Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд өсөлттэй, өөдрөг тоогоор дүүрэн байлаа. Тухайлбал, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 6.9 хувь, инфляц 5.3 хувиар буурч 7.9 хувь, экспорт 21.1 хувь өсөж 15.18 тэрбум ам.доллар, гадаад худалдааны тэнцэл 54.7 хувь өсөж, 5.93 тэрбум ам.доллар, гадаад валютын нөөц 44.7 хувиар нэмэгдэж 4.91 тэрбум ам.долларт хүрсэн. Мөн гол таван валютын эсрэг төгрөгийн ханш чангарсан байна.

Эдийн засгийн өсөлтийг 2024 онд үргэлжлүүлэн хадгалж, эерэг үзүүлэлтүүдийг ахиулах нь чухал. Сангийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яам 2024 онд эдийн засаг 7 хувиар өсөх хүлээлтийг зарласан. Харин Дэлхийн банк энэ онд Монгол Улсын эдийн засаг 6.2 хувь, Азийн хөгжлийн банк 5.9 хувиар өсөх төсөөлөл дэвшүүлсэн.   

Тэгвэл бодлого тодорхойлогчид, бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүд болон эдийн засагчид энэ оны төлөвт эерэг хүлээлттэй байгаа ч дотоодод сонгууль угтсан төсвийн тэлэлт, гадаад орчинд геополитикийн эрсдэл байгааг анхааруулж байна.

 

quote photo

 

 

Сонгуулийн жилийн төсвийн тэлэлтээс улбаатай хүндрэлийг даван туулах цорын ганц арга нь нүүрсний экспортыг 60 сая тоннд хадгалах 

 

Монгол банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир

 

Эрх баригчид сонгуулийн жил буюу 2024 оны төсөвт нийт 217.7 мянган төрийн албан хаагчийн цалинг 10 хувь, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдийн цалинг 20 хувь нэмэгдүүлэхэд 532.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн орон нутагт төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмэгдүүлэхэд 306.8 тэрбум төгрөг суулгасан. Түүнчлэн өндөр настны тэтгэвэр авагч 388 мянга гаруй иргэний тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.    

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир төрийн албан хаагчдын цалинг мах, махан бүтээгдэхүүний үнэ өсдөг хаврын улиралд нэмэхээр төлөвлөсөн. Төрийн албыг дагаад хувийн хэвшил цалингаа нэмэх шаардлагатай тулгарна. Иргэдийн цалингийн орлого өссөнөөр хэрэглээний зардал нэмэгдэж, инфляц хөөрөгдөх вий гэсэн болгоомжлол байна. Зардлын өсөлтийг сөрөхийн тулд орлого талдаа нүүрсний экспортыг төлөвлөсөн 60 сая тоннд хүргэх нь чухал. Гэвч БНХАУ бидний хүссэн хэмжээнд нүүрс импортлох уу. Нөгөө талд, ОХУ-аас худалдан авдаг дизель түлшний нийлүүлэлт тогтвортой байж чадах уу гэх хоёр том гадаад эрсдэл тулгарч байгааг анхааруулсан юм.

Нүүрсний экспорт өнгөрсөн онд 66.7 сая тоннд хүрсэн. Монголын нүүрс ассоциацийн мэдээллээр БНХАУ 2024 онд манай улсаас өмнөн жилийнхтай адил өндөр буюу 55-60 сая тонн нүүрс импортлоно. Хятадын коксжих нүүрсний эрэлт хэвээр хадгалагдах бөгөөд уг зах зээлд Монгол, Оросын байр суурь хүчтэй хэвээр байх төлөвийг танилцуулсан.

2024 оны нэгдүгээр сарын 1-нээс БНХАУ-ын Гаалийн байгууллага Монгол Улс болон ОХУ-ын эрчим хүчний нүүрсэнд 6 хувь, коксжих нүүрсэнд 3 хувийн импортын татвар ногдуулж эхэлсэн. Энэ нь манай нүүрс экспортлогчид Хятадын зах зээлд өрсөлдөхийн тулд бүтээгдэхүүний үнээ тэр хэмжээгээр буулгах, цаашлаад гаргаж байгаа нүүрсний биет хэмжээ буурч болзошгүй эрсдлийг дагуулж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс тээвэр төдийгүй хөдөө аж ахуй, мал аж ахуй, эдийн засгийн бусад салбарт чухал нөлөөтэй тээврийн салбарт ОХУ-аас импортлох дизель түлшний нийлүүлэлт тогтвортой байх эсэх асуудал тавигдаж буй. Тэгвэл оны өмнө улсын хэмжээнд шатахуун, дизелийн хомсдол үүссэн, Орос-Украины дайн болон Ангарскийн үйлдвэрийн төлөвлөгөөт засварын ажил удаашрах таамгаас шалтгаалан энэ онд дизель түлшний нийлүүлэлт доголдох эрсдэл бий болсон. Тиймээс Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой томоохон уул уурхайн компаниуд тээвэрлэлтээ хэвийн явуулах үүднээс дизель түлшний олон сарын нөөц бүрдүүлсэн гэх мэдээллийг өгсөн. Харамсалтай нь, дизелийн хомсдлоос шалтгаалан өнгөрсөн сараас эхлэн жижиг уурхайнуудын үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаанд зогсож эхлээд байна.   

