Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ХНХЯ, БШУЯ, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн ажлын алба, “Шинэ үе шинэ мянган” НҮТББ /2000 Клуб/-ээс хамтран “Student Day 2.0” хэлэлцүүлгийг ТЗДС-д зохион байгууллаа. Уулзалт хэлэлцүүлэгт ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар оролцон оюутан залууст зам, тээврийн салбарын өнөөгийн зарим тоон мэдээллийг танилцуулж, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Монгол Улсын нийт хүн амын 28 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа аж. Тэдний 18.9 хувийг төрийн болон хувийн өмчийн их, дээд сургууль, техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудад суралцдаг оюутнууд эзэлж байна. Харин Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд эрэлт нийлүүлэлтийн зөрүү ихсэж, жил бүр оюутан суралцагчдын 25-30 хувь нь сургуулиа хаях, завсардах, их дээд сургууль төгсөгчдийн 70 орчим хувь нь мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс оюутан залуусын дунд суралцах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх, сургуулийн орчин нөхцөл, суралцахад дэмжлэг үзүүлэх, санал хүсэлтийг нь сонсох зорилгоор энэхүү уулзалтыг их, дээд сургуулиудад хийхээр ТЗДС-аар эхэлж буйгаа танилцууллаа. Улмаар, Монголын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан оюутны чуулга уулзалтыг энэ сард Ерөнхий сайдын ивээл дор хоёр дахь жилдээ зохион байгуулах бөгөөд оюутнуудаас ирсэн санал хүсэлтүүдийг хэлэлцүүлэх гэнэ.

 

 

ТЗДС-д зохион байгуулсан уулзалтын дараа ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар “Бид оюутнуудаас тулгамдсан асуудлыг нь сонсож, Засгийн газрын түвшинд хүргэж боломжтойг нь шийдвэрлүүлэх зорилготой. Уулзалтын үеэр оюутнууд маань төмөр замын үндсэн мэргэжлүүдийг Засгийн газраас баталдаг эрэлттэй, тэргүүлэх зэргийн мэргэжлийн жагсаалтад оруулах хүсэлтийг тавилаа. Энэ жагсаалтад оруулснаар оюутнууд Боловсролын сангаас зээл авах, гадаад дотоодод сургалтад хамрагдах гээд олон боломж нээгдэнэ. Нэгэнт л Монгол Улс төмөр замын салбараа өргөтгөж, бүтээн байгуулалтыг хийж буй юм чинь тэнд ажиллах мэргэжлүүд нь зайлшгүй дээрх жагсаалтад орох хэрэгтэй гэдгийг ч би хувьдаа дэмждэг” гэв. Түүнчлэн, оюутнууд номын сангийн ажиллах цагийг уртасгах, үйлдвэрлэлийн дадлагыг чанартай хийлгэх, сургуулийн орчинд лабораториудыг олноор байгуулах зэрэг олон асуудлыг дэвшүүлсэн юм. Асуулт бүрд дэд сайд болон Замын Хөдлөх бүрэлдэхүүний засвар, ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр, ТЗДС-ийн захирал, доктор У.Мягмарсүрэн нар хариулт өгч, саналуудаа нэгтгэн удахгүй Ерөнхий сайдтай уулзах “Student Day 2.0”-д хүргэхийг зөвлөж, “2000 клуб”-ээс уулзалтад оролцох оюутнуудыг бүртгэлээ.