УБТЗ-ын Гаалийн хэлтсийн дарга С.Саярантай ярилцлаа.

 

-Танай хэлтсийн үүрэг төмөр зам, гааль хоёрын хамтын ажиллагааны “гүүр” болох гэж ойлгодог. Тантай ярилцаагүй багагүй хугацаа өнгөрчээ?

 

-Гаалийн хэлтэс бол бодлогын чанартай байгуулагдсан гэдгийг би өмнө нь хэлж байсан даа. Манай хэлтэс байгуулагдаад найман жил шахам болж байна. Урд өмнө нь хийсэн ажлууд одоо нутагшаад явж байгаа. Бидний ажлын үр дүн урт хугацааны дараа гардгаараа онцлогтой. Ганцхан жишээ дурдахад, УБТЗ гаалиас торгууль тавиулдаг асуудал байхгүй болсон. Тэгэхээр бид мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж байгаагийн үр дүн гарч байна гэж харж байгаа. Өмнө нь, гаалийн хяналтад байгаа ачааг ачаад явуулчихдаг. Эсвэл гааль зөвшөөрөөгүй ачааг буулгачихдаг. Ачааны ломбо нь тасарсан байх зэрэгт тээвэрлэгчийн буруу гэж гаалиас торгодог байсан. Ийм асуудлуудыг цэгцэлж авсан.

Энэ жилийн хувьд бид цахим шилжилтэд түлхүү анхаарч ажиллалаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цахим үндэстэн” хөтөлбөрийн хүрээнд Зам тээврийн яамнаас манайд төмөр замын мэдээллийг цахимд шилжүүлэх, “Цахим нэг цонх”-той болох үүрэг өгсөн.

Уг нь, манайх энэ ажлыг аль 2018 оноос хийхээр төлөвлөөд ажлаа эхэлж байсан юм. Тухайн жил ГЕГ, УБТЗ ХНН-ийн хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь төмөр зам, гааль хоёрын мэдээллийн давхардлыг арилгах, цахим мэдээллийн санг нэгтгэх зорилттой байгуулагдсан.

Ачааны манифест буюу гаалийн анхан шатны мэдээллийг төмөр замын АТҮЦ программд шивдэг. Яг түүнтэй зэрэгцээд манай мэдээлэгч нар түүнийг нь аваад гаалийн программ руу шивдэг. Энэ ажилбарыг бид нэгтгэе гэж шийдсэн. Аль нэг нь түрүүлж шивээд тэндээс хэрэгтэй мэдээллүүдээ татаж аваад нэг бааз үүсгээд явъя. Гаалийн мэдээлэл дээр нэмж шивэх мэдээллийг тухай бүрд нь шивээд явъя гэдэг санаачилга гарсан юм. Тэгээд Гаалийн мэдээллийн технологийн алба, манайхаас Тээвэр зохион байгуулалтын алба, тухайн үеийн Статистикийн бүртгэл, мэдээллийн технологийн алба хамтраад мэдээллийн баазтай болъё гээд ажлаа эхлүүлж байсан юм.

 

-Одоо энэ ажил аль шатандаа явж байгаа вэ?

 

-Үндсэндээ эхний шат хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл, мэдээллийг давхардуулж шивэхээ больсон. Одоо төмөр замын наклад, гаалийн манифест дээрх мэдээллүүдийг нэг л удаа шивдэг болсон. Дээрээс нь, хоорондоо мэдээллээ цахимаар солилцох туршилтыг хэд хэдэн удаа хийсэн. Тун удахгүй эцсийн байдлаар мэдээлэл солилцооны туршилтыг хийхээр төлөвлөж байна.

Ер нь, экспортын ачилт хийхэд гаалиас мэдээллийг түрүүлж оруулдаг. Монголоос гарч байгаа ачааны хувьд гаалийн мэдээлэл түрүүлж явдаг. Түүнчлэн, чингэлэгтэй ачааны мэдүүлэг нь дуусаад вагон дээр ачигдахад нь төмөр замаас вагоны дугаарыг шивснээр хаагдах жишээний.

Энэ онцлогуудыг нэг бүрчлэн тусгаж, сайжруулалтыг хийж байгаа учраас туршилтын явц удаан байна. Одоо сүүлчийн туршилтыг хийгээд болж байна гэж үзвэл эхний шатны ажил бүрэн дуусаж байгаа юм.

