д тус бүр найм, нийт 16 ажилтан сурч байгаа. Үүнээс “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн дагуу гэрээ байгуулан дөрвөн ажилтан 100 хувь, тав нь 75, тав нь 50 хувийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлж байна. ТЗДС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтээр зургаан ажилтан шалгалт өгч тэнцээд суралцахаар бэлтгэж байгаа. Эдгээр ажилтан ч хөнгөлөлт эдэлнэ. Мөн бид өнгөрсөн тавдугаар сарын 24-нд ТЗДС, ПТК төгсөгчидтэй уулзалт хийн “Говийн төмөр замчин” хөтөлбөр болон байгууллагын бүтэц зохион байгуулалтаа танилцуулсан. Тус хөтөлбөрөөр гарын авлага болон танилцуулга илтгэл бэлтгэн танилцуулж, сурталчилсан. Үүний үр дүнд ПТК төгссөн зургаан хүн манай байгууллагыг зорьж ирэн сонгон шалгаруулалтад оролцож, сул ажлын байранд ажлаар хангагдсан.

-Говийн бүсэд ажиллаж буй төмөр замчдын гэр бүлийнхэнд ажлын байрны олдоц хангалтгүйгээс болж хот суурин газарт шилжих тохиолдол их байдаг. Тиймээс гэр бүлийнхнийг нь ажилд хамруулах, зуучлах үүргийг говийн бүсийн ажил олгогч нар давхар хүлээдэг юм шиг санагддаг?

-Хөтөлбөрийн хүрээнд бид шинээр төгсөж ирсэн хоёр ажилтныг гэр бүлийн хамт ажилд авч, ажиллуулж байна. “Бие хол бол сэтгэл холдоно” гэдэг шүү дээ. Манай байгууллагын зүгээс ажилтнуудынхаа гэр бүлээсээ хол хоёр талд амьдардаг хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэн нэг дор ажиллаж, амьдрах боломжоор хангах асуудлыг тухай бүрт шийдвэрлээд явж байна.

-Хүний нөөцийг бүрдүүлэх бодлогын хүрээнд УБТЗ зарим аймаг, сумдын ЕБС-д төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай ангиудыг нээсэн шүү дээ. Говийн бүсэд гэвэл Замын-Үүд сумын I, Сайншандын III, Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын II сургуульд ийм анги нээсэн. Эдгээр ангийн төгсөгчдөөс танай байгууллагад түрүүчээсээ ажилтан болж орж байна уу?

-Одоогоор төгсөж ирсэн хүн байхгүй байна. Цаашид эдгээр сургуулийн төгсөгчид манай мэргэжлийг сонгож, үр дүнгээ өгнө гэж найдаж байгаа.

-Шугам замаар явж байхад аж ахуйн нэгжүүдэд нэг тулгамддаг асуудал нь яаралтай тоног төхөөрөмж, материалын худалдан авалт байдаг. Орон нутгаасаа шууд худалдан аваад ажлаа хийчихмээр зарим зүйлийг заавал Замын үнийн комиссоор оруулах, тендер зарлах гээд хугацаа алдаад байгаа талаар ярьдаг. Танайд ч бас ийм асуудал бий байх. Харин та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Энэ бол бүх салбар нэгжид тохиолддог гол асуудал. Бүтээн байгуулалтын ажил урд замд их өрнөж байгаа нь байгууламж, тоног төхөөрөмжийг өргөтгөх, сайжруулах нь ГТХАБ-ыг хангаж эрсдлийг бууруулах, найдваржилтыг ханган ажиллахад хөрөнгө оруулалт, их барилга, их засвартай холбоотой шаардлагатай материал сэлбэг гол асуудал болдог. Учир нь материал сэлбэгийн хангалт удаашралтай байгаагаас ажил урин дулаан цагт хийгдэхгүй, хугацаа их алдаж байна. Худалдан авалт, борлуулалтыг хийхэд аж ахуйн нэгж дотоодоос 10 сая төгрөгийн эрхтэй байдаг. Ижил төрлийн барааг нэг дороос авахад л хүндрэлтэй асуудал маш их тулгамддаг. Их барилга, хөрөнгө оруулалт, их засвараар нийлүүлж байгаа материал сэлбэг нь тэр болгон дотооддоо байдаггүй. Гадаад болон дотоодоос авахад тендер зарлаж, зарлаад оролцогч ороогүй шалгараагүй тохиолдолд дахин зарлах гээд хугацаа их алдаж буй нь ажил хийхэд маш хүндрэлтэй байна. Оны эхнээс хийх ажлыг төлөвлөсөн байдаг ч тендер зарлах, худалдан авалтын ажиллагаанаас болж цаг хугацаандаа хийж чаддаггүй. Хойшлогдсоор хүйтний улиралд хийж байна. Хүйтэнд хийсэн ажлын бүтээмж муу, чанаргүй болдог. Тэгээд дараа нь дахин хийх сайжруулах гээд л асуудал их гарч байна.

-Шугам замын байгууллагууд Замын захиргаанаас гадна орон нутагтайгаа харилцан ойлголцож, хамтран ажиллах нь чухал байдаг. Харин таны хувьд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Мөн ИТХ-ын төлөөлөгчөөр олон удаа сонгогдсон болохоор энэ талдаа илүү дөхөм байх гэж боддог?

-Миний хувьд 2016-2020 онд Дорноговь аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байсан. 2004 оноос хойш төмөр замчид, иргэдийн дэмжлэгээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд  Замын IV ангийн дарга А.Оргодол, Сайншанд татах хэсгийн ерөнхий инженер Д.Тулга, Замын-Үүд өртөөний дарга асан, одоо хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан хэсгийн байцаагч  Г.Амарсайхан, Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн дарга асан, одоо ОУ-ын тээвэр зуучын төвийн захирал Г.Цогтбаатар зэрэг олон төмөр замчидтай ИТХ-ын төлөөлөгчөөр хамтран ажиллаж байсан. Энэ хугацаанд хийсэн зарим томоохон ажлаас дурдвал, Сайншандын төмөр замын тосгонд улсын болон орон нутгийн төсөв, хувийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн  цэцэрлэг, 320 хүүхдийн бага сургууль, 20 ортой эмнэлэг, Мандах наран 4, 5 хороолол, Саран хөхөө театр, IV, VII багийн байр, авто зам, гэрэлтүүлэг, цэцэрлэгт хүрээлэн, угсармал барилгын гадна дулаалга, авто зогсоол зэрэг иргэдийн санал хүсэлт, мөрийн хөтөлбөрт орсон ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

-Орон нутгийн байгууллагуудтай хэр холбоотой ажиллаж байгаа вэ?

-Төмөр замд баригдах орон сууцны газрын асуудлууд, мөн Замын-Үүд-2, Шаргын-Овоо хоорондын хос замын ул шорооны нэг шоометрийн үнийг 13000 төгрөг орон нутаг өгнө гэж байсныг нэг төгрөгөөр авах тогтоолыг Замын IV ангийн дарга А.Оргодол, өнөөгийн ОУ-ын тээвэр зуулчлалын төвийн захирал Г.Цогтбаатар нарын хамт шийдүүлж байлаа. Мөн төмөр замын тосгоны бохирыг Сайншанд суманд шинээр барьж буй цэвэрлэх байгууламжид холбох шугам татуулсан гээд тоочвол олон ажил бий. Төмөр замчид аймаг, сумын ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллах нь тухайн орон нутгийн бодлого шийдвэрт төмөр замчдын санал бодол, шаардлагатай асуудлуудыг тусгаж шийдвэрлэдгээрээ онцлогтой байдаг.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

 

М.Наранболд