УБТЗ ХНН-ийн үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн хүрээнд, мөн төмөр замчдын баярыг угтсан ямар ажил төлөвлөн зохион байгуулж буй талаар Замын даргын ажлын албаны дарга С.Сумъяадоржтой ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. 75 жилийн ойн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө өнөөгийн байдлаар хэдэн хувийн биелэлттэй байна гэдгээс яриагаа эхэлье?
-Юуны өмнө нийт төмөр замчид, уншигчдадаа УБТЗ ХНН байгуулагдсаны 75 жилийн ойн болон Монгол түмний баяр наадмын мэнд хүргэе. Замын даргын тушаалаар 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн оны сүүлчээр найман чиглэлээр 108 ажил төлөвлөсний хэрэгжилт одоогийн байдлаар 50 гаруй хувьтай байна. Ажлын хэсгийг Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд ахалж, дэд даргаар миний бие, нарийн бичгийн даргаар ажлын албаны Нийгмийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Ариунаа нар ажиллаж байна.
-Та бүхэн саяхан ОХУ-ын зарим архивын баримт материалтай танилцаад ирсэн шүү дээ. Энэ төлөвлөсөн ажлын нэг хэсэг нь гэж ойлгож байгаа?
-Тиймээ, Монгол-Оросын архивын чиглэлээр хамтарсан комиссын 26 дахь хурал өнгөрсөн оны аравдугаар сард Улаанбаатар хотод болсон. Миний бие хурлын үеэр УБТЗ ХНН-ийн түүхтэй холбоотой архивын ховор, Монголд байхгүй баримт бичгийг олж ирэх зорилгоор ОХУ-ын архивын төв байгууллагатай гурван чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлсэн нь дэмжигдсэн.Үүний үр дүнд УБТЗ Архивын ерөнхий газартай хамтран энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Москва хот дахь Эдийн засгийн төв архив (РГАЭ), Төрийн төв архив (ГАРФ), Кино, гэрэл зургийн төв архив (РГАКФД), Самара хот дахь Улсын архивт тус тус ажиллалаа. Улаанбаатар-Налайхын нарийн төмөр зам, Соловьёвск-Баянтүмэнгийн төмөр замын бүтээн байгуулалтаас эхлээд Монголд өргөн төмөр зам барьж байгуулах талаар БНМАУ болон ЗСБНХУ-ын удирдагчдын хооронд харилцсан бичгүүд, дээд хэмжээний уулзалт, ярианы тэмдэглэл, Сайд нарын зөвлөлийн тогтоол шийдвэрүүдийг олж авсан. Мөн Наушки-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн төмөр замыг барьж байгуулсан болон байнгын ашиглалтад хүлээн авсан талаарх архивын баримтууд, Наушки-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын зураг төсөл, техникийн проект, хайгуулын ажлын холбогдолтой ховор чухал баримтыг судлан илрүүлж, нийт 1000 орчим иж бүрэн баримт бичгийг хуулбарлан авлаа. УБТЗ-ын бүтээн байгуулалттай холбоотой түүхийн ховор гэрэл зургуудыг ч оллоо. Нийт 11 баримтат киноноос УБТЗ-ын үүсэл хөгжил, түүхтэй холбоотой хэсгийг тасалж авчран архивын сан хөмрөгөө баяжууллаа. Эдгээрийг 75 жилийн ойн хүрээнд хийж буй өв соёл, түүхийн номдоо оруулж байгаа. Дээр дурдсан гурван чиглэлийн нэг нь хоёр улсын хамтарсан архивын баримт бичиг болон гэрэл зургийг олон нийтэд сурталчлах зорилгоор үзэсгэлэн гаргах. Үүний дагуу өнгөрсөн сарын 13-нд Москва хотод хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгууллаа. Бид мөн ирэх наймдугаар сарын 1-нд Улаанбаатар вокзал дотор гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээнэ. Гурав дахь төлөвлөсөн ажил нь архивын баримт бичгийг Монгол, Орос хэл дээр эмхэтгэн хэвлүүлэхээр бэлтгэж байна. Нээлтийг нь ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын комиссын ээлжит 27 дугаар хурлын үеэр зохион байгуулахаар төлөвлөсөн. Төмөр замынхаа музейг виртуал хэлбэрээр нийтийн хүртээл болгохоор ажиллаж байна. Ирэх сарын 1-3-нд ойн баяраа Хөлийн голынхоо хөндийдөө тэмдэглэнэ. Гадна, дотнын олон хүндэт зочид хүрэлцэн ирнэ.
-УБТЗ-аа хөгжүүлэх, бүтээн байгуулах талаар ямар ажил төлөвлөв?