Хоёрдугаар шатанд цаасгүй бүрдүүлэлт рүү шилжинэ. ГЕГ-ын хувьд гаалийн мэдүүлэг, манифест нь аль эрт цахим руу шилжсэн. Манайх анх хил дээр орж ирэхэд нь л мэдүүлэг бичдэг маш хүнд ажиллагаатай байсан. Үүнийг олон улсын жишигт нийцүүлж, манифестийг нэвтрүүлье гээд санаачилгыг гаргаж Тээвэр зуучийн төвд ажиллаж байхдаа энэ асуудлыг хөөцөлдөж эхлүүлсэн. Тухайн үед хоёр газрын хамтарсан ажлын хэсэг гарч, Сүхбаатар, Замын-Үүд хоёр хилийн өртөөнөөс гадна Эрээнцав өртөөнд очиж ажиллаад манифест нэвтрүүлж байсан. Тэр үед л эхлүүлж байсан ажил өнөөдөр төгөлдөрших шатандаа ороод явж байна.

 

-Тэгвэл цаасгүй технологид шилжихэд ойртож байна гэсэн үг үү?

 

-Цаасгүй технологийг Тээвэр зохион байгуулалтын албатай хамтраад Орос руу гарч байгаа хоосон вагонтой состав дээр туршсан. Хоёр ч удаа туршилт хийсэн нь амжилттай болсон. Эхнийх нь гааль тоон гарын үсэгт ороогүй байсан учраас вагоны хуудсан дээр тамгалаад гаргаж байсан. Хоёр дахь туршилт дээр Оросын талаас Дорнод Сибирийн төмөр замын ерөнхий инженерээр ахлуулсан баг,  манайхаас Тээвэр зохион байгуулалтын алба, Мэдээлийн технологийн алба, манай хэлтэс, Гадаад харилцааны албаны удирдлагуудаас бүрдсэн баг Наушкид аравдугаар сарын 17-нд уулзалт хийсэн. Манай ГЕГ-аас тавьсан шаардлагыг Оросын тал зөвшөөрсөн. Манай тоон гарын үсгийг хэвлэсэн байдлаар хүлээн авч болох юм гэдэг дээр санал нийлсэн. Үүнийг одоо ГЕГ-тай дахин тохироод цахим солилцоог хийхээр бэлтгэлээ хангаж байна.

 

-Цахимд бүрэн шилжсэнээр ямар үр дүн гарах вэ?

 

-Хамгийн наад зах нь цааснаас эхлээд бичиг хэргийн зардал хэмнэгдэнэ. Хоёрдугаарт, мэдээллийн шуурхай байдал сайжирна. Өөрөөр хэлбэл, манай технологийн процессийн гаальд зарцуулж байгаа хугацаа тодорхой хувиар багасна гэсэн үг. Бид бүрэн хэрэгжүүлснийхээ дараа тооцоо судалгааг гаргаж тайлагнана. Технологийн болоод эдийн засгийн үр ашгийг тооцож гаргана. Мэдээллийн бааз нь автоматаар үүсээд, тэр нь хадгалагдаад явж байна шүү дээ.

 

-ГЕГ-аас төмөр замын ачилтын терминалуудад тавьж байгаа шаардлага нь ачилт буурахад нөлөөлж байгаа гэж сонссон.  Энэ талаар...?

 

-УБТЗ-ын өөрийн ачааны терминалууд дотор гаалийн стандарт шаардлагыг хангадаггүй олон асуудал бий. Гаалийн стандартад нийцсэн хашаа, женетик системд холбогдсон камер, гаалийн үзлэг шалгалт хийж байгаа ажилтнуудын аюулгүй байдлыг хангасан байх ёстой гэсэн үндсэн шаардлагууд бий. Энэ бүгдийг нэг мөсөн шийдэхэд маш их төсөв, санхүүжилт шаардагдаж байгаа. Үүнтэй холбоотой асуудлууд тулгарч байгаа.

Гэхдээ бид бага багаар шийдүүлээд явж байна. Манай хэлтэс өөрөө төсөв төлөвлөгөөтэй газар биш учраас Тээвэр зохион байгуулалтын албатайгаа хамтраад ажиллаж байна. Үндсэндээ бид гааль төмөр зам хоёрын хооронд гүүр болж ажилладгийн хувьд ГЕГ-т учир байдлыг ойлгуулах, хугацаатай амлалт авах байдлаар тээврийн ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх талаас нь ажиллаж байна. Нөгөө талд нь, төмөр зам дотроо зарим терминалынхаа санхүүжилтийг нь хөөцөлдөөд явдаг үе ч байна.