 

quote photo

 

 

Сонгуулийн жил компаниуд шинээр хөрөнгийн зах зээлд “IPO” хийх хандлага буурах магадлалтай

 

"LemonPress” ерөнхий редактор Э.Золбаяр

 

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн онд долоон компани “IPO” хийж, нийт 338.1 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. ХААН банк, Худалдаа хөгжлийн банк болон Хас банк 2023 оны эхэнд “IPO” хийснээр системийн нөлөө бүхий таван банк бүгд олон нийтэд нээлттэй компани болсон. Ингэснээр Монголын хөрөнгийн зах зээл 68.7 хувь өсөж, 11.6 их наяд төгрөгт хүрсэн. Үнэт цаасны зах зээлд 2023 онд 725.9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь өмнөх оноос 31.7 хувиар өссөн үзүүлэлт байв.

Хэдий хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаа ч дотоодын эдийн засгийг төлөөлөх хэмжээнд хүрээгүй хэвээр байна. Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс дотор экспортын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас ердөө нэг компани байгаа юм.

Хөрөнгийн зах зээлээр дагнан бичдэг “LemonPress”-ийн ерөнхий редактор Э.Золбаяр энэ талаар “Хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниуд хариуцлагатай байх шаардлагатай байна. Үнэн зөв тайлан мэдээлэл гаргадаг, ногдол ашгаа хугацаанд нь тараах зэргээр хариуцлагатай байх тал дээр топ банкууд манлайлна гэж харж байна. Хөрөнгийн зах зээлд эдийн засгийг гол хүч болж байгаа уул уурхай, технологийн компаниуд "IPO" хийх шаардлагатай байна. Энэ онд онлайн такси үйлчилгээний “UBCab” компанийн “IPO”-оос хамгийн өндөр хүлээлттэй байна. Гэвч сонгуулийн жил хөрөнгийн зах зээлд “IPO” хийх компаниудын хандлага буурах магадлалтай” гэх байр суурь илэрхийлсэн юм.

 

quote photo

 

 

Сонгуулийн дараа бүрэлдэх шинэ Засгийн газар эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг зоригтой эхлүүлэх, байгаа төслүүдэд хурдасгах нэн шаарлагатай байна

 

Мизорн ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Золбаяр

 

Бизнесийн орчны хувьд Монгол Улс 2023 онд бизнес эрхлэх таатай орчны судалгаа буюу Дэлхийн банкны “Doing Business” индексээр 191 орноос 81-д эрэмбэлэгдсэн. МҮХАҮТ-аас гаргасан судалгаагаар татварын таатай бус орчин, чадварлаг ажиллах хүчний хомсдол, хөрөнгө оруулалтын ойлгомжгүй зохицуулалт зэрэг нь бизнес эрхлэгчдэд хамгийн хүнд сорилт болж байна.

Технологийн салбар тэргүүлэгч Мизорн ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Золбаяр “Уул уурхайн төслүүд тогтвортой явахын зэрэгцээ эрчим хүч дэд бүтцийн төслүүд хэрэгжээд эхэлбэл эдийн засаг маш богино хугацаанд өндөр өсөлт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Гэвч сонгууль угтсан төсвийн тэлэлт хийж, төрийн худалдан авалт, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, халамжийг огцом нэмэгдүүлж байгаа нь хувийн хэвшил дагаад цалингаа өсгөх, үйл ажиллагааны зардлаа тэлэх шаардлагатай болгож байна. Энэ нь эргээд эдийн засагт инфляцыг өсгөх хөшүүрэг болж иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт болж очно. Үүнд төр ямар ч алдагдал хүлээдэггүй. Эсрэгээрээ зайлшгүй үнээ өсгөх шаардлагатай болсон компаниуд нэр хүнд, үйлчлүүлэгчдээ алдах зэрэг эрсдэлтэй тулгардаг” гэх байр суурь илэрхийлсэн юм.

Мөн тэрээр эдийн засгийн өсөлтийг тэтгэхэд гаднын хөрөнгө оруулалт чухал. Гаднын хөрөнгө оруулагчдын хувьд сонгуулийн үр дүн гартал хөрөнгө оруулалтын шийдвэрээ хүлээх хандлага ажиглагдаж байгааг онцолсон юм.

 

 

https://itoim.mn/a/2024/01/26/economy/amc