-Инноваци, технологи, менежментийн чиглэлээр олон ажил төлөвлөсөн. Тухайлбал, нийгэмлэгийн үйл ажиллагааг 2050 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлж, РЖД-тэй хамтран ажиллаж байна. Мөн илчит тэрэгний цахилгаан машины цехийг Улаанбаатар татах хэсэгт шинээр барих ажлыг эхлүүлсэн. Хөтөлийн Төмөр бетон дэрийн үйлдвэрийнхэн маань нарийн царигийн төмөр бетон дэр үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ ажлыг гүйцэтгэснээр гаднаас нарийн царигийн төмөр бетон дэр худалдан авахаа больж, засварын ажлыг хугацаанд нь чанартай хийх боломж бүрдэнэ. Түүнчлэн, Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийнхон хагас вагоны кузовын дээд бүслүүрийг хэвлэн үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр ачааны вагоны дээд бүслүүрийн хөндлөн огтлолын хэлбэрийг Донбасс машинаар зөвхөн гулзайлт, цүлхийлтийг шахаж засварладгийг өөрчилж, нийгэмлэгт эдийн засгийн өгөөж өндөртэй, засварын шинэ технологи нэвтрүүлнэ. Ойн хүрээнд хийж буй бас нэг томоохон ажил бол Улаанбаатар төв буудлын зорчигчийн хонгилон гарцыг олон улсын жишиг, стандартын дагуу тоноглож, үйлчлүүлэгчдийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг хангахаар урсдаг шаттай болгох ажил 20 хувийн биелэлттэй явж байна. Төмөр замчдын баяраас өмнө ашиглалтад оруулахаар холбогдох албад шаргуу ажиллаж байгаа.
-Ойн хүрээнд зорчигчийн вагоныг тоноглох тухай ажил тусгасан байсан. Яг хэрхэн тоноглох гэж байна вэ?
-Зорчигчийн вагоныг байгальд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй, хөдөлмөр хөнгөвчилсөн “Эко зуух”-аар тоноглоно. Энэ хүрээнд 24 вагон тоноглохоос өнөөгийн байдлаар 10-ыг нь тоноглоод байна. Мөн лед гэрлээр 50 вагон тоноглохоос зургаан вагонын тоноглосон. Энэ мэтчилэн зорчигчдын ая тухтай аялах нөхцөлийг сайжруулахаар зорьж байна.
-Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Нийгэмлэгийн 16 мянган ажилтан, 7.4 мянган ахмад төмөр замчид, тэдний гэр бүлийн нийгмийн асуудлыг төр, орон нутгийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх шаардлага тулгардаг. Энэ хүрээнд төлөвлөсөн ажлуудаас дурдвал, УБТЗ ХНН-ийн 2024-2030 онд баримтлах Нийгмийн бодлогын баримт бичгийг боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Энэ ажил нэлээд үр дүнтэй явж байгаа. Мөн ажилтнуудад зориулсан байгууллагын тэтгэврийн сан үүсгэн байгуулахаар судалгаа, тооцооллын ажлыг хийж байна. Сангийн үйл ажиллагаа эхэлбэл манай төмөр замчдын санхүүгийн ирээдүйн баталгаа сайжирч олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ. Ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр боловсруулж байна. Төмөр замчид, тэр дундаа залуучуудад тулгамддаг гол асуудал бол орон сууц. Тиймээс ажилтнуудыг орон сууцжуулах хүрээнд 2024-2030 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байна. Багахангай, Сайншанд, Замын-Үүд, Улаанбаатар зангилаанд 346 айлын ипотекийн орон сууц барих ажлыг эхлүүлэхээр зураг төслийн болон дэд бүтцийн ажлуудыг гүйцэтгэж эхэлсэн. Мөн Зорчигчийн вагон депогийн сувиллыг түшиглэн төмөр замчин эмэгтэйчүүдэд зориулсан сувилал байгуулахаар Нийгэмлэгийн эмэгтэйчүүдийн зөвлөл манлайлан ажиллаж байна. Түүнчлэн, Замын захиргаа төмөр замчдынхаа хүүхдүүдийн сурч боловсрох, аюулгүй өсөж хүмүүжих талд онцгой анхаардаг. Энэ хүрээнд “Ган зам” цэцэрлэгийн шинэ барилгыг барьж, ирэх намар ашиглалтад оруулна. Хүүхдийн байгууллагын хамт олон Улаанбаатарт Монгол ахуй, өв соёл, ардын зан заншил, уламжлалт тоглоом наадгайг таниулан сурталчлах гэр тоглоомын өргөө байгуулж, сургалтын орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэх мэт дурдаад байвал нийгмийн шинж чанартай ажлуудыг хийж байна.
-Сүүлийн жилүүдэд төмөр замчид төр, хувийн хэвшлийн олон төмөр зам руу нэлээд шилжиж байна. Тиймээс 75 жилийн түүхтэй туршлагатай байгууллагын хувьд ойн хүрээндээ хүнээ тогтоох, бэлтгэх, хөгжүүлэх талд хэрхэн анхаарч, ямар ажил төлөвлөсөн бэ?