Бид хөөцөлдсөөр байгаад АБТЭМА-ийн камержуулалтын 200 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. Одоо ажил нь хийгдэж байна.

Бид аль болох л асуудлыг хурдан шийдээд явмаар байдаг ч УБТЗ-ын маань үйл ажиллагааны процесс удаан юм. Энэ нь Тендерийн хууль, холбогдох дүрэм журамтай холбоотой багагүй хугацаа шаардагддаг юм байна.

ГЕГ-ын дарга бүх хороод руугаа ачилтын шаардлага хангаагүй талбайгаас ачилт хийлгэхгүй гэдэг чиглэл өгсөн байсан. Үүнээс шалтгаалан Чойр, Сайншанд хэсэглэлийн ачилтын өртөөдөөс ачилт хийх боломжгүй болсон. Тиймээс бид төмөр замынхаа өмнөөс ГЕГ-т тайлбар хийх хэрэгтэй болсон. “УБТЗ ХНН ОСЖД-ийн гишүүн байгууллагуудтай ачааны хэмжээгээ тохирчихсон. ОУ-ын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Хоёрдугаарт, Засгийн газраас экспортын тээврийг нэмэгдүүлж, вальютын санг зузаатгах бодлого барьж байгаа. УБТЗ Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж ГЕГ-т учир байдлаа тайлбарлаж, Замын даргын нэр дээр албан бичиг явуулсан. Хэдхэн хоногийн өмнө ГЕГ-аас манай хүсэлтийг нааштайгаар хүлээн авсан хариу ирүүллээ. Манайхаас гадна экспортын ачилт хийдэг хувийн хэвшлүүдэд ч багагүй хүндрэл үүссэн байсан. Тэр бүгдийг ГЕГ-аас харгалзаж үзээд Чойр, Айраг, Бор-Өндөр, Олон-Овоо зэрэг өртөөдөөс ачилтыг хийх шийдвэрийг өглөө. Ачилт хийх зөвшөөрлөө аваад уужраад байж байна. Цаашдаа терминалуудаа ГЕГ-ын шаардлагад нийцүүлэх ажлыг хийхээс өөр аргагүй. Ялангуяа, шугам замын ачилтын өртөөд болон хилийн өртөөдийн терминалуудыг сайжруулах л ёстой.

Хаана ачилт, буулгалт хийгдэж байна тэнд манай хэлтсийн үйл ажиллагаа явж л байна гэсэн үг.

 

-Гаалиас УБТЗ-ын үйл ажиллагааг дэмжиж ажилладаг гэж ойлголоо?

 

-ГЕГ-аас УБТЗ-ын онцлогийг харгалзан дэмжин ажилладаг. Тухайлбал, ГЕГ-тай хамтарч нэг том асуудлыг шийдвэрлээд байна. УБТЗ ХНН өөрийн хэрэгцээнд сард дунджаар 10 мянга орчим тонн дизелийн түлшийг оруулж ирдэг. Энэ түлшийг Сэлэнгийн гааль дээр бүрдүүлэлт хийгдээд, Сүхбаатар өртөөнөөс шууд депод руугаа хуваарилдаг. Гааль бүтээгдэхүүний дээжийг авч, лабораторидоо шинжилж, хариуг нь гарсны дараа бүрдүүлэлтийг хийдэг байсан.

Тэр болтол тодорхой хугацаа шаарддаг. Гэтэл деподод түлшний нөөц багассан үед хүндрэл учрах магадлалтай байдаг. УБТЗ ХНН бол гаалийн хувьд итгэмжлэгдсэн тээвэрлэгч учраас өөрийн хэрэгцээний түлшийг “Ногоон төлөв”-т оруулах талаар нэлээд хэд хэдэн удаагийн удирдах түвшний уулзалтын үр дүнд шийдвэрлүүлж чадлаа. Ингэснээр гаалийн үзлэг шалгалтыг байнга биш, эрсдэлийн үүднээс программын сонголтоор хийнэ. Тэгэхээр түлш орж ирэнгүүт нь гаалийн бүрдүүлэлтийг “ногоон төлөв”-өөр хийгээд шууд явуулна гэсэн үг. Үүний үр дүнд цаг хугацаа маш их хэмнэгдэнэ. Нөгөө талаар, өртөөний зам эзлээд зогсоод байхгүй гэдэг олон талын ач холбогдолтой шийдвэрийг бид гаргуулж чадсан. “Ногоон төлөв”-т шилжээд гурван сар орчим болж байна.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье. 

 

   Б.Гүнжинлхам