-Ажилтнуудын хөгжлийг дэмжих, тогтвортой ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр хувь хүний хөгжлийн цогц сургалт зохион байгуулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор Хүний нөөцийн алба ТЗДС-д цахим сургалтын студи байгуулна. Мөн ачааны вагоны засвар, ашиглалтын чиглэлээр УБТЗ-ын Техник үзлэгийн газрууд, Дархан-2 Вагон засварын газарт хөдөлгөөнт төхөөрөмж дээр суурилсан VR болон AR технологи ашиглан сургалт зохион байгуулах, дадлага хийх орчныг бүрдүүлнэ. ТЗДС, ПТК-ийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулж, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлнэ. Түүнчлэн, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, тогооч нарыг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллана. Бид ирээдүйн төмөр замчдаа бэлтгэхийн тулд 21 аймгийн ЕБС-ийн хүүхдүүдэд мэргэжлээ сурталчлан таниулах ажлыг УБТЗ-ын ахмад болон залуучуудын байгууллагатай хамтран зохион байгууллаа. Энэ үеэр төмөр замтай аймаг орон нутгаас гадна баруун, зүүн аймгуудаас цөөнгүй хүүхэд төмөр замын мэргэжил сонгож суралцахаа илэрхийлсэн. Мөн ажилтнуудыг хөгжүүлэх цогц сургалт, судалгааны орчин үеийн дэвшилтэт технологи бүхий сургалтын эко орчин байгуулахаар төлөвлөж байгаа. Тодруулбал, “УБТЗ-ын сургалтын төв”-ийг Улаанбаатар хотод шинээр байгуулах газрыг сонгож, барилгын зураг төсөл боловсруулахаар ажиллаж байна.
-Ойн баярт гадна, дотнын олон зочид ирнэ гэж та дээр хэллээ. Ер нь, зочид болон аялагчдад зориулсан тусгай галт тэрэг аялуулах ч юм уу ажил төлөвлөсөн үү?
-Аялал, урлаг, спортын уралдаан тэмцээнтэй холбоотой цөөнгүй ажил төлөвлөсөн. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай уялдуулан ОХУ, БНХАУ-ын төмөр замчдын төлөөллийг Монгол орноор аялуулахаар төлөвлөж байна. Мөн УБТЗ-ын Аялал жуулчлалын төв БНХАУ-ын Хөх хот, Хайлаар, БНСУ-ын Бусан, Гванжоу зэрэг хот руу “Эрүүл мэндийн аялал” зохион байгуулна. Урлаг-спортын VI их наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Энэхүү наадамд 1600 гаруй ажилтан давхардсан тоогоор оролцож, урлагийн төрөлд нэгдсэн дүнгээр Улаанбаатар татах хэсэг, харин спортын төрөлд Чойр зангилаа тэргүүллээ. Төмөр замчид маань маш их авьяастай. Энэхүү их наадам нь ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, харилцан туршлага солилцуулж, ойртуулан нөхөрлүүлэх зорилготой. Цаашлаад бид бусад төмөр замын байгууллагууд, харилцагч, түншүүдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Төмөр замын чуулгын тайзнаа “Тэмүүжин” хүүхдийн дуулалт жүжгийг толилуулж, соёлын бүтээлч үйлдвэрлэл бүхий анхны брэнд бүтээлтэй болохоор чуулгын уран бүтээлчид маань ажиллаж байгаа. Мөн гурван үеийн уулзалт, өдөрлөгийг энэ оны эхний улиралд зохион байгуулсан. Ирэх арав, арваннэгдүгээр сард “Өв соёлыг уламжлан тээгч байгууллага, төмөр замчин” шалгаруулан олон нийтэд таниулан сурталчлах ажлыг бүх алба, хэлтэс, салбар нэгж, зангилаад, Залуучуудын төв байгууллага хамтран зохион байгуулна. УБТЗ-ын түүх, өв соёлын хураангуй толийг бүтээж байгаа. Үүнд төмөр замын дагуух түүхэн дурсгалт барилга, хөшөө дурсгал, төмөр замын тухай тайз дэлгэцийн бүтээл, өв соёлыг уламжлагч төмөр замчдын тухай танилцуулга орно. Түүнчлэн, УБТЗ-ын үүсэл, хөгжлийн түүхийг Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Л.Сэнгээ гуай баяжуулан шинэчлэн бичиж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш, ЗТХЯ-ны дэд сайд Л.Халтар, Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Монгол Улсын зөвлөх инженер Ө.Ууганжаргал болон миний бие оролцож байгаа. Мөн 75 жилийн ойд зориулсан шуудангийн марк гаргана. Үүнээс гадна түүхэн дурсгалт хөшөө, цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж байна. Энэ хүрээнд УБТЗ-ын I орлогч даргаар 23 жил ажилласан Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны орчныг Баянгол дүүрэгтэй хамтран тохижуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Маршалын вагон, зүтгүүр, төмөр замын музейн үзмэрүүдийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг ч хийж байна. Ер нь, Замын захиргааны зүгээс цаашид төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалт болон УБТЗ-ыг хөгжил дэвшлийн шинэ шатанд ахиулан гаргах олон ажлыг хийнэ. Ингээд нийт төмөр замчид болон хамтран ажиллагч байгууллагууддаа амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Та бүхэн минь сайхан наадаарай!
-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!
М.Наранболд